sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов.
Түүний намтрыг Улсын дээд шүүгч Ц.Цогт танилцуулав. Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр, 2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг танилцуулгад дурдав.
 
Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн  Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж.
 
Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ. Эрдэм шинжилгээний хурлуудад англи, монгол хэлээр илтгэл бичиж хэлэлцүүлсэн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгааг танилцуулгад онцлов.
 
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нар ҮХЦ-ийн гишүүнээр улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэсэн заалтыг эргэж харах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Тодруулбал, аль нэг намын даргаар, эсхүл төрийн байгууллагад цөөн жил хуулийн хэлтэст нь ажилласан албан тушаалтныг улс төрийн өндөр мэргэшилтэй гэж тодорхойлох нь өрөөсгөл хэмээж байв. Тиймээс улс төрийн өндөр мэргэшилтэй гэж улс төрийн ямар албанд ажиллаж байсан, хэдэн жил хашсан, ямар бүтээл туурвилтай хүнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай гэсэн юм. Мөн гишүүд нэр дэвшигч Д.Гангабаатар нь намд элсэж байгаагүй, намд ажиллаж байгаа мэргэжлийн судлаач хэмээн үзэж, дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах Улсын Дээд шүүхийн саналыг байнгын хорооны гишүүд 79.1 хувийн саналаар дэмжиж, тогтоол баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.