sonin.mn
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 8 сарын 25-нд буюу өчигдөр утсаар ярьж, Афганистаны нөхцөл байдлын талаар санаа бодлоо солилцжээ.
 
Энэ үеэр Ши Жиньпин: "Ойрын жилүүдэд Хятад, Орос хоёр орон "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсны 20 жилийн ойг тэмдэглэх шинэ гараанаас хоёр орны стратегийн хамтын ажиллагаа болон иж бүрэн ажил хэрэгч хамтын ажиллагааны салбарт олон чухал амжилт гаргаж, хоёр орны хөгжлийг харилцан дэмжихэд чухал нөлөө үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй эв санаа нэгтэй бэрхшээлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Өнөөгийн цар тахлын нөхцөл байдал тогтворгүй, хүнд нөхцөлд Хятадын тал Оросын талтай вакциныг судлан бүтээх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, вакцины олон улс дахь нийлүүлэлтийг сайжруулах, хоёр орны ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах талаар хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Хятадын тал Афганистаны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, Афганистаны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх амлалтаа хэрэгжүүлж, улс төрийн замаар Афганистаны асуудлыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
 
Хятад улс ОХУ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаагаа бэхжүүлж, Афганистаны талууд зөвшилцлөөр дамжуулан нээлттэй улс төрийн загварыг бий болгон, зөөлөн тогтвортой гадаад дотоод бодлого хэрэгжүүлэн, янз бүрийн террорист байгууллагуудаас харилцаагаа таслан, дэлхийн улс орнууд, ялангуяа хөрш орнуудтайгаа найрсаг харилцахыг дэмжин ажиллах болно" гэжээ.
 
Харин В.Путин: "Оросын тал Хятад Улстай хөгжүүлж буй харилцаандаа сэтгэл хангалуун байна. Энэ онд "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь Орос, Хятадын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. 76 жилийн тэртээ Орос, Хятад улс Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө асар их хохирол амсаж, шийдвэрлэх хувь нэмэр оруулсан байдаг. Өнөөгийн нөхцөл байдалд хоёр тал нягт холбоотой байж, харилцан туслалцан, дэлхийн хоёрдугаар дайны амжилтын үр дүн болон түүхийн үнэн мөнийг хамгаалах ёстой.
 
Оросын тал "Нэг Хятад" бодлогыг эрс дэмжиж, Тайвань, Хонконг, Шинжаан болон Хятадын Өмнөд тэнгистэй холбоотой асуудлаарх Хятадын талын  байр суурийг тууштай дэмжиж, Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох бүх гадаад хүчнийг эрс эсэргүүцэн, "Ковид-19" халдварын эх үүсвэрийг улс төржүүлэхийг эрс эсэргүүцэж, цаашид Хятадын талтай олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, халдвартай тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэхд бэлэн байна. 
 
Өнөөгийн Афганистаны нөхцөл байдал нь гаднын хүчин өөрсдийнхөө улс төрийн загварыг хүчээр хэрэгжүүлэх гэсэн бодлого нь явуургүй, зөвхөн гай гамшиг тарих болно гэдгийг харуулж байна. Орос, Хятад улс нь Афганистаны асуудлаар адилхан байр суурьтай. Оросын тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, Афганистанд холбогдох асуудлаарх олон талт механизмд идэвхтэй оролцон, Афганистаны хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулж, терроризмын эсрэг цохилт өгч, мансууруулах бодисын хууль бус наймааг таслан зогсоон, Афганистанд үүсч болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, гадны хүчний оролцооноос болгоомжлон, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах болно" гэсэн байна.
 
Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Орос хоёр талт болон олон талт чухал асуудлаар цаг алдалгүй харилцаж байх нь маш чухал гэдэгт хоёр тал санал нэгдэж, цаашид олон арга хэлбэрээр харилцаагаа илүү нягт болгохоор тохиролцжээ.
 
Н.Пүрэвжав