sonin.mn
ШУТИС-ийн Геологи газрын тосны сургуулийн доктор, профессор, зөвлөх инженер Д.Чулуунтай ажил, амьдралынх нь сайхан үе мөч,амжилт бүтээл, эрдмийн ажлын талаар ярилцлаа. Эрдэмтэн Д.Чулуун гуай Монголын геологичид, оюутан залуучуудын дунд нэр хүндтэй хүн юм. Тэрээр монгол хүний эвдрээгүй сайхан сэтгэл буянт үйлсээр баялаг нэгэн. Намайг түүнтэй ярилцлага хийхээр очиход инээмсэглэн угтсан билээ.; Эрхэм докторын инээмсэглэл,энгийн сайхан, нээлттэй яриаг ажиглаад надад ямар их ажилсаг, нямбай хүн бэ гэсэн бодол төрсөн.
 
 
-Таны бага насны амьдралаас яриагаа эхлэх үү. Багадаа юу мөрөөддөг хүүхэд байв?
 
-Би Говь нутгийн жирийн малчин айлын хүүхэд байлаа. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул. Эхээсээ дөрвүүлээ. Бага наснаасаа хонь, хурга хариулж, унага даага уургалж өссөн. Манайх хэрэндээ их малтай айл байлаа. Тэр олон хураг ишгийг харж, таниад эхэд нь хөхүүлдэг байсан. Гурав дөрвөн настай хүүхэд хураг, ишгээ таньдаг байж. Гурван настайгаас морь унаж сурсан. Хурдны морийг таваас арван нэг нас хүртлээ унасан.
 
Би дөрвөн хошуу малын дунд эргэлдэж өссөн хүн дээ. Ухаан сууж, сургуульд орж, сайн суръя гэж боддог болсон. Тэр үед ч хураг ишиг хариулж явсан хүүхэд ямар мэргэжилтэй болохоо ч мэдэхгүй байж дээ. Манай өвөг дээдэс хүнийг буян, нүгэл гэсэн хоёр зүйлээр хүн болгодог байсан. Дунд сургуульд сурч байхдаа байгаль, түүхийн чиглэлийг сонирхдог байв. Хэд хэдэн салаа бодолтой байсан.Агуу том ухаантай хүмүүс байжээ. Сайн юм хийвэл буян, муу юм хийвэл нүгэл болдог. Энэ монгол ухаанаар би гэрийн боловсрол, хүмүүжлийг олж авсан. Агуу их монгол ухаанаар би бахархдаг. Энэ тухай би бичиж байгаа.
 
 
 -Та хурга ишиг хариулж өссөн болохоор байгальтайгаа ойр дотно, мэдрэмтгий байдаг байх. Энэ нь таныг ирээдүйд геологич болоход нөлөөлсөн байх даа? 
 
- 1964 онд 10-р ангиа сайн төгсч, гадаадад чулуу, нүүрсний геологийн чиглэлээр сурах хуваарь авсан ч ар гэрийн гачигдлаар гадаадад сурч чадаагүй. Ингээд МУИС-ийг 1964-1969 онд геологийн мэргэжлээр сурч төгссөн. Үндсэндээ геологи гэдэг мэргэжлийг овгийн орондоо хэрэглэж, сүүлийн 45 жил багш гэдэг мэргэжлийг нэрийнхээ хойно залган хэлүүлж яваа товч түүхтэй хүн дээ.
 
 
-Сургуулиа төгсөөд геологичоо хаагуур хийж явсан бэ?
 
-Тэр үед их сургуулиа төгсөөд, сургуульдаа үлдэж багшийн ажил хийсээр өдийг хүрлээ. Анх МУИС-ийн геологийн сургуульд, дараа нь их сургуулийн дэргэдэх Политехникийн дээд сургууль, Техникийн их сургуульд багшилж ирсэн. Эдгээр сургуулиуд ШУТИС болж томорсон. Геологийн зураглал хичээлийг 45 жил оюутнуудад зааж, дадлагыг нь удирдлаа.
 
 
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй хүн бэ?
 
- Хоёр охинтой. Том охин ШУТИС-д, бага охин БИС-д багшилдаг. Гэргий маань одоо гавъяаны амралтанд гарсан. Статистикийн төв газарт комьпютерийн программистаар насаараа ажилласан. Одоо бас СӨХ-ны дарга хийдэг. Нэг хүргэн маань доктор, УУЯ-д ажилладаг. Нөгөө хүргэн механикч мэргэжилтэй. Хэдэн ачтай.
 
 
-Геологи мэргэжлийн онцлогын талаар товч ярьж өгөөч. Геологийн зураглал, эрэл хайгуулыг хийж баялгийг илрүүлэн, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах талаар их ярьж байна. Энэ тухай санал бодлоо хуваалцахгүй юу?
 
 -Геологи мэргэжлийн тухай яривал урт түүх болно. Геологи гэдэг монголоор буулгавал газар шинжээч гэсэн үг. Газрын шинжээч гэдэг зөвхөн хөрсийг шинэчлэх биш газраас доош эрдэс чулуулагтай нь шинэчилдэг. Өнөө үед нэг хоёр зүйлийг хүмүүс ялгаж ойлгохгүй байна. Геологи гэдэг танин мэдэхүйн, шинжлэх ухааны судалгааны эрлийн ухаан л даа. Өөрөөр хэлбэл эрдэс баялгийг олдог нь геологийн мэргэжил, олборлодог нь уул уурхайн мэргэжил юм. Ухдаг нь өнөөгийн хошин хэллэгээр нинжа нар болоод байгаа. Энэ тухай холиж ойлгож ярьдаг болсон нь хатуу хэлбэл,төрийн бодлого алдагдсантай холбоотой.
 
1960-1970-аад оны үед геологийн мэргэжлээр их сайн сургадаг байлаа. Геологийн хичээлийн ихэнх нь орос хэл дээр явагддаг байсан. Тэр үед хуучин Зөвлөлтийн их туршлагатай, өндөр боловсролтой багш нар уригдаж, ажилладаг байсан шүү дээ. Оюутанг таван жил "нүдэж" байж гаргадаг байсан үе. Ингэж бэлтгэгдэж төгссөн инженерүүдийн мэдлэг чадвар их өндөр болсон. Оросуудаас төдийлөн ялгагдахааргүй.
 
Манай геологийн инженерүүд орос хэл дээр тайлан, төслөө бичиж, хамгаалдаг, зургаа зурдаг байсан. Ер нь геологийн шинжлэх ухаан 400-аад чиглэлтэй. Тэрний нэг нь геологийн зураглал. Энэ тухай тайлбарлавал Булган аймгийн Гурван булаг сумын нутгийн чулуулгийг мэргэжлийн талаас нас, хүйсээр ялгаж, байр зүйн зурганд дээр зурсныг геологийн зураг гэдэг. Тэгэхээр чулуулгийн нас хүйсийг мэдээд ирэхээр тэнд ямар ашигт малтмал, эрдэс байж болох уу гэдэг нь аяндаа гараад ирнэ. Цаашдаа эрдэс баялагаа эрж хайх бололцоотой гэсэн чиглэлийг геологийг зураг тодорхойлж өгдөг юм.
 
Үүний дараа нь геологийн эрлийн ажил эхэлдэг. Эрлийн ажил нь ямар чулуу эрдэстэй холбоотой байна вэ, яах хэрэгтэй вэ, гүндээ ямар байрлалтай байж болох вэ гэдгийг гаргаж өгдөг. Дараа нь хайгуулын ажил юм. Газрын гүндээ эрлийн хэлээд байгаа ажил үнэн байна уу, үгүй юу гэдгийг тусгай геофизикийн багажаар тодорхойлдог. Гүн рүү ухах нь өрөмдлөгийн ажил болно. Ингэж нөөцөө тогтоосны дараа ашиглах ажил эхэлдэг. Одоо ОюуТолгой, Таван Толгойг олборлож байгаа шүү дээ. Геологи, уул уурхайн ажил хоршоо мэт боловч хоорондоо ялгаатай. Бас хооронд нь салгахын аргагүй, нэг зоосны хоёр тал шиг ажил.
 
 
-Та геологийн зураглалын мэргэжлийн олон шавьтай байх. Хичнээн боловсон хүчинг Монгол Улсын геологийн салбарт бэлтгээд байгаа вэ? 
 
- Би олон жил багшиллаа. Энэ хугацаанд геологийн зураглалын мэргэжилтэн 3000-4000 гаруй болсон гэдэг. Дээр нь нэмээд магистр, эчнээ, докторын зэрэгтэй мэргэжилтэн бий.
 
 
-Таны шавь нараас гадаад, дотоодод хамгийн сайн ажиллаж, нэр хүндтэй яваа хүмүүс олон уу?
 
-Өө. Олон бий. Урт нэрийн жагсаалт гаргана даа. 1969 оноос эхлэн багшилж байхад хайгуул, эрэл дээр ажиллаж байгаад ирсэн надаас ахмад олон хүмүүс сурдаг байлаа. Төрийн шагналт Д.Гунгааням гэх мэт. Төрийн шагналт геологич гурав, гавъяат геологич тав, зургаа бий. Сүүлийн үед олон хүмүүс тодорсон. Зарим нь бокс, спорт, шатраар хичээллэж, бокс, шатрын гавъяат болсон тамирчид ч байдаг. Харин геологийн зураглалын мэргэжилтэн гэвэл О.Төмөрчөдөр, Ш.Лхүндэв нар байна.
 
Сая наймдугаарын сарын сүүлээр Хөгнө-Тарнайн талбайд болсон геологийн зураглалын уралдаанд шалгарсан "Гурван талст" компанид мэргэшсэн байгууллага гэсэн гэрчилгээ олгосон. Монголдоо энэ чиглэлээр урдаа барьж ажиллаж байгаа геологчидтой компани юм. Ер нь тэгээд олон сайн геологичид бий. Саяын болсон уралдаанаас шавь нар минь өсч, сайн ажиллаж, мэргэшиж байгаа нь харагдаж байна лээ. Миний хувьд шавь нараа хараад, баярламаар сайхан санагдсан.
 
 
-Таны геологийн мэргэжлийн багш нар ямар хүмүүс байв?
 
-Миний багш нар сайхан хүмүүс бий. Манай геологийн сургуулийг үндэслэсэн хүн бол гавъяат багш Ж.Лхамсүрэн юм. 1960 онд МУИС-ийн дэргэд Геологийн салбар байгуулагдсан. Одоо 80 насыг хүрч яваач багшилж байгаа. Надад геологийн зураглалын мэргэжлийг эзэмшүүлсэн хүн бол гавъяат багш, профессор Ж.Ган-Очир, академич О.Төмөртогоо, Оросын доктор профессор Наумов Владимир Александрович нар.
 
 
-Та гадаадын орнуудаар хэр явсан бэ?
 
-Би сургуулийн болон геологийн ажлын буянаар гадаадын олон орнуудаар явсан. Дэлхийн геологийн гол гол их сургуулиудад очиж, туршлага солилцсон. Дэлхийн геологийн уугуул их сургууль 1768 онд байгуулагдсан Германы Фрай бергийн уул уурхайн их сургуульд зочилсон. Сонирхуулж хэлэхэд, энэ сургуулийн үүх түүх бол 12-р зууны үед татаар монголчуудад мөнгө нийлүүлж байсан уурхай дээр байгуулагдсан юм билээ. За, тэгээд эндээс эхлээд Австрали, Канад, Итали, Америк, Орос, Хятадын геологийн чиглэлийн сургуулиудаар явж, бас ном хичээл заалгасан. Мөн дэлхийн том том геологчидтой хамтарч ажиллаж туршлага судалж, илтгэл сонсч, номыг нь уншиж байлаа. Энэ талаар чамлахааргүй их юмтай болсон доо.
 
-Гадаадын олон орнуудаар явж, дэлхийн их, дээд сургуулиудын эрдэмтэн, доктор, геологичид нартай санал туршлага солилцож байхад ямар сэтгэгдэл төрж байв? 
-Харьцангуй юм даа. Гэхдээ би шавь нартайгаа холбож хэлье. Монголын геологичдод нэг давуу тал байдаг. Тэр бол чулуугаа нүдээр үзэж,гараар барьж ялгах онцгой давуу чадвартай юм. Лабортори өндөр хөгжөөгүй манай орны геологичид эрдэс чулуугаа нүдээр үзэж, гараар барьж тогтоодог. Энэ мэргэжлийн чадвараар гадаадын ямар ч геологичдоос илүү гарна уу гэхээс дутахгүй.
 
Гадаадынхан техник хөгжсөн учраас чулуугаа тогтоодог. Нөгөө талаас манай шавь нар гадаадын геологи өндөр хөгжсөн Канад, Австрали, Европын орнуудад сайн ажиллаж байна. Манай их сургуулийн бидний үеийн багш нар Орост бэлтгэгдсэн!! орос школтой эрдэмтэн багш нар олон байдаг учраас оюутнууд сайн бэлтгэгдэж, төгсөгчид маань хаана ч гологдохгүй. Сүүлийн үеийн залуучууд лаборторит түшиглэж түлхүү сурч байгаа. Манай сургуулиас 12 хүн Японд доктор хамгаалж. ирээд багшилж байна. Ингээд шинэ, хуучин хоёр сургалт нийлээд зохицоод сайн хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулахад залуучууд маань муугүй төгсөх учиртай.
 
 
-Та эрдмийн зэргээ ямар сэдвээр хамгаалсан бэ, тухайн үед?
 
-1980-аад онд ОХУ-д "Улаанбаатар орчмын ховор металлт боржингийн бүтцийн онцлог" гэсэн сэдвээр хамгаалсан. Уул яаж тогтсон, ямар бүтэцтэй юм бэ гэдгийг судалсан.Улаанбаатар хотын орчимд 10-аад боржингийн биет байдаг гэж ярьдаг. Горхи, Жанчивлан.Зүүн Баян, Их Хайрхан, Онгон Хайрхан гээд судална. Энэ судлагаа барууны үндэстэй. Америкт анх 1926 онд Роберт Вольганг, Ганс нарын гаргасан аргаар би геологийн зураглал хийж, Монголын геологийн зурагт энэ аргыг нэвтрүүлсэн. Мөн 20 гаруй сурах бичиг, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл бичлээ.
 
 
-Ажил, амьдралдаа ямар дэг ёс баримтладаг юм бэ?
 
-Хүүхдүүдээ цагийн нарийн хуваарьтай, бүх юм дэс дараалалтай ажиллах хэрэгтэй гэж сургадаг.Цагны механизм шиг ажиллаж сур гэж хэлдэг. Би өглөө таван цагт босоод, нэг цаг бэлтгэл дасгал хийгээд, дараа нь нэг цаг орчим ажил руугаа явган алхаж ирдэг. Долоо хоногоор хийх ажлууд, утсаар ярих, уулзах хүмүүс гэх зэргийг өдөр бүр бичиж тэмдэглэнэ. Цаг хугацаандаа ажлаа хийж, төлөвлөсөн бол хийдэг. Өөрийн үр хүүхэд, ойр орчны хүмүүстээ ингэж л сургадаг юм. Одоо би хөгширч байгаа болохоор нойр багатай.
 
 
-Марташгүй дурсамжаа дурсвал?
 
-Их олон сайхан дурсамж бий дээ. Би энэ тухай анхны бичсэн ном "Их хувь заяа", хоёрдахь ном нь " Би хаана төрөөв вэ?" гэсэн номондоо бичсэн. Одоо би гурав дахь номоо бичиж байна. Энэ ном маань " Номын цагаан буян" нэртэй. Би үр хүүхэд, таних мэдэх хүмүүст зориулж нутаг орныхоо үүх түүхийг говийн жирийн малчны айлын хүүхэд сургууль соёл яаж дүүргэсэн, яаж ажиллаж амьдарч ирснээ эссэ дурсамж хэлбэрээр бичиж байна. Энэ номонд миний явж үзсэн, харсан газар нутгийн тухай өгүүлнэ. Уншсан хүнд санаа өгч магадгүй гэсэн зорилгоор бичиж байна даа. Багш хүний гол зорилго хүнд нэг хэрэгтэй зүйл үлдээхийн төлөө байдаг.
 
 
-Таны хоббийг сонирхвол?
 
-Миний хобби олон юм даа. Дээд боловсролтой хүн болгоход 30-40 хувийг нь их, дээд сургуулиас олгодог диплом байдаг. Үлдэж байгаа 60 хувьд нь хүн өөрөө сурч, гэгээрч, боловсрох ёстой. Үүний тулд ном их унших хэрэгтэй юм. Нобелийн шагнал хүртсэн дэлхийн болоод Оросын, Монголын сонгодог зохиолуудыг ихэнхийг нь уншлаа. Монголын 108 ботийн 80 хувийг баттай уншсан.
 
 
-Ингэхэд ийм их ажлынхаа хажуугаар ном унших цагаа яаж гаргадаг юм бэ?
 
-Ном уншихад тусгай цаг гаргадаггүй ээ. Ажлын зав чөлөөгөөр л зохицуулж уншина.
 
 
-Өөр сонирхуулж ярих зүйл байна уу?
 
-Миний дуртай зүйл бол сонгодог хөгжим, дуурийг сонсдог. Би сонгодог хөгжим, дуурийг мэргэжлээсээ дутахгүй сонирхоно. Сонгодог хөгжим, дуурь сонсч, үзэхээр болбол цаг заваа гаргана. Би ярих дуртай нэг юмаа яръя. 1976 онд Москвагийи их сургуулийн геологийн факульетэд 405 рублийн цалинтай мэргэжил дээшлүүлсэн юм. Монголдоо дэлхийн сонгодогуудыг үзчихсэн, хэрэндээ сонгодог урлагаар боловсорчихсон хүн Москвад очлоо.
 
Нэг өдөр М.И.Глинкийн “Иван Сусанин” алдартай дуурийг Санкт-Петербургийн Марины театрынхан ирж тоглоно гэж байна гэсэн зарыг хараад билет авахаар очтол нэг сарын өмнө дууссан байсан. Тэр үед Их театрын билет 3 рубль 70 копейк. Үүнийгээ гурав нугалж авъя гээд очлоо. Бас билетээ авч барсангүй. Гэтэл хүмүүс ногоон мөнгөөр билет аваад байх юм. Одоо хэлбэл ичмээр л дээ. Их сургуулийн багш хүн би доллар үзээгүй байлаа. 50 рублиэ бариад дахиад очлоо.
 
Бас л авч чадаагүй. Энэтхэг, гадаадын хүмүүс доллараар билет авч үзэж байсан. Тэр үед би сонгодог урлаг, их театр гэдэг ийм үнэтэй байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Москва хотын их театр агуу шүү дээ. Харин манай сонгодог дуурь азидаа тэргүүн. Би үүнийг хаана ч хэлнэ. Манай дуурийн тавилт агуу оросын уламжлалтай. Оросуудын дууриуд романс талдаа их сайн. Итали, Франц, Герман орон сонгодог хөгжим, дуурийн өлгий нутаг.
 
Энэ хавар романсын үдэшлэг СУИС-д болсон. А.С.Пушкины шүлгүүдээр хийсэн романсыг гавъяат дуучин А.Долгор, дуурийн дуучин хоёр залуу дуулж байсан. Мөн монголын сонгодог урлагийнхны дуулдаг Б.Ринчен гуайн бичсэн "Бэр цэцэг" романс бас сонирхолтой. Миний сонирхдог гуравдахь зүйл бол уран зураг. Би Францын Луврыг үзэж амжаагүй байна. Сонгодог уран зургуудын үзэсгэлэн, музейнүүдийг нэлээд их үзсэн.
 
Эрхүү хотод Дорно Сибирийн уран зургийн галерей, Москвагийн Третьяковын галерей, Германы дэлхийд хоёрт ордог Древний галерейг үзсэж сонирхсон. Тэнд Христ, бурхны зургуудыг дэндүү сайхан зурсан байдаг. Италийн Венец орж сайхан зургууд үзэж явлаа. Гэхдээ би өөрийгөө их сайхан юм үзэж явснаа гайхуулж байгаа юм биш. Ер нь олон ном уншиж, сонгодог хөгжим сонсч, уран зураг үзэж явснаар хүн дотроосоо гэгээрч, боловсорч, ариусдаг юм байна гэдгийг мэдэрч ойлгосон учир хүмүүсийг санаа аваасай гэж ярьж байна.
 
Оюутан залуусаа зөв тийш нь чиглүүлэх гэж өөрийнхөө туулж, үзсэн амьдралаар жишээ болгож хэлдэг юм. Намайг залуу байх үед ардын жүжигчин С.Гончигсумлаа, Ч.Лувсаншарав, С.Гомбосүрэн, Э.Оюун нар сонгодог бүтээл, хүний сайхан сэтгэлийн тухай залуучуудад үлгэрлэн ярина. Ардын жүжигчин н.Төмөр гуай " Ээж ээ, таны нөгөө нинжин сайхан сэтгэл хаачив аа?" гэж уйлдаг шүү дээ. Энэ хэлж байгаа үгийг хүнд сэрдхийтэл сонсгохоор хүн нэг юм боддог.
 
Би нэрт зохиолч Э.Оюун гуайг сургуулийнхаа нэг арга хэмжээнд урилаа. Гэтэл өсгөгч маань тасраад байдаг. Гэнэт Э.Оюун гуай надад "Чи наадхаа орхичих. Би ардын жүжигчин ухаантай хүн. Өөрийнхөө санааг хамгийн ар талын хүнд дуулгаж чадахгүй бол тайзан дээр гарах эрх байхгүй." гэж хэлж билээ. Энэ үгийг би бүх багш хүнд хамаатай гэж боддог. Э.Оюун гуай "За хүүхдүүдээ уучилаарай, би олны өмнө гарахаас айдаг болсон.
 
Айдаг нь юу гэвэл хариуцлага. Миний ярьж байгаа юм хүнд хэрэг болохгүй байх вий гэдгээс их айдаг" гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн нь агуу санагдсан. Түүний яриа зааланд цугласан хүмүүсийг байлдан дагуулдаг их үлгэр дууриалтай хүн байсан.
 
 
- Э.Оюун гуай үнэхээр мэдлэг өндөр, соёлтой зохиолч байсан шүү. Чулуун гуай, таны өрөөг сонирхож байхад олон төрлийн ном, эрдэс чулуулгаар баялаг юм. Номын сайхан шүүгээтэй юм. Ховор, содон юу зүйлээсээ сонирхуулж болох уу?
 
 -Миний ажлын өрөөний хананд номын шүүгээтэй. Нэг зүйлийг хэлэхэд өрөөний шүүгээний интерьер дизайнерыг би өөрөө гаргаж хийлгүүлсэн юм. Дээд талд сонгодог бүтээлүүд, нөгөө талынх Өвөрмонголын Чингис хаан судлалын хамгийн том бүтээл гаргасан судлаач Н.Сайшаалтын монгол бичгээр бичсэн ном бий.
 
1,2 дугаар тавьсан хэсэг нь Чингис хаан, Батхааны байлдан дагуулалтын тухай Нобелийи шагналт, зохиолч Мо.Янын бичсэн номнууд, мөн В.Инжиннаашийн "Хөх судар”, их сэтгэгч В.И.Лениний 55 ботийг манайхан хувааж 12 боть болгосон ном, дэлхийн сонгодог зохиол А.С.Пушкинаас эхлээд сонгодог бүтээлүүд, Монголын 108 боть, мэргэжлийн номнууд, сонгодог уран зургийн цуглуулга, дунд талын шүүгээнд миний бичиж хэвлүүлсэн нийтлэл, гар бичмэлүүд байгаа юм.
 
Ер нь би сониуч хүн юм уу даа. Зүүн талын шүүгээнд Монголын томоохон ан амьтдын шагай байдаг. Энд динозавор, хандгай, буга, хулан, баавгай, аргаль, яргалийн шагай бий. Хамгийн жижиг нь тарваганы шагай. Бас зааны цуглуулгатай. Дээд талд нь миний гадаад, дотоодод очсон газар нутгаас авсан дурсгалт зүйлүүдийг тавьсан. Би монгол орныхоо яваагүй газар гэж байхгүй.
 
Дэлхийн хоёр том Атлант, Номхон далай, Газар дундын тэнгис, Байгаль далай, Хар далай, Япон, Өмнөд Хятадын тэнгис гэх зэрэг очсон газар болгондоо магнайдаа адислаж, хайрга, чулуу гэх мэтийг авдаг. Монголын хамгийн өмнөд цэг Ориг хошууны бор толгойн дээж бий. Мөн Оросын уран бүтээлчдийн 100-аад эрдэс чулуугаар хийсэн жаазалсан уран зурагтай. Энэ уран зураг ямар ч будаггүй, цэвэр эрдэс чулуу юм.
 
 
-Сонирхолтой цуглуулгаа сонирхуулсанд баярлалаа. Дахиад асуух зүйл байна. Та шашны талаар ямар ойлголттой явдаг вэ. Бурхны шашин шүтдэг үү?
 
-Бурхан шашин шүтдэггүй. Христ, Мормон, Аллах, Бурхан багш, Богд Зонховагийн номнуудыг уншлаа. Уншаад байтал юу гэж ойлгогдсон бэ гэвэл ямар ч хүнд шүтэж, залбирч байх нэг зүйл байх ёстой юм байиа. Энэ нь юу ч байж болно. Аав ээж, газар нутаг, төрж өссөн жаахан бор толгой байж болно. Тэрийгээ миний хайрхан гэж бодоод залбирах хэрэгтэй. Шүтэх, бишрэх юмгүй болно гэдэг адгуустай адил. Харин эдгээрээс шинжлэх ухаанч шашин нь будда. Бурхны шашны түүх, гүн ухаан, сэтгэлгээ талын номыг их уншлаа. Тэгэхээр хүн гэгээрч, боловсорч, зөв явах ёстой юм. Бурууг хийвэл нүглээ эдэлнэ. Нүгэл хийхгүй л байх хэрэгтэй.
 
 
-Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэр оролцож байв, та?
 
-Гадаад, дотоодын олон улсын хуралд эрдэм шинжилгээний илтгэл тавьж, гадаадын мэргэдтэй ном хаялцаж, хэлсэн үгийг нь сонсч явлаа. ОХУ-МУ-ын их дээд сургуулиудын хооронд байгуулсан Хэрлэнгийн экспедицийн Монгол талын даргаар ажилласан. Энэ экспедицийн ээлжит хуралд жил болгон оролцоно. Хэрлэнгийн Олон улсын геологийн экспедиц Монгол, Орос орноос эхэлсэн. Дараа нь Европ, Хятад руу орсон.
 
Монгол-Оросын хамтарсан судалгааны ажил явуулдаг байсан. Хэрлэн голд бид ажилладаг байсан учир Хэрлэн гэж нэрлэсэн. Энэ нь маш өгөөжтэй ажил болсон. Энэ экспедицийн шугмаар 17 удаа эрдэм шинжилгээний хурал хийсэн. Мөн энэ хүрээнд 17 хүнд дэд доктор, дөрвөн хүн шинжлэх ухааны доктор хамгаалсан. 300 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдсэн. 10-аад сурах бичиг оюутны гарын авлага болж хэвлэгдсэн.
 
Энэхүү Монгол-Оросын хамтарсан экспедци нь залуу багш нарыг хээрийн болон эрдэм судалгааны ажилд сургахад их хувь нэмэр оруулсан. Харин дараа нь энэ экспедицийн ажилд Герман, Чех ордог болсон. Сүүлдээ Хятад, Япон оролцдог болсон. Ийм сайхан судалгааны ажил явагддаг байлаа. Гэхдээ сүүлийн үед үйл ажиллагаа суларсан. Одоо есдүгээр сард Хятад Улсын Ши Жу Жаны их сургуульд эрдэм шинжилгээний хурал болно. Энэ ажлыг сэргээж, залуу үедээ хүлээлгэж өгөх талаар саналаа би илтгэлдээ бичиж явуулсан байгаа. Миний хувьд мөн Японд монголын геологийн чиглэлээр, Канад Улсын Торонто хотод семинар, хуралд оролцож байсан.
 
 
-Таны ажил амьдралын хувь заяа их баялаг юм. Таныг бас сэтгүүлчийн мэргэжилтэй гэж байсан. Хэзээ энэ мэргэжлийг эзэмшив. Сэтгүүлчийн ажлын талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Миний хувьд сэтгүүлчийн мэргэжлийг МУИС-ийн сэтгүүл зүйн доктор М.Зулькафель багшийн шавь болж сурсан. М.Зулькафель багш өндөр боловсролтой.сэтгүүл зүйн эрдэм мэдлэгтэй хүн. Надтай хамт сурч байсан хүмүүс дараа нь сонин, телевизийн эрхлэгч, захирал болсон. Би арваад жилийн өмнөөс гэгээлэг талаас нь бичих ганц зарчим барьж ирсэн.
 
Хүнд хэрэг болох, санаа өгөх, баярлах зүйлийг бичихийг зорьдог. Радио, телевизэд мэдээ, сурвалжлага, хөрөг тэмдэглэл, найруулал, теле найруулал бичиж нэвтрүүлж байсан. Сэтгүүл зүйн ихэнх төрлөөр бичиж үлдээсэн. Одоо үеийн сонин хэвлэлийн сэтгүүлчид Ерөнхийлөгчөөсөө эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээ гутаан, хов жив бичиж байна. Сэтгүүлчдийн ёс зүйн талын асуудлыг ярих цаг болсон. Нам, компани гэж сэтгүүлчид хуваагддаг болсон. Үүнийг би буруу гэж үздэг.
 
 
 -Таныг олон нийтийн сонгуульт даргын ажил ихтэй гэдэг. Амжилтаар дүүрэн байдаг уу?
 
- Би геологийн үйлдвэрлэлийн ажилд 40 гаран жил ажилласан. 25 жил геологийн ангийн дарга хийлээ. Монголын төрийн тамга гэдгийн учрыг номондоо оруулсан. Энэ номонд Улаанбаатар дахь геологийн зураглалын анхны баг, геологи хайгуулын 14-р анги, сургалт үйлдвэрлэлийн газар гэх мэт түүхэн үйл явдлуудын тухай бий. 1973 онд шинэ багш болж байхдаа Ж.Ган-Очир багштайгаа хамтраад геологийн анги зохион байгуулж, Газ-69 машин тэргээ 10 гаран жил барьж геологийн зураглалын ажилдаа явдаг байлаа.
 
Анх удаа тэр үеийн Геологийн яамтай гэрээ байгуулж, 731 000 төгрөгийг зарцуулахаар авч байсан. Мөн дараа нь 15 жил Геологи, уул уурхайн сургуулийн захирал хийж байхдаа сургуулиа биеэ даасан болгосон. Одоо би хоёр даргын ажилтай сууж байна даа. Геологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалах зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч даргаар ажиллаж байгаад, одоо 15 жил даргыг нь хийж байна. Нөгөө мундаг дарга нь сургуулийн ахмадын зөвлөлийн дарга.
 
Манай сургууль 40 000 орчим хүнтэй. Үүнээс ахмад гэж бүртгэгдсэн 900 хүн бий. Би ахмадуудыгаа зохион байгуулж, дагуулаад жилд нэг удаа Монгол орноор нар зөв тойрч аялдаг. Хамгийн анх Бурхан Халдун хайрханд гарсан. Зүүн тийшээ Шилийн Богд, Алтан-Овоо, урагшаа Хамрын хийд, баруун тийшээ Отгон-Тэнгэр хайрхан явж аялсан. Ингээд бид хилийн дээс аялах хэрэгтэй юм байна гэж зөвлөлдөж Байгаль далай, дараа нь Утай Гүмбүм хүртэл аялсан.
 
Аялалаар явахад их зардал гарна. Ахмадууд маань юм үзэж нүд тайлж, баярласнаа илэрхийлдэг. Ахмадууддаа цагаан сараар хүндэтгэл үзүүлэх гээд хийх ажил ихтэй байдаг. Хүн хүсэл, сонирхолтой байхаар болдог юм байна лээ. Одоо би нас 70 шүргэж байна. Манай сургуулийн захиргаа ахмадуудын зөвлөлөө их дэмждэг. Сургуулийнхаа үүдэнд нэг хэдэн мод гавъяат багш нар маань тарьсан. Ногоон байгууламж гэдэг их чухал зүйл шүү дээ. Ахмадын зөвлөлийн вэб сайтдаа хийсэн ажлын тайлангаа байнга тавьдаг.
 
 
-Ахмадуудын аялал ямар зорилготой вэ. Зугаалж, салхинд гарах аялал уу?
 
-Ахмадуудын аялал танин мэдэж, соёлжих, гэгээрэх зэрэг өргөн агуулгатай юм. Манай ахмадууд Утай Гүмбүмэнд аялаад биширч, мөргөсөн. Өнгөрсөн жил Халх голын Буйр нуурт очиж үзлээ. Халх голын байлдаан ямар газар болж вэ, То Ван гэдэг юу хийсэн хүн бэ гэх зэрэг бодит байдлыг үзүүлж харуулсан. 
 
 
-Хананд өлгөөтэй байгаа зургийг би зааж асуулаа/ Тэр ямар уул вэ. Та Монгол орныхоо ямар оргил ууланд гарч үзсэн бэ?
 
-Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд өвөл гарсан. Асралт хайрхан орчимд их хүйтэн, битүү цас нүүр нүдгүй шуурч байсан. Бид арван хэдүүлээ сайхан яваад ирсэн. Энэ газар дархан цаазтай. Харин би жил бүр Богд ууландаа гардаг.
 
Хөдөө хээрээр гэр хийж явдаг хүний хувьд Богд ууландаа гарч шилмүүст модны доор, цасан дээр ч унтаж явдаг. Ж.Гүррагчаа баатар гуравдугаар сарын 21-нд , Ю.Гагарин дөрөвдүгээр сарын 22-нд сансарт ниссэн өдөр манай сургуулийн ахмадууд болон оюутнууд аялалаа эхэлдэг. Аялал гэдэг сэтгэлийн хөөрлөөр явдаггүй. Олон нарийн юм шаарддаг. Геологийн мэргэжлийн оюутнуудаа аялалдаа оролцуулдаг. Энэ аялалдаа бас зэрэг олгож байна. Одоогийн байдлаар 300-аад хүмүүст аялалын зэрэг олгосон.
 
 
-Тантай тааралдаж, уулзаж явсан хамгийн содон, сонирхолтой ямар хүмүүс байдаг бол?
 
-14-р Далай лам багш манай сургуулийн хүндэт доктор болоход угтах ажилд оролцож байлаа. Манай улсын Ерөнхийлөгч байсан П.Очирбатыг Шарын голын ерөнхий инженер байхаас нь сайн танилууд болсон. Их энгийн сайхан хүн. Ер нь гадна, дотны том эрдэмтэн, элчин сайд гээд олон хүмүүс бий. Мөн Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын үед шилдэг оюутанд хамтдаа шагнал гардуулж байсан. Ийм олон сайхан сонирхолтой хүмүүстэй таарч, уулзаж явсан даа.
 
 
-Та маш уйгагүй хөдөлмөрч, нямбай ажилладаг хүн юм. Ийм их ажлыг яаж амжуулдаг байна аа. Ядрахгүй байна уу? 
 
- Ядардаггүй ээ. Хичнээн ажил ихтэй ч би бүгдийг нь амжуулдаг. Нэг зүйлийг хэлэхэд, би сургуулийн музейдээ тооцоо хийж байсан нэг орос сампингаа бэлэглэсэн. Хэрэглэж байсан кино камер, видео камер.зургийн аппаратаа, дархан цаазтай газар өмсч явсан гутлаа өгөх гэж байгаа.
 
 
-Эцэст нь сонирхоход ямар гавъяа шагнал хүртэж байсан бэ?
 
-Гавъяа шагнал их хүртсэн. Төр засгаас ойн медаль, алтан гадас,хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон надад хүртээлээ. Харин салбаруудаар нь хэлбэл, шинжлэх ухаан, уул уурхай, геологийн, биеийн тамир спотрын, радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Ийм л нэгэн хүн дээ.
 
 
Б.Баярмаа
 
Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ" сонин