sonin.mn
ДАВОС. /Al Jazeera/. Дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь 2020 оноос хойш шинээр бий болсон 42 их наяд ам.долларын баялгийн гуравны хоёрыг эзэмшиж байгааг “Oxfam” байгууллагаас даваа гарагт танилцуулсан шинэ тайланд онцлон тэмдэглэлээ. 
 
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг угтан танилцуулсан тайланд дурдсанаар, энэ хувь хэмжээ нь дэлхийн хүн амын үлдсэн 99 хувьд ногдох баялгаас ойролцоогоор хоёр дахин их байна. Мөн тэрбумтнуудын хөрөнгө өдөрт 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдэж байхад 1.7 тэрбум ажилтан инфляц цалингийн өсөлтөөс давсан улс орнуудад амьдарч байна.
 
Үүний зэрэгцээ дэлхийн тэрбумтнуудын тэн хагас нь өв залгамжлуулсан хөрөнгөд татвар ногдуулдаггүй орнуудад амьдарч байгаа нь тэднийг 5 их наяд ам.долларын хөрөнгө буюу Африкийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү хэмжээний хөрөнгийг өв залгамжлагчдадаа шилжүүлэхэд хүргэж байгааг тайланд дурджээ. “Oxfam”-ын мэдээлснээр, дэлхийн саятан, тэрбумтнуудад 5 хувийн татвар ногдуулахад жилд 1.7 их наяд ам.доллар босгох бөгөөд энэ нь хоёр тэрбум хүнийг ядуурлаас гаргахад хангалттай хүрэлцэнэ. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Габриэла Бучер тайлангийн үр дүн “цочирдом” гарсныг тэмдэглээд, дэлхийн хүн амын нэг хувь нь үлдсэн 99 хувийн хөрөнгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.  
 
“Бидний зүгээс улс орнуудад шинэ төрлийн татвар бий болгох талаар хэлэлцэхийг уриалж байна... Нигери, Энэтхэг зэрэг зарим улс оронд чинээлэг иргэд болон ашигтай бизнес эрхэлж буй компаниудад татвар ногдуулах нь тухайн улсын төсөвт томоохон өөрчлөлт оруулж болзошгүйг бид мэднэ, гэхдээ энэ нь эрүүл мэнд, боловсрол гэх мэт хүн бүрд чухал салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх боломжийг олгоно” гэж тэрбээр ярьжээ.
 
Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын манлайлагчид оролцож, дэлхий нийтэд тулгамдаж буй улс төр, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг. Энэ долоо хоногийн даваагаас баасан гарагт болох чуулга уулзалтад 52 орны төр, засгийн тэргүүн нар, мөн 600 орчим гүйцэтгэх захирал оролцоно. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг