sonin.mn


Ч.Баттуул гэгч залуухан монгол бүсгүй Америкийн иргэнийг шунахайн зорилгоор буудан хөнөөжээ. Уг нь тэр, дөнгөж 24 настай. Монгол Улсын нэр төрийг, монгол эмэгтэйн нэр сүрийг дэлхийд унагаасан энэ бүсгүй Америк багшийгаа урьж авчраад зургаан удаа буудаж алжээ. Хохирогч болох АНУ-ын иргэн Жон Мартин Кийнг тариа будааны үйлдвэрлэл эрхлэхээр мөнгөтэй ирсэн нь амь насаар нь хэмжигдэнэ гэж тооцоолоогүй биз дээ. Ч.Баттуул гэгч бүсгүй түүний шавь байж. Бас болоогүй, багшаараа сургалтын төлбөрөө төлүүлэн АНУ-д сурч байж.

 

Энэ хэргийг анх сонсоод монгол бүсгүйчүүд маань ийм аймшигтай хэрэг хийдэг байл уу хэмээн бодол эргэлдлээ. Монгол хүүхнүүдийг хүн алаад хүрээ талж байсан гэж багахан зүйл сонсч байжээ. Хүний амь нас бусниулна гэдэг олон янз байдаг аж. Санамсаргүй болон санаатай, шунахай болон хэрцгий гээд л Эрүүгийн хуулиар ангилаад өгчээ. Хүний амь насанд хүрсэн бүсгүйчүүд бас бий. Тэгэхдээ аргагүй байдалд орсон, эсвэл байнгын дарамт шахалтаас болоод. Тэрнээс биш мөнгийг нь авах зорилгоор багшийгаа хөнөөж алсан хэрэг бараг байхгүй аж.

 

Социйн үед эмэгтэйчүүдийн хийсэн хэргийн талаар бараг мэдэгддэггүй байлаа, эсвэл бага ч гардаг байж. Хамгийн алдартай хэрэг бол говийн нэгэн бүсгүйн тухай хэрэг юм. Нөхөр нь савхин гутлын хэргээр аавын хаалга татсан байдаг. Тэр бүсгүй болохоор бас л Луусангийн хаалга татсан байдаг. Тэр хоёр айл хунараас зайдуу нутагладаг, жаахан зожигдуу аж. Нутгийн нэг нөхрөөс тэмээ мал зээлэн аваад өгөхгүй жил өнжжээ. Авлагатай нөхөр нь нэг өдөр ирээд өрөө нэхжээ. Тэрнээс болоод муудалцаж. Нөхөр нь түүнийг цохиод унагааж. Бас хутгаар хатгаж.

 

Гэтэл авгай нь сүх барьж ирээд шууд толгойг нь тасласан байдаг юм. Энэ хоёрын хэрэг тухайн үедээ тун их шуугиан тарьж байж. Хүн амины хэрэг бусниулсан нь хүүхний сүхээр цавчсан явдал байв. Тэр бүсгүйд цааз өгсөн. Тэр үеийн шоронгийн луухгарууд хүртэл тэр бүсгүйг Ганцын цонхоор хараад жихүүдэс хүрч айх шиг болдог байсан гэж яригддаг юм билээ. Нүсэр том биетэй, тэмээний хөлдүү гуяыг ганц гараараа өргөөд үхэр тэргэн дээр шиддэг бүсгүй байсан гэдэг. Дараахан нь гарсан хэрэг бол гал асаадаг Өнөржаргал юм. Энэ бол залилангийн хэрэг.

 

Гурван өрөө байр энээ тэрээ баахан юм аваад үйлдэл дээрээ баригдсан даа. Харин банкны гэгдэх Цолмонгийн хэрэг бол бас л залилан. Энэ бол 1990-ээд оноос хойш гарсан хэрэг. Бүсгүйчүүд эд хөрөнгө мөнгөтэй холбогдож хэрэг хийх нь их байдаг аж. Гэхдээ эмэгтэй хүн хүнээс юм аваад гулгуулах, жаахан залилан хийхэд эрчүүд тэр бүр хатуу загнаад байдаггүй юм билээ, учир нь олон нойтон нялх хүүхэдтэй эмэгтэй хүн гэдгээр болдог байх. "1990-ээд оны хүнд бэрх амьдралын үүднээс төрүүлсэн хүүхдээ хаях, орхих зэрэг хэрэг нэлээдгүй гардаг байж.

 

Сэлэнгэд нэгэн бүсгүй дөнгөж төрсөн хүүхдээ жорлонд хаясан хэрэг гарч билээ. Ярилцаж үзэхэд, аргагүй ядуу амьдрал, эцэггүй учраас ийм хэрэгхийлээ гэж байсан. Тэр бүсгүйн амнаас хийсэн хэргийг нь сонсож байхад бас л жихүүдэс, айдас хүрмээр. Түүнд шүүх гурван жилийн ял оноосон доо. Аргагүй аймшигтай залилангийн хэрэг үйлддэг бүсгүйчүүд бол бий. Хүн амины хэрэгтэй 100 эмэгтэйн судалгаагаар 95 нь байнгын дарам шахалтнаас болоод нөхрөө егүүтгэсэн, эсвэл хамтран амьдрагчаа хөнөөсөн байдаг байна.

 

Дэлхий нийтээр жендерийн асуудал яригддаг болсон өнөө үед эмэгтэйчүүд гэмт хэрэгт их орооцолдвол нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. УИХ-д нэлээдгүй олон эмэгтэй гишүүн сонгогдлоо. Тэд бүлэг байгуулж хууль тогтоох үйл ажиллагаанд Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болж ажиллахаар болж. Хамгийн гол эмэгтэйчүүдийн бэрхшээлтэй асуудлыг хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй хий дэмий өмөөрч, баахан сүржигнэвэл ор нэр төдий юм болно. Ер нь эмэгтэйчүүдийг гэмт хэрэгт түлхэх субьект бол эрэгтэй хүн.

 

Эрэгтэй хүний новшийн зангаас болж эмэгтэйчүүд арга барагдан гэмт хэрэг хийхэд хүрдэг байж болно. Ч.Баттуулын тухайд нас залуухан. Цагдаад мэдэгдэхдээ, “Мөнгө хэрэг болсон учраас түүний амийг хороосон” гэж хүлээжээ. Мөн хоёр найзыг нь бас хорьсон байх юм. Тэд ‘‘Найз маань бидэн рүү утасдаж, “Хүн алчихлаа. Туслаач" гэж гуйхаар нь цогцсыг хамт зөөсөн” хэмээн мэдүүлсэн гэнэ. Ер нь Ч.Баттуул бусад аюулт хүмүүсийн хийсэн хэргийг хүлээгээд байгаа юм биш биз. Сэлэнгэд 2009 онд нэгэн аймшигт хэрэг гарч билээ.

 

Таксины жолооч нөхрийг авгай, нөхөр хоёр гэртээ оруулаад нийлж байгаад сүхдэж алжээ. Бас болоогүй ээ, байшингийнхаа шалны доор нуучихаад хүүхдээ тэвэрчихсэн инээлдээд гарч машинд нь суухыг нь хөрш нь харсан байдаг. Машиныг нь дархан оруулаад Ивцэгийн хавьцаа голд живүүлээд, маргааш орой нь Сэлэнгэ рүү үйлчилгээний машинаар цогцсыг нь нуухаар гэртээ ирсэн гэдэг. Тэр үед цагдаагийнхан хохирогчийг аль эрт тэднийхээс ,олсон учраас эргээд зугтаажээ. Сэлэнгийн цагдаагийнхан хамаатныхаа Уаз 469-ийг уначихсан тэр хоёрыг зугтааж явахад барьж авчээ.

 

Гэмт хэрэгтэн гэлжгий хочтой, шоронд таван жил суусан, жижигхэн нөхөр байж гэнэ. Дарханы Ивцэгийн хавьд гүйцэж очиход машинаасаа буугаад зугтаж. Сэлэнгийн Цагдаагийн хошууч Оюунсүх ганц цохиход тэрий хадаад явж. Хүний оронцог юм гэмээр амьтан байсан боловч хохирогчийг гурван удаа сүхдсэн байдаг. Цагдаагийнханд авгайтайгаа баригдаад ирэхэд авгай нь согтуу, элдвээр хашгичин цагдаагийнхныг доромжлон тохуурхаж байсан. Эхлээд алуурчин мэдүүлгээ өгөхдөө, хүн алснаа хүлээдэг. Харин сүүлдээ авгай руугаа хамаг хэргээ чихсэн юм.

 

Яагаад гэхээр, эмэгтэй хүнийг Монголд цаазладаггүй болохоор. Уг нь тэр хоёр хамжиж хэрэг үйлдсэн аж. Энэчлэн жишээд үзэхээр Ч.Баттуулын ард жинхэнэ алуурчин нь нуугдаж байгаа юм биш биз. Итгэмээргүй шүү. АНУ-д багшлуулж байсан, тэтгэлэг авч байсан, Тэгээд Монголд тариа будааны бизнес хамтран хийхээр ирсэн америк эрийг нөхөрлөсөн 24 настай бүсгүй хөнөөлөө гэж үү. Монгол эмэгтэйчүүд маань ухаалаг, хүн чанартай хүмүүс байдаг шүү дээ. Арай ч ийм юм хиймээргүй юм. Цаана нь далд учиг байгаа юм биш биз. Хардалт, гэр бүлийн хэрүүл маргаан ийм юманд хүргэж болно.

 

Бас бусдын дарамтнаас болоод ийм хэрэг хийсэн ч юм билүү. Цагдаагийнхан эл асуудлыг нухацтай шалгах хэрэгтэй. Лав мөнгөний шуналаас ийм хэрэг үйлдэнэ гэдэг солиотой юм. Хамтран бизнес хийхээр мөнгөө дундаа зарцуулна, үр ашгаа хувааж хүртэнэ, ямар ч байсан Ч.Баттуул америк эрийн бизнесийн үйл ажиллагаанд оролцож л таараа. Оролцоод ирэхээр мөнгийг нь гартаа барина. Наад захын энгийн ухамсараар бодоход ийм. Бүр болохгүй бол байдаг учраа хэлээд мөнгө гуйхад америк эр өгч л таараа ш дээ.

 

1990-ээд оны үед Улаанбаатарт таксинд гурван хятад эр 35 сая төгрөгөө мартаж буужээ. Тэрийг дараагийн такси хөлсөлсөн нэг нөхөр аваад гэртээ авчирчихаж. 1900-ээд оны 30 сая төгрөг гэдэг юу билээ. Бөөн юм болж. Ямар ч байсан цагдаагийнхан тэр нөхрийнхийг олжээ. Гэрт нь ортол мань нөхөр юу ч болоогүй юм шиг мөнгийг нь авдран дээрээ эгнүүлээд өрчихсөн сууж байсан гэдэг. Үрсэн мөнгө энээ тэрээ юм бараг алга гэнэ. Баярласан хятадууд тэр нөхөрт газар дээр нь гурван сая төгрөгийг нь өгсөн гэдэг.

 

Учир нь тэр нөхөр гэрийнхээ хажууд таксигаар хүргүүлсэн, таксины жолоочийг цагдаагийнхан тэр дор нь олсон байдаг, мөн олон хоноход мөнгөнөөс нь үрээгүй, цагдаа руу аваад очих гэж байлаа гэх ухааны юм яриад сууж байсан нөхөр ингэж томоохон шагнуулсан гэдэг. Ингэхээр шударга, зохистой үйлдэл хийсэн хүн өөртөө том урамшуулал авчирдаг аж. Ер нь Ч. Баттуулын ард жинхэнэ гэмт хэрэг хийсэн нь нуугдаж байж болзошгүй. Саяхан шүүхээс эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад байна...

Б.Пүүжээ
Эх сурвалж:”Бизнес Таймс”