sonin.mn
Монголын боловсролын салбар алдаа дутагдал болоод асуудлаар дүүрэн гэдэгтэй бүгд санал нийлнэ. Үүнийг батлах мэт нэгэн  муу мэдээ саяхан шуугиан тариад чимээгүй болов. Уг нь ирээдүйн мэргэжлээ сонгохоор шалгалт өгсөн 40 мянга гаруй хүүхдийн хувь заяатай холбоотой ноцтой асуудал үүссэн юм. Эргэн сануулбал, элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 19-22-нд болж 40420 шалгуулагч шалгалтаа өгсөн. Энэ үеэр нийгмийн ухааны хичээлийн шалгалтын даалгавар задарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн хэмжээст оноотой холбоотой маргаан дэгдсэн юм. Энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс наймдугаар сарын 22-ны 18:30 цагт мэдээлэл хийсэн.
 
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “ЭЕШ-ыг зохион байгуулахад зарим нэгэн алдаа дутагдал гарсан. Тухайлбал, наймдугаар сарын 20-нд авсан хими, нийгэм судлал хичээлийн сэдэв, даалгавар задарсан мэт мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу БҮТ-өөс мөрдлөгө хийж, мэдээлэл цуглуулсан. ЭЕШ нь байгууллагын албаны нууцад хамаардаг учир материалыг боловсруулахаас эхлээд шалгуулагчийн гар дээр очих бүх үйл явц цагдаагийн байгууллагын хамгаалалт дор, ТЕГ-ын тусгай шуудангийн албаар дамждаг учир сэдэв, даалгавар задрах тохиолдол байдаггүй. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Энэ жил ЭЕШ-ын сэдэв задраагүй. Харин нэг утсаа хураалгаад өөр нэг утсаа мэдэгдэхгүйгээр нууцаар авч орсон тохиолдол мэр сэр гарсан. ЭЕШ-ын химийн хичээл 10:00 цагт эхэлсэн. Гэтэл шалгалтын явцад 10:57 цагт нэг суралцагч шалгалтын байранд утас авч ороод материалын зургийг дараад бусдаас тусламж гуйсан  нь зургаар баталгаажсан. Иймээс тухайн шалгуулагчийг ЭЕШ-ын журамд заасны дагуу шалгалтын дүн оноог хүчингүй болгох арга хэмжээг тухайн үед авч хэрэгжүүлсэн” гэж ярьсан юм.
 
 
 
ЭЕШ-ын журамд “Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, гар утас, тооны машин, ном, дэвтэр, компюьтер, таблет болон бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйл авч орохыг хориглоно” гэж заажээ.
 
 
 
Энэ журмын дагуу энэ жил 10 өдрийн турш зохион байгуулагч нар 16200  гар утсыг шалгалтын байрны гадаа хураан авч үлдсэн байна. Ингэхдээ хяналтаа сайн хийгээгүйгээс шалгуулагч утсаа авч орон бусдаас тусламж гуйжээ. Тодруулбал, IV сургууль, 39 дүгээр сургууль, Баян-Өлгий, Завхан аймагт гар утас авч орсон, ашиглахыг оролдсон тохиолдол гарсан бол Баян-Өлгий аймагт сурагчийн авч орсон гар утсыг ашиглан багш нь тусалсан, Завхан аймагт өөрийнхөө оронд хүн оруулахыг завдсан журам зөрчсөн үйлдэл гарсан юм.
 
 
Үүнд шалгалтын танхимдаа ороод материалынхаа зургийг даран бусад руу илгээж байхад хянагч багш байсан чухам юу хийж байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. Чухамдаа хянагч багш шалгуулагчид хоорондоо ярих, гар утас болон бусад эд зүйл ашиглах, бусдаас хуулахаас сэргийлэх үүрэгтэй. Гэтэл ЭЕШ-ын журмын дагуу бүх хариуцлагыг шалгуулагчид үүрүүлэн дүн оноог нь хүчингүй болгожээ. Энэ бол Боловсролын үнэлгээний төвийн шалгалтын коммисынхны хариуцлагагүй байдлыг шалгуулагчид тохож буйн нэг хэлбэр юм. Үүнээс гадна гар утсаа авч орохоос эхлээд зургийг нь даран бусдаас тусламж гуйсан тохиолдол хэдэн удаа гарснаас хэдийг илрүүлсэн нь тодорхойгүй. Энэ бол зөвхөн энэ жил гарч байгаа асуудал биш. Жилээс жилд материал задарсан, хүнээс асуусан, багш нь тусалсан гэсэн маргаан дэгддэг ч тэгсхийгээд намждаг. Харин энэ асуудал олон нийтийн сүлжээнд цацагдсаны “ачаар” ЭЕШ-ын ард болдог булхайнууд илэрсэн юм.
 
Сурагч шийтгүүлж, багш “уснаас хуурай гарав”
 
Үүнээс гадна нийгмийн хичээлийн даалгаврын зургийг нэг багш цахим группт оруулан “Дажгүй юм ирсэн байна шүү. Бүгд энийг ажиллаадах” гэсэн нь ил болсон. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Бямбаа багш” гэсэн цахим хаягаас нийгэм судлалын хичээл дээр ирсэн даалгаврыг 18:06 цагт олон нийтэд нээлттэй тавьсан. Үүнийг шалгалтын материал өмнө нь задарсан гэж хүмүүс ойлгосон. Гэвч нийгмийн шалгалт 17:40 цагт дууссан байсан. Энэ багшийн шавь нь шалгалтын материалаа хураалгүй гарч ирээд зургийг нь авч багшдаа явуулсан. Үүнийг багш нь олон нийтийн сүлжээнд тавьсан. Энэ сурагчийн дүн оноог хүчингүй болгосон. Бямбаа багш энэ талаар тайлбар өгсөн” гэсэн хариу өгсөн. Материалын зургийг багш руугаа явуулсан сурагчийн бүх оноог хүчингүй болгож, материалыг цааш олон хүнд дамжуулсан багш ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Харин хэвлэлд яриа өгч, уучлал гуйгаад энэ ноцтой асуудал мартагдсан. Тухайлбал, “Багш Бямбаа” гэх цахим хаягтай  Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Бямбадаш “Надаас онлайн давтлага авдаг хүүхдүүдийн нэгэн төлөөлөл нийгэм судлалын хичээлийн шалгалтаа өгч дуусаад ажилласан материалынхаа зургийг над руу чатаар явуулж, хэр ажилласан эсэх талаараа зөвлөгөө авахыг хүссэн. Тэр зургийг нь би 2021 оны ЭЕШ-ын давтлага өгдөг 20 орчим хүүхэдтэй хаалттай групп чатандаа шалгалт дууссанаас 16 минутын дараа сурагчдаар ажиллуулахаар оруулсан. Хэдий шалгалт нь дууссан ч нэг тест ч гэсэн ажиллачихвал хэрэгтэй гээд нэг их юм бодохгүйгээр оруулсан. Өөрийн гаргасан дутагдалдаа би хариуцлага хүлээнэ. Энэ бүгд надад маш том сургамж боллоо. Олон нийтэд материал задарсан мэтээр буруу ойлголт төрүүлэх үйлдэл гаргасандаа уучлалт гуйж байна. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад хүч хөдөлмөрөө зарцуулсан 10 мянга гаруй алба хаагчийн хичээл зүтгэлийг үнэгүйдүүлэх зүйл хийсэнд уучлаарай.Нэмж хэлэхэд, би кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандана.
 
 
 
“Бямбаа багш” гэсэн хуурамч аккаунтууд гарч математикийн шалгалтын материалыг 230 мянгаар зарна гэж хүртэл бичиж байна лээ” гэж ярьжээ. Амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг болох мэргэжил сонголтын өмнөх чухал шалгалтын журмыг зөрчиж бусдаас тусламж авсан сурагчдын оноог хүчингүй болгоод, тусалсан багш нь уучлалт гуйгаад энэ асуудлыг мартана гэдэг бол эмгэнэл.
 
 
 
Дараагийн жилүүдийн ЭЕШ-ыг ямар нэгэн маргаангүй, шударга зохион байгуулж, олон мянган сурагчийн хөдөлмөрийг үгүй хийхгүйн тулд ЭЕШ-ын журам зөрчсөн шалгуулагч болон багш нарт хуулийн хариуцлага тооцдог болъё. Учир нь шалгуулагчийн оноог хүчингүй болгоод өнгөрөх нь олон мянган хүүхдийн хувь заяатай холбоотой асуудалд хэтэрхий зөөлөн хандаж буйн илрэл юм. Чанартай боловсон хүчнүүдийг нийгэмд бэлтгэх хөрс нь чадварлаг сурагчдыг их сургуульд сургах явдал юм. ЭЕШ-ын журмын 6.5-д “ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан шигээ гар утас авч орсон, бусдаас тусламж гуйсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болъё.
 
Мөн нийгэм судлал хичээлийн хэмжээст оноог бусад хичээлтэй харьцуулахад маш багаар тооцсоныг багш нар эсэргүүцсэн. Харин Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-ын дүн оноо 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Тиймээс 2019 онд шалгалт өгсөн болон 2021 онд шалгалт өгсөн сурагчдын оноог эрэмбэлэн жагсааж, харьцуулсан нь хэмжээст оноо юм. Энэ нь олон улсын том судлагаа, шалгалтууд дээр ашигладаг аргачлал. Нийгэм судлал дээр гүйцэтгэлийн дундаж нь 90 оноотой хэрнээ хэмжээст оноо нь 690, математик дээр 90 оноотой хүүхэд 750 оноо авсан байна гэж шүүмжилж байна. Гэвч хэмжээст оноо нь тухайн хичээлийн шалгуулагчдын тоо болон улсын дундаж стандарт хазайлтаасаа хамаараад хичээл бүр дээр харилцан адилгүй өөр өөр гардаг” гэж тайлбарласан.
Маргаан, хэл ам дагуулсан ЭЕШ дуусч, сурагчид мэргэжлээ сонгон их сургуульдаа элслээ. Харин COVID-19 халдвар авсны улмаас шалгалтаа өгч чадаагүй 180 шалгуулагч есдүгээр сарын 2-4-нд ЭЕШ-аа өгнө. Ингэхдээ халдвар авч, эдгэрсэн сурагчдын шалгалтын материалыг дахин шинээр боловсруулж,  Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар дамжуулж, шалгалтын байр, орон нутгуудад хүргүүлэхээр болсноо БҮТ зарлаад байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин