sonin.mn

 Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ саяхан төрийн соёрхолт Н.Жанцанноровын дуунуудаар тоглолтоо хийж, цоглог ихэмсэг алхаж явсан.

Халхын сайхан бүсгүйчүүдийн нэг, уртын дууч, тайзны сүрлэг хатагтайд бурхан цээл хоолой, ялдам ааль, үс зүсний гоо сайхан гээд бүгдийг харамгүй тэгш заяасан. Монгол бүсгүйн намба донж төгс, авьяас билгийн охь сүлэлдсэн Ш.Чимэдцэеэд цагтаа зүрх сэтгэлээ дэвсч уртын сайхан дуунд нь ухаанаа алдсан эрчүүд олон байсныг урлагийн нөхөд нь гэрчилдэг.

Залуу сайхан, урлагийн цуутай бүсгүйн амьдрал олны өмнө дэлгээтэй өнгөрч төр түмэндээ үнэлэгдэн хайрлагдсан тэрээр нэгэн үе гэр бүл үймүүлсэн ял зэмд унаж байв. Уртын дуучин Түвшинжаргалтай амьдрал холбохдоо эмэггэй хүний хувьд амсч болох бүхий л хов жив, хар хорыг нүд чихнийхээ хажуугаар өнгөрөөж байж шинэ бүхнээ эхлүүлж байв. Тэрхэн үед лав найз Ц.Хулангийнхаа бичсэнчлэн "Зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр л нэг амьдрах юмсан" гэдэг шиг л нам гүмхэн амьдрахыг хүсч байсан байх. Хэсэгтээ л хотоос зайдуу зусландаа өвөлжиж байлаа. Цаг хугацааны эрхээр тэдний амьдрал олны хэл үг татлахаа болиод ирэхийн үест бор дарсны асуудал босч ирсэн. Ш.Чимэдцэеэ тайзны ард зуу татаж байна гэх нь байсгээд л чих дэлсэх болсон.

Сүүлдээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд архины эмчилгээ хийлгэх боллоо ч гэх болсон. Урлагийн нэртэй төртэй хүний амьдрал олны хүндлэл дунд өрнөдөг болохоор гэж учирлах шүтэн бишрэгчид ч цөөнгүй байсан. Гэхдээ л үнэхээр ганц хүү нь ээжийгээ сэвхийтэл өргөөд, амьтан хүний нүднээс айж жийрхсэн байдалтай ирдэг гэх эмнэлгийнхний үг үнэнийг баталж байв. Ямартаа ч гадаад дотоод хаана ч хүндлэгдсэн уртын дуучинд сархад хүртэх шалтаг яалт ч үгүй амьдралд нь байсан бололтой. Сүүлийн үед түүнийг нөхрөөсөө тусдаа амьдрах болсон тухай шивэр авир хийх болсон. Даарин дээр давс гэгчээр саяхан Ш.Чимэдцэеэ гаазан плитка нь дэлбэрсний улмаас нүүрэндээ гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Урлагийн хүний хувьд гоо сайхандаа үлэмж хохирол амссан тэрээр ихэд сэтгэлээр унажээ. Тиймээс болж өгвөл бор дарсаар сэтгэлээ тайтгаруулчих санаатай эмнэлгийнхнийг чамгүй сандаргаж буй гэнэ.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр"