sonin.mn
МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт, Олон улсын театрын “Гэгээн Муза” академийн алтан цомын эзэн, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын ЦОГНЭМЭХТЭЙ ярилцлаа.
 
-Ярилцах урилга хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа сүүлийн үеийн шинэ уран бүтээлийн сонин сайхнаас эхлүүлэх үү. Яг одоо энэ хорио цээрийн дэглэмийн үед ямар бүтээл дээрээ голчлон сууж ажиллаж байна вэ?
 
-Баярлалаа. Энэ хорио цээр надад сүүлийн хорин жилд сөхөж “зүрхлээгүй” ном бүтээлийг унших боломж олголоо. Буддын шинжлэх ухааны талаар дахин шүүрдэж, эргэцүүлж байна. Эйнштейн, саяхны Хокинг ч өрнийн шинжлэх ухааны хүрсэн түвшний хайрцаглалаас гарч Буддад “мөргөсөн” юм шүү. Эцэстээ аугаа Эйнштейн “Шашингүй шинжлэх ухаан догонцоод явахгүй ээ” гэсэн байна билээ. Тэгэхээр бурханлиг, шашинлаг байх нь лут эрдэмтдийн төдийгүй энгийн уран бүтээлч бидний эрхэмлэл болж байна. Шашинлаг мэдрэмж хийгээд уран бүтээлч бидний хэдэн нөхрийн идеализмыг ханхлуулан ирсэн нь эцэстээ хол төөрчихөөгүй бололтой. Орчин үеийн хүн гэж хэн бэ гэхээр шинжлэх ухаан, шашны талаарх ертөнцийг үзэх үзэл нь тэнцвэртэй, дотоод итгэл үнэмшил бүхий байхыг хэлэх нь дээ. Үүнийг мухар сүсэгтэй хольж ойлгож болохгүй. Үүн дээрээ дөрөөлөөд би нэгэн хутагтын тухай бүтээл туурвихаар зэхэж сууна.
 
-Ямар хутагт билээ?
 
-Бичсэнийхээ дараа ярья даа.
 
-Би эндүү санаагүй бол театрын 85 жилийн ойн хүрээнд “Үнэний хаан Будда”-г бичсэн байх аа. Тэр юу болсон бэ?
 
-Харин тийм ээ. Драмын театрынхаа 85 жилийн ойг энэ соён гэгээрлийн жүжгээрээ нээхээр товлоод бэлтгэл ажилдаа орсон байсан. УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ерөнхий зураач Т.Ганхуяг нартай хамт Буддагийн амьдрал, үйлстэй холбоотой Энэтхэг, Балба дахь газруудаар аялан явж, судалгаа ч хийлээ. Тухайн үеийн БСШУ-ы сайд Лу.Гантөмөр ч дэмжихээ илэрхийлээд. Гэтэл АСЕМ энэ тэрийг зохион байгуулахтай холбоотойгоор энэ төсөл маань Засгийн газрын хуралдаанаар “унасан”.
 
-Харамсалтай л юм. Хэрвээ тайзнаа тавигдсан бол Улсын драмын эрдмийн театр маань урын сангаа баяжуулах байж дээ?
 
-Тэгэхээр барахгүй цагийн цөвүүнд ээдсэн нийгмийн сэтгэлзүйг ариусгах, гэгээрүүлэх тал руу урин хөтлөх байсан. Үндэсний телевизээр өнгөрсөн онд гарсан Буддагийн тухай Энэтхэгийн киног манай үзэгч олон, нийгэм хэрхэн хүлээн авч буйг та санаж байгаа байх.
 
 
 
Энэ жүжиг гэгээрсэн хүн-гэгээрсэн үндэстэн-гэгээрсэн ертөнц гэсэн үзэл  санааны давалгааг бий болгох байлаа. Бас театрын уран бүтээлчдийн ид оргилуун байгаа үедээ дүр бүтээх, өсөж хөгжих боломж нь ч хаагдсан юм. Гэхдээ “Үнэний хаан Будда”-г маань төр засаг дэмжин амилуулах өдөр мадаггүй ирнэ.
 
 
 
-УДЭТ-ын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус театр таны “Хаадын хаан” түүхэн жүжгээр үзвэрийн жилийнхээ нээлтийг хийх гэж байгаа юм билээ. Энэ зохиолоо яг хэзээ бичиж дуусгав. Бичих санаа хэрхэн төрсөн талаар сонирхмоор санагдлаа. Нээлтээ хийгээгүй шинэ жүжиг учраас нууцаас нь хамаагүй задалж болохгүй байх. Гэхдээ бага сага мэдээлэл өгч болох уу?
 
-Ардын хувьсгалын 100 жилээс эхлээд олон ойд өргөн барьж буй томоохон бүтээл бол Их эзэн Чингис хааны тухай “Хаадын хаан” жүжиг маань юм. Өнгөрсөн гуравдугаар сард жүжгийн бэлтгэл ажилдаа театрын уран бүтээлчид маань орох гэж байтал улс орон даяарыг хамарсан “Covid-19”-тэй холбоотойгоор түр зогсоод байна. Миний хувьд их эзэн хаан маань бурхан юм. Ер нь монголчууд, дэлхийн монголчуудын дээд шүтээн нь шүү дээ. Соёлт ертөнцийн хувьд их эзэн хааныг маань суут жанжин, аугаа хаан, даяаршлын эцэг, их жолоодогч гэх мэтээр дүгнэн бишрэх болсон. Эдүгээ их эзэн Чингис хааныг судлах, байлдан дагууллынх нь нууц, засаглалын онцлог, тэнгэр газрын ивээл доорх суу заль хийгээд эдүгээгийн геополитик, нийгэм эдийн засгийн харилцаанд залуур болгон судлах болсон менежмент, маркетингийг нь ч давшлан шинжлэх, шинжих боллоо. Тэгэхээр Драмын театрын төдийгүй уугуул монгол оронд нь орчин үеийн Чингис хааны тухай бүтээл түүхэн шаардлагаар урган гарчээ гэсэн үг. 2012-2013 оны үед Пара бид хэд (найруулагч Н.Наранбаатарыг хэлж байна) Будда, Чингис хааны тухай бүтээл хийхээр шамдан ярилцаж, судалгааны ажилдаа орцгоосон юм.
 
 
 
“Хаадын хаан” маань үндэсний сонгодог түүхэн жүжиг гэсэн титэмтэйгээр монголчуудын зүрх сэтгэлийн хойморт залрах болно. Чингис хааны болоод түүний үүсгэн байгуулсан Их Монгол улсын мөн чанар юу вэ гэдгийг бид цоо шинээр нээн толилуулахыг эрмэлзэнэ. Энэ жүжгийг дэлхий сонирхох хэмжээнд бүтээнэ гэсэн бодолтой байна. 
 
 
 
-Таны бүтээл туурвилыг хараад, уншихаар дандаа түүхэн сэдэвтэй байдаг. Сайхан хайрын түүх ч юмуу өөр чиглэлээр жүжиг, кино зохиол бичих санаа байна уу?
 
-Үүнийг надаас дандаа асуудаг. Мэргэжил минь түүхч юм. Гэхдээ энэ чиглэлээрээ ажилласангүй. Харин ном бүтээлдээ л тусгаж явна. Дэлхийн түүхийг хэлэлцье гэвэл Монголын түүхийг хүүрнэх хэрэгтэй болно гэсэн давалгаа гадаад ертөнцөд өрнөж, өмнө нь байгаагүйгээр манай түүхийг шинжих, сонирхох уралдаанд дэлхий орчихлоо. Үнэхээр шимтэй, баялаг түүхтэй орны эзэн болсон бид ёстой азтай. Бид өвөг дээдсийнхээ үлдээсэн өв, түүх соёлыг “идээд” өчнөөн урт наслах боломжтой үндэстэн л дээ. Хойч үеэ, ирээдүйн Монгол орны эзэд минь түүхээ мэдэж өсвөл дэлхийн хаана ч бид гээгдэхгүй. Энэ үүднээс миний зохиол бүтээл энэ тал руу хэлбийдэг. Өнгөрсөн түүхтэй зууралдалгүй маргаашийг харж гэрэлтье ч гэдэг хэсэг хүн байна. Өрнө, баруун, хажуу хавирганы Солонгосыг ч шүтдэг хүмүүс ч бий.  Бид өөрийн түүхээрээ бахархаж байвал тун гэрэлтэй сэн. Бидний зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ёслолыг үзчихээд Европ, Латин Америкийн жуулчид “Ийм аугаа түүхтэй Монгол орны иргэн болж төрнө гэдэг ямар аз вэ” гэж догдлон уйлж байсан нь телевизээр гарсан шүү. Дагаад догдолж л байлаа. Ер нь түүх бол тухайн үндэстний зүрх нь юм шүү дээ. Мэдээж өөр чиглэлээр бүтээл туурвих сэдэл байлгүй яах вэ. Сайхан хайрын түүх гэж та ярилаа. “Тэнгэрийн хүү”, “Үнэний хаан Будда”, “Хаадын хаан”-д ч хайр хийгээд хайраас үүдсэн зовлон, жаргал  бий. Уран зохиолд нэг мөнхийн сэдэв байдаг. Түүнгүй бол амтгүй. Тэр бол гэгээн хайр, ариун дурлал юм. Үүнийг бодсон байгаа. Хүүрнэл зохиолын томоохон төрөл гэгдэх тууж, романаар илэр­хийлэхээр төлөвлөчихсөн.
 
-Хайр дурлалын жүжиг бичих үү?
 
-Бичнэ. “Таж Махал”-аар бичиж байгаад дутуу орхисон нь ч бий. Галзуу ганц гэдэг шиг уран бүтээлийн сандаа хайрын хөшөө босгомоор л байна шүү. Монгол Ромео, Жульетта хоёр төрөхийг үгүйсгэхгүй.
 
-Түүхэн жүжгийн зохиол бичихийн тулд судалгаа их шаардах нь мэдээж. Та хэр их уншиж, судалж байна вэ. Нэг бүтээл төрөхийн тулд хэчнээн жилийн хугацаа зарцуулдаг юм бол?
 
-Түүхч мэргэжилтэй болохоор надад ойр ертөнц юм гэдгийг дээр өгүүлсэн. Угсаатны зүй, археологи, антрапологи, намтар судлал, түүхэн газар зүй, сурвалж судлал, хэл шинжлэл гээд өнгийж таарна. Цэгцтэй судалгаа хийсэн хойно нэг бүтээлийг дор нь гараас гаргадаг. Хамгийн гол нь эхлэх л чухал. Морьд эргэлээ, дороо л барианд ордог шиг шахуу юм.
 
-“Тэнгэрийн хүү” жүжиг олны хүртээл болоод 10 жил болжээ. Энэхүү түүхэн туульсын жүжгийнхээ тухай хэвлэлд олонтаа ярилцлага өгсөн. Уг зохиолоор хүмүүс таныг овоглодог шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг асуухгүй өнгөрмөөргүй байна. “Тэнгэрийн хүү” таны амьдралд хэр өөрчлөлт авчирсан бэ?
 
-Амьдралд уу.. Амьдралд өөрчлөлт авчирсан шүү. Намайг зохиолч заяанд аваачсан. Энэ бол хамгийн эрхэм. Энэ ертөнцөд би хамгийн аз жаргалтай байдаг. Өөр олон бүтээл туурвих урам өгсөн. Дотоод ертөнцөд минь том түлхэлт болсон. Миний доторх олон галактик харагдаж, нүдний өмнүүр өнгөрөх хумхын тоосыг ч таашаан мэдэрч эхэлсэн. Цаашилбал өөрийгөө “голох” ухаанд сургажээ. Өмнө нь би том сэтгүүлч гээд л цээжээ дэлдчихсэн явлаа шүү дээ.
 
-Эндээс дөрөөлж миний асуух гэсэн асуулт бол бичсэн ном, зохиолоо зараад ашиг мөнгө олох нь хэр байдаг юм. Зарим зохиолч номоороо тэрбумтан боллоо л гэдэг. Номын буянаар тав тухтай амьдрах байртай боллоо л гэнэ. Үнэхээр номонд дурлагсад тийм олон болсон хэрэг үү?
 
-Манайд тийм боломж бараг үгүйтэй ижил юм. Эрх зүйн орчин нь ч бүрдээгүй байна гээд яривал олон зүйл бий. Хүн ам цөөн, эдийн засгийн багтаамж муутай орны зохиолч, уран бүтээлчид гаднынхантай яаж зэрэгцэх вэ. Зарим нэг маань нөгөө адал явдал, түүхэн хэлхээний “бестселлер”-ээ бичээд биднээс илүү ашиг олоод байгааг үгүйсгэхгүй. Номонд дурлагсад олширч байвал сайн. Гэхдээ бичсэн ном, орчуулсан бүтээл бүр лут байх эсэх нь эргэлзээтэйг уншигч мэдэж байвал зохилтой.  Даяаршил гээч гаднын нийгэм, соёл, эдийн засгийн түрэлт, технологийн мөлжлөг чинь ном нэрээр баг зүүж орж ирээд уншигч олны сэтгэхүйг боолчилж эхэлсэн нь аймшигтай. Би найзынхаа номын кофе шоп  ажиллуулдаг дүүд таны адил нэгэн агаараар асуухад нь “Ном сугавчилсан хүн буруу зүйл хийдэггүй юм” гэхэд олзуурхан хүлээн авч байна билээ. Янз бүрийн түвшний уншигчид байдаг ч номтой нөхөрлөөд байх нь өөрийгөө олохын нэг эхлэл ч байх юм бил үү.
 
-Хэвлэлд өгсөн ярилцлагуудаас тань харахад “Тэнгэрийн хүү”-г кино болгох гэж байгаа юм билээ. Энэ ажил хэр урагштай явж байна вэ?
 
-“Тэнгэрийн хүү”-г маань кино болоход төр засгаас дэмжлэг үзүүлнэ гэсэн чиг гарсан нь үнэн. Гэтэл энэ хорио цээр, эдийн засгийн байдал, сонгуулийн дүйвээн.. Хар л даа. Ямартай ч энэ бүтээл маань дэлгэцийн бүтээл болчихвол монголчууд хожно. Шинэ идеал бий болно.
 
-Ихэвчлэн тайзны бүтээл туурвиж байна. Дэлгэцийн урлагт хүчээ сорих бодол байдаг  уу. Таны архив, жооронд тайзны болон дэлгэцийн бүтээл болгохоор бичсэн олон зохиол байгаа гэж сонссон. Яагаад удаашралтай байна вэ?
 
-Би зургаа, долоон кино зохиол бичсэн шүү дээ. Эдийн засгаас л хамаарч байна. Бас л түүхэн кинонууд болохоор асар их өртөгтэй. Нэг хувцас оёход л хэдэн сая төгрөг. Нэг киноны хот, павильон байгуулахад л хэдэн арав, зуун сая төгрөгийн зардал шаардагдаад байна.
 
-Уншигчдын хувьд эхлүүлсэн зохиолоо уншиж дуусах хүртлээ зохиол дотроо амьдарч, баярлаж, гуниглаж, дурлаж, шаналдаг шүү дээ. Тэгвэл зохиолч хүний хувьд бичиж байгаа зохиолдоо бүрэн автах үе байсан уу?
 
-Байлгүй яах вэ. Зохиол бүтээлдээ гарч буй үйл явдал, нэвтрэх шугам, дүр бүхнээ амьд юм гэж бодож, хайрлаж, дурлаж бичдэг л дээ. Зохиолынхоо зарим дүрийг үхүүлсэн хойноо үнэхээр харамсан шаналж байлаа. Хэд хоног шокноосоо гарахгүй байсан.
 
-Ямар дүр вэ?
 
-“Тэнгэрийн хүү”-гийн Модун шаньюйг. Харин тайзнаа тавихдаа хаан ширээнд заларснаар төгсгөсөн л дөө. Би энэ жүжгээ үзэгчийн суудлаас сонирхож суухдаа Лүүсүү ванг үнэхээр үзэн ядаж байлаа. Ардын жүжигчин П.Цэрэндагва ахын тоглосон дүр л дээ. Бас Хасар Жагаа ахын тоглосон Түмэн шаньюйгаа заримдаа жигшин зэвүүцэж, заримдаа өрөвдөн энэрч байсан даа. Ялангуяа ханийнхаа төлөө өөрийгөө егүүтгэн нөгөө ертөнцөд одсон их хатан Моголын хэсэг дээр хоолой зангираад явчихсан шүү. Жүжгийн энэ хэсэгт үзэгч олон өөрийн эрхгүй нулимс дуслуулдаг юм. Ардын жүжигчин Н.Сувдаа эгч мундаг амилуулсан. “Хаадын хаан”-д маань ч ийм агшнууд бий. Хайр харуусал гэдэг хүн болохын том гүүр юм. Үүгээр хүн бүр л дамжин гардаг. Би Хан Хөхүй нутгийн элжигэн үр сад. Нутгийнхаа Хорин бугатын даваагаар овоглосон хаан буганы тухай, эх байгалиа хайрлан хамгаалах үзэл бүхий зөн сэрэхүйн туужаа гурван жилийн өмнө бичив. Энэ үед би самади байдалд орчихсон. “Тэнгэрийн хүү”-гийн амь сахигч Дөш, Түмэн шаньюйн бага хатан Шунхуй нарын нэр зүүдэнд орж ирсэн. Энэ мэтээр “транс”-д орох үе байдаг юм.
 
-Сүүлийн үед шүлэг, өгүүллэг, тууж, орчуулгын, шинжлэх ухааны гэх мэт ном зохиогч олон болжээ. Тэдний дунд сайн, муу аль нь ч байна. Ер нь өөрийнхөө өчүүхэн мэдлэг дээр суурилан ном бүтээх нь ихэслээ. Та зохиолч хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг хүн бэ?
 
-Ном бүтээнэ гэдэг том буян гэж монголчууд дээдэлдэг. Энэ үүднээс би ном бүтээж буй нөхдөө муулахыг хүсдэггүй. Тэдний сайн, мууг нь ялгаж цэгнэдэг судлаач, шүүмжлэгчид бий. Тэд л шүүн тунгааг. Харин орчуулгын уран зохиолын хувьд хэдэн үг хэлье. Уншигчийн хувьд хэлэхэд, урьд байгаагүйгээр орчуулгын уран зохиол оволзож байна. Гэтэл 1960-1980-аад оны орчуулгыг гүйцэхгүй байгаа шүү. Адаглаад л егөөдөл, ёжлолыг аятайхан найруулгатайгаар утгачилан орчуулж байх ёстой биз. Харин О.Чинбаяр нарын сургуулийг нь төгссөн ах нар дөнгүүр байна. Б.Нямдорж, Т.Баттүшиг нарын испани, англи хэлний уран зохиолын орчуулагч нөхдийг зориуд сайшаан дурдъя. Нэг сонинд ажиллаж байсан найз нөхдийн хувьд онцлоогүй юм шүү. Хоёр найз маань өдрөөс өдөрт бяр сууж яваа дуун хөрвүүлэгчид гэвээс онгироосон болохгүй. “Google”-дэж, үгчилж орчуулдаг нөхөд уншигч олныг хорлосонтой ялгаагүй.
 
-Номын дэлгүүрүүдээр зарж буй номуудаас авч уншиж байна уу. Ямар төрөл жанрын номыг нь илүүтэй сонирхож авдаг вэ?
 
-Би номын дэлгүүрийн хажуугаар л гарвал шууд хаалгыг нь татна. Түрийвчин дэх хэдэн төгрөгөө хоослох шахам гардаг. Манай эхнэр, хүүхдүүд мэднэ л дээ. Хүүхдүүддээ ч ном зориуд сонгон авч өгдөг. Голдуу судалгааны номууд л сонирхон авч уншиж байна. Төрсөн өдрөөр минь ном л авч өгөөрэй гэж эхнэр, найзууддаа хэлдэг. Тэд миний сонирхдог төрөл жанрыг мэддэг учраас номын сан минь зузаарсаар байгаа.
 
-Ажиглаад байхад төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчтай их хамтрах юм. Өөр найруулагчтай хамтарч ажиллах бодол бий юү. Хамтрагчаа хэрхэн сонгодог юм бол?
 
-Н.Наранбаатар бид хоёр сайн ойлголцдог, сайхан нөхөрлөдөг, салам ч мэтгэлцдэг. Бүтээлүүд маань амь цогтой байдаг юм. Би “Ай нан аа” дуулалт жүжгээ бурхны оронд заларсан Л.Эрдэнэбулган ахтайгаа хамтарч тавьж байлаа. Хамтрагчаа сонгоно гэдэг үзэл бодол нь ташаа нийлэхийг хэлэх байх. Тэгэхгүй бол яаж цааш алхах билээ.
 
-Цаг гаргаж ярилцсанд танд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?
 
-Баярлалаа. Монгол зохиолчийн бүтээл дэлхийн уран зохиолын хойморт залрах өдөр ирэх болтугай. Бидний болон дараагийн үеийнхэндээ их найдаж байна. Гэхдээ гадаад хэл рүү бүтээл нь ямар нэг шугамаар орчуулагдана гэдэг дэлхийд хөл тавьсан хэрэг биш шүү дээ. Монгол зохиолч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх шаардлагыг бид өөрсдөдөө тавьж, бас аугаа түүх, өв соёлынхоо дээдийг нандигнан өргөмжилж, бишрэнхэн цацруулж байж чармайваас сая дөхөх биз ээ.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин