sonin.mn

Буддын шашинд сүсэглэж буй Монгол ноёныг дүрсэлсэн танка зургийг Варшавын Үндэсний музейд хадгалж байна. 37.7х 28.5 сантиметрийн харьцаатай танкаг XVIII зууны үед зуржээ. Энэ зургийг 1862 онд Польшид авчирсан гэдэг. Дэлхий дахинаа танка хэмээн алдаршсан урлахуйн ухааны нэгэн төрлийг Монголчууд шүтээн зураг гэж нэрлэдэг. Монголд шүтээн зургийн урлал нь XVIII зууны сүүлч үеэс түлхүү хөгжиж эхэлсэн бөгөөд XX зууны эхэн үе гэхэд дүрслэл, илэрхийлэл, гүйцэтгэлийн дээд түвшинд хүрчээ.

 

Шүтээн зурагт бурхдын хөрөг, шүтээнээс гадна Монголчуудын ахуй, ёс заншил, уламжлал, хүмүүжлийн дэг ёсыг ч бас дүрслэн толилуулдаг тул урлагийн цогц бүтээлд тооцогддог юм.

Зургийн төвд буй ноёныг Абтай сайн хан гэж таамагладаг. Абтай хан бөөгийн онгон шүтлэгийг орхиж шарын шашныг Халх түмний шашин суртахуун болгон залж авахад хошуучилжээ. “Асрагч нэртийн түүх” зохиолд “Абтай хан модон тахиа (1585) жилийн зун Шунхат уулын ар дахь хуучин балгасанд өндөр дэлдэж, мөн жил жил сүмийн үйлийг эхэлсэн ба гал нохой (1586) жилд Түмэд нутагт морилж Содномжамц далай ламтай учраад түүнээс “Номын их Очир хаан" цол авч, их нутаг Хар өлөнд байхад буцаж ирсэн” гэжээ. Гэтэл Эрдэнэ зуугийн намтарт “Абтай хаан аравдугаар гал туулай жилийн доторх улаагчин үхэр жил (1577) III далай ламд мөргөсөнд Содномжамц, Абтай хааныг Цогт очир номун сайн хаан хэмээн дуудаад тамга соёрхож Их Монголын хаан болгон бошго соёрхов” гэжээ.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин