sonin.mn
Хил хамгаалах  ерөнхий газрын удирдлага болон бие бүрэлдэхүүн МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчийг хүндэтгэн хүлээн авлаа. Улмаар түүний хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг  гардуулан өгсөн юм.
 
 Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байсан юм. 
 
Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг  ард түмэн андахгүй мэднэ.
Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт өгсөн юм. П.Бадарчийн хувьд тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгож байгаа юм байна.