sonin.mn
Монгол цэрэг байгаа орчин нөхцөлдөө манлайлагч болон гялалздаг бичигдээгүй хууль бий. Хилийн чанадад энхийг сахиулагч монгол цэргүүд мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлт, дасан зохицох чадвар, богино хугацаанд шийдвэр гаргах байдлаараа хүлээн зөвшөөрөгдөн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээн өргөмжлөгдөж, хүндлэгдсэн хэвээрээ байна.  Тэд энхийг сахиулах үйлсдээ манлайлахаас гадна дэлхийн орны цэргийн их сургуульд суралцахдаа ч энэ нэр хүнд, залгамж халаагаа буухиалж, шинэ түүх бичсээр байна. 
 
Үүний нэг тод жишээ, төлөөлөл нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ажиллагааны офицер ахмад Ц.Сэргэлэнбаатар, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч Э.Арвинбуян нар юм. Тэдний бусад сонсогчоос ялгарах гол ялгаа нь гадаадын цэргийг тэр дундаа суралцаж байсан Япон, БНСУ-ынхаа цэргийн сургуулийн сонсогчдыг командлан удирдаж байсан нь юм. Гадаад оронд суралцаж байгаа ч цэрэгжилт, сурлага, сахилгаараа манлайлагч байж чадвал япон, солонгос цэргийн сонсогчдыг эх нутагт нь удирдан чиглүүлэх нь нээлттэй байдгийг эдгээр залуус өөрөөрөө үлгэрлэн харуулсан юм. Ахмад Ц.Сэргэлэнбаатарын хувьд 2010-2015 онд Япон улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд суралцаж төгссөн офицер юм.  Японы ҮБХИС  нь 2000 гаруй сонсогчтой, тасаг, салаа, рот, батальоны бүтэц, зохион байгуулалттай.
 
 
Сургуулийн гол онцлог нь сонсогч байхаас нь хүнтэй ажиллах туршлага, дадлагыг олгож, ажлын байранд нь бэлтгэхэд чиглэгддэг ажээ. Энэ тогтолцоо нь Япон улс сонсогчдоо эртнээс даргалах, хүн удирдах ур чадварт суралцуулах,  штабын болон төрөл бүрийн төлөвлөлт, зохион байгуулалтын ажилд гаршуулах, ирээдүйн шилдэг цэргийн дарга нарыг сонгож бэлтгэх, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх давуу талтай байдаг байна.  
 
Энэ зарчмаар монгол сонсогчдын буухиаг үргэлжүүлж ахмад Ц.Сэргэлэнбаатар 2 дугаар дамжаандаа салааны захирагчийн орлогч, 3 дугаар дамжаандаа ротын захирагчийн орлогч, 4 дүгээр дамжаандаа 120 орчим сонсогчийг хариуцсан ротын захирагчаар ажилласан юм. Мэдээж салааны захирагч, ротын захирагчийн орлогч, ротын захирагч болоход цэргийн алба, сахилга, хариуцлага, сурлага, хүмүүжил, удирдах ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт гээд олон зүйлээрээ тэргүүлэгч, бусдад хүлээн зөвшөөрдөгдөж байж хаших алба. Тэрээр төгсөхдөө 4 жилийн сургалт бэлтгэлийн нийлбэр дүнгээр сургуулийн захирлын нэрэмжит "Цэргийн алба", "Цэргийн сургалт бэлтгэл, "Шилдэг гадаад оюутан", "Шилдэг тамирчин" зэрэг дөрвөн шагналыг хүртэж байжээ. Тодруулбал, оюутны сумод барилдаж, Бүх Японы аваргын алт, мөнгө, хүрэл, Зүүн Японы аваргын хошой мөнгө, хүрэл хүртэж, Улсын сургуулиудын багийн тэмцээний хошой аварга болж, Монгол Улсынхаа нэрийг гаргасан цэргийн сонсогч байсан юм.
 
Харин дараагийн онцлох алба хаагч бол дэслэгч Э.Арвинбуян. Залуухан дэслэгч Э.Арвинбуян нь 2017-2021 онд БНСУ-ын Хуурай замын явган цэргийн академид “Ерөнхий цэрэг”, “Цэргийн англи” гэсэн хоёр мэргэжлээр суралцан төгссөн. Төгсөх төгсөхдөө алтан медальтай дүүргэж, БНСУ-ын БХЯ-ын сайдын нэрэмжит “Нэр төртэй сонсогч” шагналаар төгсөлтийнхөө ёслолоор 1200 гаруй сонсогчийн өмнө “Монголын залуу, Монголын цэрэг” хэмээн өргөмжлүүлэн шагнуулсан гавьяатай эр. Тэрээр суралцаж байх хугацаандаа цэрэгжлийн спортын тэмцээнд олон удаа амжилт үзүүлэн тэргүүлж, сургуулийнхаа хамгийн анхны “Гадаад тугчин цэрэг”-ээр сонгогдож, тугчны үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн гээд бахдам түүхийг ур чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө мөнхөлж чадсан офицер ажээ. Өдгөө тэд хоёулаа орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудад албаа нэр төртэй хааж байгаа билээ. Тэдний нэгэн адил гаднын орны цэргийн сургуульд суралцахдаа шилдэг нь байж, алтан медальтай төгссөн олон ч залуус бий. 
 
Эндээс дүгнэхэд, гаднын орнууд тэр дундаа Япон, БНСУ-ын Цэргийн их сургуулиуд нь сонсогчдоо ур чадвар, тэргүүлэгч байдал, сурлага, сахилгаар нь дүгнэж, гадаад гэж ялгахгүй өөрийн орны сонсогчдоо удирдуулж байгаа нь бусдыг хүлээн зөвшөөрөх, үнэлж итгэх чадвар гэлтэй. Хэрэв манай ҮБХИС-ийн сонсогчдын цэргийн ёслолын жагсаалыг гадаад цэрэг удирдаад алхаж байвал магад олон нийт хэрхэн хүлээж авах бол. Бодох л асуудал. Зэвсэгт хүчинд энэ мэтчилэн мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлтэй олон мянган офицер, ахлагч цэргийн тангараг дор ажиллаж амьдарч байна. Ингэж бодохоор л Зэвсэгт хүчний ирээдүй өнөөдрөөс ч илүү улам гэрэлтэй харагдах юм.
 
 
 
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА