sonin.mn

-Хэрэв төсвийг хүлээж авахгүй бол дүүргийн төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина-

Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Х.Болдбаатарыг ямар шалтгаанаар огцруулахаар болсон юм бэ. Ер нь дүүргийн ИТХ-ыг хойшлуулчихаад, МАН-ын төлөөлөгчидтэй хуралдаад огцруулчихсан юм биш үү?

-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 100 хувийн ирцтэйгээр албан ёсоор эхэлсэн. Хэлэлцэх асуудлаа ч баталсан. Гэтэл Засаг дарга ирээд завсарлага авсан юм. Улмаар АН-ын 11 төлөөлөгч, Засаг дарга хамтран намайг түүний өрөөнд дуудсан. Би ч очсон. Намайг өрөөнд орсны дараагаар “Араас хутгаллаа, түгжил зан гаргалаа” гэх мэтээр хэлсэн. Би хариуд нь хуралдаа суугаад, тайлбараа ярилцъя гэсэн. Тэгсэн надад “Хурлыг тав хоногоор хойшлуулчих бүгд хурлаа хаяад гарна, тэгэхэд л болно” гэсэн юм. Тиймээс би намынхаа хүмүүсийг хамгаалах үүднээс хурлыг хойшлууллаа гэдгийг хэлсэн. Үүний дараагаар ярилцсан ёсоор нөгөө хэд ч гараад явчихсан. Гэтэл МАН-ын төлөөлөгчид хурлыг тав хоногоор хойшлуулах дэг байхгүй, танд ч тийм эрх байхгүй гээд хурлыг үргэлжлүүлэхийг шаардсан. Тухайн үед ирц 56 хувьтай байсан юм. Ингээд л хурлыг эхлүүлсэн. Би хүмүүсээр холбогдуулсан. Гэтэл тэд ирээгүй. Ингээд XI хурлаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд, төсвөө баталж, Засаг даргыг огцруулах шийдвэрийг гаргасан. Хамгийн гол алдаа нь тэд хурлыг хаяж явсан юм.

-Энэ асуудлаар нийслэлийн ИТХ-ын даргатай уулзсан гэсэн?

-Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга намайг дуудсан. Хүргүүлсэн бичгийг нь авч, хариуг нь өгсөн. Төлөөлөгчид хурал хаяж явсан болохоор тэргүүлэгчдээ өөрчлөхгүй бол болохгүй. Шинэ тэргүүлэгчид сонгох шаардлагатай гэсэн үг шүү дээ. Мөн Засаг даргыг огцруулж байгаа учраас орных нь хүнийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Тиймээс бид дүүргийн АН-ын дэд дарга Б.Батболдыг томилохоор шийдвэрлэсэн. Тэгэхээр шинэ тэргүүлэгчидтэй хуралдаж байгаа учраас хурлыг дахин явуулах, хойшлуулах учиргүй. Шинээр сонгогдсон тэргүүлэгчид ч хурлыг дахин хийх боломжгүй гэсэн. Тиймээс энэ хариуг би Д.Баттулга даргад хүргүүлсэн.

-Таныг өөрийн ашиг сонирхлын үүднээс ийм нөхцөл байдал үүсгэсэн гэх юм билээ?

-Тийм юм байхгүй. Зарим нь тэр хурлаас хойш А.Ганболд гэдэг хүн “Оюуны ундраа” группээс мөнгө авсан, МАН-ын хөнжил дотор орлоо зэрэг асуудлыг хэлж байгаа. Тэгэхээс ч өөр аргагүй байх. Гэхдээ ИТХ-ын асуудлыг энэ мэтээр ярьж болохгүй.

-Тэгвэл С.Нэргүй гэж ямар чиртай хүн юм бэ. Таныг тэр хүнд дүүргийнхээ 3000 га газрыг өгөхийн тулд ажилласан гэдэг мэдээлэл бий?

-Налайх дүүрэг өөрийн онцлоггой. Олон шашин, үндэстэнтэй. Хамба лам С.Нэргүй гэдэг хүн бол Сайн номын хийдийн хамба, зургаан хэл мэддэг хүн. Гэхдээ ганц энэ хүн ч биш олон хүн янз бүрийн санал оруулж ирдэг. Харин С.Нэргүйгийн оруулж ирсэн санал боломжийн байсан тул би газар эзэнтэй байх нь зүйтэй гэсэн зарчимыг л баримталсан. Тэр дундаа Азийн буддистуудын соёлын тав барих асуудал болохоор дэмжсэн. Харин намын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг эсэргүүцсэн болохоор санал хэрэгжээгүй. 3000 га гэдэг том газар.

-Яаж яваад “Оюуны ундраа” групптэй холбогдчихов оо?

-Хамба лам С.Нэргүйтэй 2008 онд хамт сонгуульд орж, хоёулаа АН-аас сонгогдсон. Би түүнийг багаас нь мэднэ. Эцэг, эхийг нь ч гэсэн. Аав нь уурхайчин хүн байсан юм. Үүнээс гадна бид хоёр хамтран бичиг, цаас боловсруулах ажлыг хийдэг байсан юм. Тэгээд ч миний насны хүн сүм хийдээр орох нь байх л асуудал шүү дээ. Тэгэхээр ийм асуудлаас болоод энэ мэтийн асуудал гаргаж байвал өрөөсгөл юм. Тэрнээс гадна С.Нэргүй “Оюуны ундраа” груплийн захирал С.Амарсайханы ах нь билүү дүү нь. Тиймээс намайг энэ группээс мөнгө авсан зэрэг асуудлыг яриад байгаа юм.

Би насаараа Налайхад амьдарсан. Сэтгэл зүрхнээсээ ажиллаж ирсэн. Налайхын уурхайн сүүлчийн сургалтын инженер хүн шүү дээ. Тэгэхээр намайг бас ингэж гүтгэж болохгүй. Үнэндээ би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын төлөөлөгчдийн эрх ашгийг бодож, МАН-ын төлөөлөгчдийг ойртуулаагүй. Бидний үйл ажиллагаа бүхний нүдэнд ил байсан. Түүнээс биш Засаг дарга болох гээд ингэж байгаа юм биш.

-ИТХ-ын тамгыг булааж авсан гэдэг асуудал байгаа. Яг юу болсон талаар тодруулаач?

-Үнэн. ИТХ хуралдаад янз бүрийн л шийдвэр гаргаж байгаа. Гэтэл яг шаардлагатай болсон үед дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Ч.Зоригт хурлын тамгыг аваад алга болчихсон. Энэ бол ноцтой асуудал. Тухайн үед бид цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл цагдаагийн байгууллага энэ асуудалд оролцохгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Гэхдээ Ч.Зоригтыг дуудаж уулзсан юм билээ цагдаагийн байгууллагаас. Ингээд асуудал шийдэгдэхгүй байсан учраас тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын хэсэг гаргаж, өрөөний хаалгыг эвдүүлсэн. Эвдэх гэж байгаагаа ч түүнд дуулгасан. Тухайн үед Ч.Зоригт “Очлоо” гэсэн боловч ирээгүй. Одоо тамга надад байгаа.

-С.Нэргүйг тамга авсан гэх мэдээлэл байгаа?

-Ганц С.Нэргүй ч биш. Бүх тэргүүлэгчид оролцсон. Тэгээд Ч.Зориг удаа дараа сахилгын зөрчил гаргаж, архи уусан. Үүнээс гадна тэр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч атлаа төрийн албыг давхар хашиж байгаа. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай бичиг ирүүлж байсан. Гэсэн хэдий ч би түүнийг олон удаа өнгөрөөсөн. Гэтэл ингэж түүнийг хайцаалж, асуудлыг хүндрүүлсэн үр дүн асуудал ийм болж байна.

-Одоо засаг даргын үүргийг хэн гүйцэтгэж байгаа юм бэ?

-Х.Болдбаатар дарга ажлаа хийж байгаа. Нийслэлээс тодорхой шийдвэр гараагүй байгаа учраас ажил хэвийн л үргэлжилж байна. ИТХ ч мөн адил

-Тэгвэл өдөр бүр л уулзаж байгаа юм байна?

-Х.Болдбаатар бид хоёр эртний найзууд. Гэхдээ энэ талаар тайлбар өгдөггүй. Бид хоёр уулзаж байгаа. Гэхдээ аливаа зүйлд зарчим байх ёстой шүү дээ. Гэтэл Х.Болдбаатар, Оч.Ганболд зэрэг нөхдүүдэд зарчим алга. Оч.Ганболд бүр хүмүүсийг намаас хөөх тухай асуудлыг хэлдэг. Ер нь бол намаас хөөнө гэдэг асуудал тэр хүний мэдлийн асуудал биш. Тэгээд ч өнөөдөр иргэд нам дагаж гүйхээ больсон. Хэн хийж чадаж байна, түүнийг л дагадаг боллоо. Энэ асуудлаас болоод би олон хүнд муугаар хэлүүлж байна. Гэсэн хэдий ч би түүнтэй зориудаар уулзаж байгаа. Мэдээж тэр хүнд хэцүү байгаа байх. Гэвч Х.Болдбаатар дарга хүн шиг байж, нээлттэй байх нь зүйтэй. Гаднын улс руу явсан гэдэг бол баталгаатай.

-Хувийн шугамаар уу?

-Тэрээр 2013 онд 15 удаа, 2014 онд 18 удаа гаднын улс руу явсныг бүгд л мэднэ.

-Ингэхэд тантай уулзахаараа юу гэх юм?

-Манай өрөөнд орж ирдэг. Ирэхээрээ та гар, энэ Ардчилсан намын суудал гэдэг. Угтаа бол тэр суудал дүүргийн ИТХ-ын даргын суудал шүү дээ.

-Цаашдаа ямар арга хэмжээ авах гэж байна?

-Би зөвхөн өөрийнхөө төлөө ийм ажил хийгээгүй. Хурлын баталсан төсвийг хүлээж авахгүй байгаа учраас түүнийгээ бариад нийслэлийн удирдлагуудад хандаж байгаа. Цаашдаа ч дүүргийн ИТХ хуралдаанаа үргэлжлүүлээд, ажлаа хийнэ. Харин Засаг даргын асуудлыг хотын дарга шийднэ. Хэрэв үүрэг гүйцэтгэгчээр нь ажиллуул гэвэл ажиллуулна. Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар Налайхын төлөө их олон ажлыг хийсэн. Сүүлийн 20 жилд хийгээгүй автозам, бүтээн байгуулалтыг өнгөрсөн хоөр жилийн хугацаанд хийсэн. Тухайлбал, Налайхыг дагуул хот болгох тухай асуудал байна. Тэр бүгдэд дүүргийн иргэд талархалтай ханддаг. Мөн Налайхын уурхайн 100 жилтэй холбоотой тогтоолыг гаргууллаа. Тэгэхээр талархах нь зүйтэй. Энэ бол ардчилсан нийгэмд байх асуудал. Засаг дарга иргэдтэйгээ ойр байх ёстой. Хийж байгаа ажил ч ил тод байх учиртай юм. Түүнээс биш Х.Болдбаатар шиг дарга болоод дуугаа чангаруулж болохгүй. Дарга болно гэдэг чинь хариуцлагатай, даруухан байхын зэрэгцээ олны итгэлийг алдахгүй байх учиртай. Харин хурлын дарга бол хурлын боол. Хурлаа зарлаад шийдвэрийг гаргуулаад явах ёстой.

-Тодруулахгүй юу?

-Би дүүргийн хурлын дарга. Гэтэл гүйлт нь гүйцчихсэн машинтай. Тэглээ гээд би хурлын дарга болсныхоо дараа машинаа сольж, гаднын улс руу яваагүй. Ганц ч удаа шүү. Би өдөр болгон 08:00 цагт өрөөндөө очдог. Гэтэл Х.Болдбаатар болон зарим нөхдүүд ажилдаа ирдэггүй. Тэгэхээр Засаг даргатай уулзах гэсэн хүмүүс надад ханддаг. Бүр зарим нь “Засаг дарга намайг ингэлээ” гээд уйлж орж ирдэг. Тийм байж болохгүй шүү дээ. Өмнө нь Чандмань Налайхад ажиллаж байгаад Засаг дарга болсон. Улмаар албаны машинаа солихоос гадна, байр ч авсан талаархи асуудалтай холбогдсон. Тэгэхээр хэн дуртай байхав дээ ийм асуудалд холбогдсон хүнд. Ганц миний шийдэж байгаа асуудал биш.

-Юу гэсэн үг вэ?

-Түүнийг хоёр жил хүрэхгүй хугацаанд гурван орон сууц, хоёр Ланд-200 маркийн автомашиныг ямар хөрөнгөөр авсан бэ гэдэг талаар хүмүүс шуугиж эхэлсэн. Бүр намынхаа байрыг зарсан ч гэх яриа байдаг юм. Би энэ талаар албаных нь хүнээс асуухад “Байр байхгүй болсон ш дээ" гэх хариултыг хэлсэн. Ямар учиртайг нь сайн ойлгохгүй л байгаа. Нэг намын хүний хувьд ийм асуудлыг сонсох үнэхээр хүнд байдаг.

-Холбогдох байгууллагаар нь шалгуулчихаж болдоггүй юм уу?

-Шалгаж байгаа. Мөнгө, газартай холбоотой, ард түмнийг ялгаварлан ханддаг гэх мэт асуудал бий.

-Налайх дүүрэг ямартай ч энэ оны төсвөө баталсан байгаа юм байна. Гэтэл удахгүй тодотголоо хийх шаардлага гарна. Байдал ийм байхад хэрхэх бол?

-Тодотголоо хийнэ.

-Гэхдээ төсөв баталсан хурлыг хүчингүй гээд байгаа юм биш үү?

-Албан ёсоор хуралдаж, төсвөө баталсан. Гэхдээ төсвөө батлаагүй бол дүүргийн төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ажиллах болно. Гэтэл яагаад төсөв батлаагүй гээд байгааг ойлгохгүй байгаа юм. Дүүргийн Төрийн сангийн ажилтан н.Цэнд-Аюуш гэдэг эмэгтэйд би баталсан төсвийг аваачиж өгөхөд зориудаар хаагаад байгаа юм. Захиалгаар. Ер нь өөрсдөө хурлаа хаяж явчихаад хурлыг дахин хуралдуулна гэж болохгүй. Төрийн албанд ингэж хандаж болохгүй. Ийм асуудлаас болон албан хаагчдыг хохироож болохгүй. Үүнээс гадна хуульчид шүүх энэ хурлыг хүчингүй гэсэн шийдвэр гаргаагүй бол хурал хүчинтэй гэсэн асуудлыг хэлж байгаа.  

Г.Булганаа
Эх сурвалж: "Нийслэл таймс"