sonin.mn
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүнийнхээ хөгжлийг орхигдуулсан дутагдалтай. Уг нь чөлөөт нийгэм гээд хаа сайгүй л хувийн их, дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг л ар араасаа байгуулагдсан.
 
 
Гэвч эдгээр сургууль хүнийг хөгжүүлэхээсээ илүүтэй бизнесийн мөр хөөж, сурлагын чанараас илүүтэй оюутны тоо, сургалтын төлбөртөө анхаарч байсан. Тиймээс ч диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн тоо хүрээгээтэлсэн.
 
 
Цаашлаад худалдааны газрууд ажилтан шалгаруулж авах журамдаа "их, дээд сургууль төгссөн, дипломтой худалдагч авна" гэсэн зар тавьж байх вэ.
 
 
Тиймээс ч 2006 онд эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад төгссөн бэхний үнэр нь ханхалсан цоо шинэ дипломоо өвөртлөн ирж, Эвслийн Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байх үедээ "Монголчууд бид хотон дахь малаа тоолж, зүсэлж мэдэж байгаа хэрнээ саахалт айлаасаа эхлээд сум, аймгийн иргэнээ танихгүй байна.
 
 
Дарга нар малаа, хөрөнгөө тоолох бус хүнээ тоолж, таньж, нүдэлдэг байх хэрэгтэй" хэмээн хэлж байхав. Тухайн үедээ хүнээ таньсанаар хөгжүүлэх нь юу л бол гэж бодогдож байсансан. Энэ бодол ч эндүүрэл бус байлаа. Учир өнөөдөр сум, багийн төлөөлөгчид дотор бичиг үсэг мэдэхгүй хүн хүртэл сонгогдлоо.
 
 
Ядаж сум, багийн Засаг дарга, хурлын даргыг томилоход бичиг үсэг мэддэг, ЕБС төгссөн байх шалгуур хэрэгтэй байна, Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд ийм заалт тусгаж өгмөөр байна гэдэг саналыг орон нутгийн сонгогчид тавьж байна лээ.
 
 
Үнэндээ ч боловсролын чанар муу байгаа нь өнгөрсөн жилийн төгсөгчдөөс харж болох юм. Жишээлбэл, 2012-2013 онд элсэгчдийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авч, хангалтгүй үзүүлэлттэй байна.
 
 
Тиймээс Засгийн газраас багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа гаргалаа.
 
 
Уг шийдвэрт "Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувь, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлнө.
 
 
Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтална" гэж заасан байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргалаа.
 
 
Уг зарлигт Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар (Ерөнхий сайд Н.Алтанхуяг)-т чиглэл болгосон байна. Үүнд:
 
 
1. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох,
 
2.Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох,
 
3.Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны хоёрдугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах,
 
4.Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх зэрэг заалтууд оржээ.
 
 
Шинэчлэлийн Засгийн газар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүний хөгжлийн бодлогыг зангидан ажиллуулж байгаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "2000 онд Хүн амын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулсан.
 
 
Тунхагийн шинэ чанартай баримт. Өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Амьдралд тусгалаа олоогүй. Тиймээс өнөөдөр бид хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг судалгаатайгаар хийж боловсруулж хуулиа баталъя гээд байгаа юм.
 
 
Бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт гээд яриад байгаа мөртлөө Монгол хүний хөгжлийн асуудлыг орхигдуулах маягтай. Эдийн засгийн өсөлтөө хүн амынхаа хөгжил рүү яаж чиглүүлэх вэ. Дан ганц зам гүүр, барилга бариад байх юм уу, хүн амын хөгжил рүү чиглэсэн ажил хийх юм уу.
 
 
Эдийн засгийнхаа хэдэн хувийг хүн амын хөгжлийн бодлогодоо тусгах юм бэ гэх мэт томоохон бодлогын шинж чанартай асуудлууд орхигдоод байна. Хүн амаа хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжихгүй. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгждөг.
 
 
Тийм учраас хөгжиж байгаа болон ядуу буурай аль ч улс орон хүнийхээ хөгжилд маш их анхаардаг юм шүү дээ" хэмээн ярьж байсан. Энэ хүрээндээ тус яамнаас "Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт" үндэсний чуулганыг зохион байгуулсан.
 
 
Энэ чуулган холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй залуус оролцож, залуучуудын хөгжлийн асуудлаар ярилцлаа.
 
 
Ийнхүү төр, засгаас багш бэлтгэх чанарт анхаарч, цаашлаад оюутан залуусаа дэлхийн шилдэг их, дээд сургуульд өрсөлдүүлэн, холбогдох салбараас хүнийхээ хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлснээр Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн, энэ хэрээр улсынхаа хөгжлийг ч хурдасгах нь ээ.
 
 
С.Сэргэлэн
 
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин