sonin.mn
ТАЛИБАН ГЭЖ ХЭН БЭ?
 
Талибан нь пушту үндэстний хэлээр сурагч гэсэн утгатай үг бөгөөд Афганистаны пуштунуудын дунд 1994 онд бий болсон Исламын шашны хэт даврагчдын хөдөлгөөний нэр гэж ойлгож болно. Тэд 1996 оны 9 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сар хүртэл Афганистаны Исламын Эмират нэртэй улсыг байгуулж, нийслэлээрээ Кандагар хотыг нэрлэж байв. Тус улсыг Пакистан, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.
Талибан бүлэглэл нь эхэндээ Зөвлөлтийн цэргүүдтэй хийсэн дайнд оролцсон ахмад дайчид, Пакистаны тусгай албаны дэмжлэгтэйгээр сургаж бэлтгэгдсэн пуштун дүрвэгсдээс бүрдэж байжээ. Талибаны үзэл суртал нь Исламын шашныг ариун байлгахад чиглэгддэг бөгөөд уг үзэл санаагаа орон нутгийн пуштун зан заншилтай хослуулан авч явдаг ажээ.
 
 
Тэд 1996 онд Исламын шашны ёс уламжпал, сахилга батыг сэргээх, Афганистанд энх тайвныг тогтоох зорилготойгоор дайн эхлүүлж, улсынхаа Засгийн эрхийг авч чадсан юм. 
 
 
 
Тэд хяналтад байдаг нутаг дэвсгэртээ шашны хатуу хяналт, хориг тавьдаг. Тухайлбал, телевиз, хөгжим, хөгжмийн зэмсэг, дүрслэх урлаг, согтууруулах ундаа, компьютер, интернэт, шатар, цагаан гутал (цагаан бол Талибанчуудын далбааны өнгө юм), бэлгийн харилцаа, тийм утга бүхий үг хэллэгээр ярих гэх мэт зүйлс багтдаг байна. Эрэгтэйчүүд тодорхой заасан урттай сахал тавих шаардлагатай. Эмэгтэйчүүдийг ажил хийх, эрэгтэй эмч нараар эмчлүүлэх, олон нийтийн газар нээлттэй нүүр царайгаа ил гаргах, нөхөр эсвэл эрэгтэй хамаатангүйгээр гадуур явахыг хориглодог. Мөн эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших боломж нэлээд хязгаарлагдмал (2001 онд охидууд сургуулийн ирцийн дөнгөж 1 хувийг эзэлж байв) байсан.
2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа Америк болон НАТО-гийн орны цэргүүд Талибан хөдөлгөөний эрх мэдэлд байсан Засгийн газрыг унагасан. Гэсэн ч Талибаны дэмжигчид ууланд гарч партизаны урт удаан дайныг эхлүүлсэн юм. 2003 он гэхэд тус хөдөлгөөн Афганистан, Пакистанд дахин сэргэж, үе үе террорист үйл ажиллагаа явуулах болсон. Хамид Карзайн Засгийн газрын дэмжпэгтэйгээр НАТО-гийн орнууд цэргийн ажиллагаа явуулж байсан ч Талибанчууд хэд хэдэн бүс нутагт нөлөөгөө сэргээж чадсан байдаг.
 
ТАЛИБАН БҮЛЭГЛЭЛИЙГ ХЭН УДИРДДАГ ВЭ?
 
1996 онд Засгийн эрхийг авахын төлөөх тулалдаанд Талибан бүлэглэлийг ЗХУ-ын эсрэг олон жилийн дайн үзэж, ёстой л хал үзэж, хашир суусан ахмад дайчин Мулла Мохаммед Омар удирдан явуулсан байдаг. Тэрбээр үзэл суртлын маш хатуу дэгийг тогтоогоод зогсохгүй өрнийн ба орчин үеийн бүх зүйлийг үл таална. Талибанчууд Кабулыг 1996 онд эзлэн авч, 1997 онд Герат, Мазари-Шарифт хяналтаа тогтоосон. 2000 он гэхэд Афганистаны нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг гартаа оруулжээ.
Түүнийг Талибан бүлэглэлийн үндэслэгч гэж албан ёсоор үздэг. Гэвч 2013 онд Америкуудын явуулсан агаарын дайралтын дүнд түүнийг устгасан боловч Талибанчуудын зүгээс түүнийг үхсэн гэдгийг 2016 он хүртэл хүлээн зөвшөөрөөгүй юм. Мулла Мохаммедыг үхсэнийг зарласны дараа Мавлави Хайбуллах өөрийгөө дараагийн удирдагчаар зарласан.
 
 
Албан бус эх сурвалжийн мэдээллээр Пакистан дахь нууц “Куэтта Шура” хэмээх баазад тэрбээр байрлаж, Талибан бүлэглэлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулдаг ажээ. Түүний улс төрийн орлогч сайд Муллах Абдул Гани АНУ-тай хэлэлцээр хийж, 20 жил үргэлжилсэн цуст дайныг төгсгөл болгосон юм.
 
 
 
ТЭД ХЭРХЭН МӨНГӨ ХИЙДЭГ ВЭ?
 
Талибанчуудын хамгийн гол орлого олдог суваг нь хар тамхины тариалалт, наймаа юм. Тэдний хяналтад байдаг тариаланчдаас тэд татвар авна. Мен хилийн чанадад орших тэдний нөлөөнд байдаг газрын тосны худалдаа эрхлэгчид байдаг. Мөн хууль бус үнэт металь олзворлогч бичил уурхайнууд тэдний хяналтад байдгаас гадна дэмждэг хувь хүн, байгууллагууд нэлээд бий. Ялангуяа Пакистан, Персийн булангийн орнуудын зарим нөлөө бүхий хүмүүс тэдний үйл ажиллагааг дэмждэг. НАТО-гийн Аюулгүй байдлын судалгааны шинжээчдийн үзэж байгаагаар тэдний жилийн төсөв улам нэмэгдэж байгаа бөгөөд 1,6 тэрбум долларт хүрсэн гэжээ.
 
АНУ-ЫН ЦЭРГҮҮД АФГАНИСТАНААС ГАРАХ БОЛСОН ШАЛТГААН
 
Афганистаны үндсэн Засгийн газрын эрхийг тогтворжуулахын зэрэгцээ Аль Кайда, Исламын улс бүлэглэл зэрэг үндэстэн дамнасан террорист байгууллагуудын эсрэг АНУ нь хэдэн тэрбумаар хэмжигдэх асар их долларын зардал гаргасан. АНУ-ын дэмжпэгтэйгээр байгуулагдсан Засгийн газар маш түргэн хугацаанд Талибан бүлэглэлд бууж өгсөн явдал нь бүс нутгийн ашиг сонирхол, Орос, Хятад, Энэтхэг болон Барууны улс орнуудын стратегийн хэтийн төлөвт гэнэтийн өөрчлөлт оруулсан. Тэд засгийн эрхийг авсан даруйдаа 1996 онд байсан. Талибан бүлэглэл шиг хатуу дэглэм Афганистаны иргэдэд тогтоохгүй гэж дэлхий нийтэд мэдэгдсэн ч НАТО-гийн гишүүн улсууд үүнд нь итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй Талибанчуудын удирдлагад Аль Кайда байгууллагын хэдэн зуун гишүүн байгаа нь олон улсыг түгшээж байна гэж үзэх болов.
 
АФГАНИСТАНЫ ИРЭЭДҮЙ ХЭРХЭХ ВЭ?
 
Трампын Засаг захиргаа 2020 оны 2 дугаар сард Афганистаны Засгийн газрын ямар ч оролцоогүйгээр Талибанчуудтай гэрээ байгуулсан. Дараа Жое Байден энэ оны 9 дүгээр сараас цэргүүдээ бүр мөсөн Афганистанаас гаргана гэдгээ нээлттэй зарласан. Энэ нь Талибанчуудад тэдний ноёрхлоо тогтоох хугацааг нарийн зааж өгсөн явдал болоод зогсохгүй хүчээ нөөж, засгийн эрхийг авах таатай боломж болсон юм.
 
Тэдний удирдагчид дайчдаа иргэдийн ямар ч хашаа, байшин, хувийн эзэмшлийн газар эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглосон. Мөн удахгүй шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулна гэжээ. Тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Мухаммед Наим бид бусад улс орнуудтай эрх тэгш, хамтын сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна гэжээ. Гэвч Кабул дахь Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан сүүлийн хэдэн онгоцонд сууж, эх орноосоо дүрвэх гэсэн хэдэн мянган иргэдийн бөөгнөрөл үүсээд байна.
 
 
 
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЯМАР ДҮРЭМ ЖУРАМ ҮЙЛЧЛЭХ ВЭ
 
Талибанчууд эргэж ирснээр Афганистаны иргэдийн өдөр тутмын амьдралд олон талаар нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд боловсрол эзэмших, хөдөлмөрлөх эрхтэй байсан эмэгтэйчүүд, охидод одоо шашны илүү хатуу шаардлага тавигдана. Шинэ Засгийн газар байгуулагдаж, эмэгтэйчүүдийг олон нийтийн газар явахдаа ямар дүрэм журам баримтлахыг зааж өгнө гэжээ. Ямар ч гэсэн биеийнх нь аль нэг хэсэг, царайгаа гаргасан хувцас өмсөх, ажил эрхлэхийг хатуу хориглох бололтой. Зарим эмэгтэй сэтгүүлчид болон бусад хүмүүсийн ярьж буйгаар Талибанчууд иргэдийн хаягийг бүртгэж, айл бүрээр явж, нэгдсэн тооллого хийж байгаа аж. Эх орноосоо дүрвэж чадсан хүмүүсийн хэлснээр тэд тосгоны иргэдээс гэрлээгүй эмэгтэйчүүдийг бүртгэн авч, дайчдынхаа эхнэр болгохыг шаардсан гэжээ. Тиймээс тус улсын охид, эмэгтэйчүүдийн хувь заяа тун хэцүү байдалд орсон гэж үзэж болно.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин