sonin.mn
БСШУСЯ-наас "Музейн нээлттэй өдрүүд"-ийг энэ сарын 1-7-ныг дуустал зохион байгуулж байна. Энэ хүрээнд орон даяар бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон. Харин амралтын өдрүүдээр ажилласан. Улаанбаатар хотын зарим музей “хаалттай” мэт байлаа.
Нийслэлийн хэмжээнд л гэхэд 11 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон. Гэтэл дөрөв нь даваагаас баасан гарагт ажилладаг, бараг хагас нь буюу таван музейн ням гарагт амардаг юм байна. Харин үлдсэн музейн үүдэнд иргэдийн тэр дундаа хүүхэд багачуудын урт дараалал үүссэн. Бүр Монголын үндэсний музейг үзэх гэсэн иргэд цаг хэртэй түүнээс ч удаан хугацаанд дараалалд зогсож, сая нэг үүдээр нь орох “эрх”-тэй болжээ.
Харин Богд хааны музейг энэ сарын 1-нд 1,897 хүн үзсэн бол өчигдөр нийт 12,800 гаруй хүн үзжээ. Ийн амралтын өдөр иргэд гэр бүлээрээ, найз нөхөд хамт олноороо музейг зорьсон. Мөн музейг үзэх гэсэн иргэдийн тоо нэмэгдсэнээс үүдэн музейн ажилтан, үзмэр тайлбарлагчид ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Гэхдээ эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж зохион байгуулалтдаа маш сайн анхаарчээ. Тухайлбал, Монголын үндэсний музейд энэ сарын 1-нд 4,023, 2-нд 9,969 хүн зочилсон бол амралтын өдрүүдээр буюу 3-нд 13,082, өчигдөр 13,834 хүн тус музейн үзмэрийг сонирхжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн бие бүрэлдэхүүн гадна талбайд зохицуулалт хийхэд тусалсан байна.
Харин Чойжин ламын сүм музейгээс нийт байгууламж нь төвийн дулаан, төвлөрсөн шугамд холбогдоогүй, халаалтгүй (-20 градус) тул хүйтний улиралд бага насны хүүхэд үзэхэд тохиромжгүй гэдгийг иргэдэд анхааруулсан. Иймд тус музейгээс бяцхан үзэгчдэд зориулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 1-нд “Бүтээлч хүүхдүүд” үйл ажиллагааг зохион байгуулж, багачуудыг үнэ төлбөргүй хамруулдаг юм билээ.
Гэлээ ч өнгөрсөн бямба гарагт тус музейг үзэхээр очсон хүмүүс дунд цөөнгүй хүүхэд байсан. Гадаа хэдий хавар болсон ямар ч халаалтгүй учир бүх сүм дуганууд нь маш хүйтэн, амнаас уур гарахаар байв.
Чойжин ламын сүм музейн бусдаасаа ялгарах онцлог нь бүх сүм дуганууд нь тайлбарлагчтай. Гэхдээ тэр олон хүнд нэгэн зэрэг тайлбараа хүргэж, бүгдэд нь сайтар ойлголт өгч чадаагүй л болов уу. Ганц тус музей ч бус ихэнх музейн ажилтнууд үзэгчдэд хүрэлцээгүйгээс дийлэнх иргэд үзмэрүүдийг ямар ч тайлбаргүй үзсэн гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн музейд ирээд ёс болгоод тойроод гарсан хүн бий байх. Урт дараалалд зогсохоос цааргалсан зарим хүн музейн үүднээс ч буцсан.
Үүнээс гадна Байгалийн түүхийн музейг онгойхыг хүлээн цөөнгүй хүүхэд аав, ээжтэйгээ дугаарлан зогсож харагдсан. Учир нь тус музейд Монгол орны байгалийн ховор нандин ургамлын олдвор, “Улаан ном”-д тэмдэглэгдсэн нэн ховордсон ан амьтдын чихмэл, дэлхийд гуравхан байдаг аварга том солирын нэг болох 582 кг жинтэй өөр гарагийн үзмэр бий.  Түүнчлэн Палеонтологийн олдворын танхимд нь л гэхэд тэр чигээрээ дэлхийн ихэнх улсад байдаггүй асар үнэт олдворууд хадгалагдаж байдаг.
Тухайлбал, 60-80 сая жилийн өмнөх чулуужсан мод, нугасан хошуут үлэг гүрвэлийн чулуужсан арьс, хуягт үлэг гүрвэл, шүдгүй махан идэшт үлэг гүрвэл, шувууны өвөг гэж тооцогдох нисдэг үлэг гүрвэл, зузаан зулайт үлэг гүрвэл, тэмээн хяруул хэлбэрийн махан идэшт үлэг гүрвэл, 14-15 метр өндөр 2-3 тонн жинтэй аварга том махан идэшт Тарбозавр, өвсөн тэжээлт Завроподын сүүжний яс, "Аймшигт сарвуу” нэрээрээ алдартай 2.80 см урт яс бий.
Дунд сургуулийн хичээлээр энэ мэдээллийг авсан хүүхдүүд эдгээр үзмэрийг нүдээр үзэхээр аав ээж, өвөө, эмээгээ ятган тийш очих нь ойлгомжтой. Харин тэднийг “Зайтай яв”, “Нурах аюултай”, “Анхаар дээрээс юм унана” гэсэн бичиг л тосон авав.
Музей үзэх дундаж төлбөр хүүхэд 1,000-2,000, том хүн 5,000 байдаг. Уг нь тийм ч өндөр төлбөр биш. Мөн ихэнх музей сэдэвчилсэн шинэ хөтөлбөр гаргаж, маркетинг сурталчилгаа хийдэггүй учир жилийн ихэнх өдөр хаалттай байдаг мэт нам жим байдаг. Тиймээс музей удирдлагууд сүүлийн жилүүдэд бараг хаягдсан багш нар сурагчидтайгаа тогтмол музей үздэг арга хэмжээг сэргээх хэрэгтэйг сануулж байна.
Мөн музейн хөтөч тайлбарлагч нарын арга барилыг сайжруулж, орон тоог нэмэх, музейн нээлттэй өдрүүдээр түүх, соёлын чиглэлээр сурч буй оюутнуудыг нэмэлтээр авч ажиллуулахгүй бол дараа жилийн нээлттэй өдрөөр бас л “хаалттай” мэт байх нь.
 
Б.Билгүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"