sonin.mn

-Өнгөрсөн онд авсан энэ төрлийн татварыг буцаан олгох нь зүйтэй гэлээ-
Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн М.Санжаа болон тус холбооны удирдах зөвлөлийн дарга, гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэд сүүлийн үед жолооч нарын эрх ашиг ихээр зөрчигдөх болсон талаар хэллээ. Тухайлбал, автозамын I эгнээнд тавьсан машиныг ачих, иргэдийн өмчид бүдүүлгээр халдсан хүүхэдтэй нь ачсан, гарч ирээд тайлбар тавихын хооронд ачиж явсан, эвдэж гэмтээсэн зэрэг хууль бус үйлдлүүд байнга гарах болсон гэв.

Мөн даатгалын байгууллагууд жолооч нарын эрх ашгийг зөрчих нь ихэссэн гэнэ. Түүнчлэн замын цагдаа, автотээврийн байцаагч нар иргэдийг хууль бусаар торгох, чирэгдүүлэх зэрэг үйлдэл ч тасралтгүй гардаг ажээ. Тэгвэл энэ бүхнийг иргэд баримтжуулан тус холбоонд мэдээлэхэд л гомдлоо барагдуулах боломжтой ажээ.

Эдгээрээс гадна мэдээлэл хийх үеэр тэд жолооч нарын эрх ашиг ноцтойгоор зөрчиж байгаа хоёр асуудлын талаар хэллээ. Нэгд, нийслэлийн автозамын санд төвлөрүүлж байгаа мөнгө хууль бус гэв. Учир нь энэ санд өнгөрсөн онд 26.8 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ нь дотроо Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Автозам ашигласны татвар гэж хоёр хуваагдаж байгаа юм байна.

Гэхдээ энэ хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь тодорхой бус байгаа талаар онцолж байна лээ. Энэ талаар М.Санжаа “Автозамын тэмдэг тэмдэглэгээ, хэвтээ тэмдэглэгээнд л гэхэд нүдэн дээр ил байгаа гүйцэтгэлээс хэд дахин их, санаанд оромгүй тоо тавьсан байх жишээтэй. Энэ санд өнгөрсөн жил л гэхэд Автозам ашигласны татварт 12 тэрбум гаруй төгрөг төвлөрсөн. Гэтэл нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор “Нийслэлийн замаар зорчиж буй авто тээврийн хэрэгсэлээс төлбөр хураамж авахгүй гэсэн байдаг” гэсэн юм.

Өнгөрсөн жил автозам ашигласны тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаажаас шалтгаалан эзэмшигчээс 20-70 мянган төгрөг хураасан. Энэ нь 12 тэрбум гаруй төгрөг болсон аж. Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос уг хураамжийг хууль бус гэж үзээд шүүхэд ханджээ. Харин шүүхийн шийдвэр нийслэлийн иргэдээс дээрх төлбөр хураамжийг авах ёсгүй гэж гарсан байна.

Г этэл 2015 онд мөн дээрх байдлаар 12 тэрбум гаруй төгрөг төсөвт төвлөрүүлнэ хэмээн тусгасан байгаа нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бус үйлдэлээ үргэлжлүүлж, иргэдээс хууль бусаар мөнгө татах гэж байна хэмээн тэд үзэж байгаа юм. Иймээс энэ хууль бус татвар хураамж авахыг зогсоох ёстой гэв. Хэрэв зогсоохгүй бол шүүхийн шийдвэрээр албадан зогсоох ёстой тухай ч хэлнэ лээ.

Мөн нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул өнгөрсөн жил иргэдээс хураасан олон тэрбум төгрөгийг иргэдэд буцааж өгөх эсвэл дараа жилийн адил төрлийн албан татварт шилжүүлэх ёстой гэдгийг ч хэлсэн. Бас нэг санаа зовоож байгаа асуудал бол нийслэлийн Засаг дарга “Аж ахуйн нэгжид автозамын газрыг эзэмших эрх олгох тухай” захирамж гаргасан явдал гэнэ.

Торгууль, төлбөр хураамж, элдэв янзын татварт туйлдаж байгаа жолооч нарт бас нэг дарамт ирнэ гэж тэд үзэж байгаа аж. Учир нь авто замын доорхи газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж км тутамд пост байгуулаад хураамж авдаг болохыг үгүйсгэхгүй хэмээн болгоомжилж байгаа юм байна. Энэ бас л хууль бус шийдвэр гэсэн юм. Бид энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодрууллаа.

Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"