sonin.mn
МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын талаар 4 дүгээр сарын 15-нд мэдэгдэл хийжээ. Энэ өдөр тэрбээр ОХУ-ын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах тухай захирамжид гарын үсэг зурсан юм.
 
В.Путинтэй хийсэн ярианы тухайд
 
Тэрбээр хэдхэн өдрийн өмнө В.Путинтэй хийсэн яриагаа нээлттэй, хүндэтгэлтэй болсон гэжээ.
ОХУ, АНУ бол олон улсын тогтвортой байдалд ихээхэн хариуцлага хүлээх хоёр агуу гүрэн гэдгийг Ж.Байден цохон тэмдэглэв.
Орос, Америкийн ард түмэн энх тайван байдалд хүрэхийг зорьдог гэдэгт итгэлтэй буйгаа Ж.Байден илэрхийлжээ.
ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар ярих үеэрээ тэрбээр Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ батлан мэдэгдсэн гэв.
 
Хоёр удирдагчийн уулзалтын тухайд
 
Зун Европт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгчид санал болгосон гэдгээ Ж.Байден мэдэгдэв.
Ж.Байдены хэлснээр, уулзалт хийх боломжийг талууд яг одоо хэлэлцэж байгаа аж.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, ОХУ зэвсэглэлд хяналт тавих, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах зорилгоор стратегийн тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлж магадгүй гэж Цагаан ордны тэргүүн үзэж байна.
 
Хориг арга хэмжээний тухайд
 
АНУ Оростой өрнүүлэх харилцаандаа хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийг зорихгүй хэдий ч ОХУ-ын эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн гэж Ж.Байден мэдэгдэв.
Олон жилийн турш өрсөлдөж ирсэн хоёр улс харилцаандаа үүссэн хурцадмал байдлыг залруулах арга замаа олж, хяналтаас гаргахгүй байж чаддаг болсон хэмээн тэрбээр мөн хэлжээ.
 
ОХУ-ын эрх баригчдын эсрэг авсан Вашингтоны хориг арга хэмжээнд ижил хариу барихыг Ж.Байден В.Путинд уриалсан байна.
Үүний зэрэгцээ энэ явдлыг ОХУ, АНУ өнгөрсөнд нь орхиж, харилцаагаа тогтворжуулах оролдлогыг хийж чадна гэдэгт итгэлтэй буйгаа АНУ-ын Төрийн тэргүүн илэрхийлжээ.
Одоо үүссэн хурцадмал байдлыг даван туулахын тулд АНУ ОХУ-тай үр дүнтэй хамтран ажиллахыг зорьж байна хэмээн Цагаан ордны тэргүүн цохон тэмдэглэв. Хурцадмал байдлыг намжаах үе нь одоо гэдгийг Ж.Байден цохон дурджээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг