Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд “Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” зөвлөлдөх уулзалт болж байна.
ГХЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулсан уулзалтаар сүүний түншлэлийн хэтийн төлөв, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа, зорилт, мөн монголын сүүний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийв.
Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх нөөцтэй.
“Хүүхдийн өсөлт, хөгжилтөд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэн чухал. Монголын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд бүрдүүлдэг учир сүүний салбарыг эрчимтэй хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай”-г ХХААХҮ-ийн сайд онцлов.
Сүү боловсруулах дотоодын томоохон үйлдвэрүүд олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нутагшуулж байна. Гэвч суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах, сүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг багасгах, гарцыг нэмэх, сүүний чанарыг баталгаажуулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудал байдгийг тэрбээр дурджээ.
Иймд ХХААХҮЯ сүүний салбарыг стратегийн хувьд тогтвортой хөгжүүлэх, малчид, фермерүүдийн орлогыг тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэхэд анхаарч байгаа аж. Зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх Сүүний мэргэжлийн зөвлөлөөс монголын сүүний салбарын талаарх мэдээллийн булан, дээж бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, дипломат байгууллагын ажилтнууд, олон улс, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид, мөн Монгол Улсын яам, агентлаг, сүүний мэргэжлийн холбоо, зөвлөлийн төлөөлөгчид оролцлоо.
Ази тивийн сүүний түншлэлд одоогоор Афганистан, Бангладеш, Бутан, Вьетнам, Непал, Индонези, Энэтхэг, БНХАУ, Мьянмар, Монгол, Филиппин, Тайланд, Шри Ланк гэсэн 13 орон гишүүнээр элсжээ.
Сэтгэгдэл0
Сүүний машин
хуурай сүү үйлдвэрлэх машин оруудж ирж өгөөчээ
Маш чухал том арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсан байна даа.
Олон сая малтай орон байж,сүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бүрдүүлээгүй, сүүний үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүй, сүүний ферм цөөн, малчид нь хол хол нутагладаг,тэдний малын сүү эргэлтэнд орж чаддаггүй гэх мэт бэрхшээл ихтэй орон.Тийм байдалд тохирсон ямар тогтолцоо бий болгохыг шинээр бодож олох л хэрэгтэй байх даа!
Сүү ихтэй саалийн үнээ /өдөрт 40 литр сүү өгдөг/ г сүүний машин болгох замаар сүү бэлтгэнэ. Ийм үнээ бэлчээрлэхгүй зөвхөн дулаан тохилог байранд даршилсан хүчит тэжээл байнга хивэх замаар сүү үйлдвэрлэнэ. Канад, Голландаас ийм үүлдэр оруулж ирэх боломжтой.