sonin.mn
Япон, Манжууд халхын сүмийг эзэлсэн нь
 
Япон, Манжийн зүгээс өдүүлсэн Халх голын хилийн мөргөлдөөн бүр 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй. Уг үйл явдлыг газар дээр нь тодруулахаар VI дизивийн 15 дугаар хорооны штабын дарга Д.Дондов 1935 оны нэгдүгээр сарын 24-нд Халхын сүмийн харуул дээр очжээ.
 
 
Мөн өдрийн 13.00 цагт Япон, Манжийн зэвсэг бүхий 17 этгээд БНМАУ-ын хилд 20 км нэвтрэн Халхын сүмийн орчимд ирсэн тухай мэдээ авмагц учрыг лавлахаар тэрбээр харуулын дарга Г.Янжив, дөрвөн цэргийн хамт очжээ.
 
 
Гэтэл хил зөрчигчид тэдний өөдөөс буудсан тул харилцан буудалцах үеэр Д.Дондов, Г.Янжив нар амь үрэгдсэн байна. Мөн оны нэгдүгээр сарын 31-ны өглөөний 08.00 цагт Япон, Манжийн зэвсэг бүхий цэрэгтэй 41 машин, 53 морин цэрэг их буугаар дэмжүүлэн Халхын сүм рүү дайрчээ.
 
 
"Хил дээр буун дуу гаргаж болохгүй" гэсэн Бүх цэргийн жанжны тушаал ёсоор манай харуулынхан ухарч, Монгол Загасны харуул дээр ирсэн байна. Манжийн талынхан мөн өдрийн 12.00 цагт Халхын сүмийг эзлэн Монгол Загасны харуул руу довтолж 13.00 цагт эзлэн авчээ.
 
 
Манай харуулынхан мөн л буун дуу гаргалгүй ухарсаар Нарийн нуурт ирж байрласан байна. Манжийн тал хоёрдугаар сарын нэгэнд ухарч, Халхын сүмд очиж суурьшжээ. Халх голын зүүн талын Халхын сүм орчмын газар нь эртнээс Халхын Сэцэн хан аймгийн нутаг байжээ.
 
 
1697 онд Халхын Сэцэн хан Норовын хүү Пунцаг Буйр нуурын зүүн хойд талд да лам Жамбал-Осорыг залж шашин номын газар болох эхлэлийг тавьсан байна. Тиймээс Монголын хилчид Халхын сүм орчимд харуул хийдэг байжээ.
 
 
Гэвч Японы тал түүхийг гуйвуулж, "Халхын голын эрэг бол Халх ба Баргын хилийн зааг мөн. Халхын сүм орчим нь Баргын нутаг. Өөрөөр хэлбэл Манжго улсын газар." гэж үзэх болжээ.
 
 
Тэр үед Халхын сүүлчийн Сэцэн хан Навааннэрэн япончуудын тэрхүү санаархалд няцаалт өгч, Халхын сүм орчим нь Сэцэн хан аймгийн нутаг болох талаар томоохон нийтлэл бичиж байжээ.
 
 
Ийнхүү Япон, Манжийн зүгээс манай улсын эсрэг хилийн будлиан үүсгэсэн нь Манжуурт байрлаж байсан Япон цэргийн эрхтнүүдээс БНМАУ-ын Засгийн газар уг будлианыг эв зүйгээр зохицуулахыг чармайж эхэлсэн байна. Үүний үр дүнд БНМАУ ба Манжгогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлжээ.
 
 
Энэхүү хэлэлцээр нь үндсэндээ 1935-1941 оны хооронд нэлээд хүнд байдалтай явагджээ. 1935 оны зургаадугаар сарын гуравнаас 1937 оны есдүгээр сарын 13 хүртэл үргэлжилсэн энэ хэлэлцээр түүхэнд "Манжуурын бага хурал" гэж нэрлэгдэх болжээ. Дээрх хугадаанд Манжуурын бага хурал гурван удаа хуралдсан байна. 
 
 
Манжуурын хэлэлцээрт хэнхэн оролцсон бэ?
 
Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн тэргүүнээр Бүх цэргийн жанжны II орлогч Гончигийн Самбууг томилж, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн,
 
 
комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Цэргийн явдлын яамнаас дөнгөж шилжин томилогдоод байсан Жанлавын Лувсандэндэв,
 
 
хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажиллажээ.
 
 
Харин Манжгогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И,
 
 
Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манжгогийн төлөөлөгчдийг дагалдан Манжго улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто,
 
 
ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга (сүүлд Хойт Хянган мужийн цагдаагийн танхимын дарга болсон)
 
 
Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцжээ. 
 
 
Хэлэлцсэн асуудал
 
Манжуурын бага хурал Халхын сүм хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцэхийн зэрэгцээ тэр хугацаанд Япон, Манжгогийн цэргүүд БНМАУ-ын дорнод хил дээр зөрчил, мөргөлдөөн олонтаа үүсгэж байсныг тухай бүрд нь хэлэлцэж байжээ.
 
 
Манжуурын гурван удаагийн бага хуралд оролцсон Монголын талын төлөөлөгчид асуудлыг бие даан шийдвэрлэх эрхгүй, бүх зүйлийг ЗХУ-ын консулаар дамжуулан төвдөө мэдээлж, төвөөс заавар зөвлөгөө авч байжээ.
 
 
Чухамдаа энэхүү хэлэлцээр нь ЗХУ-ын удирдагчдын шууд удирдлага дор явагдаж байв. Тухайлбал, 1936 онд Х.Чойбалсангаас З.Пүрэвдорж, Н.Чимэддорж нарт цахилгаан утас илгээж,
 
 
Москвагаас Отпорт очсон СССР-ийн Дотоод явдлын яамны ажилтан Рашинтай уулзаж, ажил хэргээ танилцуулан зөвлөгөө тусламж авч байхаас гадна түүнийг нууцалж, задруулахгүй байхыг сануулсан байна.
 
 
Мөн Х.Чойбалсан 1937 оны есдүгээр сарын гурванд З.Пүрэвдорж, Н.Чимэддорж нарт бичсэн 03 тоот нууц цахилгаандаа, "Нэгдүгээр зүйлийг хоёрдугаар зүйлтэй нэгтгэн оруулахыг Москвагаас шийдвэрлэсэн" гэжээ.
 
 
Манжуурын хэлэлцээрт манай төлөөлөгчдийн тэргүүнээр оролцож байсан Г.Самбуу нам, засгийн удирдагчид өөрсдөө асуудлыг бие даан шийдвэрлэж чадахгүй, ЗХУ-аас өгсөн заавар удирдамжаар хэлэлцээр явагдаж байгаад дургүйцэж байжээ.
 
 
ЗХУ-аас тус улсад ажиллаж байсан тагнуулын байгууллагынхан манай төлөөлөгчдийг хардан Х.Чойбалсангаар дамжуулан 1937 оны наймдугаар сарын 19-нд Н.Чимиддорж, З.Пүрэвдорж нарт явуулсан 01 тоот нууц албан захидалдаа "Самбуу үүнээс урьд ба одоо Цэргийн яамны шифр авч явсан эсэх.
 
 
Хэрэв авч явсан бас түүгээрээ харилцдаг эсэх. Хэн хаана хадгалж байгааг шалган мэдэж, нааш нь маш нууцаар мэдэгд" гэсэн байна. Н.Чимэддорж мөн оны есдүгээр сарын найманд 06 тоот нууц цахилгаанаар Х.Чойбалсанд хариу мэдэгдэхдээ "Цэргийн яамны шифр авч яваа эсэх нь мэдэгдсэнгүй.
 
 
Авч явсан бол ажиллахгүй байгаа байж магадгүй." гэж хариу өгч байжээ. Ийнхүү улс төрийн талаар сэрдэгдсэн Монголын талын төлөөлөгчдийг 1937 оны есдүгээр сарын аравны шөнө баривчилж эхэлсэн байна.
 
 
Монголд ирсэн ЗХУ-ын тусгай төлөөлөгчдийн нэг, тус улсын Дотоодыг хамгаалах Ардын комиссарын орлогч М.П.Фриновскийгоос Дотоод Явдлын яамны сайд Х.Чойбалсанд биечлэн гардуулсан 1937 оны наймдугаар сарын 28-ны өдрөөр огноолж,
 
орос хэл дээр машиндсан "Заговор" буюу "Хуйвалдаан" ("Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө" гэх агуулагатай) гэж томъёолсон хэрэгт холбогдох Монголын нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах тушаалтан 115 хүний нэрсийн жагсаалтын хамгийн эхэнд Манжуурын I, III бага хурлын Монголын төлөөлөгчдийн тэргүүн Г.Самбуу, 18 дугаарт II бага хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийг ахалсан Л.Дарьзавын нэр бичигдсэн байна.
 
 
Мөн төлөөлөгч Г.Лут-Очирын нэр 75-д, М.Ядамсүрэн 76-д, орчуулагч Жүрмэд 62-д, Жагван 77-д, Лувсандэндэв 93-д, Шагдар 94-т тус тус тэмдэглэгджээ. Тэрчлэн төлөөлөгч Улсын Бага хурлын дарга Д.Догсом, Мал, тариалангийн яамны сайд З.Пүрэвдорж нар хожим 1940-өөд оны эхээр баривчлагдан ЗХУ-д хүргүүлэн тэнд цаазлагдсан байна.
 
 
Тэдэнд "Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын удирдагч, идэвхитэй гишүүн, БНМАУ-ыг устгаж Японд эзлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Японд тагнуулын мэдээ дамжуулсан" гэх хэргээр ял тулгажээ.
 
 
Мөн дээрх гурван удаагийн бага хуралд Манжгогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй зарим монголчуудыг япончууд "Оросын тагнуул" хэмээн буруутгаж буудан хороосон тухай баримт бий. 
 
 
В.Молотов, того нар бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэв 
 
Халхын голын дайны дараа Зөвлөлт-Монгол, Япон-Манжгогийн дөрвөн этгээдийн хилийн хэлэлцээ 1939 оны 12 дугаар сарын долооноос 1941 оны зургаадугаар сарын 14-нд Чита болон Харбинд бүгд дөрвөн удаа явагдсан байна.
 
 
Байгаа байрлалдаа дайны галыг зогсоох тухай шийдвэр ирэх үед Монголын зарим газар нутаг Японы армийн мэдэлд үлдсэнийг шийдвэрлэх нь хэлэлцээрийн чухал асуудал байв.
 
 
Гэвч олон удаагийн,  хилийн хэлэлцээгээр хөндөгдсөн маргаантай асуудал эцсийн мөчид ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын комиссар В.Молотов, Москвад суугаа Японы элчин сайд Того-той 1941 оны зургаадугаар сарын есны өдөр Москвад байгуулсан хэлэлцээрээр дуусгавар болж,
 
 
БНМАУ, Манжгогийн хилийн будлианы талаар тохиролцоонд хүрсэн байдаг. Мөн сарын 14-нд болсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хурлаар, тус хэлэлцээрийн тухай сайшаан тэмдэглэж, батлаад Маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар И.Сталинд явуулсан цахилгаан утсандаа тэрхүү хэлэлцээрийг "Зөвлөлт улсын гадаад бодлогын шинэ ялалт", "Аугаа их Сталины гүн санаачилга" хэмээн үнэлж байжээ.
 
 
Гэвч тэрхүү тохиролцоо нь Монгол Улсын хувьд тийм ч ашигтай зүйл биш байв. В.Молотовын хэлэлцээрийн уршгаар Халх голын чанад дахь 62.700 га нутаг, түүний дотор Нөмрөгийн Мана уул, халхын эртний шүтээн Халхын сүм хилийн гадна Манжгогийн мэдэлд үлдсэн байна.
 
 
Ш.Батцогт
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”