sonin.mn

Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер, “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгионыг “Нийслэлийн иргэн” булангийнхаа зочноор урилаа. Түүнтэй хүүхэд нас, уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцсан юм.

-Таны хүүхэд нас энэ их хотын яг хаах нь өнгөрөв?

-Хотод их олон төрөх газар байсангүй. Би нэгдүгээр төрөх газар төрөөд л энэ хотынхоо унаган иргэн болсон. Тухайн үед нэгдүгээр төрөхийн даргаар манай Б.Бадар-Ууганы ээж Х.Бадарч эгч ажиллаж байлаа. Мундаг том эх баригч эмч шүү дээ. Тэр чиглэлээрээ эрүүл мэндийн салбарын бурхан гэж хэлэгдэхээр хүн.

-Хөгжмийн зохиолч Долгион гэхээр л 40 мянгатын хүүхэд гэх нь бий?

-Герман элчингийн урд 60 айлын байр гэж байсан юм. Одоо ч бий л дээ. Бага тойрогт гэсэн үг шүү дээ. Тэнд л ухаан орсон. Тэндээсээ манайх Нэгдүгээр дэлгүүрийн байр руу нүүж байлаа. Тэр үед 40 мянгат баригдаж ашиглалтад ороод дахиад Үсчингийн байр руу нүүсэн. Тэр байранд шороонд бужигнаж тоглосон хүүхэд нас минь өнгөрсөн.

Тухайн үед МУГЖ Х.Төмөрбаатар том овчарка нохойтой, манай байрыг бужигнуулдаг хүүхэд байлаа. Тэндээсээ урагшаа зам гараад хоёр арктай байр руу нүүлээ. Их дэлгүүийн зүүн урд талд гэсэн үг. Байрны дугаараас илүүтэй тэгж л нэрлэдэг байсан. Тэндээсээ дахиад 51 дүгээр дэлгүүрийн байх гэгддэг 40 мянгатын байранд нүүж очиж их олон жил болсон доо.

Тухайн үед манай байрны нэгдүгээр давхрыг үйлчилгээний төв болгоно гэж хэсэг шуугисан. 40 мянгатын манай байрны нэгдүгээр давхар ингэж л үйлчилгээний төв болох эхлэл тавигдаж байсан юм. Социализмын үед шүү дээ. Тэндээсээ манайх 220 мянгат буюу циркийн хажуу талд нүүж очсон.

Манай Ангирмаа гэхэд л бидний 40 мянгатад амьдарч байсныг сайн мэдэхгүй. 220 мянгатын унаган охин болж таарч байгаа юм. Сүүлд 1974 онд Микрт айлын хүргэн болж ирсэн дээ.

Одоо бол Сансар хороолол гээд байгаа юм. Энд миний хүүхдүүд төрсөн. Эндээ одоо ч амьдарч байна. Нүүхийг ч хүсэхгүй байна. Ингэж л Улаанбаатар хотынхоо төвд буурь сэлгэж өссөн хүн дээ.

-Хүүхэд байхаасаа л 40, 50 мянгат гэсэн нэрийг их гайхдаг байлаа. Гэтэл тухайн хорооллын мкв-ын хэмжээгээр тэгж нэрлэсэн юм билээ?

-Тиймээ. Хамрах хэмжээгээрээ 40 мянган мкв болохоор тэгж нэрлэсэн юм билээ. Энэ 40 мянгатын загвар нь Оросын зарим хотод байдаг. Би өөрөө ч харж байсан удаа бий. Яг энэ архитектур, хийцээр хийсэн хороолол. Гэхдээ 40 мянгатаас илүү Бага тойрог манай хотжилтын үндэс суурь тавигдсан газар шүү дээ.

Ордны ард талын хоёр арктай байр бол хамгийн анхны байруудын нэг. Өөрөөр хэлбэл халуун хүйтэн устай, боловсон бие засах газартай байр гэдэг утгаараа тэр шүү дээ. Тэндээсээ 50,40 мянгат, 120 мянгат, Микр гээд байгуулагдсан шүү дээ. Гэхдээ 2, 3, 4, 5-н буудлынхан ч Улаанбаатарын унаган иргэд яах аргагүй мөн.

-Таны хүүхэд байх үеийн хотын зохион байгуулалт их цэгцтэй байсан байх?

-Их сонин. Одоо намайг ярихаар зарим залуус үнэмшдэггүй юм. Их дэлгүүрийн наад талын байранд бид бөмбөг өшиглөж тоглодог байлаа. Тэгэхэд бөмбөг маань машин зам руу гараад өнхөрчихдөг л байлаа шүү дээ.

Бид бөмбөгнийхөө араас машин зам руу гүйдэг. Энхтайваны гудамжинд хөл бөмбөг тоглодог л байсан гэсэн үг шүү дээ. Тийм л байсан. Ховорхон машин явна, чех улаан автобус явна.

Сайд дарга нар, чинээлэг айлын ганц нэг москвич, лада явдаг байлаа. 500 мянган хүнээр тооцож төлөвлөсөн хот шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ тоо гурав дахин нэмэгдчихээд байна. Тэгэхээр ингэж шавааралдаж, шахцалдахаас яахав.

-Таны залуу байх үеийн болзооны газрууд хаагуур байв. Тухайлбал, та гэхэд болзоот бүсгүйгээ хаана урьдаг байв аа?

-Нэгдүгээрт орц. Орцонд болзоо, банзан гитар тоглох гээд соёлын мэдээ солилцох, соёл бий болох бүх үндэс байлаа. Орц гэдэг соёлын төв байсан гэж би зоригтой хэлж чадна. Би өөрөө тэнд нь өсч бойжсон учраас тэр. Тэр үед парк, цэцэрлэг ховорхон байлаа.

Хүүхдийн парк анх баригдаж байхад миний яг идэр залуу нас таарч байлаа. Тэнд болзоно. Энхтайваны гүүр байна. Хүн болгоны болзооны газар ондоо байсан байх л даа. Аль болох хүний нүднээс хол болзохыг эрмэлздэг байж.

Яагаад гэхээр тэр үед одоогийнх шиг задгай байгаагүй. Их танагтай байж. Өнөөдрийнх шиг хүний нүдэн дээр эрх чөлөөтэй үнсэлцээд байдаггүй л байж. Жудаг, соёлтой байсан юм уу даа. Тэр үеийн болзооны газрууд их нандин байжээ. Утга учиртай. Бас кино үзэх соёл гэж байсан. Кино театруудад их болздог байсан юм байна.

-40, 50 мянгатыг атаманууд ихтэй байсан гэлцдэг юм билээ?

-Атаман гэдгийг өнөөдөр жаахан буруу, ташаа ухагдахуунаар ойлгоод байгаа юм. Кино, жүжигт үзүүлэхдээ нэг л их холливуудын загвар хөөцөлдсөн ч юмуу их цус нөж урсгах байдлаар үзүүлэх юм. 40, 50 мянгаттай холбоотой зарим ном зохиолыг харахад тухайн нутагт нь өсөөгүй хэн нэгэн ташаа юм биччихсэн ч байх шиг.

Тэр үед нэг нэгийгээ хутгалж цус нөж урсгасан юм бараг байхгүй байсан гэхэд болно. Эр хүн шиг нударгаараа үзчихдэг. Нармааг нь нээгээд жаахан цус харагдвал ялдаг л байлаа. Атаман гэдэг нь бусдаасаа бялдрын хувьд ч, сэтгэлгээгээр ч тэр арай илүү нэгэн л байлаа.

“Дөлгөөн Дон", “Сэргээсэн атар" зэрэг ном зохиолуудад гардаг шиг, “Баригдашгүй өшөө авагчид" кинонд гардаг атаман Бурнааш шигээр л атаман гэдгийг төсөөлдөгбайсан юм шүү. Манай 40 мянгатын атаман нь З.Зундарь. “Ард" кино театрын урд, хойд талын байрныхан хоорондоо их нийлдэг байлаа. Тухайн үед “Ард”-д кино үзэхээр ирсэн залуусыг зүгээр байлгахгүй дэггүйтэж явсан үе залуу насанд бишгүй бий.

Тэгээд кино театрынхаа ард гараад үзчихдэг. III, IV хорооллын дэнж чинь 500 айл гэж гэр хороолол байсан юм. 500-гийн атаман н.Туулайхүү гэж залуу байлаа. Одоо бодохоор зоригтой залуу байж дээ гэж боддог юм. “Ард"-д кино үзэх гээд ирэхэд нь Зундарь дуудаад л зодолддог. Нэгнийхээ хамарнаас жаахан цус гарангуут ялсанд тооцоод салдаг. Маргааш нь дахиад л нөгөө Туулайхүү хүрээд ирнэ. Дахиад л зодолдоно.

Сүүлдээ Зундарь маань Туулайхүүг чөлөөтэй кино үздэг болгож билээ. Миний найзуудын дунд атаманууд зөндөө л байсан. Гэтэл би хэзээ ч тэднийг хутга шөвөгтэй явахыг хараагүй. Одоогийн зарим залуусын хийгээд байгаа кинонд асtion маягийн хэтрүүлэг, байгаагүй зүйлийг мөрөөдөж дүрслээд байгаа юм. Үүнд шүүмжлэлтэй хандмаар л санагддаг юм.

Би өөрөө дунд нь бужигнаж явсны хувьд хэлэхэд арай өөр байсан юм шүү. Харин сүүлд хийгдсэн “Миний муу аав” гээд Микрын амьдрал, эстрад Жагаагийн тухай кино их таалагдсан. Энэ бол бодитхийгдсэн кино шүү. Энэ кинонд гардаг дүрүүд харин байсан дүрүүд. Тэгэхээр атаман гэхээр дүүрчихсэн хүмүүс биш байгаа биз дээ.

Юмыг эргэцүүлж боддог, амьдрал нь хайр дурлал, гэгээлэг зүйлсээр баялаг байсан. Зундарь гэхэд л сэхээтэн айлд өссөн, хөгжмийн боловсролтой. Монголын рок поп урлагийг хөгжүүлэх үйлсэд маш том хувь нэмэр оруулчихсан л хүн.

Өнөөдөр бид Зундарийнхаа урлагт оруулсан хувь нэмрийн талаар дуугарах л ёстой. Нэг айлаас төрсөн З.Зундарь, З.Хангал гэх ах дүү хоёрын зохиосон “Аяны шувууд", “Сэтгэлийн жигүүр” дууг мэдэхгүй хүн байхгүй л байна шүү дээ. Мэдээж аливаа хот, хүн ам бөөгнөрсөн газар муу зүйл байсан л байж таарна. Гэхдээ тийм айхтар байгаагүй юм.    

-Хотын дарга Э.Бат-Үүл үнэхээр 40 мянгатын хүүхэд байсан юмуу?    

-Мэдээж. Э.Бат-Үүл миний багын найз. 77 дугаар байр гэж долдугаар гуанзны хажуутал, уушингийн ард талын байр. Бас л сахилгагүй байр байсан. Тэр үед байр байраа хөөрхөн зодоон цохион хийчихдэг байлаа. Бат-Үүл миний мэдэхийн их зоригтой хүүхэд байсан.

Их шазруун, сахилгагүй, хөгжим их сонирхдог хүүхэд байсан даа. Зундарь, бацаан Зоригоо, Бат-Үүл гээд бид хэд нийлж, найзалж явсан үе бий. Бат-Үүл биднийг холбосон бас нэг зүйл нь “Битлз” хамтлаг. Бид чинь шүтэн бишрэгчид шүү дээ. 60-аад онд маш том хувьсгал гарсан нь “Битлз”-ийн эрин үе эхэлсэн явдал.

Нөгөө л орцондоо нууцаар мэдээлэл, пянзаа солилцдог, зардаг, наймаалцдаг байлаа. Асар том хөдөлгөөн байсан. Манай Бат-Үүл их идэвхитэй цуглуулагч байлаа. Битлзийн хамгийн анхны цуглуулга бүхлээрээ  Бат-Үүлд байдаг байсан.

Тийм ховор цуглуулгыг цуглуулчихсан байна гэдэг тухайн үед их чармайлттай байсныг нь харуулж байгаа юм. Тийм болохоороо ч өнөөдөр урлаг соёлынхныг их ойлгодог. “Найрсаг Улаанбаар” гээд энэ хөтөлбөрийг хийж байгаа нь ч үүнтэй холбоотой байх. Апиваа хот, суурин газрын илэрхийлэл нь орчин цагийн урлаг нь шүү дээ.

-Тухайн үед бүгдээрээ хоч нэртэй байжээ. Таны ярианаас сонсоход бацаан Зоригоо, эстрад Жагаа гэх мэтчилэн ярилаа. Тэгвэл та ямар хочтой байв?

-Намайг тэгж их хочлоод байдаггүй байсан шүү дээ. МУГЖ Б.Сарантуяа бол Доли ах л гэдэг. Долгион гэдгийн товчлолууд л яваад байгаа юм. Миний дотны найзууд намайг Доля гэдэг.

“Нохойтой дөрвөн танкчин” гэж кино гардаг байхад Руди гэж нэрлэдэг байсан. Орос сургуульд сурч байсан болохор Дубровский энэ тэр гэх үе байсан. Түүнээс яг зүүгдчихсэн хоч бол байхгүй ээ.

-Доля ахын бага охиныг нь Соля гэдэг байх аа?

-Миний хэнз охин л доо. Манай аав Москвад ажиллаж байсан. Би нэгдүгээр ангидаа Москвад сургуульд орж байсан юм. Тийм болохоор ч тэр үү манайд орос хэл, орос хүмүүжил их бий. Солнушка буюу нархан гэдэг нэр нь товчлогдоод Соля болчихсон юм. Эгчийнх нь өгсөн хоч доо.

Миний охин чинь намайг 46, миний ханийг 45 настай байхад төрсөн юм шүү дээ. Тийм ч түгээмэл тохиолдол биш учраас охиндоо их анхаарна шүү. Одоо 14 хүрч байна. Сүүлийн үед их хөгжим сонирхдог болоод байна.

-Аавынхаа тухай дурсъя. Их мундаг дуулдаг хүн байсан гэдэг?

-Миний аав Архангай аймгийн Мөрөнгийн уугуул Чадраабалын Балчинжав гэж хүн байлаа. Их гоё дуулдаг, шүлэг бичдэг яруу найрагч хүн байсан. Монголын шилдэг яруу найрагчдын түүвэрт шүлгүүд нь орсон л байдаг. Бас л улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж хэвлэн нийтлэх эрхээ хязгаарлуулж явсан хүн.

Түүнээс уран бүтээлээ туурвиад явсан бол мундаг яруу найрагч байх байсан болов уу. Бас хэлний их авъяастай, орчуулагч хүн байсан. Амьдралынхаа сүүл үед “Миша” гээд орос сэтгүүлийг монголоор гаргаж байсан буянтай хүн шүү. Аав минь их гоё тёнор хоолойтой хүн байлаа.

1953 оны Дэлхийн залуучууд оюутнуудын их наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав гуайтай зэрэгцээд дуулж байсан гэдэг. Нутаг усандаа их хайртай хүн байсан даа.

Бид чинь эцэг эхээсээ дөрвүүлээ. Дөрвөн хүүхдээ их зөв хүмүүжүүлсэн хүн гэж боддог доо. Манай Ангирмаа бас аав ээжийн их хэнз охин. Ээж минь ч их хөгжмийн сонсголтой хүн байсан. Тийм болохоор л бидэнд ийм жаахан жаахан авьяас заяасан байх.

-Таны анхны гитарыг МУГЖ Д.Галсанбат агсан хөглөж өгч байсан гэдэг. Тэр өдөр нь таны 11 насны төрсөн өдөр байсан гэдэг юм билээ?

-Галсанбат бид хоёр бүх насаараа нэг дор амьдарсан. Бага тойргоос авахуулаад л. Сүүлд Микрт ч хөрш амьдарсан. Галсанбат надаас түрүүлээд гитар сурчихсан байсан л даа. Миний хамгийн анхны багын хоёр найз чинь Галсанбат, Бадар-Ууган хоёр шүү дээ. Хоёулаа бурхны оронд одчихсон байна.

Би үргэлж хоёр найзаа дурсч явдаг. Авга ах маань надад нэг гитар бэлэглэсэн юм. Тухайн үед айл болгод гурвалжин, нугастай толь байдаг байсан юм. Нөгөө гитараа тоглож чадахгүй болохоор ууттай нь толиныхоо ард хийчихсэн. Тэгээд төрсөн өдрөөрөө найзуудаа гэртээ урилаа. Тэгсэн Галсанбат “Гитараа гаргаад ир” гэж байна. Тэгээд л ингэж хөглөдөг юм, ингэж тоглодог юм гээд зааж өгч байлаа.

Надад гитарын анхны аккорд зааж өгсөн хүн байхгүй юу. Сүүлд намайг УГЗ цолоор шагнуулчихаад төрийн ордноос гарч ирэхэд маш олон хүн тосч авсан. Тэр үед их сонин мэдрэмж төрсөн дөө. Аав ээждээ баярлалаа гэж хэлмээр санагдсан.

Яагаад ч юм Галсанбат их бодогдсон. Найзынхаа буянаар би өнөөдөр ингээд зогсч байна даа гэж бодогдож билээ. Найздаа ёслох ёстой гэж бодсон. Тэр ч бодлынхоо үүднээс найзынхаа амьдарч байсан байрных нь хананд самбар байрлуулж, цомгийг нь гаргасан.

-Ингээд л хөгжимд эргэлт буцалтгүй татагдчихсан уу?

-Галсанбат хөгжимчин болно гээд сургуулиа хаясан юм. Би ч мань эрийг дагаад бас хаялаа. Зундарь тэр хэд бараг хамтлагийн хэмжээний тоглодог болчихсон. Энэ бол Соёл-Эрдэнэ, Баянмонгол эд нараас хамаагүй өмнөх явдал юм шүү. Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд цахилгаан хөгжмийн чуулга гэж байсан.

Анхных нь удирдагч нь Энхбазар, Галсанбат тэнд очиж байгаа юм. Ээж нь ч бүр дийлэхээ байгаад хөгжмөөр нь явуулахаар шийдсэн. Тэр үед Галсанбат насанд хүрээгүй, хөдөлмөрийн хууль зөрчин зөрчин тэнд гитарчин болж байлаа. Би ч сар гаран хичээлээ тасалж яваад аавд баригдсан.

Тэгээд буцаад сургуульдаа орсон доо. Тэр үед аав минь намайг хөгжимчин болно гэхээр их дургүйцсэн. “Миний хүү сэтгүүлч мэргэжилтэй болчихоод хажуугаар нь хөгжмөө тоглож болно" гэж хэлж байлаа. Би аавынхаа тэр хэлснээр л явж байгаа. Анхны дуу хөгжим сонсох, холбогдоход хоёр найз мнь их нөлөөлсөн дөө.

Зах зээлд шилжсэнээс хойш сэтгүүлчийнхээ ажлыг жаахан хойш нь тавьсан. Гэхдээ одоо ч энэ салбартаа ажиллаж байгаа гэж боддог. Би Сансар кабелийн телевизийн Төлөөлөн удардах зөвлөлийн гишүүнээр ажилласаар байна. Тэгэхээр энэ мэргэжлээ ор тас орхичихоогүй гэж бодож байгаа.

Үргэлжлэл бий

А.Халиун

Эх сурвалж: