sonin.mn
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шилдэг лектор, аюулгүй байдал судлаач, "Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч, доктор Ж.Цогтсугартай уулзлаа. Тэрээр, "Маш завгүй. Тавантолгой-Гашуунсухайтын нүүрсний тээврийн 13 мянган жолооч тун хүнд нөхцөлд байгаа.Тийшээ явна. Монголын ард түмэнд тохиолдож байгаа бүх эмгэнэл Монгол хүн бүрийн сэтгэлд адилхан тусах ёстой" гэсэн ч манай сонинд ярилцлага өгөх зав гаргасан юм.
 
-Таны Монголын ард түмэнд тохиолдож байгаа бүх эмгэнэл Монгол хүн бүрийн сэтгэлд адилхан эмзэг тусах гэдэг үг үнэхээр “эмзэг” санагдаж байна...
 
-Нийгэмд архидалт хавтгайрсан. Түүний ард өвчин эмгэг, аваар осол, гэмт хэрэг, хүчирхийлэл, гэр бүл салалт, өнчрөл, хагацал, ажилгүйдэл, ядуурал гээд бүх муу муухай бий. Монгол эрчүүд минь уламжлалт биш аюул заналд өртөж байна. Архидалт бол Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа аюулын том харанга. Сэтгэл сэвтэх, оюун санаа эмгэгшиж байна гэдэг яг үнэн. Энэ бүгд архидалттай холбоотой. Архи хүний элэг, зүрх, тархи гэсэн системийн гурван эрхтэнд шууд нөлөөлдөг. Судлахаар их сонин шүү. Би уг нь архи судалж эхэлсэн ч тархи судлал руу орчихсон. Архи хүний тархины эд эсийг үхүулдэг. Тархиных нь тал эд эс нь үхэжчихдэг. Үндсэндээ, махан бие нь бүтэн ч оюун санааны хувьд тахир дутуу хүн болдог.
 
-Ингэхэд архины задгай хэрэглээ хэзээнээс бий болсон юм бол. Та архины хэрэглээг уламжлалт биш зан үйл гэж үздэг үү?
 
-Миний докторын ажлын судалгаагаар 1924 онд 14 орос ажилтантай архи исгэлтийн үйлдвэр Монголд байгуулсан байдаг юм. 1940-өөд оны дунд үеэс орос ах нараас хойно сургууль төгссөн Монголын үндэсний сэхээтнүүд маань “сокловдох” буюу стиканаар уухыг сурч ирээд ард иргэдийн дунд дэлгэрүүлсэн. Түүнээс биш ард иргэд архи ууж сураад, тэднээс бид сурсан юм биш. Тэр цагаан захтай архи уугчдын төлөөлөл нь би өөрөө байсан.
Харин 1990-ээд онд зах зээл эхлэхэд урд хөршөөс өвгөнтийн архи, пийжүү вагон вагоноороо орж ирсэн дээ. Тэр үед би бизнес хийгээд явж л байсан. Галт тэрэг ганхдаг байлаа. Тэнэмэл хүүхдүүд холхиод л... Өвгөнт архийг ууж байсан хүмүүсийн хүүхдүүд одоо гарч ирсэн. Гэтэл тэр өвгөнт чинь үнэн чанартаа цонх угаадаг бодис байсан. Хятад найзууд бидэнд “Наадах чинь цонх угаадаг бодис битгий уугаарай” гэж хэлсэн үү?
Хамгийн харамсалтай нь, айл гэр толгойлох, улс эх орны бүтээн байгуулалтыг хийх идэр насны эрчүүд, хамгийн сор болсон мэргэжилтнүүд энэ архидалтад өртсөн. Одоо эрчүүдээ хамгаалах, ухааруулах, сэнхрүүлэх ажлыг би 20 жил хийж байна. Үндэсний эх оронч үзэл, үндэсний ухамсарыг сэргээх явдал манай архинаас гаргах ажлын хамаг нууц нь байгаа юм.
 
-Нэг онигоо байдаг даа. Монголд эрчүүдийг хамгаалдаг байгууллага байнауу? гэхэд “Эрүүлжүүлэх гэж газар бий шүү дээ” гэж хариулсан гэдэг. Харин та “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийг байгуулснаар дээрх асуултад хариулах хариулттай болж дээ?
 
-Хэдий онигоо боловч Монголын эмгэнэл шүү дээ. Одоо Монгол эрчүүдийн асуудлыг ярих гэж байгаа бол ярьсан шиг ярих хэрэгтэй. Дундговь аймагт цэргийн зарлан 40 залуу авахад эрүүл мэндээр ганц нь тэнцэж байна. Энэ бодитой эмгэнэл шүү. Би сая жендерийн судалгааны хуралд суухад Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.5 жилээр бага гарсан. Монгол эрчүүдийг архины аюулаас хамгаалахад төрийн бодлого, дэмжлэг дутаж байна. Нийгмийн бүх шатанд архидалт газар авсан. Миний архинаас гаргасан 6000 залуу бий. Би болон миний шавь нар энэ ажлыг хийж надтай адилхан л хийж байгаа. Аливаа нэг байгууллага дээр ороод архины асуудал ярихаар цэрвээд зугатаад байгаа бол тэр байгууллагын дарга өөрөө архины асуудалтай гэсэн үг. Эцсийн эцэст эр хүний зовлонг эр хүн л ойлгоно. Архины хамааралтай хүний зовлонг архинд орж, түүнээс гарсан хүн л ойлгоно. Би 23 жил ууж, өөрийнхөө бие гэдэг  лаборатори дээр туршаад, архинаас гараад 20 жил энэ чиглэлээр судалгаа хийлээ. Хэрэв архины асуудалтай хэнд ч “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн хаалга нээлттэй.
 
-Эр хүн эр хүндээ хайртай гэдэг үг бий?
 
-Эр хүн эр хүнтэйгээ л ярьж чадна. Архины асуудлаа, амьдралын жаргал зовлонгоо хуваалцана. Тэр тусмаа Монгол эрчүүд нэрэлхүү, ичимхий улс. Монголд эрчүүдийг хөвгүүд байхад нь эр хүн болох талаар хичээл заадаггүй. Энэ төрлийн сургалт зөвлөгөө огт байхгүй. Гэтэл гадны өндөр хөгжилтэй орнуудад ийм хичээл сургалтад хамруулж хөвгүүдийг эр хүн болгож бэлтгэдэг. Гэтэл Монгол эрчүүд байгалиас заяагдсан зөн билгээрээ эр хүн болж байна. Ёстой дур зоргоороо дуртайгаа хийж, архи ууж “бузгай жаргаад” л явж байгаа.
 
-Архинаас гаргана гэдэг сүулдээ бизнес болж, “цэцэглэлээ”. Эм тариа, кодлох, элдэв дом, шившлэг... Харин та оюун ухаанаараа архинаас гарах бүрэн боломжтой гэдэг. Яаж...?
 
-Архинаас гаргадаг эм дэлхийд байхгүй. Харин архины хордлого тайлах эм тариа бий. Бусад кодлох, лам, бөөг бол би мэдэхгүй. Архины албадан эмчилгээ, наркологийн төв ч бий. Гэхдээ тэдний үр дүн тодорхойгүй. Манайх архины хор хөнөөлийг бууруулах нотлогдсон арга туршлага, оюуны өмчийн эрхтэй, мэргэжлийн сургалтын сертификаттай үндэсний хэмжээний байгууллага. Хүн оюун ухаанаараа архинаас гарч чадна. Үүний нотолгоо нь би, над дээр миний 6000 шавь нэмэгдэнэ. Ер нь, архи хэтрүүлэн хэрэглэгчид хаанаас бий болдог юм гэдэг асуулт гарч ирнэ. Архины зохистой хэрэглэгчид дундаас хэтрүүлэн хэрэглэгчид төрдөг. Тэр хэтрүүлэн хэрэглэгчид дундаас бидний архичид гэж нэрлээд байгаа хэсэг гарч ирнэ. Ахиад тэндээс архины тэнэгрэлд орогсод гарч ирнэ. Хэд хэдэн үе шаттай. Архи хэтрүүлэн хэрэглэгчид гэж хэнийг хэлдэг вэ гэхээр голцуу цагаан захтнууд, далд уугчид. Ажлаа ч алдахгүй, амьдралаа болгоод явдаг хэсэг. Эд бол архинаас гарах нь бараг 100 хувь. Гэхдээ өөрийгөө хэтрүүлэн хэрэглэгч гэдгээ хүлээн зөвшөөрч, ойлгосон тохиолдолд. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг хэцүү. “Би архичин биш” гэж өөрийгөө хуурсаар яваад архинд донтолтын дараагийн шат руу шилжих нь их. Архичид гэж нэрлэдэг хэсгийн 50 хувь нь архинаас гардаг. Архины тэнэгрэлд орсон бол найдлага маш бага. Тэгэхдээ архины тэнэгрэлээс гарсан хүн бий. Би 200 хүнд лекц уншихад тэднээс арав хүрэхгүй хүн л архинаас гаръя гээд зориглоод манай байгууллагын үүдээр орж ирдэг. Ер нь, манай үүд их өндөр босготой. Түүгээр эр зоригтнууд л орж ирдэг дээ. Одоо би архи хэтрүүлэн хэрэглэгчид рүү чиглэн ажиллаж байгаа. Тэгэхээр архидалтын дараагийн шат руу орохоосоо өмнө хандах хэрэгтэй.
 
-Та хэдэн жилийн өмнө Төмөр замын дахь Цагдаагийн газартай хамтраад төмөр замчдад архины хор хөнөөлийн эсрэг яриа лекц хийж байсан байхаа?
 
-Тэгсэн. Төмөр зам хатуу дэг журамтай, хагас цэрэгжүүлсэн зохион байгуулалттай олон жилийн түүхтэй байгууллага. Ажвд төрлийн онцлогоос хамаараад Монголын маш үлгэр жишээ салбар гэж би хувьдаа дүгнэдэг. Энэ онцлог байгууллагад архидан согтууралт байх боломжгүй юм. Тийм учраас төмөр замтай хамтарч ажиллах дуртай. Архины асуудалд онцгой анхаардаг дарга удирдлагатай учраас бидэнтэй хамтарч ажиллаж ирсэн гэж ойлгодог. Тэр үнэт чанар уламжлагддаг өнөөдөр ч хэвээрээ байгаа байх. Гэхдээ танай төмөр зам архины асуудлаар ажлаасаа халагдсан хүнийг “Ахиад энэ хаалгаар орж ирэхгүй шүү” гэдэг хатуу хуультай байгууллага. Нөгөө талаас нь харвал, өвчтэй хүн өвчнөө анагаачихаад ирж болохгүй нь дээ. Ажилтнаа боддог удирдагч бол архи хэтрүүлэн хэрэглэдэг болон донтох эмгэгтэй ажилтнаа эмчлүүлэх ёстой юм. Ер нь, архи уудаг ажилтнаа архинаас халах бол архидалттай тэмцэх шалгарсан арга биш л дээ. Тухайн хүнийг наркологийн төв, албадан эмчилгээ, эсвэл оюун ухаанаараа архинаас гарах уу гэдэг боломжийг болгох хэрэгтэй. Ер нь, хүн шиг үнэтэй зүйл энэ хорвоод байхгүй. Тэр тусмаа мэргэшсэн сайн ажилтан гэдэг байгууллагадаа үнэт капитал. Тийм хүмүүсээ архинд алдахгүй байхыг хичээх ёстой. Энэ чиглэлээр тодорхой бодлоготой, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй.
 
-Хоёулаа архинаас яаж гарах, гаргах талаар ярилцлаа. Ингэхэд архинд орохоос урьдчилан сэргийлэх ажил хийх нь илүү ур дунтэй санагдах юм?
 
-Гадны орнуудад ард иргэдээ архинд орсон хойно нь араас явах биш урьдчилан сэргийлэх арга хэмжээнд асар их хөрөнгө зарж байгаа. Монголд урьдчилан сэргийлэх төсөлд хөрөнгө мөнгө зарсан юм алга. Төрийн дэмжлэгтэйгээр “цэцэглэчихсэн” архины бизнесээс тунасан бохирыг бид цэвэрлэх гэж зүтгэж байна. Түүний хажуугаар урьдчилан сэргийлэх ажлыг ч хийж байна. Их дээд сургуулийн оюутнуудад лекц уншиж, сургалт явуулдаг. Би болон миний шавь нар сайн дураараа аймаг сумдаар явж соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хийдэг. Үүнийг бодлогоор дэмжихгүй бол энэ ажил мухардах вий гэдгээс би эмээж байна. Хичнээн жил энэ хүмүүс ингэж явах вэ дээ, амьдралаа бодно шүү дээ. Уг нь, урьдчилан сэргийлэх ажил нэгдүгээрт байх ёстой. Гэтэл гурав, дөрөвдүгээрт явж байгаа.
 
-Та архины асуудалтай хүмүүсийг архичин гэхгүй гэж ярилцлага өгсөн байсан даа?
 
-Монгол хэлний нэр томъёололоор эрчүүдийг доош нь хийдэг нэршил л дээ. Гутал хийдэг хүнийг бид гуталчин, талх барьдаг хүнийг талхчин гэдэг шүү дээ. Тэгэхээр архи хийдэг үйлдвэрийн эздийг архичин гэнэ үү гэхээс үйлдвэрлэсэн архийг нь хэрэглэдэг хүнийг архичин гэхгүй л дээ. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хэрэглэгчид юм. Монгол эрчүүдэд би одоо архины аюулаас өөрийгөө авар, амь амиа бодох цаг болсон шүү гэдгийг л хэлнэ.
 
Ярилцлага өгсөн танд баярлалаа
 
Б.Гүнжинлхам
Эх сурвалж: "Ган зам" сонин