sonin.mn
Энэ удаагийн дугаартаа хүүхэд байхаасаа дэлгэцийн урлагтай холбогдож, хэд хэдэн бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээлд эсрэг тэсрэг дүрүүдийг чадварлаг амилуулаад байгаа залуу жүжигчин Б.Барслхагватай ярилцлаа. Түүний тоглосон “247 градус” хэмээх романтик инээдмийн кино маргааш нээлтээ хийх юм. 
 
-Тун удахгүй “247 градус” нэртэй шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байна. Энэхүү уран бүтээл таны ажилласан хэд дэх бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл вэ?
 
-Би тийм ч олон уран бүтээлд ажиллаагүй ээ. Ихэвчлэн туслах дүрүүдэд ажиллаж байна. Гэхдээ дүрийг жижиг том, туслах гэж ялгаж болохгүй. “Single Ladies", “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Код” гээд кинонуудад ажилласан байна. Мөн тун удахгүй нээлтээ хийх “Фантастик” продакшны уран бүтээл “247 градус” кинонд ажиллалаа.
 
-Дээр нэрлэсэн уран бүтээлүүдэд их өөр өөр характертай дүрүүдэд ажилласан шүү дээ. Энэ удаагийн ажилласан дүр нь таныг ямар өнцгөөс үзэгчдэд харуулах бол?
 
-Юуны өмнө “247 градус” киноны Отгоо гэж залуугийн дүр надаас тэс өөр гэдгийг хэлмээр байна /инээв/. Их хөгийн, хүний сэтгэлийг ойшоодоггүй, хувиа бодсон хүний дүр л дээ. Гэхдээ энэ алдаагаа засахыг хүсч яваа хүн. Чадах ядахаараа хичээлээ. Бид дүр бүтээх гэж хэлэх яагаа ч үгүй байна. Зүгээр л энэ дүрд чадан ядан ажиллалаа.
 
-Найруулагч Б.Тамирыг уран бүтээл болгондоо өөрийнхөө найзуудыг авч тоглуулдаг гэсэн яриа гарсан байна лээ. Энэ талаар бодож байв уу?
 
-Найруулагч Б.Тамир бид нар найзууд нь үнэн. Соёл урлагийн их сургуулийн нэг үеийн төгсөгчид. “Фантастик” продакшн, “F” студи, “МIМ” продакшн, “Dоpе” энтертайнмент, “Emerald man”продакшныхан “Brotherhoods” гэж уран бүтээлийн нэгдэлд харъяалагддаг. Хэн хэнийхээ уран бүтээлийг дэмжиж ажилладаг. Үүнийг найзуудаа дандаа сонгож тоглуулдаг гэж явцуугаар ойлгож болохгүй. Б.Тамирын уран бүтээлүүдэд монголын тайз, дэлгэцийн урлагт авъяас чадвараа сорьж яваа маш олон уран бүтээлчид ажилладаг шүү дээ. Өөрөө ч дүрийн сонголтонд маш их ач холбогдол өгдөг найруулагч. Тухайн жүжигчин тохирох үгүйг маш сайн бодож, ажиллаж байж сонгодог.
 
-Хамгийн сүүлд “Emerald man” продакшны “Код” хэтрүүлэгт инээдмийн кинонд монгол супер баатрын дүрд тоглосон. Ингэхэд амьдрал дээр өөрөө хэр фантастик хүн бэ?
 
-“Код” кинонд монгол супер баатар болохыг нь хүсдэг залуугийн дүрд ажилласан л даа. Би өөрөө ч их фантастик хүн. Янз бүрийн зүйл мөрөөднө. Биелэх боломжгүй зүйлийг ч дотроо төсөөлөөд явж байх жишээтэй. Гэнэтийн адал явдлуудыг хүсдэг дээ.
 
-Тийм фантастик хүн учраас “Фантастик” продакшны бүрэлдэхүүнд багтчихсан уу?
 
-“Фантастик" продакшны жүжигчин гэхээсээ илүү “Brotherhoods" уран бүтээлийн нэгдлийнхээ уран бүтээлч л дээ.
 
-Таны хүүхэд насны төрхийг үзэгчид “Монхорынхон" олон ангит хүүхдийн кинонд тоглосноор нь санаж байгаа байх. Тэр үеийг эргээд дурсъя?
 
-Би 24 дүгээр сургуулийг төгссөн хүн шүү дээ. 40 мянгатын унаган хүүхэд. Хүүхэд байхаасаа л Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг байлаа. Тэндээс л жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн. Хүүхдийн баяраар нэг удаа Улсын драмын эрдмийн театрт хүүхдийг жүжиг үзсэн. Жаахан байсан л даа. Эгчийгээ дагаад явж байсан санагдана. Дэггүйтэж яваад жүжигчдийн хувцас солих өрөөнд ороод үзчихсэн. Тэгэхэд ямар сонин, гоё мэдрэмж төрсөн гэж санана. Нөгөө зурагтаар гардаг мундаг жүжигчид тэнд янз янзын хувцас өмсөөд л, толинд харж нүүр будалтаа хийгээд л. 
 
Нэг л гоё ертөнцөд яваад орчихсон. Тэр өдөр л би жүжигчин болно гэж өөрөө өөртөө амласан. Тэрнээс хойш маш ихдурлаж дугуйландаа явах болсон. Тэндээсээ Соёл урлагийн их сургуульдаа элсэн орсон доо. Энэ мэргэжил бол хэзээ ч бүрэн төгс эзэмшдэг мэргэжил биш. Үхэн үхэтлээ суралцсаар л байна. Сургууль төгссөн диплом дээр бичигдсэн мэргэжил нь жүжигчин гэж байгаа боловч суралцаад л явж байна даа.
 
-“Монхорынхон” кинонд ямар тохиолоор тоглох болов?
 
-Тэр үед МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцид н.Алтансэрээ гэж найруулагч эгч байсан. Тэр хүн Монголын хүүхдийн ордонд ирж хүүхдүүд шалгаж авсан л даа. Би долдугаар анги төгссөн зунаа тэр кинонд тоглосон санагдаж байна. “X түц” продакшны жүжигчин н.Баясгалан бид хоёр энэ кинонд найзуудын дүрд тоглосон юм. Амьдрал дээрээ ч найзууд. Ер нь манай хүүхдийн ордноос маш олон уран бүтээлчид төрсөн гарсан шүү дээ. Бидний үеийхнээс гэхэд л “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Г.Чулуунцэцэг, “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг гэх мэтчилэн нэрлэж болно.
 
-Яг одоо санал аваад, зохиол дээрээ ажиллаж байгаа уран бүтээл байна уу?
 
-Саяхан нэг киноны санал ирсэн. Гэхдээ хараахан зохиолтойгоо танилцаж амжаагүй байна.
 
-“Фантастик” продакшны уран бүтээлчид гадагшаа зураг авалтанд явчихсан байх шиг байна. Хаашаа, ямар киноны ажлаар явчихав? 
 
-“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Аптаншагай ахын уран бүтээл л дээ. “Хар сувдны нууц” нэртэй инээдмийн кино. Их гоё зохиолтой. Энэ уран бүтээлийн зураг авалтанд оролцохоор манай уран бүтээлчид Вьетнам руу явсан.
 
-Үе тэнгийн залуу уран бүтээлчид нь найруулагчийн ажил руу хөл тавиад эхэллээ. Б.Тамир, Г.Анхбаяр, Л .Ариунболд гэх мэтчилэн. Танд найруулагчаар ажиллах бодол төрж байх юмуу?
 
-Хэн хүн хийгээд байх ажил биш л дээ. Гэхдээ цаг нь ирэхээр үзээд алдана шүү.
 
-Тэгвэл кино зохиол бичих бодол байна уу. Дээр дурдсан уран бүтээлчид бас л кино зохиол бичдэг?
 
-Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэдэг шүүдээ. Бодоод л явна. Бичиж эхэлсэн зохиол ч байна, шинээр эхлэх зохиолын санаа ч байна. Гэхдээ хэзээ дэлгэцэнд амилахыг хэлж мэдэхгүй юм. Маш сайн юм хийхийн тулд хугацаа хэрэгтэй. Оюутан байхад бидэнд кино, жүжгийн зохиолын хичээл ордог байсан учраас жаахан ч гэсэн дөр байгаа байх.
 
-Ярилцлагаа “247 градус” киноны тухай асуултаар төгсгөе. Энэ уран бүтээл үзэгчдэд юуг үзүүлж, ямар мэдрэмжийг төрүүлэх бол?
 
-Энэ киноны зохиолыг Л.Ариунболд, Б.Тамир нар 2009 онд бичсэн юм. Л.Ариунболдыг сүүлд “Код" хэтрүүлэг киног найруулснаар нь хүмүүс мэдэж байгаа байх. Харин бид энэ зохиолоо дахин засварлаж дэлгэцэнд амилууллаа. Кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг хүмүүст догдлол төрүүлж, өөртөө тохиолдохыг хүсэхээр үзүүлж чадсан. Үзэгчид үзээд өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгөх байх. Киног маань үзээд азжаргал, романтик харьцаа, сэтгэлийн таашаал, кайфыг аваад гарна гэдгийг хэлмээр байна. 
 
А.Халиун
Эх сурвалж: