sonin.mn
Оросын Алс Дорнод дахь хамгийн том дэд бүтцийн төсөл дууслаа. Энэ бол Амур голын гүүр. Энэ гүүр яагаад Орос, Хятадын худалдаанд ашигтай вэ. Үүгээр ямар бараа тээвэрлэх вэ. Гүүрийг барихад ямар хүндрэлүүдтэй учирч байв. Энэ олон асуултад www.vz.ru-гийн нийтлэл хариу өгч байна. Амур гол дээгүүр төмөр зам барьж дууслаа. Энэ бол Орос, Хятадыг холбосон анхны гүүр. Тунжян хотод замын сүүлчийн хэсэг баригдаж дууслаа гэж Хятадын хэвлэлийн албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Галт тэрэгний хөдөлгөөн эхлэхээр Хятадын Хэйлунжиан хотоос Москва хүрэх зай 809 км-ээр багасна. Гүүрээр явах хурд 100 км/ц, дамжин өнгөрүүлэх чадвар жилд 21 сая тонн. Энэ сарын сүүлээр эхний галт тэрэг явна.
Энэ гүүрийг барих санал 1990-ээд онд гарсан ч хэрэгжээгүй байсан юм. Харин 2010 оны дундаас энэ төсөл рүү дахин анхаарлаа хандуулав. 2016 онд гүүр барих ажил эхэлсэн. Яагаад энэ гүүр баригдахгүй их удсан бэ. “Бараг 2.5 км урттай гүүр барина гэдэг техникийн хувьд хэцүү даалгавар, өртөг өндөртэй. Оросууд бид бүхэл бүтэн Волга дээгүүрээ хэдхэн гүүртэй. Харин энэ бол Амур. Хоёрдугаарт, Орос, Хятадын хоорондын ачаа тээвэр их биш үед гүүргүй болж байсан. Одоо бол аль аль талдаа гүүр нэн хэрэгтэй болоод байна” гэж “Финам” санхүүгийн группын шинжээч Алексей Коренев хэлсэн байна.
 
Хятадын тал их хөрөнгө оруулсан. Учир нь нийт 2.2 км замаас Оросын хэсэгт 309 метр нь оногдож байгаа юм. Хоёр орны төмөр зам өөр байдаг нь бас нэмэлт асуудал болж байлаа. Эцэст нь нэг замтай төмөр зам тавьжээ. Гэхдээ хоёр өөр өргөнтэй, Оросын галт тэрэгний дугуйны өргөн 1520 мм, Хятадынх 1435 мм. Эхэндээ Оросын талын өртөг есөн тэрбум рубль байсан ч 2019 оноос цар тахалтай холбоотойгоор нэмэгджээ. Энэ гүүрийг барих болсон шалтгаан нь хоёр орны хоорондын худалдаа өссөнтэй холбоотой юм. Гэхдээ Бээжин, Москва дэд бүтцийн харилцаагаа бэхжүүлэхэд геополитик их нөлөөлсөн. Барууны орнууд Орост хориг арга хэмжээ авч, Хятадад худалдааны дайн хийж байгаа нь хоёр хөршийн эдийн засгийн нягт хамтын ажиллагааны хэтийн төлвийг илүү тодорхой болгож өгсөн юм. Хятадтай хийсэн байгалийн хийн түүхэн гэрээнд гарын үсэг зурсны дараа Амур мөрөн дээгүүр гүүр барих нь хоёр орны итгэлцэл, эдийн засгийн хөгжлийн бас нэгэн билэгдэл болсон.
Хятад, Оросыг холбосон авто замын гүүр өмнө нь баригдаж дууссан. Зорчигчдын тоо жилд гурван сая, ачааны урсгал ойролцоогоор зургаан сая тонн эсвэл бараг 300 мянган машин.
 
 
 
Орос, Хятад хоёрын геополитик дотносол хоёр орны барааны эргэлтийг их өсгөсөн. 2015 онд 63.3 тэрбум ам.доллар болж өссөн бол 2019 онд 111.5 тэрбум болжээ. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалан жаахан буурч 104 тэрбум болсон. Гэхдээ энэ түр зуурын бууралт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа.
 
 
 
“Хятад урдын адил Оросын хоёр дахь томоохон худалдааны хамтрагч, цаашдаа ч энэ хэвээрээ байх болов уу. Үүнээс гадна Хятадтай хийсэн худалдааны тэнцвэргүй байдал бидэнд ажиглагдахгүй байна. Мөнгөн хэмжээгээр тооцоход Орос экспортоосоо илүү импортолж байгаа. Гэхдээ их зөрүүтэй биш” гэж шинжээч Алексей Коренев онцолсон байна. 
Өнгөрсөн жил Орос Хятад руу экспортын бараанд 49.1 тэрбум ам.доллар зарцуулсан бол Хятад Орос руу 54.9 тэрбум ам.доллар болсон. Орос Хятад руу голдуу эрчим хүч гаргадаг бол Хятадаас цахилгаан бараа, гар утас, компьютер, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн авдаг. Орос, Хятад хоёр 2024 он гэхэд худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байгаа. Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Шинэ дэд бүтэц барьсан нь төлөвлөгөөгөө биелүүлэх үндэс юм. Энэ зун Петербургийн форумын үеэр В.Путин хэлэхдээ цар тахлаас үл хамаараад хоёр улс үүнийг хийх чадвартай гэдгээ баталсан гэж дурдсан байдаг.
 
 
 
Амурын төмөр зам жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх чадвартай нь хоёр орны худалдааг хөнгөлнө. Шинжээч Алексей Коренев “Нэгдүгээрт, 809 км хэмнэх нь энэ чиглэлийн тээврийг их хямдруулна. Ихэнх бүтээгдэхүүн хугацаа богинотой гэж хэлэхгүй ч, хүнсний бүтээгдэхүүний хувьд хүргэлтийн хугацаа чухал. Оросоос Хятад руу шувуу, гахайн мах, зайрмаг, нарийн боов нийлүүлдэг. Хятадаас Орос руу зарим нэг жимс, ногоо ирдэг” гэлээ.
 
 
 
 
“Гүүрийг барихдаа Сибириэс Хятад руу мод гаргана гэж тооцоолсон. Авто замаар үнэтэй, далайгаар хол. Гүүрээр нийлүүлэлт нэмэгдэнэ” гэж “Синерги” их сургуулийн хотын захиргаа удирдлагын тэнхимийн эрхлэгч Мария Байнова хэлж байна. Мөн гүүрээр төмрийн хүдэр, эрдэс бордоо, нүүрс тээвэрлэнэ. “Хятад улс нүүрс олборлолтоор тэргүүлээд зогсохгүй, хэрэглээгээрээ дээгүүрт жагсдаг.
Тодруулбал, жилд дөрвөн тэрбум тонн. Хятадын импортын хэмжээ бас өсөж байгаа. 2020 онд 304 сая тонн болсон. Үүнтэй холбоотойгоор Хятадын зах зээл Оросод их ирээдүйтэй” гэж Плехановын нэрэмжит их сургуулийн үйлдвэрлэлийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч Олег Каленов хэлж байна. Түүний хэлснээр Оросын нүүрс Америк, Австралитай харьцуулбал чанар сайтай, газар зүйн хувьд ойр гэж үзэж байна. Мөн шинэ гүүрийг дагасан Хятадтай ойрхон хотууд эрчимтэй хөгжинө гэж үзэж байна. Үүнд Хамгийн түрүүнд Еврейн автономт улс багтаж  байгаа юм.
 
 
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин