sonin.mn
Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдын хурал өнөөдөр "Чингис" зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг зөвлөгөөнд Индонез, Япон, Папуа-Шинэ Гвиней, Камбодж, Филиппин, Танзани, Перц, Колумби, Кени, Мозамбек зэрэг улсын төр засаг, иргэний нийгмийн төлөөлөл болон бичил уурхайчид ирж оролцож байгаа юм.
 
 
Манай улсын хувьд ч аймаг, орон нутгийн олон төлөөлөгч оролцож, гадаад улс орны бичил уурхайчдын туршлагыг судалж буй юм. НҮБ-ыг Байгаль орчны хөтөлбөр ЮНИДО-гийн төлөөлөгч болоод бичил уурхайн асуудлаар мэргэшсэн экспертүүдийг урьж авчирсан нь уг хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгаа юм.
 
 
Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдын хурлын өнөөдрийн сэдэв "Мөнгөн усгүйгээр хүдэр баяжуулах технологийн шийдэл" юм. Дэлхийн аль ч улс оронд бичил уурхайн төвшинд мөнгөн ус хэрэглэсээр байгаа ажээ.
 
 
Тиймээс мөнгөн ус, цианид натри зэрэг аюултай бодисын хэрэглээг халж, уурхайчдын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх муу нөлөөөг бууруулах тухайд санаа бодлоо солилцоно. Бичил уурхайчдын өнөөдөр хэлэлцэх бас нэгэн асуудал нь "Ашигт малтмалын борлуулах сүлжээ".
 
 
Эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавин ажилладаг бичил уурхайчид олборлосон бүтээгдэхүүнээ өөрсдөө борлуулж чаддаггүйгээс хөдөлмөрийн үр шимээ бүрэн дүүрэн хүртэх боломж хомс байдаг ажээ.
 
 
Тэдний олборлосон ашигт малтмалыг худалдан цааш дамжуулдаг ченжүүдэд ашиг орлого нь илүүтэй ногддог үзэгдлийг хэрхэн халах тухайд хөндөн ярилцах юм. Олон улсын хуралд гадаад, дотоодын 150 төлөөлөгч ороолцож байна.
 
 
Д.Цээнэ
 
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин