sonin.mn
"No War" хөдөлгөөний Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Э.Одбаяр нарын иргэдийг суугаа/харьяа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй буюу "зорчих эрхийг хязгаарлах" ял оноосон билээ. Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд холбоотой гомдлоор тэдэнд эрүүгийн хэрэг анх үүсгэсэн тухай дээрх залуус өгүүлж байв.
 
Үүнийг ч нотлон, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан өөрийн сошиал хуудастаа: "Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг...
Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ." хэмээн бичжээ.
 
Үүнтэй холбоотой нэгэн сэдвийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хөндөв.
 
Тодруулбал тэрээр өөрийн twitter хуудастаа: "Л.Оюун-Эрдэнэ ээ чи, З.Энхболдыг гүтгэхэд гүтгэхэд, тэрээр залуу хүний ирээдүйг бодож өргөдлөө татаж байсныг мартаа юу? АН-ыг эрх барьж байхад бид тэднийг бишгүйдээ л доромжилж, элдэв лоозон барьж жагсаж л байсан. Тэглээ гээд тэд биднийг шүүхдэж, шогтож, байгаагүй шүү! Хайран залуус!" хэмээн жиргэв.
 
Үнэхээр ч УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа тухайн үеийн НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга асан З.Энхболдыг сонгуулийн санал тоолдог хар машины үйлдвэрлэгч компанид хувьцаа эзэмшдэг гэж гүтгэсэн нь тогтоогдож, улмаар ял авч мэдэх нөхцөл байдал үүсээд байсан юм.
 
Яг энэ үед тэрээр Харвардын их сургуульд тэнцсэн байв.
 
Гэвч  ял авах, ял авдаггүй юм гэхэд удаан үргэлжлэх хуулийн процессийн улмаас тус сургуульд суралцах боломжгүй болох эрсдэл үүссэн тул Л.Оюун-Эрдэнэ эдүгээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн УИХ-ын гишүүн асан нэгэн эрхэмээр зуучлуулан, З.Энхболдоос уучлалт гуйж, гомдлоо татахыг хүссэн байна. З.Энхболд ч залуу хүний ирээдүйг баллаад яах вэ? дээ хэмээн уужуу зан гарган гомдлоо татаж байжээ.
 
Гэтэл өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн гомдлоор нэр бүхий залуус мөн л уг үйл явдалтай төстэй зүйлчлэлээр ял авсан билээ.З.Энхболдын хэмжээний уужуу зан, ардчилсан үзэл Л.Оюун-Эрдэнэд байсангүй гэж үү?
 
С.Сарнай