sonin.mn
10-20 минут инээх нь дархлааг дэмжих хамгийн сайн эм болдог. Цензургүй цахим мэдээллийн торонд орж уурлаж бухимдаж, дархлаагүй болж байхаар аль болох эерэг мэдээллээр өөрийгөө “цэнэглэх” нь цар тахлын үед хамгийн тустай юм. Тэгвэл сүүлийн үед хүмүүс ямар зүйлээс аз жаргал мэдэрч инээж, баярлаж байна вэ. Энэ асуултад олонх хүмүүс нэг хариулт өгөх байх. Тэр бол “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг юм. Олны танил эрхмүүд мэргэжлийн түвшинд бүжиглэхийн тулд хэрхэн хичээж буйг энэхүү шоу нэвтрүүлгээс үзэж болно. Хамгийн гол нь нэвтрүүлэгт оролцогчид нэг хамт олон шиг байж үзэгчдэд баяр баясал өгөхийн төлөө, хэдэн сар оролцож байгаа нэвтрүүлгийнхээ ард амжилттай гарахын тулд яаж хичээж, хөдөлмөрлөж байгааг харах сонирхолтой бас авууштай зүйл цөөнгүй байгаа юм.
 
 
“Ододтой бүжиглэе” шоунд салбар салбарын насны хувьд харилцан адилгүй эрхмүүд оролцож байна. Ажиглахад, жүжигчин, дуучид бүжгийн эвсэлтэй. Тамирчид хурдан шаламгай ч зарим нь эв дүйгээ олохгүй байгаа нь харагдана. Гэхдээ тэд нэг л зүйлийн төлөө хичээж байгаа учраас цаг хугацаа өнгөрч, бүжгийн бэлтгэлээ ахин дахин хийх тусам сайжирч байгаа нь нүдэн дээр илт байна. Өнгөрсөн сарын дундуур нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрснээс хойш гурван ч  оролцогч нэвтрүүлгээс хасагдлаа. Оролцогчдын өрсөлдөөн ч ширүүсэж эхэллээ. Мөн энэ ням гарагт тодорхой киноны бүжиг сонгон оролцогчдод даалгавар өгч эхэлсэн нь нэвтрүүлгийг улам сонирхолтой болгож байна. 
 
Тэднээс гурав нь үзэгчдийн суудалд шилжлээ
 
Бүжгийн спортоор хичээллэх нь эрүүл мэндэд ямар ач тустайг “Ододтой бүжиглэе” нэвтрүүлгээс харж болно. Оролцогчид хэдийгээр өдрийн ихэнх цагийг бүжгийн зааланд өнгөрүүлж байгаа ч үр дүн нь ямар гайхалтай байгааг бид долоо хоног бүр харж байна. Мөн зарим нь хичээвэл мэргэжлийн бүжигчнээс ч дутахааргүй авьяастай гэдгээ мэдэж авч байгаа болов уу. “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэгт сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчдын нэг Т.Санчир, Б.Баттөр буюу “Ангууч”, “Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав, дуучин Ч.Уранхолбоо, жүжигчин Д.Ганцэцэг, дуучин Д.Намсрайноров, жүжигчин Ч.Ундрал, дуучин С.Эрдэнэцэцэг, модель, жүжигчин Ц.Аззаяа, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, реппэр Н.Цэцэнбилэг, дуучин Б.Маралжингоо, Р.Номин-Эрдэнэ нарын уран бүтээлчид оролцож шоуг эхлүүлсэн.
 
 
Тэднээс дуучин Б.Маралжингоо,  жүжигчин Ч.Ундрал болон дуучин Р.Номин-Эрдэнэ нар нэвтрүүлгийг орхиж үзэгчдийн суудалд шилжээд байна. Өмнө нь хэзээ ч бүжиглэж байгаагүй бүжгээ долоохон хоногийн дотор сурч, бүжиглэх амаргүй даалгавар. Цэнхэр дэлгэцээр үзэхэд бүжгийн хөдөлгөөнүүд хялбархан мэт санагдавч бүгд амаргүй. Тиймээс энэ цаг мөчид ч гэсэн бэлтгэлээ хийж байгаа олны танил эрхмүүддээ маш их зориг гаргаж байгаад баяр хүргэе. Тэр дундаа дуучин Д.Намсрайноров болон реппэр Н.Цэцэнбилэгийг онцолмоор байна. Шүүгчид ч хэлсэн дээ, Д.Намсрайноров эхний бүжгээ хийхэд “Яана даа” хэмээн бодож байсан гэж.
 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн нэвтрүүлэгт тэрбээр хичээвэл ямар ч бүжгийн ард гарч чадахаа харууллаа. Мөн реппэр Н.Цэцэнбилэг нэвтрүүлгийн дугаараас дугаарт шилжих бүрдээ сайжирч байгаа гэдэгтэй  хүмүүс санал нийлэх байх. Дор бүрнээ ингэж хичээж байхад тэдний хэн нь ч бусдыгаа манлайлах боломж бий.
 
Тав, тав, дөрөв, тав…
 
Энэ бол “Одод­той бүжиглэе” нэвтрүүлгийн шүүгч­дийн хамгийн түгээмэл хэлдэг тоо. Гэхдээ сүүлийн дугаарт шүүгчдээс анх удаа ес гэсэн үнэлгээ өгсөн нь, супер. Өөрөөр хэлбэл, оролцогчдын үзүүлбэр улам сайжирч байгааг дээрх тооноос ажиглаж болно. “Ододтой бүжиглэе” нэвтрүүлгийн анхны дугаарыг дөрвөн шүүгчээр дэнслүүлж байна. Эхнийх нь бүжиг дэглээч, найруулагч, шоуны хүндэт шүүгч Ш.Баасан. Тэрбээр улсын чанартай 30 гаруй томоохон тэмцээн уралдаанд бүжиг дэглээч, найруулагчаар ажиллаж, дэлхийн 40 гаруй оронд бүжгийн урлагийг сурталчлан таниулсан эрхэм юм. Түүний амьдралын 20 жил бүжгийн спорттой салшгүй холбоотой.
Анхны нэвтрүүлгийн содон шүүгч нь поп дива С.Наран. Түүнийг яагаад бүжгийн шоу нэвтрүүлгийн шүүгчээр сонгосон юм бэ гэж үү. Учир нь, тэрбээр сүүлийн таван жилийн турш бачата, кизомба, аргентин танго, румбо болон салса бүжгийг сонирхон хичээллэж байгаа юм.  Шүүгч О.Саранхүүг бүжгийн спортынхон төдийгүй бүжгээр спортоор сонирхон хичээллэгсэд андахгүй. Монголын бүжгийн спортын холбооны шүүгч тэрбээр латин формейшн бүжгийн  тав, зургаадугаар байрын шагналт “Moon dance” хамтлагийг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр бүжгийн спорттой амьдралаа холбоод 20 жил болж байгаа аж. Өдгөө түүний дасгалжуулсан тамирчдаас бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 21, спортын мастер 35 төржээ. Нэвтрүүлгийн дөрөв дэх шүүгч ч өөрөө чамлахааргүй бүжигчин нэгэн. Жүжигчин Э.Ууганбаяр бүжгийн спорттой 2001 оноос эхлэн нөхөрлөжээ. Мөн тэрбээр “Авьяаслаг монголчууд – 1, 2” болон “The Voice of Mongolia – 1, 2” шоуны хөтлөгчөөр ажилласан туршлагатай.  Ийнхүү олны танил эрхмүүдийн бүжгийн тулаан сонирхолтой үзүүлбэртэйгээр үргэлжлэн хүрч байна. Энэ долоо хоногт бид модерн бүжгийг шинээр үзнэ. Бүжиг дэглээчид хэрхэн үндэсний элемент оруулсан найруулсныг хэдхэн хоногийн дараа үзэх юм. Сонирхуулахад, BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” бол дэлхийн хэмжээний шоу юм. 2004 оноос хойш нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагджээ. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж Гиннесийн номд бичигдсэн юм.
 
Оролцогчдын сэтгэгдлүүд…
 
Жүжигчин Ч.Ундрал: Хүүхэд насны мөрөөдлөө биелүүллээ
 
 
-Бүжиг амархан мэт санагддаг, үзэсгэлэнтэй харагддаг ч маш олон цагийн бэлтгэл зарцуулдаг. Бүжгийг бүх оролцогчид маань тайзан дээр инээж байгаад л та бүхэндээ толилуулж байгаа. Миний хувьд сайхан хамт олонтой болж, “Mongol TV” багийн гайхалтай шоунд хоёр сар хамтдаа аялахдаа хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж,үе тэнгийн бүсгүйчүүддээ урам зоригийг багахан ч болтугай хайрласан бол утга учир тэр билээ.Олон хүн шүүгч нарыг маань шүүмжилж байна. Угаас шүүж байгаа хүн төгс харагдана гэж үгүй. Тиймээс тэднийг маань уучлаад үргэлжлүүлэн шоугаа хүлээн аваарай. Гайхалтай бүжигчин хамтрагч Ulzii-orshih Bat-ulzii минь ялсан мэт ялагдал гэж буй. Чи минь энэ шоунд бүжиглэх бус жүжиглэх урлагт урвахаар оролцож дээ. Удахгүй бид бүтээл юутайгаа хамтдаа уулзах болно.
 
Дуучин Б. Маралжингоо: Тайзан дээр жаргаж бүжиглээрэй
 
 
 
-Veinnese Wals бүжгийг зургаан өдөрт , Paso Doble бүжгийг долоон өдөрт мэргэжлийн биш ч боломжоороо хичээнгүйлэн сурч чадсан урамтай сайхан өдрүүд байжээ. Цаашаа сурч чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэсэн шүү . Хамтран бүжиглэгч маань энэ бүхэнд маш их хичээсэн . Гайхалтай багш, хөдөлмөрч залуугийн хувьд тун ч онцгүй зүйл боллоо. Надаас өөр хэн нэгэнтэй нь байсан бол үлдэх байсан. Ийм эрт өөрийнхөө давуу талыг үзүүлж чадалгүй надтай хамт хасагдсанд харамсаж байна. Lkhagvasuren Turmunkh чи мундаг шүү. Үлдсэн бүх оролцогчдодоо амжилт хүсье. Та нар бүгд чадлаараа хичээдэг болохоор тайзан дээр жаргаж бүжиглээрэй.
 
Загвар өмсөгч Э.Энхболд: Тэсвэр тэвчээр шалгасан өдрүүд болж өнгөрлөө
 
 
-Энэ долоо хоног маш их адал явдалтай, тэсвэр тэвчээр шалгасан өдрүүд болж өнгөрлөө. 91.5 кг-аас 85.6 болтол жингээ хасаж үзлээ. Өдрийн найман цагаас 11 цагийн уртын бэлтгэлүүд амаргүй байлаа. Хуучин бэртлүүд сэдэрч шинэ бэртэл ч авлаа. Зургаан цаг тасралтгүй бэлтгэл хийсний дараа эрүүл хуруу үлдсэнгүй. Эцсийн бүлэгт үнэнчээр дэмжиж байгаа та нараасаа, хайртай гэр бүл, найз нөхдөөсөө ах, эгч, дүү нараасаа эрч хүч энерги авч байна.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин