sonin.mn
Модны цагаригаар зөвхөн уг модны насыг төдийгүй байгаль экологийн өөрчлөлт, цаг уурын шинж төлөвийг тодорхойлдог гэвэл та итгэх үү?
 
МУИС болон АНУ-ын Колумбийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран Модны жилийн цагаригийн лабораторийг 2017 онд байгуулжээ. Түүнээс хойш Монгол орны уур амьсгалын түүх, өөрчлөлтийг модны жилийн цагаригийг ашиглан судалсан байна. Судалгааныхаа үр дүн, туршилтын талаар олон улсын шинжлэх ухааны салбарын нэр хүнд бүхий “Science advances” сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн нь АНУ-ын Харвард, Колумб болон Баруун Вержини, Аризонагийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтарсан томоохон бүтээл байжээ. “Бид “Монгол орны одоо болон ирээдүйн ган /зуд/-гийн давтамж" гэсэн өгүүллээ хэвлүүлсэн нь нэгдүгээрт, монгол орны байгаль, экологийн талаар судлах сонирхлыг олон улсын эрдэмтэн судлаачдад төрүүлэх, хоёрдугаарт, МУИС-ийн эрдэмтэн судлаачид, манай сургуулийн дэргэдэх Модны жилийн цагаригийн лабораторийн нэр хүнд өсөхөд чухал нөлөөтэй гэж бодож байна” хэмээн уг лабораторийн эрхлэгч, доктор, профессор Н.Баатарбилэг өгүүлж байлаа.
 
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын таагүй үзэгдэл, түүний давтамж, ирээдүйн төлөв байдалд олон улсын эрдэмтэн судлаачид ихээхэн анхаарч, зарим талаар сэтгэл зовниж судалдаг болсон байна. Монгол орон 1980-аад оноос эко системийн өөрчлөлтөд орж, уур амьсгалын хувьсал хүчтэй явагдаж, дулаарлын сөрөг нөлөө их болсон төдийгүй үер, ган, зуд зэрэг байгалийн аюулт үзэгдлийн тоо нэмэгдсэн байдаг. Үүнийг модны цагаригийн тоо, шинж чанараар судлах боломжтой болжээ.
 
Дэлхий дээр буй амьд организмаас хамгийн урт насалдаг нь мод бөгөөд манай бөмбөрцгийн хойд хэсэгт ургадаг шилмүүст мод жилдээ нэг цагариг нэмэгдэж төлждөг өвөрмөц онцлогтой аж. Тэрхүү цагариг нь тухайн жилдээ ган зудтай эсвэл чийглэг сайхан байсан зэрэг мэдээллийг өөртөө агуулдаг юм байна. Манай улсад ус, цаг уурын байгууллага 1940-өөд онд байгуулагдсан бөгөөд тэдний хэмжсэн, мэдээлсэн баримт материалд түшиглэн байгаль дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг шинжлэн судалж, харьцуулан үзэж болох юм. Харин түүнээс өмнөх 2060 жилийн хугацааны ган, зудын тухай мэдээллийг Модны цагаригийн судалгааны лабораторийн эрдэмтэд судалж тогтоосон байна. Түүний дотор зөвхөн гангийн явцын давтамж, нөхөн сэргээх процессыг харахад 1990-2011 он хүртэл давтамж хамгийн бага, бас богино хугацаатай байгаа нь анхаарал татаж байжээ.
 
МУИС-ийн ой судлалын профессор Н.Баатарбилэг ахлагчтай судалгааны багийнхан Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо орчимд тархан ургасан мод болон бүс нутгийн ойд судалгаа хийж, үр дүнд нь 850-1800, 1850-2005, 2005-2100 он гэсэн гурван цаг хугацааны уур амьсгалын өөрчлөлтийн загварчлалыг гаргасан байна. Уг загварчлалаас харахад монгол орны хувьд чийгшил муудаж, хуурайшил их болох хандлага харагджээ.
 
“Судалгааны дүнгээс үзэхэд гангийн давтамж 2-3 жил байх бөгөөд 1999-2010 онд хугацаа нь улам богино болсон байдаг. 2000 оноос хойш ирэх 100 жилийн хугацаанд зуны хур бороо, тунадасны хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа ч гангийн давтамж нэмэгдэж, бас ойртож байгаа. Өмнө нь 11.8-12 жилийн хугацаанд нэг удаа ган болдог байсан бол одоо манай орны нутаг дэвсгэрт 2-3 жилд гантай байх болжээ. Хэдийгээр чийгийн хэмжээ нэмэгдэж байгаа ч ууршилт их болсон нь ургамал, ногооны ургалтад сайнаар нөлөөлж чадахгүй” гэж судлаач хэллээ.
 
Ер нь модны цагаригийг “уншина” гэдэг маш нарийн ажиллагаатай байдаг аж.
 
Н.Баатарбилэг доктор ярихдаа "Модны насыг тоолохоос илүүтэй өсөлтийг хэмжиж, түүнд агуулагдсан мэдээллийг тайлах нь чухал байдаг. Модны диаметрийг хэмжсэнээр тусгай томьёонд оруулаад насыг нь тогтоочихож болно. Харин тухайн мод 1800 онд хэдэн см байж байгаад 2010 онд ямар хэмжээнд очсоныг судлахын тулд түүнээс дээж авна. Технологи хөгжөөгүй үед модыг хөрөөдөж унагаад үүнээс дээж авдаг байсан бол одоо модонд ямар нэг гэмтэл учруулахгүйгээр өрөмдөж, шинжилгээний сорьц хийдэг болсон” гэсэн юм. Энэ нь мэдээж, байгаль орчин, амьтан ургамлаа хамгаалах бодлого, шинжлэх ухааны судалгааны ололт амжилтын үр дүн гэж ойлгож болно.
Насны өсөлтийн дээжийг амьд модноос авах бөгөөд ойролцоох “үхсэн” модноос бас авч харьцуулан судалдаг тухай судлаач тайлбарлаж байлаа. Үүнийг еэвэн дээж ч гэж нэрлэдэг аж. Энэ нь модны хожуул юмуу өмхөрч муудсан хэсгийг хэлдэг. Тэд дээр дурдсан газар нутгаас 200 гаруй мод, еэвэнгийн дээжийг авч судалжээ. Улмаар модны цагаригийнхаа өсөлтийг цаг уурын хэмжилттэй уялдуулан математик загварчлалаар бодож, ямар хамааралтайг тогтоодог байна. Үүний дараа цаг уурын ирээдүйг төлөвлөдөг олон төрлийн загварын аль тохирохыг ашиглаж, үр дүнг тооцдог боловч модны цагариг жилдээ нэгээр нэмэгддэг гэдэг нь хамгийн гол баримтлал болдог аж.
 
Модны өсөлт явагдах үед тухайн үеийн чийг, халуун дулаанаас хамаарч өсөлт янз бүр байдаг ч жил бүр нэмэгдэх цагариг нь өргөн, нарийн байх нь тухайн жилийн цаг агаарын байдлыг илтгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Ургах орчны уур амьсгалаас шалтгаалах энэ шинж чанарыг ашиглан мэдээллийг загварчлан “уншиж” болдог байна. “Олон зуун жил хатаж өгөршсөн модыг “уншихад” бэрх ч модны анатомийн зүсэлтийг хийж, ямар төрөл зүйл болохыг тогтоож болно.
 
Жишээ нь, Хоргын тогооны ойролцоох модноос авсан дээж дээр зүсэлт хийж үзэхэд анатомийн бүтцээрээ хуш мод болохыг тодорхойлж чадсан” гэж судлаач С.Бямбагэрэл олзуурхаж байсан юм. Монгол Улсын газар нутагт ургаж буй ой мод дунджаар 250-300 жилийн настай бөгөөд ийм хугацааны байгаль, цаг уур, экологийн өөрчлөлт тов тодорхой бичээтэй байна гэсэн үг юм. Модны жилийн цагаригийн судалгааны үр дүнгээс харахад сүүлийн 2060 жилийн хугацаанд онцгой хуурай эсвэл хамгийн их тунадастай жилүүд ч тохиож байжээ. Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа хэт хуурайшил, ган гачиг нь судалгаагаар тогтоосон хамгийн их өөрчлөлттэй цаг хугацаа болж байна. Дээрх судалгаанд үндэслэн эрдэмтэн судлаачдын баг ойн шавжийн тархалт, ой хээрийн түймрийн давтамж нь гангийн цаг хугацаатай ямар хамааралтай байгааг нарийвчлан судлахаар ажиллаж байна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин