sonin.mn
Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
 
Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хориг тавьж, улмаар УИХ хүлээн авлаа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна. Энэ бүхнийг та хэрхэн дүгнэж байна?
 
Юуны өмнө sonin.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Бас хөл хорионы дэглэм сахигдаж байгаа энэ үед бодитой мэдээлэл түгээх зорилгоор надаас ярилцлага авч байгаад талархаж байна. Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 4 сарын 16-нд болсон. Энэ хуралдааныг би маш их хүлээж байлаа. Учир нь уг хуралдаанаар манай улс Үндсэн хууль төвтэй улс юм уу? эсвэл нам төвтэй улс болсон юм уу? гэдэг нь шийдэгдэх байсан. Гэтэл Үндсэн Хуулийн Цэцийн дээр МАН байна гэдэг нь олон нийтэд тодорхой боллоо.Та бүхэн санаж байгаа бол гурван хүн хуралдаж эхлээд, бага суудлын хуралдаан нь дуусаагүй байхад  МАН УИХ-д олонхи гэдгээрээ түрий барьж, бага суудлын хуралдаанд оролцсон цэцийн гишүүний хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар солиод, дунд суудлын хуралдаан гэдгийг зарлан хуралдуулсан. Уг хурлаар гарсан шийдвэр нь мэдээж ойлгомжтой, урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нэр дэвших эрхгүй гэж гарсан.
 
Мөн та бүхэн анзаарч байгаа бол төрийн ажил ийм хурдан явагддаг болсныг би анх удаа л  харлаа. Урьд нь орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбоотойгоор буюу 2016-2020 оны хугацаанд Баянзүрх дүүрэг дээр, Сүхбаатар аймгийн ИТХ дээр маш ойрхон тоогоор ялалт, ялагдал шийдэгдэж, маш их маргаан дагуулж байсан. Тухайн үед Үндсэн Хуулийн Цэцэд манай намынхан гомдол гаргаад, цэц орон нутгийн сонгууль Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг. Улмаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдэж, УИХ-аар хүлээж авах хүртэл бараг гурван сарын хугацаа болж байсан. Хамгийн багадаа шүү дээ. 11-р сард бид Үндсэн Хуулийн Цэцэд хандахад дараа оных нь 2-р сард буюу бүтэн улирлын дараа энэ хуулийн зүйл заалт хасагдаж байсан. Гэтэл МАН оролцохоор Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр 7 хоног хүрэхгүй хугацаанд байнгын хороодоор ороод, УИХ-аар хэлэлцэгдээд, батлагдаад гараад ирж байгаа юм. Энэ нь юуны илрэл вэ? гэхээр нэг нам олонхи болохоор аливаа асуудалд маш түрэмгий нөлөөлдөг юм байна. Мөн энэ хөл хорио эрх баригчдад давуу тал болж байх шиг, иргэд үзэл бодлоо илэрхийлэх бололцоог хангаагүй. Цар тахал зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхий даяар тархаж байгаа, тийм учраас бид анхаарал хандуулах нь зүйтэй.  Гэхдээ тэнцвэртэй бусаар шударга ёс, ардчилсан үндсэн хууль гэдэг зүйлийн ухагдахууныг алдуулчихав уу даа? гэж хэлмээр байна. 
 
Тэгэхээр Үндсэн Хуулийн Цэцэд анх мэдээлэл гаргасан хүмүүс нь УИХ-ын гишүүн, ХҮНамын дарга Т.Доржханд, ХҮНамын нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нар. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс бол үүнд маш их шүүмжлэлтэй хандаж, ХҮНамыг тоглоомын нам гэх мэтээр нэрлэж байсан?
 
Монголчууд бид ардчилсан зарчмаа барих ёстой. Ардчилал гэдэг маань төрийн үйл ажиллагаа  тунгалаг байх ёстой, иргэд ижил тэгш эрхтэй байх ёстой. Ийм ч учраас энгийн иргэн байна уу? ХҮНамын дарга байна уу? хэнд ч бай аливаа асуудлыг Үндсэн Хуулийн Цэцэд тавих эрх нь нээлттэй байх ёстой. Харин ХҮНамын хувьд гэвэл тэд улстөрд байгаа хоосон орон зайг эзлэж авах гэж оролдож байх шиг байна. МАН-тай огт хамааралгүй, зөвхөн шударга үнэний төлөө явдаг хүмүүс шүү, бид гээд л... Харин бодит байдал дээр гэвэл ХҮНам орон нутгийн сонгуульд оролцож байхыг нь би мэдэх юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд маш тодорхой биччихсэн байгаа. Иргэн хүн ИТХ-д нэр дэвшиж байгаа орон нутагтаа хамгийн багадаа сүүлийн 6 сар буюу 180 хоног ажиллаж, амьдарсан байх ёстой гэж заагаад өгчихсөн. Харин улстөрийн нам бол тухайн орон нутагтаа хамгийн багадаа 6 сараас доошгүй хугацааны өмнө намын үүр, салбар зөвлөлөө байгуулчихсан байх ёстой гээд. Гэтэл ХҮНам бол 2020 оны 08 дугаар сард Нийслэлийн намын хороогоо байгуулаад, 10-р сард нь сонгуульд орчихож байгаа юм.
 
 
Энэ жишгээс харах юм  бол ХҮНамынхан өөрсдөө хуулиа мөрдөхгүй, зөрчиж байна. Уг нь мундаг мундаг юм яриад явдаг залуучууд бусдад үлгэр жишээ болмоор юм.Гэтэл тийм биш л байна.
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг татан буулгах, тараах захирамж гаргаад байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
 
МАН аль эрт тарах ёстой байсан.Пост коммунист буюу ОХУ, Украйн, Польш, Унгар зэрэг орнууд олон намын тогтолцоо руу шилжихдээ коммунист намаа татан буулгаад, эд хөрөнгө, өмч, гишүүнчлэл гээд бүгдийг нь байхгүй болгож байгаад шинэ намууд байгуулаад өрсөлдсөн. Энэ бол хамгийн шударга зарчим. Ижил гараанаас гарсан. Гэтэл зөвхөн Монгол улс нөгөөх 70 жилийн түүхтэй намтайгаа үлдээд, шинэ тутам байгуулагдсан намуудтайгаа ижил тэгш биш гараанаас өрсөлдсөн байх жишээтэй. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд АН нэг л удаа засагласан гэж болно. Бусад үед нь олонхи болж чадаагүй. Үүнээс дүгнэхэд ижил гараанаас гараагүй учраас МАН өөрсдөдөө үргэлж давуу байдлыг үүсгэж явсан байна гэж харагдаж байгаа юм. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 жилийг дүгнээд үзье. Уг нь бид дундаж чинээлэг давхарга нь их, ядуус цөөн, Европ шиг, Англи, Австрали шиг л улс болж хөгжихийн төлөө зорьсон. Гэвч 30 жилийн турш нэг намын тогтолцоо нөлөөлж ирсэний үр дүнд харамсалтай нь уул уурхай дагасан эдийн засагтай улс болж хувирсан. Өнөөдөр Монгол улс 6 тэрбум орчим долларын экспорт хийдэг. Үүний 90% нь уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргадаг, 75 орчим хувийг нь зөвхөн БНХАУ руу гаргадаг. Ингээд УИХ-д сууж байгаа ихэнх хүн нь уул уурхайгаас хамааралтай, маш их хэмжээний мөнгөөр сонгууль хийдэг гэдэг нь тодорхой болчихсон.
 
 
 
Сонгуулиар мөнгө тараана гэдэгт Монголчууд бид нэг их гайхахаа больчихлоо шүү дээ. Нөгөөтэйгүүр хөөрхий иргэд, сонгогчид бид яг МАН-ыг сонгоод байна уу? гэхээр үгүй болж таардаг.
 
 
 
УИХ-ын 2020 оны сонгуулиар санал өгсөн хүмүүсийн 40% нь буюу ердөө 10 хүн тутмын 4 нь л МАН-д санал өгсөн. Үлдсэн 6 нь ямар нэгэн байдлаар бие даагч, өөр намд санал өгсөн байгаа. Гэхдээ эрх баригчид өөрсдийн бүртгэлийн байгууллага, Сонгуулийн Ерөнхий Хороо зэрэг байгууллагаараа дамжуулаад өөрсдийн хатуу массыг барьж үлдээд, бусдынх нь саналыг хуваах бодлого барьж байна. Орон нутгийн сонгуулийг санаж байгаа байх. Улаанбаатар хот 1 сая сонгогчтой. Гэтэл МАН олонхиороо түрий бариад Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, санал авах цагийг богиносгосон, сурталчилгааны хугацааг богиносгосон. Мөн ирцийн босго хувь гэж байхыг болиулсон. Энэ юуг илэрхийлж байна вэ? гэхээр эрх баригчид иргэдийг  аль болох битгий сонгуульд оролцоосой гэж бодож байна. 2020 оны 10-р сард НИТХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 40% буюу 400 000 орчим хүн санал өгсөн. Үүнээс МАН 200 000 орчим хүний санал авсан. МАН нийт сонгогчдын ердөө 20 хувийн саналыг авсан атлаа Улаанбаатар хотын засаглалыг 100 % барьж байна. Мөн нийт сонгогчдын 40 хувийн дэмжлэг авсан нам УИХ-ын 80 хувийн суудлыг аваад, 100%  төрийн эрх барьж байна.
Энэ бүхнийг  харахаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН гэдэг энэ нам яаж хамгийн бага хүний санал авсан атлаа яаж хамгийн их эрх мэдэл, засаглалыг авах вэ? гэдэг тогтолцоог гаргууд сайн хийсэн байна. Энэ нь мэдээж мажоритори тогтолцоо. Мөн тэд хууль, шүүхийн байгууллагуудад маш их нөлөөлж байгаа. Энэ нь илэрхий болчихлоо шүү дээ. Тэгэхээр цаашдаа МАН 30 жил байна гэж тооцох юм бол иргэн бүр энэ намын гишүүн болох хэрэгтэй. Энэ намын дэмжлэгтэй аж ахуйн нэгж нь илүү сайн хөгждөг, үгүй бол зах зээлийн өрсөлдөөнд оршин тогтнох ямар ч боломжгүйд хүрнэ гэж тооцож байна. Тийм учраас бид хэрэв өндөр хөгжилтэй улс орнууд шиг дундаж давхарга нь их, ядуу нь цөөхөн, баян нь цөөн ийм нийгэм рүү явья л гэж бодож байгаа бол МАН-аас хамааралтай зүйлсийг байхгүй болгож, ижил гараанаас улстөрийн намуудыг өрсөлдүүлэх шаардлага цаг хугацааны хувьд болчихсон.
 
Нөгөөтэйгүүр үүнтэй зэрэгцээд АН-ын дарга Ц.Тувааны гарын үсэгтэй, АН АНУ-ын нэг компанитай лобби хийлгэхээр гэрээ байгуулсан тухай УИХ-ын гишүүд ярьж байна. Та АН-ын удирдлагын хувьд  үнэхээр ийм  гэрээ байгуулсан уу? гэдэгт тайлбар өгөөч.
 
Энэ талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж харсан. 4 сарын 22-нд гарсан мэдээлэл байна лээ. Ер нь бол энэ буруу. Хэрэв АН ямар нэгэн байдлаар хийсэн гэрээ хэлэлцээр байгаа бол түүнийгээ ил болгох хэрэгтэй. Улстөрийн намууд, улстөрд өрсөлдөж байгаа хувь хүн гадны байгууллагаас санхүүждэг, зөвлөгөө авдаг байх юм бол эх орон гэж яриад утгагүй. Бид чинь эх орноо сайн сайхан болгоно гэж мөрийн хөтөлбөр боловсруулж уралдаж байгаа л хүмүүс шүү дээ. Гэтэл гадны гар хөл болж, гадны компаниас дэмжлэг авдаг, гадны компаниас зөвлөгөө авдаг болох юм бол энэ нь утгаа алдана. 1990 онд Москвад шийдвэр гаргадаг биш Монголдоо шийдвэрээ гаргадаг больё гэж л хувьсгал гарсан гэж би боддог. Гэтэл тэр түүхэн хуудсыг эргүүлсэн АН өөрсдөө гаднаас зөвлөгөө авдаг юм бол энэ нь ёсзүйн хувьд яагаад ч болохгүй зүйл. 
 
Нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших эрхгүй болчихлоо. Таны хувьд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг хэн байгаасай гэж бодож байна вэ? 
 
Мэдээж аливаа зүйлд тэнцвэр хэрэгтэй. Ерөнхийлөгч гэдэг хүн гурван үндсэн үүрэг гүйцэтгэж байгаа. Нэгдүгээрт ҮАБЗ-ийн тэргүүн, хоёрдугаарт Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч. Гуравдугаарт, улсын тэргүүн дипломатч. Энэ гурван үүргээ хангалттай биелүүлж чадах хүнийг АН дэвшүүлэх нь зүйтэй. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг долоон гадаад хэл мэддэг ч юм уу, хоёр гадаад хэл мэддэг ч гэх юм уу? тиймэрхүү шалгуур яриад дэмий байх. Ард түмэнд сонгох эрх нь байгаа. Үндсэн хуулинд  Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс санал хураалтаар сонгоно гээд биччихсэн байгаа. Яг түүний дагуу л АН ард түмнээ төлөөлж чадах, саналыг нь авч чадах хүнээ дэвшүүлээсэй л гэж бодож байна. 
 
Нөгөө талд М.Тулгат даргатай гэж яваад байгаа АН Ерөнхийлөгчид нэр дэвших хүний шалгуур гаргасан байна лээ. Үүнд таны сая дурьдсан шиг 2-оос дээш гадаад хэлтэй байх ёстой гэсэн заалт бас багтсан юм билээ?
 
Иргэдийн өмнөөс хэн нэгэн хүн шалгуур тавиад байх бол утгагүй. Нам дотор босго даваагаа тодорхой болгохын тулд ядаж гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг ч юмуу зүйл бол байх ёстой. Энгийн жишээгээр бодоход л төрд ч бай, хувийн хэвшилд ч бай ажилд ороход шалгуур тавьдаг. Нягтлан хүн гэхэд санхүү эдийн засгийн чиглэлээр дээд сургууль төгссөн байна гэдэг ч юм уу, төрийн албанд ороход төрийн албаны шалгалт өгсөн байна гэдэг ч юм уу? Иймэрхүү шалгуурууд байх ёстой. Харин том утгаар нь харах юм бол хэт их өндөр шалгуур тавьж, энэ нь цаашдаа эсрэгээрээ муу арга болчих вий дээ гэсэн бодол байна. Өөрөөр хэлбэл нам дотроо өөрсдөдөө таарсан шалгуур тавьж, нэгнийгээ хасах оролдлого битгий хийгээсэй. Хүн болгонд өрсөлдөх эрхийг нь нээж өгч, нэгнийгээ хяхаж боолгүй эрүүл шударга өрсөлдөөн явуулаасай.
 
Өөр таны хэлье гэж бодсон, миний асуугаагүй зүйл байвал таны өмнө микрофон нээлттэй байна?
 
Нэгдүгээрт, миний хамгийн их санаа зовниж байгаа зүйл бол Монгол хүний эрүүл мэнд. Өнөөдөр маш олон хүн Ковид-19 вирусын халдвар авсан хэцүү нөхцөл байдалд байна. Олон хүн нас барж байна. Үүнд үнэхээр их эмзэглэж байна. Өмнө нь өдөрт нэг л хүн нас барж байсан бол энэ тоо нь улам л өсөөд явчихлаа. Тэр хүн хэн нэгний ах дүү, хэн нэгний найз нөхөд л байгаа. Тэдгээр ойр дотны хүмүүст нь үхэл маш хүнд тусаж байгаа. Тэгэхээр ийм хэцүү  нөхцөл байдалд заавал яаран сонгууль хийх гэж шаардлага юу байна даа гэж бодож байна. Энэ бол миний л байр суурь шүү. Өнөөдөр Монголчуудыг амьд сэрүүн, эрүүл саруул байлгахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд зарах гээд байгаа мөнгөөрөө вакцин авчихаасай.
 
 
 
Нэг удаа 6 жилээр сонгоно гэсэн юм бол Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2 жил үргэлжлүүлж ажиллуулаад,  дараагийнхаа хүнийг 6 жилээр сонгоод явчихна биз. Ийм эрх нь УИХ-д байгаа.
 
 
 
Гэхдээ энэ зөвхөн хувь хүн миний л бодол шүү. Энэ сонгуульд зарах гээд байгаа мөнгөөрөө вакцин ав, Монголчуудын эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хий. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуультай бүх юм давхацчихаад байна. Хоёр жилийн дараа бол энэ өвчин ч нэг талдаа гарчих байх. Нөгөө талаараа одоо сонгогдох Ерөнхийлөгч цаашдаа тийм их нэр хүндтэй байж чадах уу? Сая 2020 онд сонгогдсон УИХ-ыг хар л даа. Баахан ЖДҮ-чин л гэнэ. Баахан идэж уусан гээд сайн нэртэй хүн алга байна шүү дээ. Хүмүүст итгэл төрөхгүй байна. Уг нь ард түмэн хүсдэг бол, иргэн Д.Пүрэвдаваагийн хүслээр бол нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 6 жилээр нэг удаа гэж байгаа юм чинь Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулаад, 2 жилийн дараа цаг тайван болчихсон, Монголчууд эрүүл мэнддээ анхаарчихсан, эдийн засгаа татаад авчихсан үед хийгээсэй. Яг үнэндээ бол улстөрөөс болоод л бүх зүйлийг зогсоож байна.
Сая болсон хөл хорио бол хүмүүс улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл үүсчихнэ гэж айгаад вакцин хийхгүй, шинжилгээ авахгүй, юунд зориулагдсан юм бүү мэд, 14 хоногийн хөл хорио тогтоочихсон. Сүүлийн гурван хоногт л вакцин хийж эхэлж байна шүү дээ. Заавал нэг ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаж үнэ төлбөргүй вакцин хайж байхын оронд хамгийн хэрэгцээтэй байгааг нь, тухайлбал энэ сайтуудаар бичээд байгаагаар бол Спутник-V тариулья гэсэн хүмүүс их байгаа юм байна шүү дээ. 90 гаруй хувийн дархлаа тогтдог гэсэн статистик гарсан тэр Спутник вакциныг нь сонгууль хийх мөнгөөрөө худалдаад авчихаж болдоггүй юм байх даа гэж иргэн хүний хувиар бодож байна. 
 
Баярлалаа.
 
 
 
 
 
Ярилцсан М.Чойжал