sonin.mn
"Морь унасан толгойгүй хүн" шиг эдийг засаг
 
Хүүхэд байхдаа Америкийн зохиолч Майн Ридийн "Морь унасан толгойгүй хүн" зохиолыг уншиж байснаа санаж байна. Тэр зохиолоор хийсэн кино ч бий. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжлын асуудал яг л тэр "Морь унасан толгойгүй хүн" шиг болчихсон мэт.
 
Тодруулбал, Монгол Улс яаж хөгжих гээд байгаа нь тун бүрхэг. Шуудхан хэлэхэд төлөвлөсөн, бодсон, сэдсэн юм огт байхгүй. Ёстой Адам Смитийн "далд гар" шиг урсгалаараа явж байна.
 
Хуучин социализмын үед Улсын төлөвлөгөөний комисс гэдэг мундаг газар ажиллаж, улс орны хөгжлийн асуудлыг тав, таван жилээр төлөвлөн, уг ажлаа намын их хурлаар зорилт болгон ажилладаг байв. Тэглээ гээд буруу юм огт болоогүй. Монгол Улс атар газрыг эзэмшин, мал сүргээ өсгөж, хот суурин сүндэрлүүлж байв.
 
Харин зах зээлд ороод бид юу хожив. Улс төрийн талаар бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс болсон гэж хэн хүнгүй л хэлцгээх байх. Эдийн засгийн хувьд бол, бид өмчтэй болцгоосон, компани, пүүстэй болсон гэх мэт. Зарим нь бүр Азийн бар болно гэж дөвчигнөж байсан. Гэтэл бодит байдал дээр ямар байна вэ?
 
Юутай ч бид хөрөнгөтний нийгмийг үгүйлэн олон зуун улсын үйлдвэрийг устгаж, үгүй хийсэн. Ганцхан жишээ хэлэхэд, мал аж ахуйн түүхий эд, арьс ширээ боловсруулан гутлаа үйлдвэрлэдэг байсан Монгол өнөөдөр шаахай ч хийж чадахаа байсан. Харин чаддаг ганц юм нь архи, пивоны үйлдвэр. Мөн барилгын салбарын үйлдвэрлэл. Эдгээрээс өөр зүйл онцолчихъё гэхэд даанч олдохгүй нь.
 
 
Коммунист засаглалтай хойд Солонгос, Хятадыг хар л даа
 
Тэгэхээр Монгол Улсыг зах зээлийн нийгэмд амжилттай орсон гэж яавч хэлж болохгүй. Гэтэл өнөөдөр хойд Солонгосыг хар. Тэнд хэдий коммунист засаглалтай, гадаад ертөнцөөс тасарсан хэдий ч машин, хөлөг онгоцны үйлдвэртэй болжээ. Тэр ч бүү хэл цөмийн зэвсэгтэй болж тив алгасах пластик пуужинтай болов.
 
Мөн задгай сансарт пуужин хөөргөж дэлхийн тойрог замд хиймэл дагуул оруулав. Одоо Өмнөд Солонгос, Японыг айлган, АНУ-тай арцалдах болов. Улс орон хөгжинө гэж үүнийг л хэлдэг юм. Энэ бол яалт ч үгүй коммунист засаглалын гавьяа. Өнөөдөр тэднийг өлсөглөнд нэрвэгдэж байгаа хэмээн сурталчилж байгаа ч тэд өөрсдийгөө хамгаалах бат бэх зэвсэгт хүчинтэй болсон байна.
 
Мөн Хятад улсыг хар. Тэнд мөн л коммунист засаглалтай. Өнөөдөр энэ улс үйлдвэрлэлийн нийт хэмжээгээр Японыг хол орхиж, АНУ-тай эн зэрэгцэх болов. Тодруулбал, өнөөдөр Хятад улс дэлхийн зах зээлийн зохицуулагч, хөдөлгөгч хүч нь болоод байна.
 
Тэгэхээр коммунист засаглалд хамаг буруу, муу муухайг чихэж болохгүй нь үүнээс харагдаж байна. Дээрх улсуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь товчхондоо нөгөө социалист төлөвлөгөө, хэтийн зорилт, түүндээ хүрэх гэсэн коммунист засаглалын мэргэн ухаанд байгаа юм.
 
 
Монгол улс хөгжсөн үү? Ухарсан уу?
 
Тэгвэл бид өнөөдөр ардчилсан засаглалтай болоод юу хожив? Бид Азийн бар болж чадав уу? Үгүй. Харин ч өмнөх нийгмийн хөгжлөөсөө хол ухарсан. Тэр үед бичиг үсэггүй хүн тун ховор байсан. Одоо бол зөндөө болсон.
 
Тэр үед биеэ үнэлэгчид байгаагүй. Харин өнөөдөр Монгол дэлхийн секс аялал жуучлалын төв хэмээн хэлэгдэж байна. Тэр үед ажилгүй хүн байгаагүй. Одоо бол Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс хөлхөлдөж байна. Зарим нь гадаадад цагаачлан хэдэн арван мянгаараа ажиллаж байна.
 
Ийм байхад манай улс орон хөгжиж байна гэж хэлж болох уу? Урьд ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушев Мао Зедунг "Консервийнхоо лаазыг хийж чадахгүй байж коммунизм байгуулах гэлээ" хэмээн даажигнаж байсан гэдэг.
 
Гэтэл түүнтэй адил хадаасаа ч хийж чадахгүй, арчаагаа алдан, хаа холын Хятадаас зөөвөрлөж байгаа улсыг хөгжиж байна гэж хэлж болох уу? Өнөөдөр Монголын хөгжлийг дүгнэхэд товчхондоо нэг иймэрхүү.
 
Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох хүмүүс маань парламентад сууж болох болохгүй хэдэн хуулийн төсөл хэлэлцэж баталсан нэртэй. Тэдэнд улс орны хөгжил, нийгмийн асуудлаас өмнө, өөрсдийг нь улс төрд оруулсан нам хүчний эрх ашиг хамгаас чухал.
 
Засгийн газар нь болох болохгүй юм хийж байсан ч сөрөг хүчнээс хамгаалан өмгөөлөх сэтгэлгээ нь дархлаажсан. Засгийн газар нь болохоор төсвөө данхайлгаж, дараа нь гаднаас мөнгө хайж давхидаг. Бүтээн байгуулалт нэртэй хэдэн төсөл баталчихсан. Тэр нь хэзээ хэрэгжиж, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй.
 
Үйлдвэржүүлэлтийн гол бодлого нь өнөө маргаашаа аргацаасан жижиг, дунд үйлдвэрлэл. Ерөнхийлөгч нь болохоор ердөө чив чимээгүй. Улс орны хөгжлийн бодлогын асуудлаар чухам юу бодож сэдээд байгаа нь мэдэгдэхгүй. "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв" гэгчээр үе үе Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж сүржигнэнэ.
 
Тэгээд ч гавьсан юм байхгүй. Гэтэл бид болоод байна, хөгжиж байна. Сайхан болно гээд яриад байдаг. Хэзээ сайхан болох гээд ярид байгаа юм бэ? Гучин жилийн дараа юу? Оюутолгойгоос мөддөө ашиг хүртэхгүй. Эрдэнэс Тавантолгой "элгээрээ мөлхсөн". Шинэ бүтээн байгуулалтын ажил гээд яриад байвч, цаана нь бонд нэртэй бөөн өр.
 
Төсөв нь дандаа алдагдалтай. Мөн гадаад худалдаа нь алдагдалтай. Улстөрчид нь болохоор уул уурхайн орлогоор баяжиж, улс орноо хөгжүүлнэ гээд бодчихсон. Бид ийм байдалтай хэзээ хөгжих вэ? Дэлхийн улс орнууд хөгжсөөр урагшилсаар. Харин манай улс хадаасаа ч хийж чадахгүй хүн төрөлхтний хөгжлөөс хойш суусаар.
 
 
Хөгжлийн бодлого гэж юу вэ?
 
Уг нь манай улстөрчид улс орныхоо хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, том харж, том сэтгэх хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь тэд тэгж чадахгүй байна.Тэд уг нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ярьж суухаар Монгол Улс тэдэн жилийн дараа, уул уухайн металлургийн үйлдвэртэй болж, машин хийнэ, онгоц үйлдвэрлэнэ.
 
Бүх цахилгаан бараагаа дотооддоо үйлдвэрлэнэ. Нэг ч барилгын материалыг гаднаас авахгүй дотооддоо хийдэг болно. Мөн нэг ч арьс шир, ноос ноолуурыг гадагш нь түүхийгээр нь гаргахгүй, дотооддоо боловсруулан гутлаа, хөнжлөө хийдэг болно хэмээн төлөвлөж, бодлого боловсруулах ёстой юм.
 
Тэр бодлогыг нь ямар ч Засгийн газар гарсан хэрэгжүүлэхийн төлөө л ажилладаг байхад л бидэнд болохгүй, чадахгүй юм юу ч байхгүй. Хэрэв өөрсдөө чаддаггүй юм бол өрөөлийг авчираад машины үйлдвэр барь л даа. Мөн дээрээс нь гадаадад мэргэжилтэн, боловсон хүчнээ бэлд л дээ. Энэ бүхний зардлыг төр даа л даа.
 
Ёстой нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогоо чиглүүл л дээ. Ингэж л байж Монгол Улс хөгжинө үү гэхээс гарын бээлий, улавч шаахай хийдэг жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогоор бид хэзээ ч хол явахгүй. Бид металлурги, машины үйлдвэртэй болоход дор хаяж 200-300 мянган хүн ажилтай болно.
 
Дээрээс нь гутал, арьс шир, даавууны үйлдвэртэй болоход дахиад хэдэн мянган хүн ажилтай болно. Магадгүй. Монголд ажилгүй хүн бараг үгүй болно. Шаардлагатай бол Монгол Улсын хөгжлийн асуудлыг зангиддаг яамтай болж яагаад болохгүй гэж.
 
Эсвэл бүр хуучин социализмын үед хэрэглэж байсан тав, арван жилийн төлөвлөгөөгөө боловсруул л даа. Юунаас нь ичсэн юм. Бид одоо хурдан урагшлах л хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийг дэлхийн хөгжилтэй харьцуулахад хүй нэгдлээрээ байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
 
 
Ш.Батцогт 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин