sonin.mn
Гадаад харилцаан яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд энэ сарын 14-нд уулзаж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар даргалсан байна. Энэ үеэр хоёр яамны үйл ажиллагааны уялдааг сайжруулах, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлын талаар ярилцжээ.
 
 
 
Сайд нар хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, улмаар хүнс экспортлогч орон болгоход манай худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнуудын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын чухлыг тэмдэглэж, үүнийг бодит ажил хэрэг болгоход яамдын газар нэгж, хилийн чанадад суугаа ДТГ-уудын үйл ажиллагааг эрчимжүүлээр тохиролцов.
 
 
 
Энэ үеэр хоёр яамны 2020 онд байгуулсан “ГХЯ, ХХААХҮ-наас ковид-19 цар тахлын нөхцөл байдалд экспортыг дэмжих, импортыг тогтвортой байлгах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчилж, агуулгыг нь баяжуулахаар тохирсон бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор яамдын газар, нэгж хоорондын уулзалтыг улирал тутам зохион байгуулахаар тогтов. Мөн гадаад зах зээлд өрсөлдөх боломжтой мах, гурил, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэх, уул уурхайн бус экспортын бараанд улс орнуудаас үзүүлдэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх мэдээллийг орон тус бүрээр гарган бизнес эрхлэгчдэд хүргэх ажлыг хамтран зохион байгуулахаар тохиров.