sonin.mn

Энэтхэгт 2012 оны арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай оюутан бүсгүйг зургаан эрэгтэй автобусанд хүчирхийлж, улмаар хохирогч эмэгтэй гэмтэл, бэртлийн улмаас хоёр долоо хоногийн дараа нас барсан тухай мэдээлэл тарсан дариудаа дэлхий нийтийг цочирдуулсан юм. Энэ хэрэг явдлын дараа Энэтхэгийн иргэд жагсаал цуглаан хийж, гэмт этгээдүүдийг цаазлахыг шаардаж байлаа.

 

Тэдний тэмцэл үр дүнд хүрч эрх баригчдыг тодорхой арга хэмжээ авахад хүргэсэн юм. Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержи ард иргэдийнхээ шаардлагын дагуу бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт этгээдүүдийг ялын дээд хэмжээгээр шийтгэхийг албан ёсоор баталгаажуулсан тухай "The Wall Street Journal" мэдээллээ. Нэг ёсондоо хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог том гүрэн эмэгтэй хүнийг зүй бусаар хүчирхийлсэн хэрэгт оногдуулсан ялын бодлогоо чангатгаж эхэллээ гэсэн үг.



Манай улсын хувьд гэвэл хүчингийн хэрэг нийт гэмт хэрэг сэтгэл түгшээхүйц ордог.

-2013 оны 1 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт хүчингийн гэмт хэрэг  гарчээ. Тус аймгийн Сүхбаатар суманд 7 залуу нийлэн 20-24 насны Ө гэгч бүсгүйг гурван хоногийн турш зочид буудалд хорьж, зодож танхайрсан төдийгүй бүлэглэн хүчинджээ. Хүчингийн хэрэг үйлдсэн залуус нь эрхэлсэн ажил төрөлтэй 1987-1990 оны хооронд төрсөн залуус аж. Хохирогчийн биеийн байдал нь сайнгүй, сэтгэл санааны хүнд хямралд орсон төдийгүй одоо хүртэл шокноосоо гараагүй байгаа юм байна. / zindaa.mn /



-Оюутолгой уурхайн орчим сүүлийн үед гэмт хэрэг гарах нь эрс ихэсч байгаа аж. Тэр тусмаа хүчирхийллийн сэдэлтэй хэрэг цөөн бус удаа гарчээ. Хэдхэн хоногийн өмнө шөнийн ээлжинд ажиллаж байсан Э хэмээх эмэгтэйг ариун цэврийн өрөөнд хүчирхийлэхээр завдан, санаагаа гүйцээж чадаагүйдээ шарлахан зодож танхайрсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийг тус кемпийн хоёр хятад ажилтан үйлдсэн нь тогтоогдсон гэх.

 

Хохирогч эмэгтэй одоогоор Оюутолгойн харъяа СОС эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн энэ сарын 21-нд Ханбогд суманд дөрвөн эрэгтэй нэг эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан бөгөөд хохирогч бүсгүй амиа хорлохоор завдсан гэнэ. Мөн өнгөрсөн зун хятад эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарч, энэхүү хэрэгт монголчуудыг сэжиглэн олон хүнийг байцааж саатуулжээ.

 

Монголчуудын "муу махны" хэмээн ярихаас ч цээрлэдэг хүчингийн хэрэг ийнхүү ойр ойрхон гарах болсон нь хуарангийн амьдралтай нь холбоотой байж болох талтай гэнэ. Нээрэн ч гэр орон, эхнэр хүүхдээсээ олон сараар хол байгаа эрчүүдийн толгойд юу эс бодогдох билээ. Дуу дуугаа авалцан гарч буй дээрх хэргүүд Оюу толгойн удирдлагуудад хагас цэрэгжилтийн байдалтай хуарангийн амьдралдаа нэн даруй цэг тавихыг сануулж байх шиг.

 

Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулахгүй, амьдралын хэвшлийг нь өөрчлөхгүй бол эр болгонд төмөр дотоож өмсүүлээд ч хэл эвлэхгүй хэргийг таслан зогсоож дийлэхгүй нь тодорхой. Тиймээс уг шалтгааныг нь арилгах нь харуул хамгаалалтаа хэд дахин өсгөхөөс илүүтэй үр дүнтэй бас эрүүл гарц болох биз. /А.Тэлмэн. topmedee.mn/



-Улаанбаатарт өдөр болгон хүчингийн хэрэг бүртгэгддэг талаар цагдаагийн байгууллага мэдээлж байсан. Хүчингийн хэргийг ихэвчлэн 20-25 насны залуус үйлддэг, хохирогчдын дийлэнх нь 17-21 насны охид, бүсгүйчүүд байдаг байсан бол сүүлийн үед ийм хэрэг хүүхдүүдийн дунд үйлдэгдэх болсон нь эмгэнэлтэй. Хүний эрхийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийт үйлдэгдсэн хүчингийн хэргийн илрүүлэлт 50 хувьтай байдаг аж.

 

Учир нь ийм хэрэг гэр бүлийн, төрөл төрөгсдийн дунд үйлдэгддэг. Аав нь охиноо, ах нь дүүгээ дарамтлан бэлгийн дур хүслээ хангасан гэх хүний ёсонд байж боломгүй хэрэг гэр бүлийн хүрээнээс хальж, цагдаагийн байгууллагад мэдэгдтэл ихээхэн хугацаа алдагддаг, зарим нь огт илэрдэггүй. Дагавар охиноо 6-р ангид байхаас нь байнга дарамтлан хүчирхийлж, жирэмсэн болгосон эрийн хэрэг саяхан илэрсэн.

 

Гэтэл шүүх хурал дээр охины эх нь "гомдолгүй" гэсэн байгаа юм даа. Эр нөхрийн нөмөр нөөлөг хэрэгтэй байлгүй л яахав, гэхдээ ханилж суусан хүндээ нялх охиноо хүчиндүүлж, хүчиндүүлчихээд гомддоггүй эх байдгаа гэхээс зүрх рүү зүү хатгах шиг болж билээ. Бас нэг эмзэглэмээр асуудал бол насанд хүрээгүй байж хүчингийн хэрэг үйлдэж байгаа хүүхдүүд.

 

Өөрөө 14-хэн настай байж, долоо найман настай охидыг хүчирхийлсэн хэрэг гарсан нь хүүхдийнхээ хүмүүжилд тавих эцэг эхийн анхаарал суларсан, мэдээлэл авах суваг хэт чөлөөтэй болсноос үүдсэн ч байж болох. Ихэнх хүчингийн хэргийн хохирогчид ядуу зүдүү амьдралтай айлын охид байна. Хэдэн халтар төгрөг, тавагхан хоолоор хүртэл хуураад адгуусны дур хүслээ хангадаг бузар этгээдүүд олон байх юм.

 

Өөрөө охин үртэй байж, нялх амьтдыг өрөвдөж хайрлах сэтгэлгүй ийм хэрэг үйлдэгсдэд хүлээлгэх хуулийн хариуцлага чанга байж гэмээнэ ийм хэрэг үйлдэхээр санаархагчдад сургамж болно. Хүчин гэдэг хүүхэд насны гэгээн цагааныг бүхлээр нь үгүй хийж, амьдралд нь хар толбо үлдээдэг. Энэ талаар ОХУ-д хийсэн судалгаагаар өсвөр насандаа хүчирхийлэлд өртсөн охидын 70 хувь нь биеэ үнэлэгч болдог гэсэн тоо гарчээ.

 

Манай улсад чухам ийм судалгаа байдаггүй ч бэлгийн хүчирхийлэл охидын хувь заяанд шууд муугаар нөлөөлдөг нь тодорхой. Тиймээс хүүхдийн төлөө, хүчирхийллийн эсрэг ажилладаг хүмүүс хүчээ нэгтгэн энэ хэргийн өсөлтийг хумих тал дээр анхаарал хандуулах цаг болсон байна. /сэтгүүлч З.Намжилмаа/



-Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр болох III нэгдсэн эмнэлэгийн хойно урьд шөнө хүчингийн хэрэг гарчээ. Шөнийн 00:10 цагийн үед нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт "Шастины нэрэмжит клиникиин нэгдсэн III эмнэлэгийн арын харанхуйд эмэгтэй хүн зодоод байна" гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу НХЭГ-ын 349-р чиглэлийн эргүүлийн баг очиж шалгасан байна. Энэ үед 19 настай эмэгтэйг тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 19 настай, эрэгтэй Э согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хүчиндсэнийг илрүүлжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. /сэтгүүлч П.Наран/



Энэ хэдхэн жишээнээс харвал онц хүнд гэмт хэргийн ангилалд зүйлчлэгддэг хүчингийн гэмт хэрэг буурах битгий хэл улам нэмэгдэх хандлагатай болжээ. Хамгийн харамсалтай нь балчир насны охид хүчирхийллийн золиос болдог гаж үзэгдэл манайд бий болоод зогсохгүй хэрцгий хандлагатайгаар өсөх шинжтэй болчихлоо. Хөвсгөлд наймхан настай бяцхан охиныг хүчирхийлээд мөчилж амь насыг нь хохироосон,

 

Булганд Өршөөлийн хуулиар суллагдсан махан толгойт хэмээн хочлогддог Тулга гэгч 13 настай өсвөр охиныг хүчирхийлээд, улмаар олон удаа хутгалж нууранд хаясан, Баянхошууны сургуулийн 8 дугаар ангийн сурагч охин жорлонд хүчиндүүлсэн гээд сонсохоос халширмаар, хүний ёсноос гажууд жигшүүрт гэмт хэрэг удаа дараа гарсанын тэргүүн cap айлчлан ирж байна. Урин дулааны улирал ирж байна.

 

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин цагдаагийн удирдлагуудад хандаж урин дулаан цаг ирж, охид эмэгтэйчүүд хувцсаа нимгэлэх үеэр хүчингийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг гарч болзошгүй газруудад эргүүлийн цагдаа нарын хүчийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах үүрэг өглөө. Мөн хохирогч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч, сэтгэл зүйчид болон эмэгтэй мөрдөн байцаагчдын баг бүрдүүлж сургалт зохион байгуулах, олон нийтийг сонор сэрэмжтэй байлгахад дорвитой ахиц гарган ажиллахыг үүрэг болгов. Энэ чимээ бузар гэмт хэрэг өдүүлэхэд бэлэн байдаг хүн дүрстнүүдэд аянга шиг буугаасай.


Д.Болд

 

Эх сурвалж: "Геологий уул уурхайн мэдээ"