sonin.mn
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр, Төрийн ордны цэцэрлэгт төрхгүй авирлаж буун дуу гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ гэх мэдээлэл энд тэндгүй гарчээ. Төрөлхийн гэмээр тэмцэгч эл эрхмийн эх оронч, эх нутгаа гэх сэтгэл нь ихээ эртнээс улбаатайг мэдэх хүн харин хэд байдаг бол.
 
Сонирхуулахад түүний Онги голын төлөө "босох" болсон шалтгаан нь өөрийнх нь ээжтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, ээж нь алтны уурхайнуудын бохирдуулсан Онги голын усыг ууснаас хордож нас барсан төдийгүй төрсөн хүү нь мөн л хордон өвчилж байсантай холбоотой.
 
Ямартай ч мань хүн Онги голыг хамгаалах хөдөлгөөнөө байгуулж голын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байсан 36 алтны уурхайн 35-ыг нь хаалгаж чадсан. Мөн Онги голын дагуу мод тарьж, 16-н га-д жимсний төгөл байгуулсан нь өдгөө ихээ том төгөл болсон төдийгүй үр ашгийг нь нутгийн ардууд хүртэж, өглөө бүр Ц.Мөнхбаярын ажил үйлс амжилттай байгаасай гэж цайныхаа дээжийг өргөдөг нь маргашгүй үнэн. Итгэхгүй байвал очоод үзээрэй, түүний нутагт...
 
Эцэст нь тэмдэглэхэд Онги голыг бузарласан гол буруутнууд нь алтны магнат хэмээгддэг Г.Мянганбаяр болон "Эрэл"-ийн гэгддэг Б.Эрдэнбат. Хэрвээ тэд Онги голыг буртаглаагүй бол Ц.Мөнхбаярын ээж хордохгүй. Тэгээд мань хүн тэмцэгч болохгүй байсан, тийм үү? Бүх юм учиртай гэдэг энэ шүү дээ.
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин