sonin.mn
Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо цахим болон биечилсэн байдлаар 2021 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын 15 дугаар чуулган 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн чуулганыг “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” сэдвийн дор хийж, тус байгууллагын гишүүн 195 орны өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы үеэр буюу 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болсон Ерөнхий санал шүүмжлэлээр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн бүлгүүд үг хэлэв.
 
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж үг хэлж, НҮБ-ын ХХБХ-ын 15 дугаар чуулган нь хямралыг даван туулах, уян хатан байдлыг бий болгох, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, арга хэмжээг хэлэлцэх боломжийг олгож байгааг тэмдэглэж, тус хэлэлцүүлэгт ДГХБО-ын хэрэгцээг бүрэн тусгах шаардлагатайг онцлов.
 
 
Мөн НҮБ-ын ХХБХ-наас үндсэн чиг үүргийнхээ хүрээнд буюу худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, тээвэр, ложистик, бүтээмжийн чадавх, цахим худалдаа, худалдааны хэлэлцээр зэрэг асуудлаар ДГХБО-д үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийг уриалав.