sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт утсаар ярилаа. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид Турк, Сирийн харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцжээ. 
 
"Турк-Сирийн харилцааг хэвийн болгох асуудлыг, тэр дундаа Орос, Турк, Сирийн төлөөлөгчдийн оролцоотой зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх Анкарагийн санаачилгын талаар хэлэлцлээ.
 
Түүнчлэн, Сирийн асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх "Астанагийн үйл явц"-ын хүрээнд Орос, Турк, Иран улсууд хамтран ажиллахын бодит ач холбогдлыг удирдагчид онцлон тэмдэглэв" гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд дурдсан байна. Харин Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын харилцаа холбооны газрын мэдээлснээр, хоёр орны удирдагчид Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой үйл явцын талаар хэлэлцжээ.
 
Турк, ОХУ-ын Ерөнхийлөгч нар “үр тарианы коридор”, аммиак нийлүүлэх асуудлуудын зэрэгцээ Оросын үр тариаг Туркийн нутаг дэвсгэрт нунтаглан гурил болгон Африкийн орнуудад нийлүүлэхэд тодорхой алхам хийх талаар санал солилцов. 
 
Ерөнхийлөгч Эрдоган Орос, Украины хооронд урт хугацаагаар энх тайван тогтоох замд зуучлахад бэлэн байгаагаа дахин илэрхийллээ гэж Туркийн төрийн тэргүүний Тамгын газрын харилцаа холбооны газар мэдээлжээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг