sonin.mn
Дэлхийн хэмжээнд COVID-19 цар тахлын нөлөөгөөр улс орнууд хил хязгаараа хааж харилцаа холбоогоо зогсоосон мөн мөнгө олборлодог олон уурхайнууд түр хугацаагаар хаагдсан нь мөнгөний үйлдвэрлэлд нөлөөлөн 2020 оны дэлхийн мөнгө үйлдвэрлэл 2.4% -иар буурч 849.7 сая/унц (Moz) болсон. Мөн сүүлийн жилүүдэд хүдрийн нөөц шавхагдаж байгаа нь нөлөөлсөн гэж Английн GlobalData агентлаг мэдээлсэн  билээ.  
Өнгөрсөн 2020 оны эхний 9 сард дэлхийд тэргүүлэх зэргийн 8 компаний нийт мөнгө олборлолт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс  13.9% -иар буурсан. Жишээ нь дэлхийд тэргүүлэх зэргийн мөнгө үйлдвэрлэгч орон Мексикийн олборлолтын хэмжээ 2020 онд өмнөх оноос 1.8% -иар буурсан  байна.
Гэхдээ дэлхийн нийт мөнгөний олборлолт үйлдвэрлэл сүүлийн 4 жил дараалан унасны дараа 2021 онд 8.1% -иар өсч 918.3 сая/нц (моz) хүрнэ, 2024 он гэхэд нэг тэрбум унциас давах төлөвтэй гэж таамаглаж буй бөгөөд  эндээс жил бүрийн өсөлт 3.2% -байх болно гэж (CAGR) GlobalData агентлагаас мэдээлсэн. 
 
Металл мөнгөний үндсэн гол үйлдвэрлэгч орнууд Мексик, Перу, Хятад улсуудын мөнгөний уурхайн олборлолт үйлдвэрлэл нийт олборлолтын өсөлтөд голлох хувь нэмэр оруулах бөгөөд эдгээр орнуудын нийт мөнгө үйлдвэрлэл 2021 онд 393.9 сая/унц (моz) хүрнэ гэж үзэж байгаа бөгөөд 2024 онд 443.9сая/унц (моz) хүрч өсөх төлөвтэй гэж таамаглаж буй билээ.
Канадын металл худалдааны бирж “Kitco” нь 2020 оны байдлаар дэлхийн хамгийн их металл мөнгө олборлон үйлдвэрлэдэг уурхайнуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад Энэтхэг улсын Vedanta's Sindesar Khurd цайрын уурхайг оруулаагүй юм. Цэвэр металл мөнгө үйлдвэрлэлийн 30 орчим хувийг мөнгөний анхдагч уурхайгаас авдаг бол гуравны нэгээс илүү хувийг хар тугалга / цайрын уурхайгаас, 20% -ыг зэсийн уурхайгаас авдаг. Дэлхий хэмжээнд гарган авч буй цэвэр мөнгөний гуравны хоёроос илүү хувийг полиметалл буюу холимог металлын хүдрийн ордуудаас бүрдүүлдэг. 
Үнэт металлын хөрөнгө оруулагчид ихэнхдээ шар металл буюу алтанд илүү анхаарлаа хандуулан хурдан хугацаанд ашиг олохыг боддог. Гэсэн хэдий ч аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ алтны хувьд бараг байдаггүй харин металл мөнгийг аж үйлдвэр, гоёл чимэглэл гээд олон салбарт хэрэглэдэг эрэлт хэрэгцээ өндөртэй түүхий эд металл билээ. Тэр хэмжээгээр мөнгө нь эрэлт хэрэгцээ ихтэй түүний олборлолт үйлдвэрлэл өргөн цар хүрээтэй явагддаг.
 
Канадын “Kitco” металлын биржээс гаргасан дэлхийд тэргүүлэх зэргийн мөнгө олборлогч 10 уурхайн жагсаалт
 
 
1. KGHM Mining Hub, Польш, 39.2 сая/унц, Moz.
 
Польшийн KGHM буюу (Kombinat Gуrniczo-Hutniczy Miedzi) гэж нэрлэгддэг корпораци өөрийн эзэмшлийн Rudna, Polkowice-Sieroszowice, Lubin гэсэн зэсийн уурхайнуудаас 2020 онд нийтдээ 39.2 сая/унц (Moz) мөнгө олборлон дэлхийд тэргүүлэх зэргийн мөнгө үйлдвэрлэгчид тооцогдох болсон. KGHM компанийг анх 1961 онд Польшийн баруун өмнөд хэсгийн Доод Силезийн зэсийн жижиг ордуудыг ашиглах зорилгоор байгуулсан.
Польшийн Доод Силезийн бүлэг ордод зэсийн уурхай Lubin (1961–68), Polkowice (1962–68), Sieroszowice (1976–80), Rudna (1970–74) гэсэн 4 уурхай ажилладаг. Хожим нэг Баяжуулах үйлдвэрт хүдэр нийлүүлдэг байсан (Polkowice and Sieroszowice) Полковице, Сиеросзовице нарыг 1996 онд нийлүүлэн нэг уурхай болгосон. Руднагийн уурхай бол нийслэл Варшав хотоос баруун өмнө зүгт 350 км зайд Полковице-Polkowice мужад орших зэсийн томоохон далд уурхай юм. 
 
KGHM-корпорацийн эрхлэн ажиллуулдаг Польшийн зэсийн уурхайнуудын дунд Рудна орд газар нь хамгийн зузаан хүдрийн биетээс тогтсон баялаг ордод тооцогддог бөгөөд түүний хүдрийн биетийн зузаан зарим газар 10 гаруй метр хүрдэг. 
 
Рудна уурхайн нөөцийг 1.78% зэс, 42 г/тн мөнгөний агууламж бүхий 513 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон бөгөөд  Польш улсын хамгийн том зэс, мөнгөний уурхайд тооцогддог. Энэ уурхайгаас жилд 13 сая тонн хүдэр олборлон боловсруулж 231,000 тонн зэс, 546 тонн мөнгө үйлдвэрлэдэг.
Рудна уурхайн бүтээн байгуулалт 1969 оны 9-р сард эхэлсэн бөгөөд 1974 оны 7-р сард уурхай төлөвлөсөн хүчин чадлынхаа 30%-д хүрч албан ёсоор ашиглалтад орсон гэдэг. Тэр үеээс хойш 50 гаруй жилийн турш энэ уурхай нь зэс, алт, мөнгөний томоохон үйлдвэрлэгчид тооцогдсоор байна. KGHM корпораци нь Польш, Канад, АНУ, Чили улсад байрладаг 9 ил ба далд уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд уул уурхайн ашиглалт боловсруулалтын 4 шинэ төслийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Энэ корпорацийн нийт ажилтануудын тоо 34,000 хүрдэг, түүнээс 18000 гаруй ажилтанууд нь уул уурхайн салбарын үйлдвэр уурхайнуудад ажилладаг.
 
KGHM корпорацийн эзэмшдэг уурхайнуудаас зэс, зэсийн сульфат, алт, мөнгө, никель, молибден, рени, хар тугалга, хүхрийн хүчил, селен, цагаан алт болон бусад металлууд олборлон баяжуулдаг, хайлуулан цэвэршүүлж цэвэр металл үйлдвэрлэдэг. Тус корпорац нь 2017 онд нийтдээ 656мянган тонн цэвэр зэс, 1,234 мянган тонн мөнгө, 117 мянган унц алт,  10 мянган тонн металл молибден үйлдвэрлэж байжээ. 
KGHM компанийн эзэмшдэг уурхайнууд, металл хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүд нь дэлхийд 6 дахь том цэвэр зэсийн нийлүүлэгч бөгөөд 2020 онд мөнгөний хамгийн том үйлдвэрлэгчээр шалгарсан.
Энэ корпорацийг  1991 онд төрийн өмчийн үйлдвэр хэлбэрээр байгуулсан, 1997 оноос хойш тэдний хувьцааг Варшавын хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлсэн. Корпорацийн төв байр нь Польшийн Доод Силезийн Любин хотод байралдаг.
 
 
Рудна дахь зэс хайлуулах үйлдвэр ба гүний уурхай:
 
2. Penasquito, Мексик, 27.8 сая/унц, Moz.
 
Пенаскито-Penasquito полиметаллын уурхай нь Мексикийн хамгийн том алт олборлогч үйлдвэрлэгч бөгөөд Пенаскито, Чили Колорадо гэсэн хоёр ил уурхайгаас алт, мөнгө, хар тугалга, цайр агуулсан хүдэр олборлодог. Пенаскито уурхай нь уламжлалт ил уурхай ба баяжуулах үйлдвэр гэсэн аргаар олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. 
Баяжуулах үйлдвэр нь хүдэр нунтаглалт ба флотацийн аргаар өдөрт 50,000 тонн / сульфидийн хүдэр боловсруулах хоёр шугамтай мөн өдөрт 30,000 тонн хүдэр нунтаглаж өндөр даралттай автоклаванд уусган баяжуулах үйлдвэрээс бүрддэг. Пенаскито уурхай нь 2020 онд мөнгөний олборлолтын гарцыг 22% өсгөн нэмэгдүүлж 27.8сая/унц (Моz) хүргэж дэлхийн тэргүүн зэргийн мөнгө олборлох уурхайнуудын жагсаалтын 2-р бичигдсэн. 
 
Энэ  уурхай нь Мексикийн Закатекас-Zacatecas мужийн зүүн хойд буланд оршдог бөгөөд АНУ-н Newmont Gold corporation-Ньюмонт Голд корпорацийн бүрэн эзэмшилд байдаг.  Peсasquito Polymetallic Mine-Пенаскито уурхайн үйл ажиллагаа 2010 оны 3-р сард эхэлсэн  бөгөөд тэр жилдээ 13,952 сая/унц мөнгө олборлож байжээ.
Пенаскито уурхайн батлагдсан нөөцийг 17.82 сая/унц алт, 1070.1 сая/унц мөнгө, 3214 тонн хар тугалга, 7098 сая тонн цайртай гэж тогтоосон. Энэ уурхай нь өөрийн гэсэн FM- радио станцтай XHESP-FM 98.9 "Radio Peсasco" бөгөөд радио станцыг үйлдвэрлэл ба соёл амралтын үйл ажиллагаанд тэнцвэртэй ашигладаг байна.
 
 
Penasquito ил уурхай
 
3. Dukat, ОХУ, 18.2 сая/унц, Moz.
 
Дукатын мөнгөний уурхай бол ОХУ болон дэлхийн хамгийн том алт мөнгөний уурхайнуудын нэгд тооцогддог. Дукат уурхай нь ОХУ-н алс дорнотын Магадан мужийн Омсукчанский дүүрэгт Магадан хотоос зүүн хойд зүгт 566км зайд оршдог. Магадан хоттой шороон замаар холбогддог. 
Дукатын мөнгөний уурхайг ОХУ-н “Полиметалл“ компани эзэмшдэг бөгөөд тэдний анхны бүрэн өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан уурхай юм. Дукатын уурхайн алтны нөөц 7.4 сая/унц гэж тогтоодсон ба алтны агуулга нь 4,1-6,5г/т хүрдэг. 
 
Омсукчанкая зангилаа суурингаас Дукатын уурхай (38 км), Гольцовое уурхай (80 км), Лунное (172 км) горно-обогатительный комплекс буюу уулын үйлдвэрийн цогцолбор байрладаг. 
 
Дукатын уурхай нь гүний уурхай, баяжуулах үйлдвэр, уулын үйлдвэрийн цогцолбороос бүрддэг. Хөвүүлэн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал 2,0 сая тн/жил ,Меррилл-Кроу аргаар баяжуулах үйлдвэр жилд 450мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм.
Сүүлийн жилүүдэд Дукат уурхайн мөнгөний гарц  2019 онд 19.3сая/ унц байсан бол 2020 онд 18.2 сая/унц болон 6% буурсан гол шалтгаан нь хүдэр дахь мөнгөний агуулга буурсантай холбоотой гэж үздэг. 
 
Дукат уурхайн баяжуулах үйлдвэр
 
4. Antamina, Перу, 16.4 сая/унц, Moz..
 
Антамина уурхай нь Перу улсын нийслэл Лима хотоос хойд зүгт 270 км зайд Андын нуруунд далайн түвшинээс дээш 4200метрийн өндөрт оршдог. Тэндээс зэс-цайр олборлодог боловч зэс цайрын баяжмалтай хамт молибден, мөнгө, хар тугалга баяжуулан авдаг холимог металлын томоохон орд газар юм.  
Уурхай ба үйлдвэрийн хувьцааг BHP Billiton plc (33.75%), Glencore plc (33.75%), Teck (22.5%), Mitsubishi Corporation (10%) нар тус тус эзэмшин хамтран ашигладаг. 
Антамина уурхай нь уламжлалт ил уурхай ба баяжуулах үйлдвэр гэсэн арга технологоор олборлолт ашиглалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 
Баяжуулах үйлдвэрээс гарсан Cu-Zn баяжмал буюу булинга зутанг 302 км хоолойгоор тээвэрлэн далайн эргийн Huarmey боомт дахь хайлуулах үйлдвэрт хүргэдэг. Орд газрын хувьд 2012 оны 12-р сарын байдлаар батлагдсан мөнгөний нөөц 285.7сая/унц (Moz), ба 0,93% зэсийн агуулгатай 822 сая/тн хүдрийн нөөцтэй  гэж тогтоогдсон. 
 
Хүдэр дахь зэсийн агуулга 1.05%, цайр 2.07%, молибден 0.031% , мөнгөний агуулга 17.7г/т хүрдэг баялаг орд газар юм. Антамина уурхайн ашиглалтын хугацааг 14 жил төлөвлөсөн байна.
 
Баяжуулах Үйлдвэр нь өдөрт 130,000 тн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилд 276 мянган тн зэсийн баяжмал,  235 мянган тн цайрын баяжмал үйлдвэрлэдэг.  Уурхайд гэрээт ажилтануудыг оролцуулаад нийтдээ 5300 хүн ажилладаг.   Антамина уурхайгаас 2020онд 16,4 сая/унц (Moz) мөнгө олборлон үйлдвэрлэж дээрх жагсаалтын 4-р бичигдэх болсон.
 
 
Antamina ил уурхай
 
5. Saucito, Mексик. 15.5 сая/унц, Moz.
 
Saucito уурхай нь Мексикийн хоёр дахь том хот Закатекас-Zacatecas хотоос холгүй оршдог бөгөөд уул уурхайн салбарт 100 гаруй жил үйл ажиллагаа эрхлэж буй Мексикийн үндэсний компани Фреснилло-Fresnillo 100% эзэмшдэг. 
Фреснилло компани нь алт мөнгө олборлох хэд хэдэн уурхай эзэмшин олборлолт ашиглалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 
Тэдний эзэмшлийн Саукито уурхай 2019 онд 228г/тн мөнгө, 1,19г/тт алтны агуулгатай 2,75 сая тн хүдэр боловсруулан 17,2 сая/унц мөнгө, 79,539унц алт, цайр 29,365тн, хар туглага 20,764тн үйлдвэрлэж байсан. 
Мөнгөний олборлолт үйлдвэрлэлийн хувьд 2019 онд 17.2сая/унц (Moz) байсан бол 2020 онд 15,5 сая/унц (Moz) болж 10% буурсан байна. 
Энэ уурхай нь далд уурхай баяжуулах үйлдвэр гэсэн арга технологоор олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөвүүлэн баяжуулалтын үр дүнд хар тугалга, цайр, алт, мөнгөний хамтын баяжмал авдаг.  
Saucito уурхай 2011 оноос олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн ба ашиглалтын хугацааг 8-10 жил гэж төлөвлөсөн. Уурхайд 880 гаруй үндсэн ажилтан 2,790 гэрээт ажилчин ажилладаг байна. Saucito уурхай нь ашиглалтын оргил үедээ буюу 2013 онд ойролцоогоор 5сая/унц мөнгө, 23000унц алт олборлож дэлхийд тэргүүлж байсан үе бий.
 
 
Saucito уурхайн баяжуулах үйлдвэр
 
6. San Julian, Meксик. 13.3 сая/унц, Moz.
 
San Juliбn-Сан-Жулианы мөнгө алтны уурхай нь Мексикийн (Chihuahua State) Чиуахуа мужийн баруун өмнөд хэсгийн (Sierra Madre Occidental) Сьерра Мадре Оксиденталь ууланд оршдог. Сан-Жулиан уурхайг Мексикийн үндэсний компани Fresnillo мөн бүрэн эзэмшдэг бөгөөд тэдний хэрэгжүүлж буй хамгийн үр ашигтай төслүүдийн нэг юм. 
 
 
 
Орд газрын хувьд  геологийн тогтоц нь хоёр өөр хэв маягтай эрдэсжилтийн бүсээс тогтодог бөгөөд epithermal-эпитермальный бага сульфидтэй хүдрийн судал ба тархсан хүдрийн биетээс тогтдог. Эхний буюу эпитермальный ба судал хэлбэртэй хүдрийн биетийн алтны агуулга 1,58г/тн, мөнгө 103г/тн, хүрдэг харин тархсан хэлбэрийн хүдрийн бүсэд алтны агуулга 0.1г/тн, мөнгөний агуулга 172г/тн, хар тугалга 0,46%, цайр 1,28% агуулгатайг тогтоосон. 
 
 
 
Орд газрын хүдрийн эрдэсжилтийн төрөл тус бүрийг өөр өөр арга технологоор боловсруулдаг бөгөөд далд уурхайн аргаар хүдэр олборлодог.  
Судал хэлбэрийн сульфид багатай  хүдрийг өдөрт 4000тн хүдэр боловсруулах хүчин чадалтай эрчимжүүлсэн уусган баяжуулах үйлдвэрт, тархсан хүдрийн биетийг өдөрт 6000тн хүдэр боловсруулах хүчин чадалтай хөвүүлэн баяжуулах үйлдвэрт баяжуулдаг байна. 
San Juliбn уурхайгаас 2020 онд 13,3 сая/унц (Moz) мөнгө,  64.600унц алт олборлож дэлхийд тэргүүлэх мөнгө үйлдвэрлэгч уурхайнуудын жагсаалтын 6-р бичигдэх болсон. Уурхайд 300 үндсэн ажилтанууд, 1700 гаруй гэрээт ажилчид ажилладаг байна.
 
 
 
San Juliбn уурхайн баяжуулах үйлдвэр
 
7. Fresnillo, Meксик, 13.1 сая/унц, Moz.
 
Фреснилло-Fresnillo уурхай нь Мексикийн Закатекас хотоос баруун хойд зүгт 60 км-зайд оршдог бөгөөд тэндээс 2020онд 13,1 сая/унц (Moz) мөнгө олборлон үйлдвэрлэж одоогоор дэлхийн 7 дахь том мөнгөний уурхайд тооцогдож байна. 
Мексикийн уул уурхайн үндэсний том компани Фреснилло-Fresnillo энэ уурхайн нэрээр нэрлэгдсэн бөгөөд уурхайг бүрэн эзэмшдэг. Фреснилло мөнгөний уурхай нь дэлхийн хамгийн эртний уурхайнуудын нэгд тооцогддог. Тухайн орд газар 1554 оноос уул уурхайн үйл ажиллагаа эрхлэж байсан нь бүртгэгдсэн байдаг. 
Фреснилло уурхайд нөөцийг 2012 оны 12-р сарын байдлаар мөнгө 308.47сая/унц (Moz) түүний дотор батлагдсан мөнгөний нөөц нь 78.81сая/унц (Moz) гэж тогтоосон байна. 
Фреснилло уурхайн нь далд уурхай ба баяжуулах үйлдвэрээс бүрддэг бөгөөд Баяжуулах үйлдвэр нь хоногт 8000тн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Энэ уурхайд 1283 үндсэн ажилтан,  2,274 гэрээт ажилтан ажилладаг. 
Хүдэр дахь мөнгөний агуулга 234г/тн, алтны агуулга 0,76г/тн, хар тугалга 1,08%, цайр 2,19% хүрдэг ба нийт нөөц нь мөнгө 149,3сая/унц, алт 483унц гэж тогтоосон. Уурхайг 12 жил ашиглахаар төлөвлөсөн. 
Фреснилло уурхай 2012 онд 6.224сая/унц (Moz) мөнгө, 29.573унц (oz) алт олборлож дэлхийн хамгийн том анхдагч мөнгө олборлогч уурхайд тооцогдож байсан үе бий . Фреснилло уурхайгаас 2019 онд 2,46 сая тн хүдэр боловсруулан 13,1 сая/унц мөнгө, 52,259 унц алт, 21,472 тн хар тугалга, 31,530тн цайр авч байсан.
 
 
Fresnillo уурхайн зураг
 
8. Cannington, Aвстрали, 11.6 сая/унц, Moz
 
Каннингтон-Cannington мөнгөн ба хар тугалганы гүний уурхай нь Австралийн Queensland -н баруун хойд хэсэгт, Иза уулаас зүүн урагш 200 км зайд Маккинлэй (Shire of McKinlay) суурингаас холгүй оршдог.  Тус ордыг Broken Hill Proprietary Company (BHP) 1990 онд нээсэн ба 1997 онд 450 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийж уул уурхайн үйл ажиллагаа буюу далд уурхайг барьж эхэлсэн.                    Гэвч уурхайн олборлолтын үйл ажиллагааг 1999он хүртэл эхлэж чадаагүй бөгөөд уурхайгаас 1999 онд 1.5 сая тонн хүдэр олборлож байсан дараа нь хүчин чадлаа нэмэгдүүлэн 3 сая/тн.жил хүргэсэн байна. 
 
Каннингтон уурхай нь 2010 онд дэлхийн хамгийн том, хамгийн хямд өртөгтэй мөнгө, хар тугалга, цайр олборлох уурхайд тооцогдож байсан бөгөөд баяжмал дахь хар тугалганы агуулга 70%, мөнгөний агуулга 3000г/тн хүрдэг байжээ. Каннингтон уурхайн эзэмшигч BHP Billiton компани 2014 онд  өөрийн эзэмшлийн South32 компанийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь хариуцуулсан байна.
 
 
 
Каннингтон уурхайд 2020 оны 6-р сарын байдлаар мөнгөний агуулга 173г/т, 5,35% хар тугалга, 3,28% цайр агуулсан нийт 20 сая/тн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон.  Нийт эрдэс түүхий эд хүдрийн нөөц 79 сая/тн байсан бөгөөд хүдэр дахь мөнгөний агуулга 262 г/т, хар тугалга Pb 7.89%, цайр Zn 5.36% хүрдэг байжээ. 
 
 
 
Каннингтон уурхай нь далд уурхай, хөвүүлэн баяжуулах үйлдвэр, уусган баяжуулах үйлдвэр, төмөр зам хүртэлх тээврийн байгууламж, Таунсвилл боомт дахь төвлөрсөн хөлөг онгоцонд ачих байгууламж зэргээс бүрддэг.
Баяжуулах үйлдвэрийн металл авалт Zn-83%, Pb-87% ба Ag-85% хүрдэг байна. Каннингтоны уурхайгаас 2020 онд 11,6 сая/унц мөнгө, 110,4 мянган/тн хар тугалга, 66,7 мянган/тн цайр олборлон үйлдвэрлэсэн ба уурхайн хүлээгдэж буй ашиглалтын хугацаа 25 жил гэж тогтоосон байна.
 
 
Cannington уурхайн баяжуулах үйлдвэр
 
9. Chuquicamata, Чили. 10.9 сая/тн, Moz.
 
Chuquicamata-Чукикамата (товчоор Chuqui гэж нэрлэдэг) уурхай нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай бөгөөд зэсийн баяжмалтай хамт авч буй мөнгөний хэмжээгээр дээрх жагсаалтын 9-р бичигдэж байна. 
Энэ уурхай нь Чили улсын хойд нутагт Андийн нурууны төв хэсэгт  далайн түвшнээс дээш 2850м  өндөрт байрладаг бөгөөд нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 1240 км зайд харин далайн эргийн боомт хот Antofagasta-аас зүүн хойд зүгт 215 км зайд оршдог. 
Алдарт Чуки уурхай нь 1910 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд зэс-профирийн ба анхдагч зэсийн орд газар ба уурхайгаас гадна мөнгө, алт, молибдений томоохон эх үүсвэр байсан.
Чукикамата уурхайг 1970-аад оны эхээр Чили улсын төрийн өмчийн мэдэлд авсанаас хойш Чилийн үндэсний зэсийн корпораци CODELCO (National Copper Corporation of Chile) эзэмшин үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа. 
 
 
 
Чукикамата ил уурхай зууван таваг хэлбэртэй бөгөөд 4.5 км урт, 3.5 өргөн,  гүн нь 860 метр хүрсэн бөгөөд энэ нь АНУ-ын Юта мужийн Bingham Canyon хавцлын зэсийн уурхайн дараа орох дэлхийн хамгийн гүн ил уурхайн 2-р бичигдэж байна. 
 
 
 
Энэ ил уурхайн нөөц нь дуусч байгаа учраас газар доорх ордуудыг ашиглахын тулд гүний уурхай байгуулж эхэлсэн бөгөөд үүнд зориулан 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалт  2014 оноос эхлээд 2019 оны 3-р сард дуусж олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн.
Ийнхүү Чукикамата уурхайн ашиглалтын хугацаа 2060 он хүртэл уртассан бөгөөд далд уурхайн гүн 787м хүрэх юм байна. 
Тэнд 7,5 км урт туннель буюу нэвтрэх налуу ам ухаж гүний уурхайн дэд бүтэц байгуулснаас гадна 1000 метр гүн босоо ам барьсан. 
Хүдэр олборлолтын үйл ажиллагааг газар дор 4 түвшинд блокчлон олборлох арга технологоор явуулах ба өдөрт 140,000 тонн хүдэр олборлож жилд 366.000тн зэс, 18.000тн молибден үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Чукикамата гүний уурхайн зэсийн хүдрийн нөөц 1тэрбум 700 сая/тн хүрсэн мөн хүдэр дахь зэсийн агуулга 0.7%, молибдений дундаж агууламж 502ppm байхаар тооцоолсон.
 
 Chuquicamata ил уурхай
 
10. Greens Creek, АНУ, 10.5 сая/унц, Moz.
 
Greens Creek  уурхай нь АНУ-ын Аляска муж дахь Адмиралтейны бүлэг арлуудын  Адмиралти-Admiralty Island арал дээр оршдог бөгөөд Аляска мужийн хамгийн том хот Juneau-Жунаугаас өмнө зүгт 32 км зайд байралдаг
Энэ уурхайгаас алт мөнгө болон цайр, хар тугалга олборлодог. Анх 1973 онд Гринс Крикийн сав газраас цайрын тунамал чулуулгын хурдас олж илрүүлэн улмаар 1974 онд хийгдсэн геологи хайгуулын судалгаагаар өндөр хэв гажилттай хар тугалга, цайр, мөнгө агуулсан хүдэр ба хоёрдогч төмрийн оксид  олж илрүүлжээ. 
Орд газрын хүдрийн эрдэсжилт нь судал хэлбэртэй сульфид эрдсүүдээс тогтсон бөгөөд пирит, сфалерит, галенит, тетраэдрит / теннантит болон бусад сульфид эрдсүүдээс бүрддэг.
 
 
 
Greens Creek-ийн орд газар нь байгаль орчинд хамгийн эмзэг нөлөөлөлтэй газар оршдог бөгөөд Аляски мужийн Адмиралтей үндэсний парк дурсгалт газарт байралдаг.  Greens Creek уурхайн үйл ажиллагаа 1989 оноос эхэлсэн, нийт батлагдсан нөөц нь 2006 оны байдлаар мөнгө 107сая/унц, алт 840.000 унци мөн 262.940 тонн хар тугалга, 706.500 тонн цайрын нөөцтэй гэж тогтоосон. 
 
 
 
Уурхайг Канадын Hecla Mining Company болон түүний охин компаниуд 100 хувь эзэмшиж олборлолт ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Гринс Крик уурхай нь дэлхийн хамгийн том бөгөөд хямд өртөгтэй анхдагч мөнгөний уурхайнуудын нэг бөгөөд тус компаний хамгийн үр ашигтай үйлдвэрлэл ашиг орлогын эх үүсвэр болоод байгаа. 
Greens Creek уурхайн үйл ажиллагаа нь гүний уурхай, баяжуулах үйлдвэр, хуурай овоолсон хаягдал хадгалах байгууламж, баяжмал хөлөг онгоцонд ачих байгууламж, агуулах ба бусад барилга байгууламжууд, усан онгоцны зогсоол зэрэг байгууламжуудаас бүрддэг. Тус гүний уурхайгаас өдөрт 2100-2300 тонн хүдэр олборлодог.
Орд газрын ойр орчмын газруудад геологи хайгуулын ажил эрчимтэй явагдаж уурхайн ашиглалтыг насыг уртасгахыг зорьж байна.
Баяжуулах үйлдвэрээс гарсан баяжмалыг 13 милийн зайд орших Hawk Inlet боомт хүртэл ачааны машинаар тээвэрлэдэг, тэндээс баяжмалыг хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрүүдэд  ачуулдаг. 
Greens Creek уурхай нь Аляски мужийн Жунау-Juneau дүүргийн хамгийн том татвар төлөгч бөгөөд уурхайд 440 гаруй хүн ажилладаг, тэдний дөрөвний гурав нь Зүүн Өмнөд Аляскийн оршин суугчид юм. 
Ихэнх уурхайн ажилчид Жунау хотоос өдөр бүр өглөөний 5:00, 17:00 цагт хөдөлдөг өөрийн компанийн  өндөр хурдны гатлага онгоцоор ажилдаа ирж буцдаг. 
Өнгөрсөн 2020 онд тус уурхайгаас 10,5 сая/унц мөнгө, 48,491 унц алт, 56,813тн цайр, 21,400тн хар тугалга үйлдвэрлэж дэлхийд тэргүүлэх зэргийн мөнгө үйлдвэрлэгч нарын жагсаалтын 10-р бичигдсэн.
 
 
 
Greens Creek уурхайн Баяжуулах үйлдвэр
 
 
Бэлтгэсэн : Монгол Улсын Зөвлөх Инженер Д.Отгонбаатар