sonin.mn
Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуульд мэргэшсэн сэтгэл зүйчид ажиллахаар болсон бөгөөд тэд өчигдрөөс ажлаа эхлүүлсэн юм. Боловсролын чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйчдээс Хэнтий аймагт ажиллахаар болсон сэтгэл зүйч Г.Уянга-Үжинтэй ярилцлаа.
 
-Та өөрийгөө танилцуулна уу. Өмнө нь сэтгэл зүйчээр ажиллаж байсан уу?
 
-Намайг Г.Уянга-Үжин гэдэг. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2012 онд сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш зургаан жил ажиллахдаа мэргэжлээрээ гурав, практик дээр хоёр жил ажилласан туршлагатай. Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт мэргэжлээрээ илүү өргөн хүрээнд ажилласан гэж ойлгож болно. Харин одооноос боловсролын сэтгэл зүйчээр мэргэшиж хүүхдүүдтэй ажиллахаар болоод байна. Миний хувьд, сэтгэл зүйчийнхээ хувьд хүүхэдтэй ажиллах нь илүү ойр санагддаг. Тиймээс өнгөрсөн долоодугаар сард ажлаасаа гарч боловсролын мэргэшсэн сэтгэл зүйч болох шийдвэрийг гаргасан юм. 
 
-Боловсролын чиглэлээр мэргэшихийн ач холбогдол, онцлог нь юу байна вэ?
 
-Онол болон туршлагад суурилан мэргэжлээрээ илүү гүн гүнзгий судалгаа хийж байна. Ажиллах арга барилын хувьд ч их зүйл сурлаа.
 
 
 
Манай улсын их, дээд сургуулиуд сэтгэл зүйчид бэлтгэдэг. Гэтэл анагаах ухаанд дотрын, хүүхдийн эмч гэж мэргэшдэгийн адил сэтгэл судлал ч хөгжих ёстой.
 
 
 
-Та бүхэн дадлагаа хаана хийсэн бэ. Хүүхдүүдтэй ажилласан уу?
 
-Практик дадлагаа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгэл зүйн таван төв болон өмнө нь сэтгэл зүйч ажиллуулж туршсан хоёр сургууль дээр хийсэн. Хоёр сургуулийн нэг нь улсын, нөгөө нь хувийн сургууль байсан нь ялгаатай талуудыг харуулахыг зорьсон байх гэж бодож байна. Дадлагын үеэр сэтгэл зүйн таван төвийн багш нар бидэнд сурч, мэдсэн зүйлээсээ хуваалцаж, хичээл заасан. Мөн танхим болон онлайн хэлбэрээр сурч, мэдсэнээ ажил дээр хэрэгжүүлэхэд тусалсан. Зөвлөгөөний дадлагын үеэр хүүхэдтэй ажилласан. Бусад оношилгоог хийхдээ сэтгэл зүйчид өөрсдөө хүүхэд шиг төсөөлж, тэдэн шиг сэтгэж мэдрэхийг хичээсэн юм. Түүнээс хүүхэд удаан суухад анхаарал нь сарнидаг, удаан бичихээр гар нь чилдэг, бас идэвхтэй хөдөлгөөн хийж эхэлдэг гэдгийг мэдсэн. 
 
-Боловсролын чиглэлээр 23 сэтгэл зүйчийг бэлтгэж тэд ажилдаа орж байна. Таныг Хэнтий аймаг руу явахаар болсон гэсэн. Ажиллах сургууль, орчинтойгоо танилцсан уу, ямар төсөөлөлтэй байна вэ?
 
-Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжил II” төслийг манай улсад хэрэгжүүлж байна. Төслийг 30 сургууль дээр хэрэгжүүлдгээс 23-т нь сэтгэл зүйч ажиллахаар болоод байна.
Дээрх сургуулиудад ажиллах хүсэлтээ сэтгэл зүйчид өгсөн. Миний хувьд, Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор буюу III сургуульд сэтгэл зүйчээр ажиллах өргөдлөө өгсөн. Энэ ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, сургууль, сэтгэл зүйч хооронд гуравласан гэрээ хийсэн. Энэ нь сэтгэл зүйчийг тогтвортой ажиллуулах зорилготой бөгөөд гэрээг 1-3 жилийн хугацаатай хийсэн. Сэтгэл зүйчид янз бүрийн хугацаатайгаар гэрээгээ хийсэн. Миний хувьд Хэнтий аймагт хоёр жил ажиллахаар болоод байна. 
 
-Бүх насны хүүхэдтэй ажиллана гэсэн үг үү?
 
 
 -Сэтгэл зүйч хүүхэд болгонтой ажиллах шаардлагагүй. Гэхдээ аль ч насны хүүхэдтэй ажиллах чадвартай байх ёстой.
 
 
 
Тиймээс сэтгэл зүйч шаардлагатай байгаа аль ч насны хүүхэдтэй ажиллана гэж бодож байна. Ер нь 1000 хүүхэдтэй нэг сэтгэл зүйч ажиллана гэсэн стандарт байдаг. Миний ажиллах ерөнхий боловсролын сургууль 1970 хүүхэдтэй.
 
-Таны ажиллах сургууль тодорхой болсон байна. Харин ажиллаж, амьдрах орчин нөхцөлөө хэрхэн зохицуулж байна вэ? 
 
-Гуравласан гэрээнд бүх зүйлийг заасан. Ажиллах өрөөг сургуулиас гаргаж өгөхөөр болсон. Өрөөний тохижилтыг “Тогтвортой хөгжил II” төслийн хүрээнд болон сургуулиас хариуцаж зохион байгуулах юм. Хүүхэдтэй ажиллах орчны стандарт гэж бий. Тухайлбал, хананы өнгийг хүртэл ийм байна гээд заагаад өгчихсөн байдаг болохоор ажиллах орчин нөхцөлд санаа зовохгүй байна.
 
-Нийслэлээс алслагдмал газар ажиллахдаа та хэнээс зөвлөгөө авах вэ?
 
-Өмнө нь дурдсан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг таван төвөөс бидэнд ментор багш гаргаж өгнө. Бид долоо хоног бүр ажлаа дүгнэж асуудалтай кейс гарсан бол багштайгаа холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах юм. 
 
-Сургуульдаа очоод хамгийн түрүүнд ямар ажил зохион байгуулъя гэж бодож байна вэ. Сэтгэл зүйн үйлчилгээ бидний хувьд цоо шинэ зүйл шүү дээ?
 
-Боловсролын сэтгэл зүйч гэж хэн бэ. Ямар хүмүүс хандах боломжтой вэ. Сэтгэл зүйч хүүхэд, багш, эцэг эхчүүдэд ямар байдлаар туслах боломжтой вэ гэдгийг ойлгуулах ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Бага насны хүүхдэд “Би та нарт зөвлөгөө оношилгоо өгнө” гэвэл ойлгохгүй. Харин түүний оронд “Сэтгэл зүйч багш биш. Ямар нэг асуудалд сэтгэл зүйч зөв, буруу гэж дүгнэхгүй. Хүнтэй ярилцмаар эсвэл уйлмаар санагдсан үедээ надад хандах боломжтой” гэдгийг хялбар аргаар тайлбарлан таниулна. Бид сэтгэл зүйч гэж хэн болох, ямар ажил үүрэгтэй мэргэжилтэн болох талаар сайдын тодорхойлолттой ажиллах сургууль дээрээ очно. Мөн чиглэлтэй явна. Тухайн чиглэлд гарааны үнэлгээ хийх талаар заасан. Өөрөөр хэлбэл, очоод хүүхдүүдээ тодорхойлох судалгааны тест авна. Энэ судалгаанаас тухайн орчинд ямар асуудал зонхилж байгаа нь тодорхой болно. Үүнээс хэнтэй яаж ажиллах нь тодорхой болоод явах юм. Гэхдээ зөвхөн асуудал ажиллана хүүхэд гэж ойлгож болохгүй. Магадгүй онцгой, гоц авьяастай хүүхэд ч байж болно. Харин урьдчилан сэргийлэх тал дээр нийтэд нь чиглэсэн ажлуудыг зохион байгуулна.
 
-Нийслэлд болон орон нутагт ажиллах ялгааны талаар сургалтын үеэр онцолсон болов уу?
 
-Хот хөдөө битгий хэл аймаг хооронд ч ялгаатай. Жишээлбэл, тухайн аймгийн хөгжил ямар зүйлд тулгуурлаж байна, үүнийг дагаад эцэг эхчүүд ямар ажил эрхэлдэг зэргээс хүүхдүүдийн орчин нөхцөл өөр байдаг. Миний хувьд энэ талын онцлогийг богино хугацаанд судалж, мэдэх шаардлага бий.
 
-Нэг хүнд зөвлөх, олон хүүхэдтэй ажиллах асар ялгаатай. Ачаалал төдий хэмжээнд нэмэгдэнэ. Та үүнд өөрийгөө хэрхэн бэлтгэсэн бэ?
 
-Энэ бол миний мэргэжлийн онцлог. Ажлаасаа яавал халшрахгүй байх вэ гэдгийг их сургуульд дөрвөн жил заалгуулсан. Өнгөрсөн сургалтуудаар ч нэлээд их зүйлийг сурч мэдлээ. Би өөрийнхөө чадах, чадахгүйн хязгаарыг маш сайн мэдэх ёстой. Нэг ч атугай хүүхдэд эерэг өөрчлөлт гаргахын төлөө ажиллана. Хүүхдэд итгээд ярьж болдог хүн энэ хорвоод байдаг, ямар ч шүүмжлэлгүйгээр сонсдог хүн байдаг гэдэг мэдрэмжийг өгөхийн төлөө хичээнэ.
 
-Хүйсийн ялгаатай байдлаас шалтгаалан сэтгэл зүйчид хандах хандлагад ямар нэгэн өөрчлөлт гардаг уу. Жишээ нь, та эрэгтэй хүүхдүүдтэй сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой гэдгийг хэрхэн ойлгуулъя гэж бодож байна вэ?
 
-Жэндерийн хэвшмэл ойлголттой холбоотой асуудал л даа. Хэн нэгэн хүний бөөр өвдлөө гэхэд заавал эмэгтэй эсвэл эрэгтэй эмчид үзүүлнэ гэдэггүй биз дээ. Сэтгэл зүйн асуудал ч үүнтэй адилхан. Ийм хандлагыг төлөвшүүлэхийн тулд бид одооноос ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхлээд байна.
 
 
Хэн нэгнээс хараат бусаар шийдвэр гаргаж болох юм байна. Мэдрэмж хэрэгтэй юм байна гэхчлэн хүүхэд сэтгэл зүйн дархлаатай болох нь хамгийн чухал.
 
 
 
-Сэтгэл зүйн дарамтыг даван туулсны дараах өөрчлөлт гэж байдаг байх. Энэ нь хүүхдэд ямар байдлаар илэрч болох вэ?
 
-Асуудал шийдвэрлэх чадвар цогцоороо байдаг. Харилцааны чадвар өсөж байж асуудлыг шийдвэрлэнэ. Асуудлыг даван туулж чадаж байна гэдэг нь тухайн хүн нэг шат ахиад явж байгаа хэрэг юм. Асуудал тулгарахаар бууж өгдөг эсвэл сөрөг аргаар шийдвэрлэх гээд байдаг тал бий. Үе тэнгийнхэндээ дээрэлхүүллээ гэж бодоход тэдэнтэй гар зөрүүлэх бус эв зүйгээр даван туулах нь нэг шат ахиж буйн илрэл юм.
 
-Ковидоос шалтгаалан хоёр жил хөл хорьсон хүүхдүүдтэй ажиллах нь таны хамгийн эхний даалгавар болно. Тэдэнтэй ямар байдлаар “нүүр хагарахаар” төлөвлөж байна?
 
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ жилийн жилд баримталж байгаа нэг зүйл нь хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахаас илүү сургуульдаа дасан зохицох, хичээлдээ явахдаа дуртай болох, найзуудтайгаа шууд харилцаж сургах явдал юм. Дээр дурдсан зүйлд сэтгэл зүйн ур чадвар шаардаж байгаа юм. Хоёр жилийн хугацаанд чатаар харилцдаг байсан найзтайгаа сургууль дээрээ уулзахад харилцах арга эвээ олохгүй байж болно. Энэ зөвхөн сэтгэл зүйчдэд хамаатай асуудал биш. Багш, сурган хүмүүжүүлэгчдийн баримталж байгаа бодлого юм. Энэ хүрээнд яамнаас “Ногоон гэрэл" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүгээр хүүхдэд хичээлдээ явахын ач холбогдлыг тайлбарлан таниулах зорилготой.
 
-Ярилцлагын төгсгөлд танаас ажил мэргэжилтэй холбоотой асуулт асууя. Та яагаад сэтгэл зүйч болсон юм бэ. Авдаг цалин, ажлын байрыг нь бодоход ийм сонголт хийх амаргүй байсан байх?
 
-Их сургуульд элсдэг жилээ би хоёр хичээл дээр 800 оноо авсан. Энэ утгаараа надад мэргэжил сонгон суралцах боломж их байлаа. Манай анги даасан багш алсын хараатай хүн байсан нь намайг сэтгэл зүйч болоход нөлөөлсөн. Багшийнхаа өгсөн зөвлөгөөнөөс санаа авч би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын ангид элссэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа зөв мэргэжил сонгосноо ойлгож, өөртэйгөө ажиллаж эхэлсэн. Ер нь сэтгэл судлалын ангийн оюутнууд хамгийн түрүүнд өөртэйгөө ажилладаг. Мэргэжлээ гүн гүнзгий судлах тусам улам дуртай болдог.
 
-Таны ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчээр ажиллах хугацаа хоёр жил. Үүний дараа хэрхэхээ одооноос төлөвлөсөн үү?
 
-Хамгийн түрүүнд хүүхэдтэй ажиллах өөрийн гэсэн арга барилыг эзэмшмээр байна. Хэдэн жилийн дараа би мэргэжлийнхээ хувьд өөрийн итгэл үнэмшилтэй болно. Ер нь боловсролын салбартаа үргэлжлүүлэн ажиллах бодолтой байна. Илүү мэргэшиж, илүү туршлагажмаар байна.
 
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин