sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Цихановскаятай тус улс дахь ардчилал, хүний эрхийн асуудлын талаар хэлэлцэхээр Цагаан ордонд лхагва гарагт уулзжээ.
Энэхүү уулзалтын дараа Ж.Байден, “С.Цихановскаятай Цагаан ордонд уулзлаа. АНУ Беларусийн ард түмний ардчилал, хүний эрхийн төлөөх хүсэл зоригийг дэмжиж байна” хэмээн “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. С.Цихановскаягийн хувьд уулзалтаа “халуун дулаан уур амьсгалд болсон” хэмээн тодорхойлоод, АНУ беларусьчуудтай нэгдмэл үзэл санаатай байгааг мэдэрсэн хэмээн мэдэгджээ.
“Бидний уулзалт 15 минут орчим буюу удаан өрнөөгүй хэдий ч халуун дулаан уур амьсгалд боллоо. Ж.Байден Беларусьт өрнөж буй үйл явдлуудад анхаарлаа хандуулж байгааг харлаа. Миний бие түүнд “Беларусьт болж буй үйл явдал геополитикийн асуудал бус хүчирхийлэл, хууль ёсыг үл хайхарсан байдлын эсрэг тэмцэл юм” гэдгийг онцлон хэлсэн. АНУ Беларусийн ард түмэнтэй одоо ч, шинэ сонгуулийн дараа ч хамт гэдгийг ойлголоо” гэж С.Цихановская “VOA” агентлагт мэдээлжээ.
 
 
 
 
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко улиран сонгогдсоноос хойш тус улсад улс төрийн эмх замбараагүй байдал үүсээд буй юм. Өнгөрсөн наймдугаар сард болсон уг сонгуулийг Өрнөдийн олон орон будлиантай болсон хэмээн үзсэн байна.
 
 
 
С.Цихановская нь А.Лукашенкогийн гол өрсөлдөгч байсан юм. Харин А.Лукашенкогийн Засгийн газар жагсаалыг хүчээр таслан зогсоосны дараа тэрбээр улс орноосоо дүрвэн явжээ. Сөрөг хүчний удирдагчийн хувьд А.Лукашенкогийн Засгийн газрын эсрэг хатуу арга хэмжээ хэрэгжүүлэхийг АНУ-д уриалсаар ирсэн юм. Мөн саяхан тэрбээр Беларусийн нүүрсхүчлийн кали, мод, гангийн салбарт хориг тавихыг АНУ-д уриалжээ.
“Хориг арга хэмжээнүүд нь асар хүчтэй нөлөө үзүүлэхгүй хэдий ч Беларуст хүчирхийллийг зогсооход, өндөр албан тушаалтнуудыг иргэний нийгэмтэй яриа хэлэлцээ өрнүүлж эхлэхэд хувь нэмэр оруулна” гэж С.Цихановская энэ сарын эхээр “VOA” агентлагт мэдээлжээ. Тэрбээр энэхүү ярилцлагынхаа үеэр, Беларусийн иргэний нийгмийн бүлгүүдэд илүү их дэмжлэг үзүүлэхийг АНУ-аас хүссэн хэмээн ярьжээ.
Тэрбээр Вашингтон хотод байх хугацаандаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нартай мөн уулзсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг