sonin.mn
Ардын Армийн 169 дүгээр мотобуудлагын хороо нь Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар 1976 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Мотобуудлагын батальоны зохион байгуулалттай үүсгэн байгуулагдсанаас хойш 45 жилийн ойтойгоо золгож байна.
 
Ойн ажлын хүрээнд 6 дугаар сарын 4-ний өдөр ангийн төлөөлөл Зүүнбаянд Мотобуудлагын хорооныхоо түүхийг мөнхөлсөн Соёмбот хөшөөг сүндэрлүүлээд иржээ. Энэ сарын 8-ны өдөр тус ангид алба хааж байсан бүрэлдэхүүн түүхт ойгоо Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийг түшиглэн ёслон тэмдэглэлээ.
 
Баярын ажиллагаанд ангийн захирагчаар ажиллаж байсан хошууч генерал Я.Чойжамц, хурандаа Д.Давааням, ангийн штабын дарга асан чөлөөнд байгаа хошууч генерал Б.Шагдар, чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Бямбаахүү, ар талын орлогч Б.Бадамхорлоо, техникийн орлогч асан Ш.Цэрэнбалжид, батальоны захирагч асан чөлөөнд байгаа дэд хурандаа Н.Энэбишбаатар, танкийн батальоны захирагч асан чөлөөнд байгаа хурандаа Б.Алтангэрэл, хорооны ухуулах ажлын зааварлагч асан доктор, профессор, хурандаа Ж.Энхбаяр, хүнсний албаны дарга асан бэлтгэл хошууч генерал Д.Магсаржав, бэлтгэл хурандаа Б.Батбаатар, анхны салааны захирагч асан бэлтгэл хошууч Д.Жаргалсайхан, ЗПУ-гийн батарейны захирагч асан бэлтгэл дэд хурандаа С.Лхаасүрэн, тагнуулын ротын жагсаалын дарга асан Д.Дэлгэрбаяр, бэлтгэл түрүүч Ж.Энхсайхан, анхны тогооч Ц.Цэрэнбаяр нарын хорооны бүтцийн нэгж бүрийн төлөөлөл болсон 100 гаруй хүн хүрэлцэн иржээ.
 
Мөн тус ангийн анхны захирагч агсан С.Сэрээнэндоржийн ач хүү Бүрэнтогтох, хорооны штабын дарга, захирагч агсан В.Алтангэрэлийн гэргий Б.Янжинхорол, 1МББ-ны захирагч агсан Н.Наранбаатарын гэргий Цэрэндолгор нарын ар гэрийн төлөөлөл цөөнгүй ирсэн нь энэ алдарт хорооны түүхэн замнал олон хүний зүрх сэтгэлд оршсоор ирснийг батлан харуулав. Хорооны дурсгалын гэрэлт хөшөөг босгож, тэмдэглэлт ойг нь зохион байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн 1МББ-ны захирагч асан бэлтгэл ахмад М.Баасанжав энэ үеэр хэлсэн үгэндээ ойн ажилд бүх талын дэмжлэг үзүүлсэн нийт хүмүүст талархал илэрхийлээд "Хорооны захирагч агсан С.Баттулга 169 дүгээр ангийн түүхийн ном бичихийг гэрээслэл болгосон. Энэ үг надад хорооныхоо гэрэлт хөшөөг босгох сэдэл өгсөн" гэж онцлов.
 
Баярын хурлын үеэр ЗХЖШ-ын даргын болон Орхон аймгийн Засаг даргын тушаалаар цөөнгүй хүнийг шагнаж урамшуулсан. Энэ үеэр оройн сүлд болгон дээдэлж, жавхаалаг намираан дор нь алхаж явсан хүмүүс 32 жилийн дараа ангийнхаа Байлдааны тугнаас адис авч дурсгалын зураг татуулав. Цэргийн алба олон хүнийг дотно нөхөрлүүлж, алба хааж асан анги, салбараараа бахархах нандин дурсамжаар мөнхөд холбогддогийг 169 дүгээр хорооны 45 жилийн ойн баярын ажиллагаа, оролцогсдын уур амьсгал нотлон харууллаа.
 
 
Эх сурвалж: Ахмад дайчдын "Улаан одхон" сонин