sonin.mn
Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation 2021” энэ сарын 17-19-ний өдөр болох гэж байна. Урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарч, олон улсын шинжтэй зохион байгуулагдах тус арга хэмжээнд үндэсний 100 гаруй байгууллага оролцож, дижиталчлалын эрин үетэй хэрхэн хөл нийлүүлж буйгаа, улс орны алс хэтийн хөгжлийн зураглал, төлөвлөгөөтэй дэлгэн үзүүлэх юм. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбартаа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй цуврал ярилцлага хийж буй билээ.
 
 
“Юнител” группын Гүйцэтгэх захирал Д. Энхбат: Цахим шилжилт хийснээр дотоодын нийт бүтээгдэхүүн тав дахин өсөх боломжтой
 
 
Юнител компани 2006 онд байгуулагдан, үйл ажиллагаа явуулж эхлэхэд айл өрхийн интернэтийн хурд одоогийнхоос  бараг 100 дахин бага байсан. Тэр үетэй харьцуулахад бид одоо дэлхий ертөнцтэй 100 дахин хурдан холбогдож, мэдлэгийг 100 дахин хурдтай олж авч байна гэсэн үг. Сум суурин газруудад хүмүүс цахилгаан холбоон дээр очиж, сансрын хиймэл дагуулаар ярьдаг байсан бол одоо багийн түвшинд 4G интернэт ашиглаж байна. Технологийн түвшинд хүмүүс хоорондоо ийн холбогдож буйгаараа бид дэлхийн топ 50 улсын нэгт тооцогддог.
 
Биднийг анх энэ зах зээлд нэвтрэхэд нийт хүн амын 40 хувь нь үүрэн телефон хэрэглэж байсан бол одоо 120 орчим хувьд хүрсэн. Юнител бий болсноор өрсөлдөөн бий болж, үнэ тариф, бүтээгдэхүүн үйлчилгээ дагаад боловсронгуй болж, сайжирсан.
 
Тэр үед нийт зах зээлийн 80-90 хувийг эзэмшиж байсан томоохон үүрэн компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай тул санхүүгийн үр ашиг нь менежментийн түвшиндээ гадагшаа чиглэлтэй байсан. Өнөөдөр харин Юнител, Скайтел, Жи-мобайл бүгд монгол хөрөнгө оруулагчидтай, монгол инженерүүд ажиллаж, монгол хүмүүс  удирдаж байна. Үүгээрээ бүхий л нөү- хау маань монголчуудын чадавх болж дотооддоо шингэж,  мэдлэг ур чадвараараа  дэлхийд өрсөлдөх сууриа бэлдэж байна гэж ойлгодог. Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой тохиож буй энэ үед бид салбартаа оруулсан хувь нэмрээ ийн дүгнэж байна.
 
Өнөөдөр Монгол Улс цахим үндэстэн болох зорилго тавиад байна. Энэ ажлыг Засгийн Газрын таван том зорилтын нэг болгож, мэдээлэл технологийн салбар хөгжлийн хурдасгуур хэмээн тодорхойлж, Ерөнхий сайд нь манлайлан ажиллаж буй нь маш том дэвшил гэж харж байна. “Government to consumer” буюу төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах энэ процесс маш хурдацтай явж байна. Үүний хажуугаар бид бүтэц, зохион байгуулалтаа сайжруулж “Business to business” гэх зах зээлийг өргөжүүлж, үүндээ төвлөрөн цахим шилжилт хийж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн, тухайн салбарын ашгийг 5 дахин өсгөх ач холбогдолтой юм.
Жишээлбэл, Хөдөө аж ахуйн салбарт бид судалгаа, шинжлэх ухааны статистик, өгөгдөл дээр суурилан оновчтой арга хэмжээ аваад явбал маш их үр дүн гарна. Усалгааны систем, шавж устгалын арга барил зэргийг их хэмжээний датан дээр тулгуурлан шийдвэрлэдэг бизнесийн хэлбэр лүү шилжвэл тариа хураалтыг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой. Эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй, уул уурхайн салбаруудыг ойрын хугацаанд ийнхүү технологийн тусламжтай инновацжуулан, 3-5 жилийн төсөл хэрэгжүүлэхэд бодит үр дүн гарна. Боловсрол, эрүүл мэндийн салбар ч мөн богино хугацаанд маш боловсронгуй хөгжинө. Ингэхийн тулд засгийн түвшинд салбарын сайд нарын манлайлал хэрэгтэй байна.
 
Юнител хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг 2016 оноос хойш ашиглан, хөгжүүлж байна. Үүнийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч компаниудын нэг юм. Зөвхөн технологийн компаниуд ч биш бусад бүх салбарынхан хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглан, үйл ажиллагаа явуулах, цахим шилжилт хийх хүсэл мөрөөдөлтэй байгаа. Улс орны хэмжээнд энэ ажлыг тодорхой түвшинд хэдийн хэрэгжүүлж эхэлсэн.
 
Ийм дэвшилтэт, чухал цаг үед Digital Nation 2021 арга хэмжээг зохион байгуулж буй нь төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг болох нь. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийж, дижитал шилжилтийн асуудлаар төр, хувийн хэвшлүүд ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих ач холбогдолтой гурван өдөр болох гэж байна.
 
 
 
 
 
 
“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: Боломжийг алдахгүйн тулд бүгдээрээ ширээ тойрч суугаад ярилцах хэрэгтэй
 
 
 
Монголыг Цахиурын хөндий болгоё, оюуны экспорт хийе, IT салбараа хөгжүүлье, эдийн засгаа солонгоруулъя гэж бид сүүлийн 20 жил ярьсан. Бодитой өөрчлөлт явагдахгүй байж байгаад сүүлийн 3,4 жилд төр, хувийн хэвшлийн үйлчилгээ эрчимтэй цахимжиж байна. Хүн бүр E-Barimt ашиглаж, E-Mongolia аппликэйшнээр дамжуулан төрийн үйлчилгээг авч, ихэнх бүртгэлийн ажлууд цахимжлаа шүү дээ. Банк, санхүүгийн салбарынхан ч ялгаагүй цахим шилжилтэд онцгой ач холбогдол өгсний үр дүнд иргэд гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийх, дансаа шалгах, цахимаар зээлээ авах, дэлгүүрт ороод гар утаснаасаа бүх тооцоогоо хийдэг болсон.
 
Харин Ард Санхүүгийн Нэгдэл өнгөрсөн хугацаанд Ард Аппликэйшныг нэвтрүүлж, салбаргүйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоогоор Ард Апп дээр 1.3 сая хэрэглэгч бүртгүүлж, үүнээс 120 мянган хүн аппаар дамжуулан хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцож, АрдКойныг эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрээд байна. Түүнчлэн тэтгэврийн хуримтлал үүсгэсэн иргэдийн тоо 60 мянгад, манайхаас гар утсаараа зээл авдаг хэрэглэгч 50 мянгад хүрсэн. Салбартаа манлайлагч байгууллагын хувьд бид бүхэн Digital Nation арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүн, дараагийн алхмуудаа зарлахаар зэхэж байна.
 
Тухайлбал, UBX.mn үнэт цаасны биржийн нээлтийг энэ үеэр хийнэ. Шинэ хөрөнгийн бирж гарч ирснээр өрсөлдөөн үүсч,үйл ажиллагаа нь цахимжина, цаашлаад монголчууд биржийн хувьцаа эзэмших боломж гарч ирж байна. Түүнчлэн Монголын нууц товчооны NFT хувилбарыг Digital Nation арга хэмжээний үеэр Засгийн газарт гардуулж өгнө.
Үүнээс гадна бид дараагийн том алхмаа олон нийтэд зарлах юм. Манай компани монголчуудыг хөрөнгө оруулагч үндэстэн болж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгвэл Ард Санхүүгийн Нэгдэл олон улсыг байлдан дагуулж, цахим гүрнийг бий болгох дараагийн ажлаа эхлүүлсэн. Төвлөрсөн бус санхүүгийн шинэ технологиудыг Монголд нэвтрүүлэх цаашлаад дэлхийн зах зээлд гарах ажлууд шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Ард апп, Ард койн, DAX-аар Хойд Америкийн зах зээлд гарахаар бэлтгэл ажлуудаа базааж байгаа. Монголчууд 800 жилийн өмнө зэр зэвсэг, эр зориг, хамтын ажиллагаагаар их гүрнийг байгуулж байсан бол 21-р зуунд бид цахимаар, мэдлэгээр үүнийг хийх гэж байна.
 
Одоогоор төвлөрсөн бус санхүүгийн шинэ технологийг зохицуулах хууль, эрх зүйн орчин Монголд хараахан бүрдээгүй байна. Жишээ нь, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл өгнө гэж яриад байгаа. Төр зохицуулалт хийнэ гэхээсээ эхний ээлжинд тайланг нь аваад олон нийтэд эрсдэлтэй, эрсдэлгүй гэдгийг мэдээлэх хэрэгтэй.
Мэдэхгүй болохоороо зохицуулах нэрийдлээр хориглочихож болохгүй. Нөгөө талаас хүмүүс мөнгөө алдах эрсдэлтэй учраас зүгээр орхиж бас болохгүй. Энэ тогтолцоонд хувь хүн ашиг хийсэн ч, алдагдал хүлээсэн ч хариуцлагаа өөрөө үүрнэ гэдгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэлж байна. Би ч тэрийг дэмждэг. Төр өөрөө хариуцлага үүрч болохгүй. Харин эрсдэлийг олон нийтэд таниулж, тэдний эрх ашгийг хамгаалах нь зүйтэй. Энэ мэтчилэн цахим шилжилт, шинэ технологитой холбоотой хэлэлцэх, шийдэл олох шаардлагатай зүйлс олон байна. Цахим шилжилт нэг талаас ядуурал, эдийн засаг, түгжрэл, утаа гээд нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх алтан боломж юм. Харин хоцорвол манай улс ядуу чигээрээ үлдэж, дараагийн аж үйлдвэрийн хувьсгалыг хүлээх хэрэгтэй болно. Энэ боломжийг алдахгүйн тулд цөмөөрөө ширээ тойрч суугаад сайн ярилцах хэрэгтэй.
 
 
 
 
“Infinite solutions” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Габит: “Монгол цахиурын хөндий”-г бүтээхийн төлөө хамтран ажиллацгаая
 
 
 
“Infinite Solutions” бол технологийн болон хөрөнгө оруулалтын компани. Бидний ажлын үндсэн зорилго мэдээллийн технологи ашиглан хүний амьдралыг илүү хялбар, илүү сайхан болгох бөгөөд алсдаа ирээдүй хойч үеийнхнээ эх орондоо сайхан амьдрах боломж нөхцлийг бүрдүүлж, үүнд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Ингэхийн тулд авьяаслаг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, олон стартап үүсгэн бойжуулж, дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулалт татан, дотоодын хэрэгцээгээ хангах, мэдээллийн технологийн экосистемийг бий болгох, цаашлаад “Монгол цахиурын хөндий” бий болгох шаардлагатай. Үүний төлөө төслүүд хэрэгжүүлэн тасралтгүй ажиллаж байна. Энэ бол нэг цэгт хүрээд зогсох бус тасралтгүй үргэлжлэх процесс. Багаас нь эхлээд хийгээд явж байхад цаашдаа өргөжин хөгжих, үр өгөөжөө өгөх маш том ажлын эхлэл юм.
Үүнийг нэг байгууллага дангаараа хийхгүй нь мэдээж. Дотоодын компаниуд, гадаадад ажиллаж амьдарч буй IT инженерүүд болон бусад олон салбарын чадварлаг боловсон хүчнүүд хамтрах шаардлагатай. Хууль, санхүү, биологи, технологи гээд бүх л чиглэлийн авьяастан мэргэжилтнийг урьж оролцуулах ёстой. Мөн олон талаас нь үүнийгээ тордох, уялдаа холбоотой хөгжүүлэх дэд бүтэц, систем бүрдүүлэх ёстой болов уу.
 
Америк дахь Цахиурын хөндий гэхэд ойр хавьдаа Стэнфорд гэх мэт томоохон боловсролын байгууллагуудтай. Тэнд нь хүний нөөцөө бэлдэж, судалгаа шинжилгээний ажлуудаа хийдэг. Төгсөгчид нь Цахиурын хөндийд ажиллах замаар инновац бий болгоно. Хөрөнгө оруулагчид нь ч бэлэн. Ийм гурвалсан холбоо бий болсноор тэрхүү хөндий төгс утгаараа бий болж буй юм.
 
Бидний хувьд сүүлийн 15 жил Монгол, АНУ, Сингапур, Мексикийн зах зээлд 100 гаруй төсөл хөтөлбөр, старт-ап төсөл хэрэгжүүлжээ. Дотоод, гадаад аль аль зах зээлээс хөрөнгө оруулалт татаж, босгож үзлээ. Өөрсдөө ч “Mongol Chat”, “Complex” зэрэг 10 гаруй компанид хөрөнгө оруулалт хийлээ. Хамгийн сүүлд NFT хэмээх шинэ цоо шинэ салбарыг оруулж ирэн, старт-ап хөгжүүлж, монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргах боломж нээхээр ажиллаж байна. Мөн “Nest Education” мэдээлэл технологийн сургууль байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ажлууд дээр дурдсан “Mongol Valley” санаачилгыг хэрэгжүүлэх эхний алхмууд юм.
Манай улсын хувьд цахим үндэстэн болох зорилго тавьж, энэ сэдвийг анхаарлын төвд оруулж, дижиталчлалын бодлого боловсруулж буй нь сайшаалтай хэрэг. Дижитал шилжилт гэдэг нь улс орны хэмжээнд битгий хэл дундаж компанийн хувьд бүрэн нэвтэрч, шилжилт хийхэд дунджаар 5 жилийн ажил шүү дээ. Тиймээс үндэстнээрээ цахимжина гэдэг нь багадаа 10 гаруй жилийн асуудал гэж би хувьдаа боддог юм. Мэдээж бид урт замын эхэнд, хөгжлийн гараан дээр зогсож байна. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв” гэдэгчлэн илүү хол явж, амжилтанд хүрье гэвэл одоо энэ зам дээрээс олуулаа, нэг зорилгын төлөө хөдлөх хэрэгтэй.
 
“Digital Nation 2021” бол энэ л шаардлагаас урган гарч буй арга хэмжээ болов уу. Өөрсдийн хөгжлийг дэлхийтэй харьцуулж харах, хөгжлийг түргэсгэх, “Монгол цахиурын хөндий”-г бүтээхийн төлөө хамтран ажиллахад түлхэц болно гэж хувьдаа үзэж байна. “Infinite Solutions” энд сүүлийн үеийн цоо шинэ төслүүд болон “Монгол Valley” санаачилгаа танилцуулан оролцох болно.