sonin.mn
Монгол Ардын Нам мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг мэдэгдэлд: 
 
" Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдах гэж байна. Монголчууд төрөө дээдлэх ёс, уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл дотоод зөрчил, хуваагдлаараа талцсан Ардчилсан намын зарим гишүүд бурууг өөрсдөөсөө хайхын оронд Монгол Ардын намыг буруутгахыг санаархан гүтгэж байгааг эрс няцааж байна.
 
 
Улс төрийн өөр намын дотоод асуудал Монгол Ардын намд огтоос хамааралгүй бөгөөд ардчиллын тулгуур баганын нэг болсон Ардчилсан нам хоёр хуваагдан, хоёр дарга, хоёр нэр дэвшигчтэй болж, зөрчил талцал нь гүнзгийрсээр байгаад харамсаж байна. 
 
Нэг үгээр хэлбэл хөрш айл гэртээ зодолчихоод буруугаа хажуу айлдаа өгч байгаатай адил үйл явдал болж байна. Цаашид улс төрийн намуудыг дотоод ардчилалтай, шилэн, нээлттэй, ил тод, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх бодлогын өрсөлдөөнд хүргэж, төлөвшүүлэн бэхжүүлэхийн төлөө Монгол Ардын нам санаачилга гарган, үлгэрлэн манлайлж ажиллах болно. Дотооддоо үүссэн талцал хуваагдлаа бусдад нялзаахгүй байж, улс төрийн соёлыг эрхэмлэн харилцан хүндэтгэлтэй хандахыг Ардчилсан намын зарим гишүүдэд уриалж байна Монгол Ардын нам Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг шударга бөгөөд хуулийн хүрээнд зохион байгуулагдах ёстой гэж үзэж , бусад намуудыг хууль тогтоомжуудыг дагаж мөрдөн ажиллахыг уриалж байна." гэжээ.