sonin.mn
Германы канцлер асан Ангела Меркель энэ сарын 7-нд Берлин хотын “Шаубюне”театрын тайзнаа гарч, тэтгэвэрт гарснаасаа хойш анх удаагаа томоохон ярилцлага өгсөн юм.Түүний ярилцлагыг нэр хүндтэй хэвлэлүүд юу гэж дүгнэв?
 
Германы “Sьddeutsche Zeitung” сонин: Хатагтай Меркель та Путины сул талыг эртнээс ингэж сайн мэдэж байсан юм бол эх орноо яагаад ингэж Оросын нефть болон хийнээс хэт хамааралтай болгосон юм бэ? Путинтэй эцсийн мөч хүртэл яриа хэлэлцээ хийх нь зөв байсан юм байж. Харамсалтай нь канцлерын удирдаж байсан “том эвсэл” Кремлийн харилцан ярилцагч нь Крымыг хүчээр булаан авснаар харилцан ярилцагч бус ардчилсан улсуудад дайн зарлагч болсныг огт анзаарсангүй. Меркель Путины муу хүн болохыг тийм эрт мэдсэн юм бол яагаад түүнээс эрчим хүчний ийм хэт хамааралтай болж батлан хамгаалах зардлаа хайр найргүй танан Германы армийг эх орноо болон НАТО-гийн гишүүн улсуудыг хамгаалах чадваргүй болгосон байх вэ? Украины энэ аймшигт дайн Меркелийн удирдагч байхад нь бий болсон өөгүй цагаан нэр хүндийг өдөр өдрөөр харлуулж байгаа нь үнэн.
 
Германы “Mitteldeutsche Zeitung” сонин: Меркель буруугаа шударгаар хүлээх нь зүйд нийцэх байсан.Тэр Оросын “Хойд урсгал-2” шугамыг эцсээ хүртэл дэмжиж байсан. Энэ бол яах аргагүй том алдаа. Гай нь олон жилээр үргэлжлэх энэ алдаатай шийдвэрээс зайлсхийх боломж түүнд бүрэн байсан.
 
Германы “Allgemeine Zei­tung” сонин: Ангела Меркель Оростой харилцаж байсан харилцаандаа шүүмжлэлтэй хандахаас улайм цайм бултаж байгаа нь “гөжүүд”, “хэт өөрийнхөөрөө зүтгэж буй” увайгүй явдал. Түүний явуулж байсан улс төрийн үр дүн өдөр ирэх бүр хүний амь нас, гай гамшгаар төлөгдөж байхад тэр хариуцлагаа хүлээх ёстой болох нь дамжиггүй.
 
Мөн Германы “Badische Neueste Nachrichten” сонин: Меркель Путинд “гэнэн хонгор” зан гаргасан.
 
Nьrnberger Nach­richten сонин: Меркель Путиныг муу хүн болохыг эрт мэдсэн гэдэгт итгэж байна. Харин үүндээ дүгнэлт хийн зөв шийдвэр гаргах ёстой байсан гэдгийг тэр огт ойлгоогүй байна.
 
Швейцарийн “Neue Zьrcher Zeitung” сонин: “Шаубюне”-д Меркелийн “бишрэн шүтэгч” бус сэтгүүлч түүнээс асуулт, хариулт авсан бол энэ ярилцлага огт өөр ярилцлага болох байсан нь ойлгомжтой.
 
Польшийн “Rzeczpos­polita”: Меркелийг Оросын асуудалд алдаа гаргаснаа шууд хүлээн зөвшөөрнө гэж бодохгүй байсан ч арай ч ийм улайм цайм өөрийгөө зөвтгөсөн ярилцлага өгнө гэж санасангүй. Түүний ярьж буйгаар “Минскийн хэлэлцээр”-ийн ачаар дайнд бэлдэх бүтэн долоон жилийн боломж олдсон тул украинчууд Меркельд баярлахаас өөр аргагүй хэрэг үү?!
 
Америкийн “Wall Street Journal”: Хэн нэгэн улс төрчийн гадаад бодлогын нэр хүнд канцлер Ангела Меркелийнх шиг ийм богино хугацаанд ингэж орвонгоороо эргэж байсан удаагүй. Түүний гол алдаа нь 16 жил төр тэргүүлэхдээ Владимир Путины их гүрэн байгуулах хүслийг хазаарлаж болно гэж андуурсан явдал. Үр дүнд нь Герман төдийгүй Европыг Путины эрчим хүчний шантаажид оруулж, Киевыг эзлэхэд бүх европчууд үүнийг эсэргүүцэхгүй гэж Путиныг итгэхэд хүргэсэн явдал... Меркель Европын эрх чөлөөнд “баавгай”-н саврын хүчийг мэдрүүлэх нөхцөлийг бий болгосон.
 
Эцэст нь нэмэхэд, Ангела Меркелийн ярилцлагын дараа Холбооны Герман улсад суугаа Украины Элчин сайд Андрей Мельник Украины дайн эхэлснээс хойш ХБНГУ-ын ОХУ-аас авсан импорт 40 хувь өсч, Путин нэмж зургаан тэрбум еврогийн орлого олон дайндаа ашиглаж, харин Украин-Германы худалдаа 11 хувь буурсан болохыг дэлхий нийтэд албан ёсоор мэдэгдсэн.
 
Энэ нь Путин бол Меркель тэргүүтэй тухайн үеийн барууны улстөрчдийн гардан бий болгосон “биелсэн чөтгөр” бөгөөд тэд АНУ-аас хамааралгүй улс төр явуулж байгаагаа “гайхуулан”, сонгогчдынхоо өмнө үнэгүй тоглосон “улс төр, эдийн засаг тусдаа байх ёстой” гэсэн эмгэнэлт жүжгийн гай өнөөдөр ч үргэлжилсээр байна гэсэн үг юм. Энэ нь тухайн үедээ сонгогчдод таалагддаг ч хожим нь гай болох харалган шийдвэр гаргагчдыг улс төрд популистууд гээд байгаа билээ.
 
 
 
 
 
Г.АМАРСАНАА