sonin.mn
“Би байлдагч байлаа” буландаа энэ удаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд алба хаадаг гурван офицерыг онцолж байна. Хугацаат цэргийн алба хаагчаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн тэдний түүх өөр өөрийн гэсэн онцлог, замналтай ажээ.
 
ЗЕНИТЧИН ДАЙЧИН БАЙСНААРАА БАХАРХДАГ 
 
Санхүүгийн хэлтсийн төсвийн ахлах офицер, хошууч Дашдаваагийн Дагвацэрэн Төв аймгийн Угтаалцайдам сумынх. Лүн суманд арван жилийн дунд сургуулиа төгсөөд, үргэлжлүүлэн 1998-1999 онд Зэвсэгт хүчний 318 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан юм. Цэрэгт Төв аймгаасаа 10-уулаа татагдаж байсан гэнэ. Хожмоо энэ анги нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангид нэгдсэн бөгөөд хугацаат цэргийн алба хаагч байсан үе нь хамгийн гэгээхэн, дурсамж дүүрэн, өөрийгөө олж нээсэн цаг хугацаа байсан гэж хошууч тодорхойлов. Нийгэм цаг үе, орчин нөхцөл өөр сурган дадлагажих байдал, албандаа хандах хандлага, сэтгэл ханамж өндөр байсан гэнэ. Өнөөдрийн энэ цаг үед хугацаат цэргүүд тав тухтай орчинд алба хаах болсон нь нийгмээ дагаж, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэл эрчимтэй явагдаж байгаатай холбоотой гэлээ. Түүнийг байлдагч байхад ангийн захирагчаар бэлтгэл хурандаа н.Батдэлгэр, штабын даргаар бэлтгэл хурандаа Д.Отгон-Ерөөлт нар ажиллаж, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Б.Эрдэнэпил, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр нар залуухан офицерууд байжээ. Түүний аав Ж.Дашдавааг гурван хүүгээ Зэвсэгт хүчиндээ алба хаалгасан эх оронч эцэг хэмээн дүгнэж болохоор. Учир нь том хүү Д.Аръяасүрэнг Зэвсэгт хүчний 119, дунд хүү Д.Мөнхтулгыг Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хаалгаснаар цэрэг эрсийн тухай дурсамж яриа гэрт нь үргэлж өрнөдөг байсан нь түүнийг хожим офицерын эгнээнд эргэн нэгдэх их хүслийг төрүүлжээ.
 
 
Тэрээр цэргээс халагдсаны дараа санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, ажлын гараагаа 2008 оноос Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр тусгай салбараас эхлүүлсэн байна. 2011 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч, 2014 онд Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад Санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч, 2020 оноос тус командлалын Санхүүгийн хэлтэст нягтлан бодох бүртгэлийн офицер, 2021 онд төсвийн ахлах офицероор дэвшин ажиллаж байна.
 
Түүний хань Б.Оюунтуяа мөн цэргийн бүсгүй бөгөөд Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид нягтлан бодогч, ахлагч цолтой. Тэд 4 хүүхэдтэй, том охин Д.Бүжинлхам ҮБХИС-ийн Аюулгүй байдлын их сургуулийн эдийн засаг, менежментийн 3 дугаар дамжааны оюутан, дунд охин Д.Үржинлхам 10 дугаар анги, дунд хүү Д.Батцэрэн хоёрдугаар ангийн сурагч, бага хүү Д.Мөнхсүлд дөрвөн настай. Хошууч Д.Дагвацэрэн хугацаат цэргийн албанаас ажлын гараагаа эхэлснээрээ үргэлж бахархаж явдаг, өөрийнх нь нэрийн хуудас, гол тодорхойлолт гэж онцолно лээ. Хугацаат цэрэг байсан хүний хувьд цэргүүдэд хайртай, тэднийг харахаар 18 настай байлдагч явсан дүр зураг нь өөрийн эрхгүй нүдэнд нь бууж, дотно мэдрэмж төрүүлдэг гэж байлаа.
 
“МИНИЙ ЦЭРЭГ” ГЭЖ ДУУДАХАД НЬ ДУРТАЙ
 
Дараагийн дэд түрүүчийн мөрдэстэй гүйж явсан эрхэм бол Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын офицер, хошууч Төмөрбаатарын Батбилэг. Хошууч Т.Батбилэг мөн л арван жилийн дунд сургуулиа төгсөөд 2001-2002 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан офицер. Ангийнхаа хөвгүүдтэй ярилцаж байгаад зургаа нь нэгэн зэрэг цэрэгт мордсон байдаг бөгөөд түүнтэй хамт гэхэд гурав нь Өмнийн говийн цэргийн ангид очсон байна. 
 
“Хугацаат цэрэг явсан үеэ дурсаач” гэхэд “Их сайхан үе. Цэргээс авсан хамгийн чухал зүйл, мэдрэмж бол сургалт бэлтгэл. Хугацаат цэрэг юу сурах ёстой тэр бүхнийг нэг бүрчлэн зааж, чамбай бэлддэг байсныг хожим сургалтын офицероор ажилласан жилүүддээ илүү их ойлгосон. Тэгээд хэдий тангараг өргөсөн цэрэг ч гэсэн хааяа хайрлаж уярч, урамшина. Байлдагч байхдаа салаа, ротын захирагч нарынхаа “Та нар л чаддаг шүү дээ” гэсэн үгэнд ихэд урамшиж, эрч хүч авдаг байснаа санадаг юм. 
 
Тухайн үед манай ангийн захирагчаар  хурандаа агсан Ё.Түмэнжаргал, батальоны захирагчаар өдгөөгийн Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, хурандаа Ж.Өсөхбаяр, хүнсний албаны даргаар Тусгай хүчний цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, ар талын албаны орлогч даргаар бэлтгэл дэд хурандаа Г.Гантуяа, ротын захирагчаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.Хатанбаатар, салааны захирагчаар ахлах ахлагч н.Отгонтөгс нар ажиллаж байлаа. 
 
Тэр үед салааны захирагч нар ахлагч нар байдаг байв. Хожим н.Отгонтөгс салааны даргатайгаа ахлах дэслэгч цолтой байхдаа таарсан чинь “Миний цэрэг их сайн байна” гээд мөрөн дээр алгадаж, баяр хүргэсэн сэн. Ер нь намайг цэрэг байсныг мэдэх офицер, ахлагч нар тааралдхаараа байлдагч, дэд түрүүч үеийг маань дурсдагт их баярладаг” гэв. Тэрээр хугацаат цэргээс халагдсаны дараа 2003-2007 онд “Их засаг” их сургуульд олон улсын эрх зүйч, 2007-2008 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн команд мэргэжлээр тус тус төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангид салааны захирагчаар эхлүүлжээ. Зургаан жил салааны захирагчаар ажилласан гэнэ. Шинэхэн дэслэгчийг хүлээж авсан хамт олон нь энэ цаг үеийн Зэвсэгт хүчний удирдлагууд байсныг ч хошууч маань тодотгон ярилаа.
 
Ангийн захирагчаар одоогийн ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, бригадын генерал Л.Онцгойбаяр, бэлтгэл хурандаа Ч.Ерөөлцэнгэл, штабын даргаар Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, ажиллагааны удирдлагын тасгийн даргаар Тусгай хүчний цэргийн командлалын ренжер, хурандаа С.Түвшинбаяр зэрэг цэргийн дарга нарын ширүүн гараар чанагдаж, өөрийгөө багагүй зүйл сурсан гэж боддог гэв.
 
Үүний дараа 2014-2017 онд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд сургалт хариуцсан төлөвлөлтийн офицероос сургалтын дарга, 2017 онд Хуурай замын цэргийн командлалд сургалтын офицер, 2021 оны 11 дүгээр сараас нөхөн хангалтын офицероор сэлгэн томилогджээ. Хошуучийн ижий Д.Цэцэгмаа нь Зэвсэгт хүчинд энгийнээр олон жил ажиллаад тэтгэвэртээ гарсан аж. Түүний ханийг нь Б.Ганхишиг гэдэг, тэд 1-8 насны гурван хүүхэдтэй. Офицер болсон нь аав Төмөрбаатарынх нь залуу насны мөрөөдөл бөгөөд үүнийг нь гүйцээсэндээ талархаж явдгаа ч илэрхийлсэн юм. 
 
ЦЭРГИЙН ЗУРГААН ЦОЛ ЗҮҮСЭН БИЧЭЭЧ ЦЭРЭГ
 
Захиргааны удирдлагын хэлтсийн нууцын офицер, ахмад Чадраагийн Цогбадрах 2004-2005 оны хугацаат цэрэг. Түүний тухай сонирхолтой дурсамж нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хашаанд байлдагчаас ахлах дэслэгч болтлоо зургаан цол зүүж, 17 жил ажиллаж, амьдарсан үеүд санж. Угтаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумынх гэнэ. Гэсэн ч Дорнодод хугацаат цэргийн алба хааснаасаа хойш төрсөн нутаг шиг нь болтлоо идээшин дасаж, эрхлэн  амьдарч яваа залуу юм байна. 
 
Сумандаа арван жилийн сургуулиа төгсчхөөд “Цахим” дээд сургуульд график дизайн мэргэжлээр 2 дугаар дамжаанд суралцаж байхад нь тус сургууль татан буугдаж, арга буюу гэртээ эргээд харьж. Нутагтаа бас зүгээр суусангүй эх бэлтгэлийн үйлчилгээний цэг ажиллуулж байхад нь, сумын сургуулийн захирал компьютерын багшаар ажиллах хүсэлт тавьсан гэнэ. Тэр үед цэргийн зарлан ирж таарсан бөгөөд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хуваарилагдсан байна. Хугацаат цэргээс ирэнгүүтээ сумынхаа дунд сургуульд ирж багш болно гэсэн мөрөөдөлтэй явсан залуу харин ангийнхаа хашаагаар орсон цагаасаа хойш өөрийн хүсэл мөрөөдлөө олж, цэргийн амьдралыг сонгохоор шийдсэн гэнэ лээ. Компьютер мэддэг байсан давуу талаараа бичээч цэрэг ч болж. Тэр үед салааны захирагчаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч дэд хурандаа Н.Гүрбадам, Хуурай замын цэргийн командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Адъяа, ротын захирагчаар ҮБХИС-д ажиллаж буй хурандаа С.Эрдэнэ-Уянга нар ажиллаж “Цэрэг хүн бүх талаараа шалгарсан байх ёстой” гээд зааж, сургаж явсныг нь тодхон санадаг гэв. 
 
Халагдах болоход тус ангийн захирагчийн орлогчоор ажиллаж байсан бэлтгэл хурандаа Э.Мөнхчулуун болон өдгөө ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ц.Батмөнх нар “Эрхэм байлдагч аа, та албаа нэр төртэй хаалаа. Танаар бид бахархаж байна. Бид ийм дайчин цэргүүдээ улираах сонирхолтой байдаг. Танд үлдэж ажиллах боломж байна. Магад сайн ажиллавал ахлагч болох ч ирээдүй байгаа шүү” гэсэн. Энэ үг намайг хурцалж, цэргийн албыг сонгох үүд хаалга минь болсон. Тэр жилдээ гэрээт харуулчнаар ажиллаж, 6 сарын дараа буюу 2006 онд дэд ахлагч цолтой нууцын хэрэг хөтлөгчөөр томилогдож байлаа. 
 
Үндсэндээ Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 17 жил алба хаахдаа хугацаат цэргийн албанаас офицер буюу байлдагч, дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, дэслэгч, ахлах дэслэгч болтлоо зургаан цолыг зүүсэн байдаг юм. Ангийн нууцын хэрэг хөтлөгчөөс Хуурай замын цэргийн командлалд нууцын офицер болтлоо дэвшин ажиллаж байгаа гэсэн үг. Энэ мэдээж их сайхан он жилүүд” гээд өөрийнхөө түүхийг ангийнхаа үе үеийн хугацаат албаны дайчдад ярьдаг байснаа ч үргэлжлүүлэн хуучлав. Ангийн жижүүр, жижүүрийн туслахаар гарахдаа “Ах нь та нар шиг байлдагч явсан. Цэргийн байрыг модон шалтай байхаас нь эхэлж нүүр харагдтал нь зүлгэж, ангийн хашаанд гүйж харайж явсан минь хамгийн сайхан дурсамж. Хичээл зүтгэл байвал хэн ч амжилтад хүрч чадна” гэж омогшил, бахархалтайгаар ярьдаг байсан. Одоо ч гэсэн цэрэг явснаа ярих дуртай гэв. Мөн тэрээр нууцын хэрэг хөтлөгч, архивчаар олон жил тогтвортой ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг, мэргэжлээрээ үргэлж бахархдаг гэнэ лээ. Түүний ханийг З.Шинэцэцэг гэдэг Дорнод аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд бичиг хэргийн хөтлөгч, архивч хийдэг, тэд хоёр хүүхэдтэй. Хүү Ц.Анар есдүгээр анги, охин Ц.Маралгоо хоёрдугаар ангийн сурагч гэнэ. Уг нь офицерын гэргий маань монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй ч ханийнхаа эрхэлдэг ажил албанд уусаж, бичиг хэргийн хөтлөгч болон “урвасан”-ыг ярилцлагынхаа төгсгөлд нийтлэлийн баатар маань онцолж байлаа.
 
 
"Хуурай замын цэрэг" сонин, ахлах дэслэгч Д. Болор