sonin.mn
Түүнтэй амьдралын замнал, ажил үйлсийнх нь талаар ярилцжээ суухад “Монгол за-андагаар буй за” хэмээсэн номын их гүүш Б.Ренчин амбугайн үг сэтгэлийн утсыг ахин нэг хөндөж билээ. Монголчууд эртнээс нэг л за гэвэл даруй ам тангараг өргөсөнтэй адил цаад хүнийхээ өмнө ам өгснөө заавал биелүүлдэг ёс зүйн дээд зарчим, жудагтай бөлгөө. Цэргийн гавьяаны улаан тугийн болон Цэргийн гавьяаны одонт, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан бэлтгэл дэд хурандаа Г.ПҮРЭВДОРЖИЙГ “Алдрын хоймор”-тоо тухална уу хэмээн урилаа. 
 
 
 
 ААВД ЧИНЬ ХЭЛНЭ
 
Тэртээ далаад жилийн өмнө аавыг нь эмчилж байсан сумын эмч тавдугаар ангийн жаахан хүүд тэр үеийн нүдний гэм, ховрын бараа байсан улаан малгайт том чихэр өгөхдөө ирээдүйн ажил мэргэжлийнх нь зам мөр, итгэл найдварыг хамт өгснөө мэдээгүй байх л даа. Гагцхүү Г.Пүрэвдорж тэр үед эмч болохоор сэтгэлдээ “за-андагаар” өгсөн буй за. 
Өвөө нь “Цэвээн ламын сүнс энэ тэмдэгт хүү танай найман хүүхдийн дундаас столын ард суух ганц хувь тавилантай нь юм шүү” хэмээн эцэг эхэд нь хэлдэг байж. Түүний төрсөн нутаг Сэцэнхан аймгийн Жонон вангийн хошуу буюу Хэнтий аймгийн Хэнтий сумын Ар халхын утай гүмбэн Бэрээвэн хийд, мөнөөх Цэвээн гэдэг нь уг хийдийн шашны том зүтгэлтэн аграмба агаад аавынх нь номын багш байсан гэдэг. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд уг хийдийг түйвээж, лам нарыг нь буудан хороосноор аав нь хар болж, улмаар 1945 оны Чөлөөлөх дайнд 8 дугаар дивизийн их бууны дивизионд алба хааж, Жэхэ хотыг чөлөөлөлцөж явсан, энгэртээ “Бид ялав” медаль гялалзуулсан ахмад дайчин хүн байжээ. Түүний хөвгүүдээс хоёр нь 1975 онд цэрэгт зэрэг татагдан, Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцож, албаа нэр төртэй хаасан ч цэргийн амьдралыг сонгоогүй. Харин дунд хүү Г.Пүрэвдорж мөрдэст амьдралыг сонгосон төдийгүй дээд боловсрол эзэмшсэн ганц нь болжээ. 
Тэр бээр багадаа сахилгагүй нь дэндсэн, юм юманд оролцсон, элдвийг оролдож, туршиж түншиж үзсэн, хурууныхаа үеийг байнга дуугаргаж явдаг, хөөргөндүү, инээмтгий хүүхэд байсан гэдэг. Ямартаа л нутгийн нэг айхтар хөгшин тэр л зан чанарынх нь голыг нь олоод “Хөнгөн цагаан” гэж байх вэ. Өөрөө ч “Би цана л хөлдөө углаж үзээгүй. Бусдыг нь бараг гүйцээсэн дээ” гээд мөн л инээж сууна. 
Дүүгээ шоглоод хөлдүү бөөрөнцөг төмөр долоолгоод хэлийг нь наалдуулах, шарил ачсан тэргэнд дүүгээ унтуулах, ах нараасаа сайхан юм сурлаа гээд ээждээ салаавч гарган үзүүлж зэмлүүлэх зэргээр сахилгагүйтдэг байсан дүрсгүй хүү аядуу, зөөлөн ижийнхээ “Аавд чинь хэлнэ” гэдэг үгнээс яагаад ч юм айж, өөрийн эрхгүй нам болно. Аавд хэлэхээр яадгийг нь үзээгүй ч тэр л үг замбараагүй занг нь зангаргатай дардаг байж дээ. Арай томхон болоод айл саахалтын хөвгүүдтэй ана мана барилдаж, ямар ч бөмбөгөөр эвлэгхэн тоглочихдог, труба хөгжим үлээгээд аймаг, сумдаа тойрчихсон хэвлүүхэн сурагч хүү болжээ. Гавьяаныхаа амралтыг эдэлж эхэлсэн буурал дэд хурандаа маань үүнчлэн бага насны адал явдал, амьдралын түүхээ өгүүлэх намтрын товчоон дурсамжийн номынхоо ажилд одоо сэтгэл шулуудан орох биз ээ.
 
ЧАМД УЛААНБААТАРЫН АГААР  ЗОХИХГҮЙ НЬ ЭЭ
 
 Багын мөрөөдлөөрөө эмчийн мэргэжлийг сонгоод, Анагаах ухааны дээд сургуулийн оюутан болсон ч охид хүүхнүүдтэй ярилцан инээлдэж, хичээлдээ олигтой анхаарахгүй байгааг нь анзаарсан латин хэлний Мажаахүү багш нь түүнийг багш нарын өрөөнд нэгэнтээ дуудаж, Г.Пүрэвдорж нэрийн ард 2, 2, 2, 3 гэсэн дүнтэй журналаа үзүүлээд “Чамд Улаанбаатарын агаар зохихгүй нь ээ” гэж хэлжээ. Ёстой л “чихэж өгөөд, ухаж авна” гэдэг шиг ухааруулсан тэр үгэнд цочирдсон тэр бээр чухам сайн эмч болохоор сэтгэлдээ “за-андагаар” өгсөн буй за. 
Хөдөөгөөс оюутан болж ирсэн хүүхдүүд сурлагаар хасагдаж, шалгалтдаа унаад, сургуулиа төгсөж чадахгүй нутагтаа очдог байсныг орой руу нь ортол хэлж сануулсан нь тэр. Тэгээд хичээлдээ анхаарч, хичээж эхэлсэн. Оюутныхаа сэтгэлийн утсыг хэрхэн хөндөж, оюуны их уурхайн нөөцийг нь яаж нээхээ хашир багш мэдэж байжээ. Удалгүй улирлын шалгалт болж, сайн, онц дүнг хээв нэг авдаг “гавал” оюутны нэг болжээ. Зөв чиглүүлж, амьдралыг минь аварсан багшийнхаа ачаар жинхэнэ эмч болсон доо хэмээн дурсана. 
 
Дөрөвдүгээр курстээ тэр бээр аймгийнхаа төв эмнэлэгт дадлагаа дуусгачхаад, намар хичээл ортлоо эмнэлгийн удирдлагаас итгэл хүлээлгэж, хүсэлт тавьснаар 45 хоног эх баригч эмчээр ажиллаад хэдий нь 20-иод хүүхэд эх барьж авсан гэдэг. Нэг хөгжилтэй дурсамж сөхөхөд, хамгийн сүүлчийн ээлж дээр нь ангийнх нь охин төрөхөөр хүрч иржээ. “Аав ээж нь намайг хараад баярлаад байдаг. Харин нэг ангийн бид хоёр бие биеэсээ ичээд байдаг. Сүүлдээ төрөх дөхөөд өвдөлт нэмэгдсэн чинь юун ичих зүгээр үзэж тарлаа. Төрсний дараа урагдсан савны амсрыг нь өнөөгийн Монгол Улсын гавьяат эмч Чулуун багшийнхаа зааснаар нямбай гэгч оёлоо доо. Ээлжээ хүлээлцээд байтал багш маань дуудаж байна аа. “Оюутнаа үдэж, захиа даалгавраа өгч, сайн эмч болоорой” энэ тэр гэх байх гэсэн шүү юм бодож очтол,  “Пүрэвдорж оо, чи ангийнхаа хүүхний савыг бараг битүүлчихжээ. Хоёр оёдол авчих” гээд инээж билээ” хэмээн нөгөө л ил цагаахан инээдээрээ хачирлан дурсаж сууна.
 
1976 онд Анагаах ухааны дээд сургуулиа төгсөөд эхнэр, хүүхэдтэйгээ хотод үлдэх гэсэн боловч бүтсэнгүй, нутагтаа иртэл, хугацаандаа ирээгүй гэж зэмлүүлэх аядаад Баян-Адрага сумын эмнэлэгт томилогджээ. Арван жилийн сургуульд байхдаа үлээвэр хөгжимчин байсны ачаар Баян-Адрагаас бусад бүх суманд очиж үзсэн байлаа. Харин тунаж үлдсэн тэр сумаасаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлнэ гэж яахин мэдэх билээ. Дөнгөж төгссөн шинэхэн эмчид ажиллах урам зориг, эрч хүчээс гадна мэргэжлийн хэдэн ном л байлаа.
 
Мэдэхгүй, чадахгүйгээс эхлээд юу эс тохиолдох вэ. “Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэгчээр хөгшчүүлд загнуулж, аашлуулах энүүхэнд. Даралтны аппаратаас өөр зэвсэггүй залуухан эмч мориор дуудлагад явдаг, эм тариа тарчиг үед мал эмнэлгийн эмийн сангаасаа хүртэл туслалцаа авдаг, тариур олдохгүй, байгаа ганц нэгийгээ буцалгаж ариутгасаар жийрэг нь хайлчихдаг байсан хүнд цаг үеийг туулахдаа сумын иргэдийн эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй сэтгэл чилээн ажилладаг байлаа.  
Уулын мухарт байгаа 500 хонь малаа гэх үү, гэнэт өвдөж, өндөр халуурч сандаргасан 16-хан настай охиноо гэх үү гэсээр хугацаа алдаж, эмч дагуулан очсон ч охиноо менингит өвчнөөр үхүүлчхээд хөрж амжаагүй биеийг нь тэврэн уйлж байсан Цэрэндаш гуай, гурав хоног шээс нь хаагдаад давсаг нь овойгоод чинэрчихсэн, өвдөлт гэж тоймгүйдээ “өөрийгөө амьдын данснаас хасчихсан” өвгөн Дашжамц гээд тэр үеийн өвчтөн бүрээ нэр зүсээр өгүүлэх нь түүний ой сайтайг илтгэхээс гадна хүн нэг бүрд гаргадаг байсан чин сэтгэлийг хэлээд өгнө бус уу. 
Мөнөөх шээс нь хаагдсан өвгөний шээсийг ногоон тос, катетар ашиглан нүүр рүүгээ халуун шээс сархийлгэн байж гадагшлуулж, зовлонгоос ангижруулснаар сумын залуу эмчийн нэр хүнд суга дээшилж, сумын иргэдийн хүндлэлийг хүлээж, бүр хонь хагалуулах хэмжээнд очлоо шүү хэмээн мөн л хошигнон дурсана билээ.
Баян-Адрага суманд ийнхүү гурван жил ажиллаад, дараа нь 1978 онд гурван сарын сургалтад хамрагдаж, Хүүхдийн чих хамар хоолойн эмчээр мэргэшээд аймгийн төв эмнэлэгт шинэхэн мэргэжлээрээ зургаан сар ажиллажээ. 
 
МЭДЛЭЭ, ГҮЙЦЭТГЭЕ
 
Ардын Армийг өргөтгөн зохион байгуулах, цэргийн мэргэжлийн боловсон хүчний эгнээг өргөтгөх төр, засгийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийн төвийн эмнэлгийн чих хамар хоолойн эмч, 29 настай, хоёр хүүхдийн аав тэр бээр цэрэгт дайчлагдан хөх погонтой цэрэг хувцсаар гангарах нь тэр ээ. Ингэж л тэр хос тангарагтан цэргийн эмч болохоор сэтгэл шулуудан “за-андагаар” өгсөн буй за. 
Хэдийгээр залуу, ирээдүйтэй мэргэжлийн боловсон хүчнээ алдах харамсалтай ч, хотод эхнэр, хүүхэдтэйг нь мэдэх аймгийн Эрүүлийг хамгаалах газрын удирдлага аймагт ирсэн цэрэг татлагын комисст санал болгосноор түүний хувь заяа шийдэгджээ. 1000 цэргийн карантинд хөх погонтой байлдагч хувцсаа 80 хоног өмсөөд, үргэлжлүүлэн шууд Батлан хамгаалах яамны дэргэдэх офицерын анхны курст хамрагдан төгсөөд дэслэгч цол зүүн сайдын 1979 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд мэс заслын эмчээр томилогдож, энэ л хашаанд хөл тавьснаас хойш 29 жил сэтгэл хоёргүй ажиллажээ.   
“ГОС-ын А.Сугаа гэж алдаршсан дэд хурандаа, улсын начин тэр хээгүйхэн бор эр намайг цэрэгт ирэхээс сонгон авч, дадлагажуулан ажиллуулж, зааж зөвлөсөн дарга минь, багш минь, сайн нөхөр минь байлаа. Ер нь тэр үеийн удирдах албан тушаалын хүмүүс бараа сүрээрээ эмээлгэнэ үү гэхээс залуусыг дэмждэг, зааж сургадаг, их сайхан хүнлэг хүмүүс байсан даа. Дотрын зөвлөх эмч С.Балгансүрэн, мэс заслын зөвлөх эмч Д.Сүхээ, гэмтлийн эмч Б.Самдан, мэдрэлийн зөвлөх эмч Ч.Дарьсүрэн нарын олон хүндлэлт хүмүүсийнхээ талаар дурдахгүй байж чадахгүй” хэмээн ахмад эмч, дэд хурандаа Пүүжээ ах маань дурсан сууна. Тэрээр чих хамар хоолойн эмчээр ажиллаж, жижүүрт гарахаас гадна мэс засалд орно. Нэгэнтээ “Би зүрхнээс бусад бүх мэс засалд оролцож үзсэн” хэмээн ам алдсан нь “Номноос сайхныг нь олж мэдэх гэж шунан уншдаг шиг эмч болох гэж шунан дурлан ажиллаж байж мэргэжлийнхээ эзэн болно шүү дээ” хэмээсэн үгийнх нь тайлал мэт сонсогдсон.
 
Тэр бээр Поликлиникийн дарга, тасгийн даргаар нэлээд хэдэн жил ажилласан ч “Дарга аа” биш “Эмч ээ” гэж дуудуулах л хамгийн сайхан хэмээгээд даралтын аппараттай л байсан бидний үеийг бодвол өнөөгийн эмч нарт багаж хэрэгсэл, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүгд байна. Харин зарим үед сэтгэл дутаад байх шиг харагддаг гэж сэтгэл дундуур байдгаа нуусангүй ээ. 
“Цэргийн эмчийн хамгийн таалагддаг чанар маань За гэвэл ёогүй, яв цав, эмх цэгцтэй байдал. Миний характер ч тийм. Тушаал өгсөн хүн ч, гүйцэтгэсэн хүн ч тус тусын хариуцлагаа хүлээнэ” хэмээн ажил мэргэжлийнхээ онцлогийг тодорхойлсон тэр бээр Цэргийн төв эмнэлэгт Чих хамар хоолойн тасгийн эмчлэгч эмч, тасгийн дарга, Поликлиникийн даргаар ажиллаж, 400-гаад хоног мэс заслын эмчээр жижүүрт гарсан, 3000 гаруй хүнд чих хамар хоолой, 300 орчим хүнд олгойн хагалгаа хийсэн зэрэг хэлэх үг, хийсэн ажилтайгаар гавьяаныхаа амралтад гарчээ. Гэвч гэртээ суухын ч завдал өгөлгүй эмчээр ажиллах саналыг ЦДБЭЧ-ын удирдлагаас ирүүлсний дагуу өнөөг хүртэл 14 жил ажиллахдаа Цэргийн чуулга хэмээн омогшиж, авьяаслаг, эрч хүчтэй, эвсэг найрсаг сайхан хамт олонтойгоо мөн ч олон удаа бригадаар явж, эх орныхоо өнцөг булан бүрд хүрчээ. “Бүжигчдийн маань хөл гар, үе мөч өвдөнө. Дуучдын хоолой их эмзэг. Ер нь бол намайг сорьчих өвчин байна аа, байна” гээд инээвхийлэн ханан дахь хамт олныхоо зургийг хайрлангуй харлаа.  
 
Тэр бээр Поликлиникийн даргаар ажиллахдаа дэд хурандаа Р.Даваадорж, хошууч Ч.Ерөөлцэнгэл нар Конго Улсад НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэхээс эхлээд Чад, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн үзлэгийг хариуцаж байсан төдийгүй өөрөө 2007 онд 56 насандаа Сьерра Леон Улсад эмнэлгийн бүлгийн даргаар үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч билээ. Монголын -40 хэмийн хүйтнээс Африкийн +40 хэмийн халуунд шууд буучхаад цочирдож байсан ч ердөө хоёрхон долоо хоногийн дараа газар орондоо дасан зохицоод, өнгө зүс орж жавхаажих монгол цэргүүдийнхээ хамтаар албаа нэр төртэй хаагаад иржээ. 250 хүний бүрэлдэхүүнтэй багтайгаа зургаан сарын турш үүрэг гүйцэтгэхдээ алба хаагч нэг бүрийнхээ эрүүл мэнд, сэтгэл зүйг анхаарч, хянамгай ажилладаг байжээ. 
 
 Харин тэнд түүний нэгэн нууцхан авьяас илэрсэн гэдэг шүү. “Энхийн цэрэг” тэргүүтэй ханийн тухай, наадам, шатар даамны талаарх хэдэн “хөөрхөн” шүлэг нь “Энхийн үйлст 181 хоног” номд хэвлэгдсэн байхаар нь түүнтэй энэ талаар ярилцах гэсэн ч 
“Найз нар маань намайг шүлэг тэрлэснийг сонсвол
Наргиа болгож онигоо зохионо шүү
Эвий дээ, хөөрхий цаад муу буурал чинь
Эрт зөнөх нь  гэж шоолно шүү
Олны өмнө шүлэг хэлэхийг минь харвал
Онгироо минь болиоч гэж зэмлэнэ шүү
Ичсэн зарим нь бусдаас зовохдоо
Ирээд намайг яаж ч мэднэ шүү
Үгээ зүйж шүлэг бичих нь 
Үйл мэтгэж уран шаглахын адил аа
Үг нь бядаж, утга нь алдарвал
Үлэмж чамин хоосон дүр мэт ээ
Шүлэг чи- уран сэтгэмж
Шүлэг чи- утгын хэлхээс
Шүлэг чи- ухаарал тэмүүлэл
Шүлэг чи- уужуу бодрол
Шүлэг чи- учрал хагацал
Шүлэг чи- энгүй их далай
Шүлэгч та- энгийн нэгэн жараахай билээ... хэмээсэн өөрийнхөө шүлгээр хариу барьчхаад, цааш ярихаас эвтэйхэн татгалзсан юм.  
 
ЧАМДАА БИ ХАЙРТАЙ БОЛОХООР...
 
Алс холын Африкийн тэнгэр дор хайртай ханиа санагалзахдаа тэр бээр 
“Турьхан биедээ амьдралыг ачаалсан
Уяхан сэтгэлдээ намайгаа л гэсэн
Идэр залуудаа ч илүүг хараагүй 
Ижийг минь орлосон үнэнч хань минь
Чамдаа би хайртай болохоор
Чи минь наддаа эрдэнэ билээ” хэмээн шүлэглэсэн байна. Хүний амьдралын тавь гаруй жилийг хамтдаа туулсан сайхан ханиа тэр есдүгээр ангид байхдаа л найз охин, ирээдүйн хань хэмээн бодчихсон, сэтгэлдээ хайрын “за-андагаар” өргөсөн буй за. 
 
Хөвгүүн Хэрлэн, охин Дархан сумын уугуул агаад аймгийн төвийн арван жилийн ганц сургуульд хамт сурдаг байжээ. Зуны амралтын хөдөлмөр зусланд бие биеэ олж харахад хүү наймдугаар анги, харин охин долоодугаар ангийн сурагч байлаа. “Миний хань тэгэхэд тогооч хийнэ, голдуу будаатай хуурга хийнэ, арай ойр санагддаг байсан уу, надад жаахан илүү өгнөө, бас. Тэгж дотноссон доо. Аравдугаар ангиа төгсөөд Анагаахын дээд сургуулийн томилолт аваад гэрт нь очлоо. Дүүтэйгээ мод хөрөөдөж байна аа. Модыг нь хөрөөдөлцөнгөө томилолтоо үзүүлтэл томилолтыг минь бариад гэр рүүгээ гүйгээд орчихсон. Амьхандаа аав ээждээ найз хөвгүүнээрээ бахархаж байгаа нь тэр, хөөрхий. Бид 1972 онд охинтой болсон. Би 20-той, миний хань 19-тэй байсан. Одоо том охин маань Герман Улсад эмчээр ажиллаж байна. 1978 онд хүүтэй болсон. Яг цэргийн баярын өглөө 7 цагт хүүтэй болж байлаа. 1981 онд бага охин минь мэндэлж, манайх 3 хүүхэдтэй болсон юм даа” хэмээн тэр бээр бахархангуй өгүүлсэн ч төдхөн харуусал гунигийн сүүдэр нүүрэнд нь тодорсон юм.  
 
Түүний сайхан хань тэнгэрт дэвшээд хоёр жил хэдий нь болжээ. Гэвч ханийнх нь сэтгэлийн орон зайд дөлгөөхөн инээмсэглэл, түүнийг л гэсэн агуу хайр халамж, аливаад ханддаг хатан ухаанаараа мөнхрөн үлджээ. Хөнгөн үйлдвэрийн зураг төслийн хүрээлэнд зураг хуулагчаас эхлээд эрдэм шинжилгээний ажилтнаар насаараа ажилласан Зөвлөх инженер, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хүнс, хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан төдийгүй ажлын төлөө л гэсэн, ажилдаа тун ч дуртай хүн байсан даа гэж түүний гэргий Д.Лхамсүрэнгийн талаар дурсан санах хүн олон.  
Харамсалтай нь, элдэв хуучгүй, өвчин хэлдэггүй байсан түүнийгээ хавдар хэмээх аймшигт өвчний өмнө хүчин мөхөсдөж алджээ. Амьдралынх нь сүүлийн таван жилд тэд аюулт өвчинтэй тэмцэж, ХБНГУ, БНХАУ-руу эмчилгээнд явж, монголынхоо аль сайн гэсэн эмч нар төдийгүй эх оронд маань ирсэн америк эмч нараар ч мэс засал хийлгэжээ. Эмч болсных ханийнхаа төлөө ийнхүү чадах бүхнээ хийсэн гэдэг. 
“Хийх ажилтай, хайрлах хүнтэй, хүсэл мөрөөдөлтэй бол та амьд явна” хэмээх үг түүний сэтгэлд байнга хадаатай явдаг төдийгүй ажил, амьдралынхаа туршид баримталж явсан зарчим нь ажээ. 
 
Д.Гүнжилмаа
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин