sonin.mn
“Зууны мэдээ” сонин Төрийн хүн булангийнхаа зочноор Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан, доктор /Ph.D/ профессор, гавьяат хуульч, хошууч генерал Д.Чимэд-Юндэнг урьж ярилцлаа.
 
 
 
-Дэлхийн геополитик таавар­лашгүй боломж, сорилт авчирч буй цаг дор тантай ярилцаж буй учраас үндэсний эрх ашгийг хамгаалах асуудлыг илүүтэй онцлохыг хүсэж байна. Дэлхий нийтийн ийм ээдрээтэй цаг үед Монгол Улсын үндэсний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ, Монгол Улсад учирч болох сорилтуудын өмнө тусгай албаны бэлтгэл, үүрэг оролцоо ямар байх вэ?
 
-Дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хүндэрч байна. Том гүрнүүдийн сөргөлдөөн, ОХУ, Украины мөргөлдөөн,  Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаа зэргээс үүдсэн геополитикийн нөхцөл байдал шинэ сорилт болж байна. Хүн төрөлхтний түүхийг том зургаар нь аваад үзвэл том гүрнүүдийн сөргөлдөөн болж нутаг дэвсгэр, “олз”-оо булаан авч хэсэг зуур чимээгүйхэн төвхнөөд тэрхүү нөөц нь дуусаад ирэхээр дахиад нөлөөллийн хүрээгээ тэлэх, дэлхийг хуваах байдал ажиглагддаг. Үүний нэгэн адил  өнөөдөр ч дэлхий дээр эрчим хүчний түүхий эдийн хомсдол үүсэж байгаа нь шинэ газар нутаг, түүхий эд олох том гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлийг дахин эрчимжүүлж байна. Дэлхий нийтийн ийм ээдрээтэй цаг үед Монгол Улсын үндэсний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг бол тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын нэн тэргүүний  зорилт яах аргагүй мөн. 
 
Том эрх ашгийн тоглолт дундаас Монгол Улс яаж зөв зүйтэй алхам хийх, эцэстээ геополитикийн ашигтай нүүдэл хийх вэ гэдгийг хайх ёстой. Харин тэр бүхэн нь Монгол Улсын мөнхийн ашиг сонирхол, язгуур эрх ашиг байх учиртай. Тиймээс өнөөдөр хүчний харьцаа хаашаа явж байна вэ, хоёр том гүрний дунд байрладаг орны хувьд боломж, сорилтыг урьдчилан харах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ингэж урьдчилан харах, угтаж тоглолт хийхэд тусгай албаны үүрэг оролцоо их. Ер нь Монгол Улсын түүхэн хөгжлийн бүхий л үйл явцад дайн дажин, ялалт, хөгжлийн бүхий л цаг үед ил гардаггүй л болохоос тусгай алба хэмээх далд фронтын дайчдын гавьяа их л дээ. Далд байдаг ч өгөөжөө өгч л байдаг маш чухал үйл ажиллагаа учраас тусгай албаныхан маань ч үүрэг, зорилгоо гүнзгий ухамсарласан байдаг.
 
Олон улсын нөхцөл байдал цаашид хэрхэх нь тааварлашгүй, тодорхойгүй байгаа  энэ үед зөв тактик хэрэглэхгүй бол тэгэх, ингэх байх гэсэн таамаглалаар буруу төсөөлж Монгол Улсын эрх ашгийн асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй. Нарийн судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй.
 
Монголын үндэсний аюулгүй байдалд тулгарч байгаа бас нэг том сорилт бол сүүлийн үеийн асар хурдтай хөгжиж буй технологийн шинэчлэл болж байна. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан,их өгөгдлийн шинжилгээ, мэдээллийн технологийн бодлого төлөвлөлт санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, системийн шинжилгээ, аюулгүй байдлын төлөвлөлтийн чиглэлээр дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахын тулд хүний нөөцөө бэлтгэх хариуцлага цаг үе тулгарч байна.
 
 
 
ТОМ ГҮРНҮҮДИЙН НӨЛӨӨ БАЙСАН Ч АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ҮНДЭСНИЙ ЭРХ АШГАА ОГООРЧ, МАРТАЖ БАЙГААГҮЙ
 
 
-Тагнуулын байгууллага дараагийнхаа шинэ зуунтай золгож байгаа энэ цаг үед Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Монголын олон улс судлалын Алтан аргамж холбоо хамтран “Аюулгүй байдал судлал Монголд” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах үеэр олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Таны илтгэлд шинэ үеийн аюулаас хамгаалах байгууллагын үүрэг оролцоог онцолсон. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсийг тоймлож харвал юу хэлэх вэ. Түүхээс харвал том гүрнүүдийн нөлөө аюулаас хамгаалах байгууллагад байсан гэдэг?
 
-Энэ жил Тагнуулын байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын  хөгжлийн бүхий л үе шатанд тагнуулын байгууллага төр засгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, эх орныхоо язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах үүргээ амжилттай биелүүлж ирснийг өнгөрсөн зууны түүх гэрчилнэ. Гэхдээ энэ зам дардан байгаагүй. Социалист нийгмийн үед ЗХУ-ын нөлөө ихэсч сургагч мэргэжилтнүүдээс эхлээд манай ажил албанд оролцож зааварладаг, дээгүүрээ улс төрийн дарамт, шахалт үзүүлдэг хүнд хэцүү цаг байсан. Энэ цаг үетэй холбоотой архивын зарим баримт материал Засгийн газрын шийдвэрээр ил боллоо. Жишээлбэл, лам нарыг хоморголон устгаж, хэлмэгдүүлж байсан үед ч  тагнуулын байгууллага далдуур лам нартайгаа Монгол Улсынхаа үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллаж, тэднийхээ эрдэм мэдлэг, хүч нөлөөг ашиглаж  байсны нэг бодит жишээ бол Дилав хутагтын түүх. Дилав хутагт Монгол Улсынхаа төлөө яаж тусгай үүрэг гүйцэтгэж явсан, НҮБ-ын гишүүн болоход хэрхэн хувь нэмрээ оруулсан зэрэг гавьяа, зүтгэл нь мартагдаагүй харин ч тагнуулын байгууллагын гадаад дахь үйл ажиллагааны нэгэн амжилт болсон нь ил тод болж байна.  Тусгай албаны үйл ажиллагаа цаг хугацаагаар хязгаарлагдаж, тодорхой цаг үе өнгөрсөн хойно ил болдог онцлогтой.
 
 Том гүрнүүдийн нөлөө байсан ч аюулаас хамгаалах байгууллага үндэсний эрх ашгаа огоорч байгаагүйг, үндэснийхээ аюулгүй байдлын төлөө тэмцэж байсныг архивын ил болсон олон баримтаас харж болно. 1926 онд ЗХУ-аас сургагч багш нарыг урин ирүүлэх түр журам гаргаж, тэдний үйлдлийг хянах, зарим үед буцаах арга хэмжээ авдаг байсан. Гэтэл үүнийхээ төлөө Дотоодыг хамгаалах газрын дарга асан Хаянхярваа  баригдаж амь насаараа хохирсон түүх бий. Энэ мэтээр хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцэж байсан хүмүүс амь насаараа хохирсон олон харамсалтай жишээ баримтыг хэлж болно. 
 
 
 
МОНГОЛЫН ТУСГАЙ АЛБА ОРЧИН ЦАГИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА БОЛЖ ЧАДСАН
 
-Түүхийн үнэн бодит байдлыг судалгаа гаргаж ирдэг. Тиймдээ ч дэлхий нийтийн чиг хандлагаас харвал тагнуул судлал эрчимтэй хөгжиж энэ сэдвээр доктор, магистрын түвшинд хүртэл гүнзгийрүүлж хамгаалах боллоо. Харин манайд тагнуул судлал төдийлөн хөгжихгүй, тагнуулын байгууллагын соёл төлөвшөөгүй байна гэж “Аюулгүй байдал судлал Монголд” эрдэм шинжилгээний хурлын үеэр зарим судлаачийн илтгэлд дурдсан байсан. Тагнуул судлал ном сэтгүүлээс хэтрэхгүй байна гэдэгтэй санал нийлэх үү?
 
-Судлаачид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ аль өнцгөөс нь харав гэдэг өөр хэрэг. Тагнуул судлал сүүлийн үед олон улсын хэмжээнд харьцангуй сайн хөгжиж байна. Энэ чиглэлээр судалгаа хийнэ гэдэг тусдаа. Харин Монгол Улсын хувьд тагнуулын албаны хүний нөөц боловсон хүчнээ өөрөө бэлтгэдэг болсон нь том дэвшил, гавьяа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын дээд сургууль нэртэй байсан, өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний тагнуулын академи нэртэй болсон эрдэм шинжилгээ судалгааны томоохон байгууллага байна. Энэ бааз суурин дээр эрдэмтэн судлаачид доктор, магистрын зэрэг хамгаалж, судалгааны ажлууд хийгдэж байна. Мэдээж цаашид илүү өргөн далайцтай хүрээнд үргэлжлээд явна л даа.
 
Жишээлбэл, өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлтийн үеийн тагнуулын байгууллагын түүхийг үнэн зөвөөр гаргаж тавих нь  хойч залуу үедээ зөв мэдээлэл олгох, эх оронч төлөвшил хүмүүжлийг бий болгох, үндэсний түүх соёлоороо бахархахад ач холбогдолтой.
 
Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хамгаалахад ийм арга ажиллагаа явуулж ирсэн гэдгийг залуучууд бага багаар мэдэж эхэлж байгаа нь сайшаалтай. Яг нарийн ярих юм бол Монгол Улсын тагнуулын түүх бол 100 жилээр хязгаарлагдахгүй. Чингис хааны үед ч тагнуулын байгууллага байсан шүү. Орчин үеийн тагнуулын байгууллага гэдэг хүрээнд л ярьж байгаа болохоос маш олон жилийн түүхтэй л дээ.
 
-Саяны эрдэм шинжилгээний бага хурлын үеэр тагнуул төрөөс баримтлах бодлогогүй явж байна гэж судлаач онцолсныг та сонссон байх?
 
-Судлаач яг ямар өнцгөөс нь харж ийм үндэслэл гаргаж ирснийг мэдэхгүй юм. Хувь судлаачийн судалгааны өнцөг байгаа байх. Тагнуулын байгууллага нь  Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай болон Гүйцэтгэх ажлын тухай хуулиудыг мөрдлөг болгон, төр, засгийн зүгээс Тагнуулын байгууллагын өмнө тавьсан зорилтыг биелүүлж ажиллах л үүрэгтэй.
 
-Тагнуулын байгууллага өмнө нууц даалгавраар үйл ажиллагаа явуулдаг бол бие даасан хуультай болох хэлбэрээр хөгжлийн үе шат үргэлжилж байна. Ер нь бүрэн утгаараа орчин цагийн тагнуулын байгууллага болж чадсан уу гэвэл?
 
-Монгол үндэстэнд түүхийн онцлог цаг үеүдэд ямар бэрхшээл тохиож байсныг хөгжлийн үе шатаар нь өнгөц харвал XVI-XIX зуун хүртэл монголчууд үндэстнийхээ хувьд тэсэж үлдэх бодлого баримталж ирсэн. Улмаар тусгаар тогтнолоо сэргээх мандуулах, төр засгаа байгуулах онцлог цаг үе тохиолоо. Мөн тодорхой цаг үед том гүрнүүдийн нөлөөнөөс хэрхэн ангижирч, даван туулж ирэв гээд үзвэл олон л зүйл хэлж болно. Хөгжлийн энэ томоохон үе шат болгонд хэдийгээр гадны нөлөө, шахалт дарамт байсан ч Монголын тусгай алба өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, үндэсний эрх ашгаа хамгаалан авч үлдэхийн тулд яаж тэмцэж байсныг гэрчлэх баримт хангалттай бий.
 
Монгол Улс 1990 оноос хойш  парламентын засаглалтай орон болж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмыг  Үндсэн хуулиндаа зааж, төрийн бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдах болсон билээ. Нэг намын тогтолцоо бүхий социалист нийгмийн үед төв хорооны даалгавар, Засгийн газрын нууц тогтоолоор ажиллаж байсан түүхийн үе бий л дээ. Түүхийн нэг үеийн үргэлжлэл болж Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжин орсноос хойш  1997 онд Монгол Улсын тагнуулын байгууллагын тухай, Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль батлагдсан байдаг. Дээр нь шинэ Үндсэн хууль батлагдан, Үндэсний аюулгүй байдлын тухай хуультай болсноор энэ бүх эрхзүйн актууд Монголын тагнуулын байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, ингэснээр аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн орчин цогцоор бүрэлдсэн юм. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдана Ийм л үе шатаар явж байгаа юм. Энэ мэт тодорхой шалгууруудыг даван туулж, өнөөдрийн ардчилал зах зээлийн нийгмийн үед өөрийн үйл ажиллагааг зохицуулдаг хуультай, бие даасан үндэсний боловсон хүчинтэй боллоо. Тагнуулын байгууллагын арга ажиллагааг өөрсдөө боловсруулж, өөрийн тагнуулын арга ажиллагаатай ,орчин үеийн техник хангамжтай болно гэдэг том дэвшил. Энэ үзүүлэлтүүд бол Монголын тусгай алба орчин цагийн  тагнуулын байгууллага болжээ гэдгийг харуулж байгаа юм.
 
 
 
ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮРЭГ, РОЛИЙГ ЦОО ШИНЭЭР ОРУУЛЖ ИРЭХ ШААРДЛАГАТАЙ
 
 
-Сүүлийн үед тагнуулын байгууллагын нэр хүнд сайнгүй байх шиг. Гэнэт гүйцэтгэх ажиллагаа явууллаа зэргээр шүүмжлүүлж л байна. Та нэг үе удирдаж явсан хүний хувьд дүгнэж л суудаг биз дээ?
 
-Тагнуулын байгууллагын нэр хүнд ямар байна вэ гэдэг их сонин ойлголт л доо. Бусад байгууллага шиг үйл ажиллагаа нь ил явагддаггүй, ажлаа ард түмэнд тайлагнаад байдаггүй. Тиймээс шууд үнэлэлт дүгнэлт өгөх боломж байдаггүй, хардлага сэрдлэг их дагуулдаг. Нөгөө талаас тагнуулын байгууллагын үйл ажиллагааг шууд харьяалдаг Засгийн газар, шаардлагатай бол шалгалт ч хийх эрхтэй УИХ-ын бүтэц, дээр нь тагнуулын байгууллага ажлаа тайлагнадаг төрийн институцууд гээд хяналт тавьдаг олон байгууллага байдаг. Тэд л үнэлэлт өгдөг.тагнуулын байгууллага хуулиар олгогдсон үндэслэлээр  хүний эрх, эрх чөлөөнд халддаг онцлогтой салбар. Аливаа мэдээллийг сайн ойлгоогүй эсвэл зориудаар мушгин гуйвуулах байдлаар тагнуулын байгууллагын нэр хүндийг унагах хандлага ч гардаг. Гэхдээ тэр бүгдээс үл хамааран тагнуулын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой. 
 
Тагнуул бол хэн нэгний хэлснээр ч юм уу дураараа ажилладаг байгууллага биш.  Өнөөдөр Монгол Улсын тагнуулын байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлж байгааг 100 жилийн ойн баярын хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тэмдэглэн хэлсэн билээ.
 
-Сүүлийн үед нууцын зэрэг­лэлтэй баримт материалуудыг байсхийгээд л нээлттэй болгодог боллоо. Мөн нууц нэрээр хүний эрх зөрчиж байх вий гэсэн хардлага ч тасрахгүй байна?  
 
-Тагнуулын үйл ажиллагаа нууц, түүнийгээ нууцалж чадаж байх ёстой. Харин тодорхой хугацааны дараа нууцаас гаргадаг. Цаг үеийн шаардлага ч бий байх. Үндсэндээ тухайн асуудлыг ил болгосноор Монгол Улсын үндэсний эрх ашигт хор хөнөөл учруулахгүй, ард түмэн мэдэж байх ёстой гэж үзсэний үндсэн дээр ил болгож байгаа хэрэг.Тагнуулын байгууллагын 100 жил болж байна гэдэг нь хууль журмаараа 60 жил хадгалсан материал ил болж болох нь ээ л гэсэн үг.
 
Нууцын цаана ямар нэг буруу зөрүү зүйл явагдаад байна гэж ялангуяа хэвлэл мэдээллийнхэн харддаг. Тийм зүйл байхгүй гэж бодож байна.
 
-Сүүлийн үеийн кейсээс харахад гадаадын тусгай албадад мэдээлэл дамжуулсан, тэдний нөлөөгөөр янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах байдал ажиглагдаж байна. Шүүхээр шийдвэрлэсэн тодорхой тохиолдол ч бий. Гэтэл тагнуулын байгууллага энгийн иргэнээ хилсээр яллалаа гэх нь ч байна?
 
-Тагнуулын байгууллагад ажиллаж байгаад больсон бол түүнээс хойш холбоо барих шаардлагагүй болдог албаны онцлогтой.Тиймээс тодорхой кейсийн талаар асууж байгаа бол би та бүхэнтэй адилхан л мэдээлэлтэй байна.
 
Харин тагнуулын байгууллагад олон жил ажилласан, иргэн хүний хувиар санаа бодлоо хэлж болно л доо. Гадны байгууллагатай хамтран ажиллах олон арга хэлбэр бий. Тагнуулын байгууллага тодорхой нэгийг нь олж тогтоогоод мөрдөж шалгаж байна гэдэг бол үндэслэлтэй болоод хийгдэж байгаа хэрэг. Бид хуультай нийгэмд амьдарч байгаа. Ямар нэг буруу зүйл хийлээ гэхэд шүүхээр шийдэгдэж байж л сая тодорхой болно шүү дээ 
 
Болгоомжгүй юм уу, тодорхой мэдлэггүйгээс гадна дотны тусгай албадын гар хөл болж,улс орныхоо үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Тиймээс яавал үндэсний эрх ашигт хор учруулах, учруулахгүй байх вэ гэдэг талаар хүн болгон маш сайн ойлголт мэдлэгтэй байх ёстой. Нэг талаасаа энэ чиглэлийн сургалт хүмүүжил, соён гэгээрлийн ажил дутагдалтай байж магадгүй. Нөгөө талаас үндэсний үзлийг төлөвшүүлэх, үүх түүхээ мэдэж эх орноо хайрлах, бахархах учиртай. Өнөөдрийн энэ тусгаар тогтнол, хил хязгаар бүрэн бүтэн амар амгалан байдал ямар үнэ цэнээр бидэнд олдсоныг мартах ёсгүй. Улс орны аюулгүй байдалд хүн бүрийн оролцоо чухал, хүн болгон хамгаалж, хувь нэмрээ оруулдаг байх ёстой.
 
Дахин хэлэхэд улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал. 
 
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх асуудал яригдаж байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн хэрэгцээ шаардлага ч бий байх. ҮАБ-ын үзэл баримтлал өмнө нь ямар байсан, одоо ямар болчхоод байна вэ. Цаашид яах вэ гэдэг дээр үгээ хэлэх гол хүмүүсийн нэг нь таныг гэж бодож байна?
 
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх асуудал нэлээн яригдаж байгаад одоо шинэчлэх шатандаа орж байх шиг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өөрчлөх хэд хэдэн шалтгаан бий. Тэр дундаас хоёр чухлыг нь дурьдвал манай улсын гадаад орчин буюу олон улсын нөхцөл байдал тэр чигээрээ өөрчлөгдлөө. Том гүрнүүдийн харилцаа хурцдаж өмнө нь амар амгалан, тайван сайхан байсан газар орон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж байна. Гадаад нөхцөл байдал хурцдаад ирэхээр дотоодод үүнийг дагасан шууд ба шууд бус өөрчлөлтүүд бий болно. Энэ гадаад, дотоод өөрчлөлтийн улмаас үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа эргэн харах  нөхцөл мөн үү гэвэл мөн.
 
Түүнээс гадна манай хоёр хөршөөс эхлээд бусад олон улс орнууд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гол зарчмуудаа эргэн харж, өөрчилж байна. Иймээс өнөөгийн орчин нөхцөлтэй нийцүүлэн үзэл баримтлалаа эргэн харах зайлшгүй шаардлага тулгарч байна. 
 
Монгол Улсын үндэсний эрх ашигтай холбоотой гол асуудлуудыг маш тодорхой болгож гаргаж тавих хэрэгтэй. Дээр нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үүрэг, ролийг шинэ нөхцөл байдалтай уялдуулан цоо шинээр тусгаж өгөх шаардлагатай гэж боддог. Харин энд нэг таатай нөхцөл бүрдэж байгаа нь ҮАБ-ын үзэл баримтлалыг шинэчлэхээс авхуулаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэхэд Ерөнхийлөгч болон түүний тэргүүлдэг ҮАБЗ-ийн зүгээс ихээхэн хүчин зүтгэл гаргаж байгаа явдал юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр нь монгол орны экологийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байгаа цөлжилтийн эсрэг чухал хөтөлбөр бөгөөд НҮБ-ын зүгээс ихээхэн дэмжлэг авсан нь манай улсын нэр хүндэд сайнаар нөлөөлж байна. Мөн олон улсын ээдрээтэй энэ цаг үед хөрш орнуудтай болон дэлхийн нөлөө бүхий улс орнуудтай идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа нь манай улсын олон улсын нэр хүндийг өргөх, аюулгүй байдлын дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Ийм таатай нөхцөл байдалд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд өөрсдөө ихээхэн санал, санаачлагатай ажиллах хэрэгтэй юм.
 
-Төрийн алба тэр дундаа тус­гайл­сан чиг үүрэгтэй байгуул­лагад олон жил ажилласны хувьд төрийн хүн ямар байх ёстой. Тэр тусмаа улс орны нийтлэг эрх ашиг, олон нийтэд үйлчлэх үүргээ ухамсарлах тал дээр ямар бодолтой явдаг вэ?
 
-Иргэн хүний хувьд монгол төрийн нэр хүндтэй холбоотой асуудалд сэтгэл зовниж, эмзэглэж явдаг. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдлэг мэдээлэл олгох сургалт, сурталчилгааны ажил зайлшгүй хийгдэж байх ёстой. Төрийн албан хаагчид тодорхой хэмжээнд нууцтай харьцаж байдаг учраас энэ чиглэлийн сургалт байнга хийх хэрэгтэй. Хийгдэж ч байгаа. Харин чанар, давтамж ямар байгааг мэдэхгүй юм.
 
Төрийн албанд орсон л бол Монгол төрийн хүн болж байгаа. Төр алдаа гаргах ёсгүйг ухамсарлах ёстой. Монгол төр хэзээ хүчтэй байх вэ гэвэл төрийн алба үнэнч шударга, авлига хээл хахууль байхгүй, чиг шугамаа баримталж жигд ажилладаг болсон цагт хүчирхэг болно. 
 
Төрд жижиг албан тушаал гэж байхгүй. Төрийг түшмэдүүдээр нь шинж гэсэн үг бий. Өөрөөр хэлбэл, түшмэдүүд, шат шатны албан хаагчид бүгдээрээ сайн мэргэжилтэн, сайн шударга ажилтан байх ёстой гэж боддог, Төрийн ажил нэг нэгнээсээ ихээхэн хамааралтай, цагийн механизм гэсэн үг, нэг механизм нь дутуу ажиллавал доголдоод ирнэ гэсэн үг. Тиймээс хувь хүний хариуцлага маш өндөр Тэр хэрээр шалгуур, босго өндөр байх хэрэгтэй гэж боддог доо.
 
 
С.УЯНГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин