sonin.mn
Энэ удаагийн "Зочин" буланд цэргийн албаа хаахаар алс холын Шведээс ирсэн шавилхан биетэй, эвлэгхэн яриатай эл байлдагчийг онцоллоо.
 
Өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулахгүй юу?
 
-Намайг Б.Өнөрбат гэдэг. Одоо 20 настай. Шведэд ахлах сургуулиа төгсөж, Монголдоо ирээд удаагүй байсан.
 
Сайн дураараа цэргийн албаа хаахаар ирсэн үү?
 
-Тийм. Цэргийн алба хаасан бол төрийн албанд ажиллах боломж нээгдэнэ, цаашлаад маш олон давуу тал бий болдог гэдгийг Монголд ирээд мэдсэн л дээ. Тэгээд зарлангаа хоног өдөр тоолон хүлээж суусан даа. Багаасаа цэрэг, цагдаагийн хүн харахаар их л гоё санагддаг байж билээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Шведэд байхад хоёр ч удаа зарлан ирчихсэн байсан болохоор энэ удаад боломж олдсон дээр нь явъя гэж бодоод, нэлээн дөхүүлж байгаад аав, ээждээ хэлсэн. Одоо боломжийнхоо үзүүрээс атгасан мэт санагдаж байна.
 
Гэр бүлийнхэн, найз нөхөд нь юу гэж байх юм?
 
-Ээж бага зэрэг дурамжхан хүлээж авсан. /Инээв/ Аав залуудаа хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан болохоор намайг яваад ир гэсэн. Тэгээд аав “Олон аавын хөвгүүд байгаа газар их хийморьтой шүү. Сайхан дурсамж ихийг бүтээгээрэй. Албаа сайн хаагаарай, нэрээ хичээж яваарай” хэмээн захисан даа. Харин найз охиндоо хэлэхэд эхэндээ дургүй байсан ч сүүлдээ шийдвэрийг маань хүлээж авсан. Найзууд минь амжилт хүссэн. Шведэд байдаг найзууд харин “Хөөх тийм үү” гээд нэг л итгэж өгөхгүй байж билээ.
 
Цэрэгт байхад захиа их ирдэг шүү дээ...
 
-Найз охиноос минь захиа ирсэн. Кино, клипэнд гардаг шиг л гоё санагдсан. /Инээв/ Хамт алба хааж байгаа залуус ч бас найз охиддоо захиа бичиж байгаа. Хамгийн хөгжилтэй нь, бид хамгийн гоё үгтэй захиаг нь хуулчих гээд байдаг.
 
Анхны сэтгэгдэл ямар байв?
 
-Эрүүл мэндийн үзлэгээр орж байхад миний өмнө байсан залуусаас тэнцэлгүй хасагддаг юм байна. Тэгэхэд нь би яадаг бол доо гээд бага зэргийн айдас төрсөн. Хүн бүрд л явлаа гээд хэлчихсэн болохоор. Ангидаа хуваарилагдчихаад Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын комиссын байранд хэсэг хүлээсэн. Энэ зууртаа ямар анги байгаа бол, ямар дарга нар хүлээж авах бол гээд л их бодлоо. Цэргийн эрээн хувцас өмсөөд, алхаж гишгэхийг л их хүлээлээ. Тэгээд хөл гар гайгүй хурдан эвлэх шиг болсон. Ард амьдралаас цэргийн албанд ирсэн болохоор эхний хэдэн хоног эвгүй байдаг юм билээ. Одоо бол дасаад л байна. Хүмүүс ярихдаа сайхан, муухай гээд хоёр янзын л ойлголт өгч байсан. Би хамгийн сайнаар нь төсөөлсөн. Энд хотоос болон Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймаг гээд эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуус байна. Бид үзэл бодол маш сайхан нийлж, богино хугацаанд нөхөрлөөд амжсан.
 
Ер нь ямар ангид ирчхэв ээ?
 
-Зэвсэгт хүчний 120 дугаар анги Монголдоо ганцхан байдаг Артиллерийн буюу их бууны ганц хороо. Миний хувьд ч энэ ангид алба хааж байгаадаа баяртай байна.
 
 
Түүх, онцлог гээд яриад байвал их л зүйл байна лээ. Ер нь “Болзошгүй нөхцөл байдал үүслээ гэхэд манай ангийн үүрэг, оролцоо маш их. Бас энэ онд артиллерийн цэргийн тэгш ой тохиож байна. Та бүхэн 100 жилийн түүхтэй жагсаалд алхаж байгаа учраас дор бүрнээ хичээж, албаа нэр төртэй хаагаарай” гэж захисан.
 
 
Саяхан соёл урлаг болон спортын арга хэмжээнүүд явагдсан. Волейболын тэмцээнд манай салаа тэргүүн байр эзэллээ. Би багаасаа волейболын суурьтай хүүхэд байсан. Цэрэгт ирэхээсээ өмнө Шведэд волейболын дасгалжуулагчаар мөн ажиллаж байсан.
 
Хооллох цагаар ялаа дүнгэнэх нь ч сонсогдохоор тийм аниргүй болдог гэж үнэн байна уу?
 
-Хүйтэрч байгаа болохоор ялаа байгаагүй. Харин паарны ус хоржигнож дуугарах нь сонстоод, тийм л аниргүй ноёлдог юм билээ.
 
Омогшил хэр их төрж байна?
 
-Сая хэлсэн дарга нарын захиас их урам өгсөн. Оройн тоондоо орж, баатраа мөнхжүүлэх, бас Төрийн далбаагаа мандуулж, буулгах үеийн мэдрэмж их өөр байсан. Цээжинд нэг зүйл хөөрөх шиг болсон нь омогшил юм уу даа. Бидэнд заасан дуунууд гоё үгтэй, аялгуулаг сайхан. Бид тангаргийн баярыг их хүлээж байгаа. Тангаргийн өмнөх буудлагыг ч мөн. Буу барьж үзээгүй, барьж үзэхийг хүссэн бодолдоо дарагдаад л байна.
 
Шведэд монголчуудын талаарх ойлголт ямар байдаг вэ?
 
-Монгол хүмүүс нэгнийгээ хараад л шууд таньдаг. Тэгээд мэндлээд, танилцаад өнгөрнө. Яг үнэнийг хэлэхэд, монголчуудын талаарх мэдлэг, ойлголт нимгэн. Гэхдээ XIII зууны Монгол Улс, Чингис хааны талаар нийтлэг ухагдахуунтай. Тиймээс аль болох улс орноо сурталчлах, ухуулахыг их хичээдэг. Албаа хааж дууссаны дараа эх оронч үзэл, эх орноо хайрлах сэтгэл бүр л их бадамлах байх даа.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин