sonin.mn
“Нэр нэгтийн чих нэг” буланд энэ удаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ижил нэртэй эрхмүүдийг онцлох гэж байна. Тус командлалд ижил нэртэй цөөнгүй алба хаагч, ажилтан байдгаас хамгийн олуулаа нь Мөнхбатууд бөгөөд Өлзийбаярууд, Адъяа нар, Мөнхбаатарууд, Энхтайванууд, Отгонбаярууд, Тамирууд, Оюунгэрэлүүд, Алтанчимэгүүд гээд ч бас бий. “Дуудах нэрийг аав, ээж өгч, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэгчлэн Мөнхбат нэртэй гурван офицерын Зэвсэгт хүчинд алба хааж буй он жилүүдийнх нь тухай, зорилго чиглэл, хүсэл мөрөөдлийнх нь тухай, гүйцэтгэж яваа үүргийнх нь тухай  хамтдаа сонирхъё. 
 
САПЁРЧИН МЭРГЭЖЛИЙГ ҮНЭД ХҮРГЭХ НЬ ТҮҮНИЙ ГОЛ ЗОРИЛГО
 
Хуурай замын цэргийн Инженерийн дарга, дэд хурандаа Гүндэнгийн Мөнхбат нь анх 1997 онд Цэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд элссэнээр цэргийн амьдралд хөл тавьж, улмаар ҮБХИС-ийн бүх шатны сургуулийг төгссөн офицер. Өдгөө дайн, цэргийн урлаг судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа хийж яваа тэрээр бүх шатны цэргийн боловсрол эзэмшсэн төрөлх сургуулийнхаа Батлан хамгаалах удирдлагын академид тодорхой хугацаанд багшилснаараа үргэлж бахархаж явдаг нь ярилцлагын эхний үеэс л андашгүй мэдрэгдэв.  
 
Дэд хурандаа 1998 оноос Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлж,  2008, 2010 онуудад БНХАУ болон Канадад батальон захирагчийн дамжаа, англи хэлний сургалтад хамрагдсан цэргийн инженер санж. Тодруулбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид 1998-2013 он хүртэл тасаг, салаа, ротын захирагчаас ажиллагааны удирдлагын тасгийн төлөвлөлтийн ахлах офицер болтлоо 14 жил, “Усны анги” гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид 2015-2018 онд захирагчийн орлогч, 2018-2020 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн ахлах багш, 2020-2021 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Хуурай замын цэргийн Инженерийн даргаар томилогдон ажиллаж байна. Энхийг дэмжих ажиллагаанд гурван удаа үүрэг гүйцэтгэснээс 2004-2005 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны 3 дугаар ээлж, 2017-2018 онд ИБНАУ-д явагдсан
 
“Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн VI ээлжийн цэргийн багийн захирагчаар ажилласан нэгэн. ЗХЖШ-аас энхийг дэмжих ажиллагаанд явж, ирж байгаа энхийг сахиулагчдаа тосон авч, үдэн мордуулдаг жишгээр тэдний цэргийн багийнхан үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо газардсаны дараа ярилцлага авах болоход “Одоо л бүтэн амьсгаа авч байна. Хүний газар хүн хариуцна гэдэг хүндтэй атлаа хамгийн амаргүй алба юм. Монгол цэргийн энхийг сахиулах үйлсэд оролцсноос хойш олж авсан алдар, нэр хүндийг унагачихгүй юмсан гэж багаараа хичээлээ, онгоцноос буусны дараа л дотор минь уужрав” хэмээсэн нь хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг юм. Түүний хүсэл мөрөөдөл, зорилго чиглэлээс нь хуваалцахад “Сапёрчин мэргэжлийг илүү үнэ цэнтэй, хүлээн зөвшөөрөгдсөн болгох” гэнэ. Үүний тулд гурван чиглэлд анхаарч байгаа юм байна.
 
Нэгдүгээрт, “Сапёрчин” цол тэмдгийг бий болгох мөрөөдөл. Зэвсэгт хүчний 084 дүгээр анги нь алба хаагчдаа шүхрийн сургалтад хамруулж, гурван удаа шүхрээр буусны дараа “Шүхэрчин-дайчин” цол өгдөг жишгийг инженерийн цэргүүддээ бий болгох зорилт тавьж. Инженерийн цэрэг гэдэг өөрөө хаана ч, ямар ч цаг үед тэсрэх бөмбөгийг илрүүлэх, аюулгүй болгох, тэслэх мэргэжлийн онцгой чадвартай байх ёстой. Энэ чадварыг бүрэн эзэмшиж, бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн сапёрчдаа алдаршуулах, хүлээн зөвшөөрүүлэх нь түүний хийх эхний алхам гэнэ. АНУ-д сапёрчдаа райнжерийн түвшинд бэлтгэдэг тогтолцоотой учир энэ мэргэжил хэзээд үнэ цэн, эрэлт хэрэгцээтэй байх ёстой хэмээв.
 
Хоёр дахь зорилт нь инженерийн цэргийн түүхийн товчоог дахин тодотгох, эрдэм шинжилгээний онолын бага хурал зохион байгуулах юм байна. Учир нь инженерийн цэрэг үүсэн байгуулагдсан түүхэн цаг хугацааг 1944 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэмээн авч үзсэн нь судалгааны явцад зарим талаараа бодит түүхтэй нийцдэггүй гэнэ. 1924  онд Ардын хувьсгалт цэрэгт Нанзад хэмээх баатрын удирдлага дор инженерийн цэргийн нэгж байгуулагдсан түүхтэй бөгөөд үүнийг эх сурвалжаар тооцуулахын тулд эрдэм шинжилгээний онолын бага хурал зохион байгуулж, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй яваа аж. Үүний тулд бэлтгэл ажлаа ч хангаж байгаа юм байна. Хэрэв энэ хугацааг тооцвол инженерийн цэргийн түүх 78 биш 98 жилээр хэмжигдэнэ гэж тэр үзжээ.
 
Гурав дахь зорилт болоод талархал нь Зэвсэгт хүчинд инженерийн цэргийн үүрэг, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаад олзуурхаж явдаг гэнэ. Барилга-инженерийн цэргийн ангиуд шинээр байгуулагдан бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгаад, өдгөө энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоог нэмэгдүүлэх гэж буйд нь инженерийн цэргийн хувьд баяртай байдаг. Одоо гагцхүү бичиг баримт, заавар, дүрэм, журам заавар гээд бичиг баримтын боловсруулалтад анхаарах нь чухал байгаа гэнэ. Инженерийн цэргээр 25 жил “амьсгалж” яваа түүнд олон төлөвлөгөө, зорилт байгаагаас цөөн хэсгийг дурдахад ийм буюу.
 
АР ТАЛЫН АЛБААРАА БАХАРХАЖ ЯВДАГ АХЛАХ ОФИЦЕР
 
Бидний дараагийн онцлох алба хаагч бол тус командлалын Материал техникийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Отгоны Мөнхбат.  Дэд хурандаа О.Мөнхбат 1998-1999 онд Цэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг явган цэргийн байлдааны машинист мэргэжлээр дүүргэж, 1999 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас ажлын гараагаа эхлүүлсэн байна. 1998 онд Цэргийн их сургууль офицерын элсэлт аваагүй өнжсөн жил бөгөөд энэ үеийн офицеруудын олонх нь Ахлагчийн сургуулиар дамжиж, цэргийн амьдралд хөл тавьцгаасан, түүний нэг нь тэр юм.
 
2000-2004 онд БХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг танкийн командын офицер мэргэжлээр төгсөж, 2006-2007 онд БНТУ-ын Явган цэргийн их сургуулийн офицерын анхан шатны дамжаа, 2009-2010 онд БНХАУ-ын Хуягт танкийн академийг танкийн цахилгааны засварын дамжаа, 2015-2017 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академид суралцан дүүргэсэн байна.
 
“Цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэгчлэн дэд хурандаагийн хувьд Зэвсэгт хүчний удирдлагын байгууллагаас эхлээд цөөнгүй нэгтгэл, ангиудад томилогдож, нутаг нутаг дамжин нүүдэллэж амьдарсан офицер гэхэд болно. Ажлын гараагаа 150 дугаар ангиас эхлүүлж, залгуулан 2004-2009 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид тасгийн даргаас хуягт танкийн дарга болтлоо дэвшиж, 2009-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ар талын даргын орлогч, албаны даргаар ажиллаж. 2010-2011 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид техникийн ахлах офицер, 2011-2015 онд ЗХЖШ-ын Ар талын газарт хуягт танкийн мэргэжилтэн, 2017-2020 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ар талын даргын орлогч, албаны даргаас захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч дарга хүртлээ дэвшиж, одоогийн албан тушаалдаа 2020 оны 11 дүгээр сард томилогдсон юм. 
 
 
О.Мөнхбат дэд хурандаагийн эзэмшсэн мэргэжил ч тэр, ажилласан он цагууд ч тэр танктай үргэлж холбоотой бөгөөд энэ чиглэлээрээ өөрийн мэдэх бүхнээ бүрэн дайчлахыг хичээдэг байна. “Хэрэгтэй цагтаа хэзээд бэлэн байя” гэсэн уриа нь түүний гол имидж. Ар талын алба гэдэг өөрөө өдөр тутмын ажил нь барагддаггүй, завгүй хөдөлмөр байдаг ч цэргийн үйл ажиллагааг тасралтгүй явагдах гол суурь байдаг учраас мэргэжлээрээ бахархаж, омогших дуртай гэнэ.   
 
 
Ахмад үеэсээ суралцаж, залуу офицер, ахлагч нартаа үлгэрлэхийг хичээж явдаг түүний цэргийн албанаас авсан үнэт зүйлийн нэг нь цэргийн нөхөрлөл. Цэргийн тангараг дор ажиллаж, амьдарч байгаа нөхөрлөл үнэ цэнтэй бөгөөд үнэн байдаг гээд онжавуудаасаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Олзбаяр, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Н.Гүрбадам гээд олон офицер, ахлагч нарыг дурдмаар байна гэв. Тэрээр Зэвсэгт хүчний ар талын албанд ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нараараа үргэлж бахархаж явдгаа дуулгаад эх орондоо тангараг өргөсөн мөрдэстөн бүхний үйл хэрэг өөдөө байхыг ерөөсөн юм.
 
ХОВОР МЭРГЭЖЛЭЭР ДҮҮРГЭСЭН ХОШУУЧ Б.МӨНХБАТ
 
Дараагийн офицер бол ахлахтайгаа амьдаа зэвсгийн хангалтын офицер, хошууч Батмөнхийн Мөнхбат. Түүнийг хэлтсийнхэн нь ахлахаасаа ялгахын тулд “Жижгээ” гэж дуудах нь бий. Жижгээ 2015 онд ОХУ-ын БХЯ-ны харьяа “Пенза” хотын Артиллери, инженерийн их сургуулийг дуран, гэрэллэг харааны хэрэгслийн инженер мэргэжлээр дүүргэсэн залуу. Хуучин соц нийгмийн үед энэ мэргэжлээр цөөнгүй офицерууд бэлтгэгдсэн байдаг бол энэ цаг үед ердөө долоон офицер л суралцаж төгсөөд, өдгөө албаа хааж байгаа гэнэ.
 
Түүний эзэмшсэн энэхүү ховор мэргэжил нь байлдааны техник, хэрэгслийн дуран, харааны бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй. Мэдээж Зэвсэгт хүчинд яг энэ чиглэлээр албан тушаал байдаггүй учир тэдгээр долоон офицер зэвсгийн чиглэлээрээ хөрвөж ажилладаг байна. Хошууч Б.Мөнхбатын хувьд ажлын гараагаа 2015 онд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид тасгийн даргаар эхлүүлж, 2020-2021 онд Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн, 2021 оны 8 дугаар сараас тус албан тушаалдаа томилогдон ажиллаж байгаа ажээ. 
 
Энэ хугацаанд НҮБ-ын мандаттай UNIMISS ажиллагаанд 2016-2017 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч. Тэрээр цэргийн хүн болох хүсэл мөрөөдлийг ааваасаа өвлөж авсан бөгөөд “ҮБХИС-д элсэж ор, эсвэл цэрэгт яв” гэдгийг үргэлж захидаг байсан гэнэ. Аавынхаа хүсэл мөрөөдлийн дагуу 2007 онд ҮБХИС-д элсэн суралцаж, 2009 онд ОХУ-ын цэргийн их сургуульд шалгалт өгч тэнцээд, 2015 он хүртлээ суралцсан нь тэр ажээ. Түүний хүсэл мөрөөдөл зэвсгийн албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, албаныхаа хөгжил шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулах гэнэ. Тэр бас ахлах офицертойгоо адилхан хариулт хэлж байсан арын албаараа бахархдаг тухай байв. “Зэвсэгт хүчний ар тал гэдэг бол Зэвсэгт хүчний амин судас нь. Өнгөрсөн 101 жилийн түүхэнд ар талын хангалтыг бэхжүүлэх, хөгжүүлэх үйлсэд ар талын хангалтын мянга мянган дайчид хичээн зүтгэж байсан, одоо ч хичээн зүтгэж байна, цаашид ч зүтгэх болно” хэмээгээд Зэвсэгт хүчний ар талын хангалтын үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулан зүтгэж яваа үе үеийн ахмад дайчид болон мөр зэрэгцэн зүтгэж яваа эрхэм дайчин нөхдөдөө “Та бүхнээрээ үргэлж бахархаж явдаг шүү” гэдгээ энэхүү ярилцлагаараа дамжуулмаар байна гэлээ. https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/749
 
 
 
Эх сурвалж: "Хуурай замын цэрэг" сонин, ахлах дэслэгч Д.Болормаа