sonin.mn
Монголын Үнэн сонины 2021 оны 05-р сарын 20-ны №98-д Д.Рагчаагийн “Том хөгжил жижиг зүйлсээс эхэлдэг” өлгөмөөр өвөрмөц саналууд тусгагджээ.
 
Үүнд Монгол Улс 1990 ээд оны эхэнд социалист нийгмийг халж, зах зээлийн эдийн засагтай хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаар тунхагласан боловч энэ нь сонсоход шинэ, үе рүү л болохоос өмнө нь бидний сонсож, мэдэж байсан капитал хуримтлуулдаг өөрөөр хэлбэл мөнгө хүүлдэг капиталист байгуулал шүү дээ гэсэн байх юм. Эдүгээ манай зарим улс төрчид, судлаачид үүнийг тогтолцооны гажуудал гэж ярьж бичих нь цөөнгүй. Үнэхээр эл хоёр нийгмийн аль алинд авах давуу зүйл бий ч бидний алсын хараагүй туйлшрал социализмыг авах зүйлгүй мэт үгүйсгэсэн нь харамсалтай ажээ.
 
Миний бодоход төрийн зохицуулалтай төлөвлөгөөт зах зээлийн эдийн засагтай хүмүүнлэг ардчилсан нийгмийг Монголчуудын уламжлал, онцлогтоо тохируулан цогцлон байгуулж болох байсан биз ээ. Ялангуяа зүүн төвийн үзэл баримтлалтай гэгддэг эрх баригч нам эдүгээ зүрх зориг шулуудан шилжилтийн үеийн үндсэн хуульдаа шүтэн баригдалгүй гүйцэт өөрчилж шинэ арга барилаар туушдаа замнах болсон бус уу?! Өмнөх том хөрш маань өнөө цагт Хятадын онцлогтой социалист нийгэм байгуулсны үр дүнд эдийн засаг нь эгнэшгүй хурдацтай хөгжиж 1,3 тэрбум хүнээ ядуурлаас гаргаад, ШУ, технологийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч гүрэн АНУ-ын атаархлыг төрүүлэн өрсөлдөж байгаа нь гайхамшигтай. Монголд хүн төрөлхтний үнэт зүйл хэмээн дээдэлдэг нийгэм байгуулж буйгаа сурталчилдаг хэдий ч үнэн хэрэгтээ ардчилал гэдэг нь дүр эсгэсэн, дур зоргын, авилгал нь түүний хорт хавдар болж өссөн, шударга ёс гэдэг нь шулуухан хэлэхэд улс төрчдийн уран үгийн чимэг төдий, хүний эрх, эрх чөлөө нь хэрээс хэтэрч, бусдынхаа амьд явах эрхийг юмны чинээ бодохоо больсон аминчхан үзэлтэй иргэдийг төрүүлж байх шигээ. Үүний балгаар үүрэг хариуцлага умартсан ухамсар муутай хүмүүс элбэгшин, түүний тод жишээ нь манайд урьд өмнө үзэгдэж сонсогдоогүй бузар булай үйлдэл газар авч буйг тоочоод баршгүй. Хүний эрхийг туйлшруулагчид, төрийн зарим увайгүй түшээдээс эхлээд сүүлийн үед Сүлдэт төрийнхөө ордны өмнө, Сүхбаатар жанжныхаа хөшөөг гутаан өлсгөлөн зарлаж хэвтэж, суулт хийх нь хэвийн үзэгдэл болчихжээ. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг Монгол төр хаана байна вэ.
 
 
 
Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг шударга зарчим хэрхэн хэрэгжиж буй нь ойлгомжгүй. Ард түмнээ удирдаж чаддаггүй аясыг нь дагаж, аргадсан төрхтэй төр байж боломгүй. Төр төмөр нүүрээ хэрэгтэй цагт нь харуулж чаддаг, хийе гэснээ хийдэг, төрийн явуулж буй зөв үйл ажиллагаанд саад тотгор бологч бүхнийг дарах ёстой баймаар.
 
 
 
Дарангуйлал тогтлоо хэмээн эсэн бусын элдэв сүржин шүүмжлэлээс эмээж мятаршгүй тууштай ажилламаар санагдана. Чухамдаа төр үүссэн түүхэн шалтгаан, төрт ёс оршихуйн үндэс нь дарангуйллын механизм бус уу. Хэчнээн сонгодог ардчилсан гэж өөрсдийгөө дөвийлгөн сурталчилдаг ч дарангуйлал ашигладаггүй улс орон дэлхийд байхгүй. Байх ч боломжгүй, Хатуу чанга дэглэмийн ачаар намгийн орон Сингапур улс аль хэдийн Азийн бар болчихжээ. Япон улс цар тахалтай тэмцэхийн тулд онц байдалтай тогтоогоод удаж байна. Манай хойд хөрш ОХУ төрийн түшээдээ албадан вакцинжуулалтад хамруулж байна. Эл бүхэн хуулийн дарангуйлал бус уу. Хүний амьд явах эрхийг хамгаалахаар дарангуйлал тогтоож буйг буруутгах үндэс үгүй мэт. Тэгвэл манай төр засгийн удирдлагууд цар тахалтай тэмцэхдээ хэт алгуурлан цаг алдаж буйг ХҮН-ныхан эмзэглэж зөвлөмж хүргүүлэхдээ Дэлхийн сайн жишиг болон судлаач мэргэжилтнүүдээ сонсож ажлаа явуулья. Төсөвтөө даруйхан тодотгол хийе гэсэн нь зүгээр ч нэг хоосон шүүмжлэл, улс төрийн хийрхэлтэй зүйрлэшгүй зөв зүйтэй зөвлөмж байсныг манай эрх баригчид тухайн үед нь ойшоож авууштай санагдаж билээ. Үнэхээр хүн төрөлхтөнд айдас, хүйдэс манайд үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байхад эхнээс нь хатуу хөл хориог богино хугацаанд тогтоосон шиг тогтоож ЭМЯ, УОК-ын дэргэдэх эрдэмтэдийнхээ саналыг сонсож, вакцинжуулалтаа шуурхай хослуулж арга хэмжээ авсан бол ингэж орон даяар тархаж цар тахлын өмнө цагаан тугаа өргөн буулт хийхэд тулж, аль хэзээнээс ярьж эхэлсэн Ардын хувьсгалынхаа 100 жилийн ойн баярыг жилээр хойшлуулж иргэдийнхээ урмыг хугалах байсан уу. Засгийн газар УОК-ын удирдлагуудын эхнээсээ эргэлзэж тээнэглэж, эргэж буцсан явуургүй шийдвэрүүдэд залхсан орон нутгийн удирдлагуудынхаа санал шахалтаар хөл хорио, хязгаарлах эрхийг нь өөрсдөд нь өгсөн боловч эргээд цуцалж хориглох болсон нь орон нутагт тархахад улам нөлөөлөв.
 
Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах, Ковидгүй зуны төлөө гоё уриа нь утаа болон замхарч сонгуулийн өмнө амласан мега төслүүд нь мөрөөдөл болон хувирах вий. Нөхцөл байдал хүндэрсэн үед иргэдээ хамгаалах нэртэй хавтгайрсан халамж үзүүлсэн нь төсвийн мөнгө, байгалийн өгөөжийг гарын салаагаар урсгаж, улмаар нийгэмд ажил хийх сонирхолгүй хүмүүсийг олноор төрүүлж ажиллах хүч хомстож буй сөрөг нөлөөг бий болгож байх шиг. Хар захын сэтгэлгээтэй зарим иргэд хөл хориог буруутган зогсоохыг шаардаж, жижиг аж ахуйн нэгжүүд нь том компаниудын эзэд, ХАҮТанхимын удирдлагуудын улс төржсөн турхиралтаар төрөөс мөнгө нэхэж: “Тэвчээрийн тэлээ тасарлаа’’ хэмээн жагсах болсныг ухаарах мэдрэмжгүй эрх баригчид эвлэрэнгүй хандаж буй нь юуны учир вэ. Тэд өөрсдөө хувийн том компанитай болоод тэрүү эс гэвэл том компаниудын ногдол ашгийг чамгүй хүртдэгээс үү.
 
 
 
Төрөөс олгосон хөнгөлтүүд, бага хүүтэй зээлүүд чухам очих эзэндээ хүрч буй эсэхэд хяналт хэр зэрэг байна вэ гэж асуумаар санагдана. Гэтэл үнэхээр хүсэж хичээвэл бас боломж үргэлж байдгийг өнөөгийн хүнд үед манай зарим иргэдийн санаачилга самбаатай үйл ажиллагаа болон, өөрийгөө овсгоотой хөгжүүлж буйг МҮОНТ-ийн бодит баримттай удаа дараа сурталчилж байхыг үзэхэд бахархал төрөх юм.
 
 
 
Манай шатны удирдлагууд зөвийг нь тухай бүр дэмжин, урамшуулж, буруугаас булталгүй ажиллаж эс чадвал итгэлээ өгч, хэрсүүжсэн иргэд, сонсогчдын олонх цаг нь болоход хариуцлага тооцох чадамжтайг эндүүрч басамжилж болохгүйг эртнээс эрх биш сэрэмжилбэл зохилтой болов уу.
 
 
Гундаагийн Сүрэнхорлоо /Судлаач/