sonin.mn
“Монгол даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.
 
-Манай улс өнөөдрийг хүртэл тэтгэврийн реформыг хийгээгүй байгаа нь улсын макро болон микро эдийн засагт маш том бүтцийн эрсдэлүүдийг бий болгож байгааг ярьсаар ирлээ. Харин банкуудыг нээлттэй банк болгох хууль батлагдсантай холбоотой энэ реформыг хийхэд түлхэц болж байх шиг байна?
 
-Банкны тухай хууль  шинэчлэгдэж батлагдсантай холбоотой иргэд чөлөөт зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд анх удаа банкны хувьцаа эзэмшигч болж хөрөнгө оруулах боломж бүрдсэн.  Иргэд хөрөнгө оруулалтын санд хөрнгө оруулж банкны хувьцаа худалдаж авах боломжтой. Түүнчлэн тэтгэврийн сангийн эзэд иргэд байх нь олон улсад түгээмэл байдаг. Мөн хөрөнгө оруулалтын сан , тэтгэврийн сангаар хослуулж  том компаниудын хувьцааг эзэмшдэг.  Ингэснээр үндэсний компани гэсэн ойлголт аажимдаа бий болдог.  Нийт иргэдийн хөрөнгө оруулалтыг өөртөө шингээсэн компанийг үндэсний компани гэдэг. 
 
 
 
Одоогоор хөрөнгийн биржид хувьцаагаа олон нийтэд зарсан компани цөөхөн байгаа учраас эдийн засгийн болон санхүүгийн захын тэнцвэр алдагдсан нөхцөл үүсээд байгаа. Ямартаа ч банкуудааар салхи хагалж үндэсний эзэмшилтэй, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах компаниуд бий болно гэж ойлгож болно.
 
 
 
-НДШ-ийг татвар гэж харсаар улс нь ч авсаар иргэд нь ч дуулгавартай төлсөөр иржээ. Гэтэл хөдөлмөрийнхөө үр шимээс өгч буй энэ мөнгө цэвэр иргэний өөрийнх нь байтал тэдэнд мөнгөө зарцуулах эрх нь алга. Цаашид энэ хэвээр удаан явахгүй л байх?
 
 
-Том компаниудын хувьцааг эзэмших нь олон улсын зах зээлд өдөр тутмын хэвийн үзэгдэл байдаг. Гэтэл Монгол Улсын хувьд өнөөдрийг хүртэл тэтгэврийн сан руу орж байх ёстой мөнгийг төр өөр дээрээ төвлөрүүлж захиран зарцуулж байгаа нь эдийн засагт өгөөжгүй гэдгийг өнгөрсөн 30 жилийн үйл ажиллагаанаас нотлогдлоо. Нөгөөтэйгүүр, зарим албан хаагч тэтгэврийн сангийн мөнгийг төрийн мөнгө гэж буруу ойлгоод байна.  Татварын мөнгө л төрийн мөнгө байдаг. Харин нийгмийн даатгалд төлж байгаа мөнгө төрийн мөнгө биш. Энэ бол иргэдийн мөнгийг төр өмнөөс нь удирдаж буй зарчмын хувьд ялгаатай зүйл юм. Үүнийг төр андуурч иргэдийн мөнгийг өөрийн дураар захиран зарцуулж үрж, тарааж, алдаж ирсэн нь хэрээс хэтэрсэн. Иргэд төрд үүнээс гадна ХАОАТ, НӨАТ, Гааль болон хотын татвар гэх мэтчилэн олон  янзын татвар төлчихөөд тэтгэвэрт гарах болон өвдөхөөрөө, хөдөлмөрийн чадвараа алдахаар өөртөө буцааж авах боломжгүй татвар болж хувираад байгаа нь асуудлын гол. Ингэхээр Монгол Улс дэлхийд хамгийн өндөр татвар төлдөг орон болж хувирна гэсэн үг.  Бидний байгуулсан тэтгэврийн реформ хөдөлгөөнөөс ямар шаардлага тавьж байгаа вэ гэвэл  Монгол Улс бага татвартай улс биш хангалттай татвараа авсан. Харин иргэдэд өөрсдөд нь ногдох тэтгэврийн мөнгийг нь Тэтгэврийн сан хэлбэрээр буцаагаад иргэдийн мэдэлд нь өгөөч.  Тэтгэврийн сан хөрөнгийн захад гарч том компанийн хувьцааг авах ёстой шүү гэсэн шаардлага тавиад байгаа. Энэ бол бидний зохиосон зохиол биш дэлхийн өндөр хөгжилтэй бүх улс орны өнөөдрийг хүртэл явж ирсэн жишиг. 
 
-Тэтгэврийн сангийн мөнгийг хөрөнгийн захад оруулаад алдчихвал яах юм гэсэн болгоомжлол байна?
 
- Шаардлага тавиад эхлэхээр ийм асуудал яригддаг. Тэгвэл ийм зүйл болохгүй. Сингапур, Орос, Казакстан, Америк, Герман улс иргэдийнхээ Тэтгэврийн сангийн мөнгөөр дэлхийн том корпорациудын хувьцааг худалдаж авдаг. Тухайлбал, манайд Мобиком, Хас банк зэрэг өндөр ашигтай байгаа компаниудын хувьцааг авчих юм бол үүнд алдана гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр дэлхийн санхүүгийн секторт байхгүй зүйлийг хаацайлах хэрэггүй гэдгийг уриалмаар байна. Мэдээж хөрөнгийн захад хувьцааны үнэ өсч, буурч байдаг. Гэхдээ эдийн засгийн хямрал арван жилд нэг удаа  үргэлжлэх тохиолдолд  буурна. Гэхдээ  хямрал дуусахад эргээд 1-2 жилийн дотор өсч,нөхөж, нугалдаг  зарчимтай. 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал болоход тухайн үед тэтгэврийн сангууд тодорхой хэмжээний алдагдал хүлээж байсан. Энэ нь бодит алдагдал биш.Хувьцааны ханшийн уналттай холбоотой ханшийн алдагдал. Тэгэхээр хувьцаагаа бариад сууж байхад алдагдлаа нөхөөд өндөр ашигтайгаар давах боломжтой. Тиймээс ганцхан жилийн үйл явдлаар төсөөлж хөрөнгийн захад тэтгэврийн сангаар дамжуулж мөнгөө алддаг  мэтээр  нягтлан бодох бүртгэлийн бодит бус алдагдлыг бодиттой алдагдал мэтээр тайлбарлаж  тэтгэврийн сангийн реформыг  зогсоож хойш чангааж болохгүй.
 
-Манайхан нэгдэж нийлэх тухайд сэтгэл зүйн хувьд бэлэн болоогүй юм шиг санагддаг. Хөрөнгө оруулалтын олон сан байгуулагдаж тэдний итгэлийг хэрхэн олохоос тэтгэврийн реформын хурд шалтгаалах байх?
 
-Сэтгэл зүйн эдийн засаг тусдаа асуудал. Гэхдээ их мөнгөтэй болмогц цөм хийтэл банкны хадгаламжид мөнгө хийж өсгөх тухай ойлголт манайханд бий. Тэгвэл Азийн зарим Солонгос, Хятад, Япон зэрэг орны иргэд нэгээс нь эхэлж хуримтлуулах зарчмаар хадгаламжтай болж эдийн засгийн эрх чөлөөнд хүрсээр ирсэн байдаг. Тиймээс би Голомт банкинд ажиллаж байхдаа сэтгэлзүйн эдийн засгийг судалж “Үндсэний хуримтлал” хөтөлбөрийг багийнхантайгаа хамтарч хэрэгжүүлснээр үндэсний хэмжээнд  200 гаруй  мянган иргэн хуримтлалтай болж чадсан байдаг. Одоо  бол манайханы зарим нь  хуримтлуулах зуршилтай болсон. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой. 
 
Тэгэхээр иргэд хүссэн, хүсээгүй олуулаа нэгдэж хуримтлуулсан мөнгөөрөө банкны эзэн болох боломж энэ удаад бүрдээд байна. Энэ бол түүхэн боломж юм.
 
Банкууд  хувьцаагаа  хөрөнгийн захад арилжихад жирийн иргэд 1-2 сая төгрөгөөр ч юм уу, 20 сая төгрөгөөр хувьцааг нь авна гэдэг нь  засаглал болон үр ашгийн хувьд буруу. Иймээс дэлхий даяараа хөрөнгө оруулалтын сан гэдэг институцыг ашигладаг. Хөрөнгө оруултын сан гэдэг нь маш олон жижиг хувьцаа эзэмшигчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Тус санд иргэд хөрөнгөө төвлөрүүлж олон оролцогч байх тусам томоохон хувь эзэмших эрх авна. Нэг иргэн дангаараа хувьцаа авснаар 0.0001 хувийг эзмших  нь засаглалд  оролцох, хянах боломжгүй болдог. Тийм учраас дэлхий  нийтээрээ ийм жишгээр явсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сан жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж тэдний өмнөөс мэргэжлийн баг ажиллаж судалгаа шинжилгээг хийн компаниудын хувьцааны өсөлт, бууралтад санхүүгийн нарийн тооцооллыг хийдэг. Түүнчлэн худалдаж авсан банкныхаа ТУЗ-д оролцож хяналтаа тавьж эргүүлээд жижиг хөрөнгө оруулагчддаа тайлангаа  тавьж ил тод байдаг институц юм. 
 
 
 
Манай улс Хөрөнгө оруулалтын сангийн  тухай хуулийг  2013 онд баталсан. Энэ хуулийн дагуу тус санг банктай ижил хянадаг байгууллага нь СЗХ, Монголын Хөрөнгийн бирж. Хөрөнгө оруулалтын захад олон жил ажилласан туршлагатай хүмүүс ажилладаг. Тэгэхээр иргэд банкны эзэн больё гэж бодож байгаа бол хөрөнгө оруултын сангаар дамжих хэрэгтэй.
 
 
 
Мөн төр тэтгэврийн реформыг яаралтай хийх ажлаа үргэлүүлж иргэдийн тэтгэврийн санд төвлөрч байгаа мөнгийг өндөр ашигтай банкны салбарт  хөрөнгө оруулах явц руу  чиглүүлэх хэрэгтэй.  Ингэснээр тэтгэврийн сангийн алдагдал багасна. Өнөөдөр тэтгэврийн сан алдагдалтай байгаа нь хөрөнгө оруултын өгөөж маш бага байгаатай холбоотой. Тэтгэврийн сан цугларсан мөнгийг хөрөнгө оруулах зорилготой. Анх 1883 онд нийгмийн даатгалын шиттгэлийн мөнгийг хөрөнгө оруултын сан байгуулж тэнд  төвлөрүүлэх зорилготой үүсгэсэн байдаг.  Гэтэл энэ үндсэн зарчмыг чөлөөт зах зээл гэж байгаагүй 1930 онд коммунистууд  тус системийн анхны хэлбэрийг нь алдагдуулж өөрсдийнхөө нөхцөлд тааруулж  төр иргэдийн өмнөөс нь зарцуулах төсвийн зардалд хуваарилаж улмаар  халамжийн бодлого руу шилжүүлсэн байсныг 1990 оноос  хойш чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн нэртэй боловч  1970 онд хэрэгжүүлж байсан дээрхи системийг дэлхийд ганцхан Монгол Улс хэрэгжүүлээд явж байна гэж хэлж болно.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин