sonin.mn
Амжилт, бүтээлээр бялхсан шинэ сар хаяанд ирлээ. Сайн мэдээ дуулгах олон улсын уралдаан тэмцээнүүд үргэлжилж, өнөөдрөөс бүжигчдийн маань завгүй өдрүүд эхэлж байна. Шилдэг уран бүтээлчдэд хилийн чанадаас урилга ирж, урин цагийг бэлгэдсэн бүтээлүүд үзэгчдийн мэлмий, сонорыг баясгаж  эхэллээ. Эдгээр онцолсон үйл явдалд манай улсын уран бүтээлчид хэрхэн оролцож, өрсөлдөж буйг тоймлон хүргэж байна.
 
С.Саянцэцэгт шүүгчээр ажиллах урилга ирүүлжээ
 
Хамгийн түрүүнд төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг онцолъё. Монгол Улсын консерваторийн багш, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан түүнийг 2022 онд зохион байгуулах олон улсын хөгжимчдийн “Amigdala” уралдааны шүүгчээр урьжээ. Түүнийг ийнхүү урихад Итали улсад болсон уралдаанд хоёр шавь нь үнэмлэхүй амжилт үзүүлсэн нь нөлөөлсөн байна. Тодруулбал, Италийн “Amigdala” олон улсын хөгжимчдийн 10 дугаар цахим тэмцээний A, B категорт түүний гурван шавь оролцож, “Абсолют” нэг болон хоёрдугаар байрыг 100/100 болон 91/100 оноогоор тэргүүлжээ.
 
 
 
С.Саянцэцэг өмнө нь төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байсан, дэлхийд томд тооцогдох Москва, Софи, Мадрид хотын дуурийн театраас гадна сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн Монгол Улсын анхны уран бүтээлч, соёлын элч билээ.
 
 
 
Монголын дуучид уралдаандаа амжилттай оролцож байна
 
ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан үргэлжилж байна. Энэхүү наадамд манай улсын дуурийн дуучид амжилттай оролцдог уламжлалтай.
 
 
 
ОХУ-ын Москва хотод болж буй уралдаанд Монгол Улсаа төлөөлөн УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Гомбо-Очир, Б.Монголхүү нар оролцож байна. Манай дуучид уралдааны нэгдүгээр шатанд оролцохдоо Б.Гомбо-Очир гурав, Б.Монголхүү тавдугаар байрт шалгарчээ. 
 
 
 
Олон улсын дуурийн дуулаачдын энэхүү уралдааны сүүлийн шалгаруулалт “Крокус Сити Холл”-д эхлээд байгаа аж. Сонирхуулахад, энэхүү олон улсын дуурийн дуулаачдын гуравдугаар уралдаанд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар оролцож, тэргүүн байр эзэлж байжээ.
 
“Хотын хэмнэл”-ийг мэдрээрэй
 
Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан Монголын балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой хоёр дахь удаагийн “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг цахимаар зохион байгуулж байна. Тус наадам Монголын балетын хөтөлбөрийн дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгарын “Хотын хэмнэл” орчин үеийн бүжгийн тоглолтоор энэ сарын 26–ны 20:00 цагт буюу өнөөдөр нээлтээ хийнэ. Уг наадмын нээлтийн тоглолтыг “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмын албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан хүлээн авч үзэх боломжтой. Мөн энэхүү наадмын хүрээнд Солонгосын “Libre Joven” хамтлаг болон Монгол уран бүтээлчдийн хамтарсан “Meeting Hands” тоглолтыг энэ сарын 28 –нд 18:30 цагаас цахимаар зохион байгуулах  гэж байгаа ажээ.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин