sonin.mn

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол ёс суртахуун, зан заншил шарын шашинтай холбогдсон байдаг нь өдөр тутмын амьдралд цээрлэн баримталдаг ёс жаяг ард түмний сүсэг бишрэлийн зан үйлээс илт харагдана. Гэхдээ сүсэглэл, залбирлал нь ёс жудаггүй болжээ.

Монголын бурхан шашны их телөөлөл болсон халхын Зая бандида С.Лувсанпринлэйн бурхан шашин, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг дэлхийн эрдэмтэд өндрөөр үнэлдэг. Харин түүний хойд дүр 14-р Зая гэгээн Лувсанданзанпүлжигмэд цагаан сараас хойш хоёр ч удаа нутагтаа морилон ирж, нутгийнхандаа адис хүртээж байгаа билээ.

Зая гэгээн ирлээ. Бөөн хэрүүл маргаан, оочер дараалал, уур уцаар, бухимдал. Зая гэгээн ирсэн ирээгүй энгийн үед ч орж залбирал мөргөл үйлддэг гандангийн шүтээнүүдээ ч үл хайхран цөгцтэй зулыг татчих шахам дайрах юм. Нөгөө үйлдсэн нүглээ цайруулдаг ариун дагшин газар мөн үү, биш үү.

Түрүү удаад ирэхэд нь аравнайлж, залсан бурхныг нь Гэгээнтэнд оочерлосон сүсэггнүүд урчих шахам зүтгэж байгаад хийдийн ламыг бухимдуулсан. Тэгсэн энэ удаад ч бүр өмнөхөөсөө долоо дорджээ. Амьсгалах ч агааргүй болтлоо шахцалдаж, улайрсан сүсэгтнүүд өмнө хойноо орж ухаан жолоогүй зүтгэцгээнэ. Золтой л Гэгээнээ сэнтийнээс нь татаад унагаачихсангүй.

Адис хүртэлгүй л яахав. Гэхдээ ёс жудагтай, эмх цэгцтэй орж гараад байж болдоггүй юм уу хаашаа юм. Хамаг амьтны тусын тулд ард олны амгалангийн төлөө хөлсөө асгаруулан хуралдсан лам нар хийгээд Гэгээнтнээ ч бодож байгаа юм алга. Хэсэг завсарлав уу үгүй юу, аяга цайг нь ч уулгахгүй "адисаа хүртчихмээр байна" гэж албатай юм шиг хашгирна. Сүсэглээд байгаа нь ч мэдэгдэхгүй, доромжлоод байгаа нь ч мэдэгдэхгүй хувиа бодсон сүсэгтнүүдийн энэ үйлдлийг бурхан лав таапаагүй байх даа. Энэ маягаар сүсэглээд байвал хураасан буян чинь утгаа алдаж, адислал мөргөл чинь ёр болох вий дээ.

Г.Жавар
Эх сурвалж: "Архангайн амьдрал"